Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/68

 

2021 оны 05 дугаар сарын 12 өдөр             Дугаар 2021/ШЦТ/­­­­68                            Ханбогд сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Х.А /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр з68үйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.А холбогдох 2129000940068 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.А нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт байрлах морины жүчээ болон Петровис шатахуун түгээх станц дээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Ганцэцэгийг цохих, өшиглөх зэргээр зодож түүний биед тархи доргилт, баруун гарын 5-р хурууны 1-р үений хугарал, зүүн нүдний доод зовхинд шарх, цус хуралт, зүүн хацар, баруун сарвуунд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ: “2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр морины жүчээ дээрээс Мөнхнарантай хэдэн найзуудтайгаа уулзсан. Наадмын талбай руу гараад эргэж морины жүчээ дээр хэдэн залуучууд ирсэн байсан. Хэдэн залуучуудтай муудалцсан. Морины жүчээ дээр байсан хэдэн залуучуудыг би таньдаг байсан. Тэгээд сумаас хойш гаргаж өгсөн. Эргэж петровис дээр ирээд Ганцэцэгтэй муудаад Ганцэцэг эхлээд намайг чулуугаар зодоод тархи толгой хагалсан. Тэгээд би машинаасаа буугаад Ганцэцэгийг 2 цохиж, нэг өшиглөсөн. Тэгээд цагдаа ирж аваад явсан.” гэв.

Хохирогч Ц.Ганцэцэгийн: “Бид нар машинд сууж байхад А машинтай ирж зогсоод хаалга онгойлгочхоод хамт байсан хүмүүс рүү уурлаад байсан тэгэхээр нь би цаашаа яв гээд түлхсэн чинь уурлаад над руу дайраад байсан тэгээд намайг цохисон чинь Нямхүү ирж салгасан тэгээд бид хэд хөдлөөд петровис клонк дээрээс бензин авах гээд байж байсан чинь дахиад машинтайгаа тулж зогсоод Мөнхнаран, Гантөмөр, А, Өөжий тэр хэд бууж ирсэн тэгээд А машинд суучхаад буухгүй болохоор нь би яв аа гээд жолооч талын хаалганаас ирж татсан чинь буухгүй байснаа гарж ирээд намайг хоёр удаа нүүр лүү цохисон дараа нь миний араас нуруу руу тийрсэн тэгэхэд миний нүд хавдаад доороо язарсан байсан” гэх мэдүүлэг /хх-н 33-р хуудаст/

Ц.Ганцэцэгийн гэрчээр өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр би хөдөөнөөс ирсэн найзуудтайгаа сумын баруун захад байдаг морины жүчээний гадаа очиход араас А нэг цагаан машинтай ирсэн тэгээд бууж ирээд манай машинд байсан хүмүүст уурлаад зодох гээд дайраад байсан тэгэхээр нь би боль цаашаа гээд хаалгаа хаах гэсэн чинь намайг хэл амаар доромжлоод байсан тэгээд би машинаас буусан тэгсэн чинь намайг заамдаад нүүр лүү гараараа цохиж унагаасан тэгсэн чинь Нямхүү ирж салгаад аваад явсан тэгэхээр нь бид хэд хөдлөөд бензин авахаар петровис клонк дээр очиход араас дагаад хүрээд ирсэн тэгээд миний сууж явсан машины жолооч талд нь суучхаад байхаар нь наад хүмүүс чинь хөдөө явах хүмүүс одоо буу гэсэн чинь буухгүй байсан тэгээд хэл амаар намайг доромжилж бууж ирээд намайг хэн болчхоод энэ хүмүүсийг өмөөрөөд байгаа юм гээд намайг заамдаж аваад нүүр лүү цохиод түлхэж унагаасан тэгээд босоод ирсэн чинь дахиад нүүр лүү цохисон чинь араас нь хамт явж байсан Нямхүү нь гарж ирээд чи эмэгтэй хүн зодоод гээд өмөөрсөн чинь чи янхан өмөөрдөг хэн бэ гээд Нямхүүтэй зодолдсон тэгээд удалгүй цагдаа нар ирсэн тэгээд орой сумын эмнэлэгт үзүүлсэн чинь сумын эмч намайг явж оёдол тавиулах шаардлагатай гэсэн” гэх мэдүүлэг /хх-н 38-р хуудаст/

Гэрч Д.Оюунгэрэлийн: “би 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ээлжид гарч байсан тэгээд үдээс хойш 16 цаг өнгөрөөд Ганцэцэг нэг машинтай ирсэн тэгээд бензин аваад байж байхад араас нь А бас нэг машинтай ирээд өмнөөс нь тулж зогсоод бууж ирэхээр нь би таньдаг хүүхдүүд хоорондоо уулзах гэж байгаа юм байна гэж бодоод байж байтал удалгүй хоорондоо муудалцаад байсан тэгээд миний таньдаг Ганцэцэгийг А зодоод байх шиг байсан тэгэхээр нь харсан чинь нүд нь хөхөрсөн байсан тэгээд санаа зодоод цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-н 48-р хуудаст/

Гэрч Б.Нямхүүгийн: “Гантөмөр Алтантүмэн-Өлзий бид гурав пиво ууж байсан тэгсэн чинь Мөнхнаран, А хоёр ирсэн тэгээд бид хэд гараад машинтай наадмын талбай орсон тэгээд жаахан байж байгаад буцаад сум явж байсан тэгсэн чинь приус 10 маркийн машинтай хүмүүс Хотолбаатар ахын жүчээний гадаа зогсож байсан тэгээд А буугаад уулзъя гэсэн жаахан байж байгаад А, Ганцэцэг хоёр муудалцаад байхаар нь би буугаад салгасан тэгээд би А ыг аваад машинд суулгаад аваад явсан дараа нь нэг мэдсэн чинь клонк дээр ирсэн байсан тэгээд бид хэд буугаад А жолооч талын суудал дээр суусан тэгээд Ганцэцэгтэй маргалдаж байгаад буугаад ирсэн тэгээд зодолдоод байсан тэгэхээр нь би боль гээд салгасан тэгсэн чинь А надад уурлаад янхан өмөөрлөө гээд бид хоёр маргалдсан удалгүй цагдаа ирж тарсан” гэх мэдүүлэг /хх-н 57-р хуудаст/

Гэрч У.Баярчимэгийн : “би 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хөдөө гэрээсээ сум руу нэг эрэгтэй найзтайгаа ирсэн тэгсэн чинь Золбоо гээд залуу манай хамт явж байсан найз руу яриад морь шинжээд өгөөч гэж хэлсэн тэгээд замаараа Ганцэцэгийг аваад сумын баруун захад байдаг Хотолбаатар ахын жүчээнд ирсэн тэгсэн чинь араас нэг машин ирж Мөнхнаран, А хоёр танихгүй хоёр залуутай бууж ирсэн тэгээд А арын хаалгыг нээгээд Ганцэцэгтэй муудалцаад байсан. Ганцэцэг цаашаа буу гээд түлхсэн чинь А уурлаад Ганцэцэгийг цохиод байх шиг байсан тэгсэн чинь А ын сууж байсан машинаас нэг залуу бууж ирээд салгасан би бас боль гээд салгаад Ганцэцэгийг машинд суулгасан тэгээд Аын хамт явж байсан хүмүүс нь машинтайгаа А ыг аваад явсан би жаахан байж байгаад хөдөө явах гээд петровис колонкоос бензин авах гээд байж байтал дахиад хүрээд ирсэн тэгээд дахиж бууж ирээд А жолооч талын суудал дээр сууж байх шиг байсан тэгээд нэг мэдсэн чинь хоорондоо золдоод байсан тэгээд би айгаад машиндаа сууж байгаад гартал Ганцэцэгийн нүд нь язарсан нүүр нь цус болсон байсан тэгээд би Ганцэцэгийг хамт явах уу гэтэл би явахгүй цагдаа дуудсан гэсэн тэгэхээр нь би яараад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-н 62-р хуудаст/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 13-р хуудаст/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 218 дугаартай “... 1. Ц.Ганцэцэгийн биед тархи доргилт, баруун гарын 5-р хурууны 1-р үений хугарал, зүүн нүдний доод зовхинд шарх, цус хуралт, зүүн хацар, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд  учирсан байх боломжтой. 3. Ц.Ганцэцэгийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Ц.Ганцэцэгийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 67-р хуудаст/,

Шүүгдэгч Х.А ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 77-87, 103-105-р хуудаст/,

Х.А ын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл / хх-н 90-102 -р хуудаст/,

Х.А ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 76-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Х.Адъяажавт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Х.А нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт байрлах морины жүчээ болон Петровис шатахуун түгээх станц дээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Ганцэцэгийг цохих, өшиглөх зэргээр зодож түүний биед тархи доргилт, баруун гарын 5-р хурууны 1-р үений хугарал, зүүн нүдний доод зовхинд шарх, цус хуралт, зүүн хацар, баруун сарвуунд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.А нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Х.А ын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ганцэцэгийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Х.А ын хохирогч Ц.Ганцэцэгийг цохих, өшиглөх зэргээр зодож түүний биед тархи доргилт, баруун гарын 5-р хурууны 1-р үений хугарал, зүүн нүдний доод зовхинд шарх, цус хуралт, зүүн хацар, баруун сарвуунд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Х.А нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв. 

Хоёр. Хохирол, төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ганцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

Хохирогч Ц.Ганцэцэгийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 218 дугаартай “... 1. Ц.Ганцэцэгийн биед тархи доргилт, баруун гарын 5-р хурууны 1-р үений хугарал, зүүн нүдний доод зовхинд шарх, цус хуралт, зүүн хацар, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд  учирсан байх боломжтой. 3. Ц.Ганцэцэгийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Ц.Ганцэцэгийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /хх-н 66-67 дугаар хуудас/ гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогч Ц.Ганцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 147.047 /нэг зуун дөчин долоон мянга дөчин долоо/ төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн ба энэхүү баримт нь нотлох баримтын шаардлагыг хангасан байна. /хх-ийн 107-110 дугаар хуудас/

Хохирогч нь 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад “... гэмтлийг эмчлэхийн тулд Улаанбаатарт байх Сонгодо Эмнэлэгт холбогдож асуухад 1.500.000 болно гэсэн тул Х.А аас энэ мөнгийг нэхэмжилж байна.” гэж шүүгдэгчээс баримтгүйгээр эмчилгээний төлбөр нэхэмжилжээ.  

Хохирогч Ц.Ганцэцэгээс 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад “... 2.000.000 төгрөгийг надад төлж барагдуулсан тул миний зүгээс хохирол нэхэмжлэхтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл санал хүсэлт байхгүй тул уг хэргийг хялбарчилсан журмаар шийдэж өгнө үү.” гэх хүсэлт /хх-ийн 115 дугаар хуудас/  болон мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 102 дугаар хуудас/ байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзлээ.

 Иймд шүүгдэгч Х.А ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Гурав.Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч Х.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Х.А ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Х.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А ыг 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Х.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. 

Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргагдаж ирсэн флаш диск 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.А ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А ыг 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000  /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Х.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 4. Шүүгдэгч Х.А нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ганцэцэгт 2.000.000 /хоёр сая/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ц.Ганцэцэг нь ямар нэгэн нэхэмжлэх зүйл санал хүсэлт байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай. 

 5. Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргагдаж ирсэн флаш диск 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.А ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТМӨНХ