| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2021/0060/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/67 |
| Огноо | 2021-05-12 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Б.Э |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/67
2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дугаар 2021/ШЦТ/67 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Энхмэнд,
Шүүгдэгч: Н.Б /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бд холбогдох эрүүгийн 2129000750071 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад гэх газарт “Шилийн гол” гэх цайны газарт буюу олон нийтийн газарт 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр ашиг олох зорилгоор хөзөр мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бд холбогдох эрүүгийн 2129000750071 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн болно. Цайны газарт ирсэн хүмүүс хааяа хясааг ашиглаад хөзрөөр мөрийтэй тоглодог. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тоглуулсан. 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шинийн 2-нд хөзрөөр хясааг ашиглаж мөрийтэй тоглоом тоглуулах гэж байхад цагдаа ирээд тоглоомд ашигладаг эд зүйлийг хураасан. Түүний дараагаар би өр ихтэй байсан учир хөзрөөр ганц, нэг удаа тоглосон гэв.
-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2/,
-Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10, 12-15/,
-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-22/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цог-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Ганзоригийн мэдүүлэг /хх-36-37/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Отгонборын өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Сугарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Түвшинбаатарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-57/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Мөнхболдын өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-64/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Жанцангийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-73/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Лувсандамбаагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-77/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.Б ны яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 83-87/,
-Н.Б ны иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөхөд эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй эсэх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, оршин суугаа газрын лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын лавлагаа, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90, 91, 92, 93, 94, 95, 96-97, 98-99, 103/,
-Шүүгдэгч Н.Б ны гаргасан хүсэлт /хх-ийн 210/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Н.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад гэх газарт “Шилийн богд” гэх цайны газарт буюу олон нийтийн газарт 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Н.Б ны гэм буруугаа шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10, 12-15/,
-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-22/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цог-Эрдэнийн өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байсан. Би тэгээд Б аар орж мэнд мэдье гээд орсон чинь тэнд таньдаг хүмүүс хоол идэж уугаад байж байсан тэгээд энэ жилийнхээ ёндоогоо үзэх үү гээд л тэгээд ширээ засааж тоглоом эхлэх гэж байж байсан чинь гаднаас 2 цагдаа ирээд хөзөр читоныг хураагаад аваад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Ганзоригийн өгсөн “...Тухайн мөрийтэй тоглоомыг Б зохион байгуулсан. Тэр өдөр бид нар амарч байсан болохоор хоол идчихээд зугаагаа гаргах гэж тоглосон. Тэрнээс бид нар тэгтлээ мөнгө төгрөг олно гэх мэтээр тоглосон зүйл байхгүй. Ёндоогоо үзий гээд л гэж ярилцаад тоглосон. Би 200.000 төгрөгийн читон худалдаж авсан. Би тэр мөнгийг Н.Б ны эзэмшлийн Хаан банкны 5094777741 тоот данс руу шилжүүлсэн. Читон нь 20.000, 10.000, 5.000 төгрөгийн үнэлгээтэй гурван төрлийн читон байсан ба би тэдгээрээс шилжүүлсэн 200.000 төгрөгөндөө тааруулаад авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Пүрэвцэрэнгийн өгсөн “...тухайн өдөр шинийн 2-ны өдөр байсан. Уг өдөр хил гааль бүгд амарчихсан байсан тэгээд би 14 цагийн орчимд Б ны цайны газарт хоол идэхээр ороод хоолоо идэж дуусаад тэгсэн Сугар, Отгонбор, Булгаа, Мөөгий, Цогтоо энэ хэд 13 модны покер тоглоод үлдсэн. Би хотоос ачаа ирж байсан учраас жижиг тэрэгтэйгээ тосохоор яваад орой 18 цагийн үед нөгөө хэдийг машин дээр нь хүргэж өгөх санаатай Б ны цайны газарт очиход Отгонбор, Мөөгий, Б, Сугар дөрөв 13 модны покер тоглож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Отгонборын өгсөн “...Би Цагаан хаданд Б гийн цайны газарт 10-11 цагийн орчимд хоол идэхээр ороод хоол идсэн. Тухайн үед Б гийн цайны газарт 7-8 хүн байсан байх тэгсэн нэг нь цаанаас ёндоогоо үзэх үү гэсэн тэгсэн тэгье гэцгээсэн. Тэгсэн Б читон гаргаж ирсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс ширээ тойрч суугаад хөзрөө задлаад читоноо тараах гэж байтал гаднаас 2 цагдаа ороод ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Сугарын өгсөн “...Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хад суурьшлын бүсэд Б ны цайны газарт хоол идэхээр 12 цагийн орчимд ганцаараа ороод хоолоо идэж байсан. Тэгсэн гаднаас бас хүмүүс хоол идэхээр орж ирсэн. Тэгээд 7-8 хүн байсан. Тухайн өдөр хил гааль амарчихсан амралтын өдөр байсан учир бид хэд хоорондоо тохиролцоод покер тоглохоор болоод тэгсэн чинь Булган читон гаргаж ирээд тоглох хүмүүстэй хуваагаад байж байтал гаднаас цагдаа ороод ирсэн.Б цагаан хаданд цайны газар ажиллуулдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Түвшинбаатарын өгсөн “...Би 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хад гэх газарт Б гэдэг хуурай дүү дээрээ хоол идэх гэж очиход хэдэн залуучууд цуглараад хөзөр тоглож байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Мөнхболдын өгсөн “...Б гэх залуугийнд байж байсан тэгээд өдөр 16 цагийн орчимд хөзөр тоглох хүмүүс хажуу талын байшинд ирээд бид нар 10 хүн техас покер тоглохоор болсон. Тэгээд хүний 200.000 төгрөг бөөгнүүлээд тоглохоор болсон. Тэгээд тоглож эхлээд удаагүй байхад цагдаа орж ирсэн. Бид нар нэг хясааг 5000 төгрөгөөр тооцож тоглодог. Заримдаа 200.000 төгрөг өгөөд тоглодог” гэх мэдүүлэг /хх-ийн 53-64/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Жанцангийн өгсөн “...Бд чи манай гэрийг хараад цайны газар ажиллуулаад байж байгаарай гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 73/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Лувсандамбын өгсөн “...таньдаг хүмүүстэй нийлээд 13-н модны покер тоглох гээд сууж байсан чинь гаднаас цагдаа нар ороод ирсэн тэгээд тараад явцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.Б ны яллагдагчаар өгсөн “Би 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр буюу цагаан сарын шинийн 2-ны өдөр өөрийн түрээслэн ажиллуулдаг “Шилийн богд” гэх нэртэй цайны газарт мах чанаад хэдэн найзуудаа дуудаж хоол цай идүүлсэн тэгээд хоол цай идэж уучаад байж байсан чинь найзууд шинэ жилийнхээ ёндоогоо нэг үзье нэг тоглоё гэхээр нь за гээд тоглоом эхлэх гээд ширээ тойроод сууцгааж байсан чинь гаднаас хоёр цагдаа ороод ирсэн...би Мөнхболд, Пүрэвцэрэн, Лувсандамба, Сугар, Отгонбор нарын хамт покер тоглож байсан. Миний ажиллуулж байсан цайны газарт орж ирж хоол идсэн хүмүүс хаа нэг тоглоё гээд байдаг юм. Тэгээд тоглуулсан юм. Манайд хоол идэж үйлчлүүлсэн хүмүүс ёндоогоо үзье гээд тоглодог байсан тэгээд мөрийний мөнгөө миний дансанд хийдэг байсан. Тэгэхээр би уг мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан...би өмнө нь мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан. Надад ашиг гэхээр зүйл олсон зүйл байхгүй. Би өөрөө дунд нь ороод тоглодог учраас олсон хэдэн төгрөгөө буцаагаад алдчихдаг...би өөрөө цугтаа тоглочихдог болохоор ашиг гэж байхгүй өөрөө муу тоглодог болохоороо дандаа алдчихдаг...миний өөрийн 5094777741 гэсэн данс руу хийдэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 83-87/,
-Шүүгдэгч Н.Б ны Хаан банкны 5094777741 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 108-202/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “...2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тоглуулсан. 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шинийн 2-нд хөзрөөр хясааг ашиглаж мөрийтэй тоглоом тоглуулах гэж байхад цагдаа ирээд тоглоомд ашигладаг эд зүйлийг хураасан. Түүний дараагаар би өр ихтэй байсан учир хөзрөөр ганц, нэг удаа тоглосон” гэж мэдүүлсэн учраас шүүгдэгч Н.Б ыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад гэх газарт “Шилийн богд” гэх цайны газарт буюу олон нийтийн газарт 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокуророос шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Н.Б ны Хаан банкны 5094777741 дугаартай дансны 2020.09.01-2021.03.01-ний өдрийг дуусталх хугацааны хуулгыг үзэхэд: “2020.09.01-2020.09.11-ний өдрийн хооронд орлого 64.583.998 -зарлага 63.477.706 =1.106.292 /+/ төгрөг, 2020.09.12-2020.09.18-ны өдрийн хооронд орлого 92.806.000 –зарлага 94.821.479 төгрөг =2.015.479 /-/ төгрөг, 2020.09.19-2020.09.26-ны өдрийн хооронд орлого 36.448.999 –зарлага 34.436.200 =2.012.799 /+/ төгрөг, 2020.09.27-2020.10.20-ны өдрийн хооронд орлого 36.490.000 –зарлага 36.501.013=11.013 /-/ төгрөг, 2020.10.21-2020.10.29-ний өдрийн хооронд орлого 106.056.111 –зарлага 105.665.934 =390.177 /+/ төгрөг, 2020.10.30-2020.11.05-ны өдрийн хооронд орлого 95.766.519–зарлага 99.317.289 =3.550.770 /-/ төгрөг, 2020.11.06-2020.11.14-ний өдрийн хооронд орлого 96.541.998 -зарлага 96.591.299 =49.301 /-/ төгрөг, 2020.11.15-2020.11.25-ны өдрийн хооронд орлого 86.032.512 -зарлага 81.574.540= 4.457.972 /+/ төгрөг, 2020.11.26-2020.12.02-ны өдрийн хооронд орлого 87.609.998-зарлага 89.840.881 =2.230.883 /-/ төгрөг, 2020.12.03-2020.12.19-ний өдрийн хооронд орлого 136.956.969 -зарлага 145.939.586 =8.982.617 /-/ төгрөг, 2020.12.20-2020.12.25-ны өдрийн хооронд орлого 64.713.000 төгрөг –зарлага 60.059.040 =4.653.960 /+/ төгрөг, 2020.12.26-2020.12.29-ний өдрийн хооронд орлого 84.069.000-зарлага 87.792.800 төгрөг=3.723.800 /-/ төгрөг, 2020.12.30-2021.01.15-ны өдрийн хооронд орлого 87.476.018 -зарлага 88.519.082 төгрөг =1.043.064 /-/ төгрөг, 2021.01.16-2021.01.28-ны өдрийн хооронд орлого 96.910.999 –зарлага 94.516.540 =2.394.459 төгрөг /+/ төгрөг, 2021.01.29-2021.02.03-ны өдрийн хооронд орлого 97.169.688 -зарлага 99.501.772 төгрөг =2.332.084 /-/ төгрөг, 2021.02.04-2021.02.08-ны өдрийн хооронд орлого 102.230.000 –зарлага 101.237.000=993.000 /+/ төгрөг, 2021.02.09-2021.02.22-ны өдрийн хооронд орлого 76.493.252 -зарлага 76.815.200 төгрөг =321.948 /-/ төгрөг, 2021.02.23-2021.03.01-ний өдрийн хооронд орлого 2.800.000 -зарлага 2.562.100 =237.900 /+/ төгрөг байх бөгөөд нийт /+/ тэмдэгээр 16.246.559 төгрөг – нийт /-/ тэмдэгээр 24.260.959 = 8.014.400 /-/ төгрөг” байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Н.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад гэх газарт “Шилийн богд” гэх цайны газарт буюу олон нийтийн газарт 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч Н.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-103/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /Найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /Найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн металл хайрцаг, DEALER гэж бичсэн цагаан өнгийн хясаа 1 ширхэг, хар өнгийн жижиг хайрцаг дээр poker star гэсэн бичигтэй хөзөр 1 ширхэг, 0.50 гэсэн бичигтэй саарал өнгийн хясаа 43 ширхэг, 1 гэсэн бичиглэлтэй цагаан шаргал өнгийн хясаа 81 ширхэг, 500 гэсэн бичиглэлтэй хүрэн ягаан өнгийн хясаа 146 ширхэг, А4-ийн хэмжээтэй нэрс болон тоо дансны дугаар бичсэн цагаан өнгийн дэвтэр 1 ширхэг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Н.Булганд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Н.Б нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б ыг үргэлжилсэн үйлдлээр “олон нийтийн газарт ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /Найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн металл хайрцаг, DEALER гэж бичсэн цагаан өнгийн хясаа 1 ширхэг, хар өнгийн жижиг хайрцаг дээр poker star гэсэн бичигтэй хөзөр 1 ширхэг, 0.50 гэсэн бичигтэй саарал өнгийн хясаа 43 ширхэг, 1 гэсэн бичиглэлтэй цагаан шаргал өнгийн хясаа 81 ширхэг, 500 гэсэн бичиглэлтэй хүрэн ягаан өнгийн хясаа 146 ширхэг, А4-ийн хэмжээтэй нэрс болон тоо дансны дугаар бичсэн цагаан өнгийн дэвтэр 1 ширхэг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Булганд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН