| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2021/0185/Э |
| Дугаар | 2021/ШЦТ181 |
| Огноо | 2021-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ181
2021 03 16 2021/ШЦТ181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Э.Н- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... овогт Э.Н-д холбогдох эрүүгийн 2109001820312 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Ус хангамж ус цэвэрлэгээний инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 10 дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222, ... тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 826 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлсэн, уг ялаа биелүүлсэн / хх 40 / бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Э.Н- нь:
- 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын залуучуудын холбооны 318 тоот өрөөнд хохирогч Э.Гэрэлбаяртай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 3 /
Хохирогч Э.Гэрэлбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18 цаг 30 минутын орчимд Монголын залуучуудын холбооны 318 тоот өрөөнд байхад зүс таних Э.Н- гаднаас орж ирээд надад “Чи намайг хүүхнүүдтэй уулзаж байхад илүү дутуу олон юм ярьдаг. Чамайг дахиж тэгж ярих юм бол нохой шиг зодно шүү” гэж хэлсэн. Тэгээд намайг сууж байхад барьж аваад ширээний араас цохиод өргөж авч шидээд боогоод танилцуулга байрлуулдаг хөлөөр миний толгой нүүр, нуруу руу цохьсон. Би өөрийгөө хамгаалаад болиоч гээд цагдаа дуудсан. Цагдаа ирэх хугацаанд дахин өргөж авч шидээд өвдөгөөрөө дээрээс өвдөглөж хоолойгоор боосон гэжээ. / хх 5 /
Гэрч С.Мөнхбат мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Монголын залуучуудын холбооны байрны 3 давхарт байрлах Гэрэлбаярын түрээслэж ажиллуулдаг өрөөнд Гэрэлбаяртай сууж байтал гаднаас Э.Н- гэх залуу орж ирээд түүнтэй маргалдаж эхэлсэн. Гэрэлбаярыг сандал дээр суухад нь Э.Н- түлхэж унагаасан. Босож ирээд хоёулаа заамдалцаад бие биенийхээ нүүр рүү цохьж эхлэхээр нь би дундуур нь орж салгасан. Э.Н- Гэрэлбаярын нүүр рүү гараараа 7 удаа цохьсон. Мөн хөлөөрөө нэг удаа өшиглөн шүүрний ишээр 3 удаа цохьсон гэжээ. / хх 9 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 990 дугаартай дүгнэлтэнд:
1. Э.Гэрэлбаярын биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун шанаа, баруун нүдний доод зовхи, зүүн шуунд зулгаралт, дагзны хуйх, хамар, хүзүү, баруун шуу, зүүн шуунд цус хуралт, зүүн гарын эрхий хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Хэрэг болсон гэх цаг хугацааанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 11-12 /
Яллагдагч Э.Н- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2021 оны 01 дүгээр сарын 21-ний орой Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Монголын залуучуудын холбооны 318 тоот өрөөнд найз Гэрэлбаяр, Мөнхбат нар дуудахад би очоод юм ярьж суусан. Тэгээд би Гэрэлбаяртай муудалцаж хоорондоо зууралдан бие биенээсээ заамдалцсан. Би Гэрэлбаярын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохьход арагшаа хана налаад уначихсан гэжээ. / хх 26 /
Шүүгдэгч Э.Н-г 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 26 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 31 / зэрэг болно.
Шүүгдэгч Э.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Миний бие гадаадад докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа бөгөөд сүүлийн 2 жилд хоёр удаа ял шийтгүүлж байгаадаа харамсаж байна гэв.
Шүүгдэгч Э.Н- нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын залуучуудын холбооны 318 тоот өрөөнд хохирогч Э.Гэрэлбаяртай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 3 /, ...Э.Н- намайг ширээний араас цохиод өргөж авч шидээд боогоод танилцуулга байрлуулдаг хөлөөр миний толгой нүүр, нуруу руу цохьсон. Цагдаа ирэх үед дахин өргөж авч шидээд өвдөгөөрөө дээрээс өвдөглөж хоолойгоор боосон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Э.Гэрэлбаярын мэдүүлэг / хх 5 /, ...Э.Н- Э.Гэрэлбаярын нүүр рүү гараараа 7 удаа цохьсон. Мөн хөлөөрөө нэг удаа өшиглөн шүүрний ишээр 3 удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Мөнхбатын мэдүүлэг / хх 9 /, ...Э.Гэрэлбаярын биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун шанаа, баруун нүдний доод зовхи, зүүн шуунд зулгаралт, дагзны хуйх, хамар, хүзүү, баруун шуу, зүүн шуунд цус хуралт, зүүн гарын эрхий хуруунд шарх гэмтэл тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 990 дугаартай дүгнэлт / хх 11-12 /, ...Би Э.Гэрэлбаярын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохьход арагшаа хана налаад унасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Э.Н-н мэдүүлэг / хх 26 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Э.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Н-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Н- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан, прокурорын санал болгосон 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Э.Гэрэлбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 44/ гэсэн тул шүүгдэгч Э.Н- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Э.Н-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Э.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Н- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Н- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Э.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ