Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/200

 

 

 

 

 

 

 

2021            03         23                                     2021/ШЦТ/200

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

улсын яллагч З.Энхжаргал,

шүүгдэгч Э.Г- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Э.Г-т холбогдох эрүүгийн 2009024530057 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Булган аймгийн Баяннуур сум, 1 дүгээр баг, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ... овогт Э.Г- нь:

 

- 2020 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 96-47 УБВ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж явахдаа хохирогч Д.Мэндбаярын эзэмшлийн LG брендийн гар утсыг “Найзтайгаа яриад өгье” гэж хуурч авч, бусдад 180.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 6 /

 

Хохирогч Д.Мэндбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 9647 УБВ улсын дугаартай Тоёота приус 30 загварын машинаараа таксинд явж байхад 00 цаг 30 миунтын орчимд Сүхбаатарын талбайн зүүн талаар ертөнцийн зүгээр урагш явж байхад 30 орчим насны, 160-165 см өндөртэй, туранхай бор, бараан өнгийн хүрэм, бараан өнгийн цамц, өмд өмссөн залуу гар өргөөд машинд суусан. Тэрээр Дамба руу явна гэхээр нь би 7 буудлаар хойш явж байхад тэр залуу “Та гар утсаараа нэг хүн рүү залгаад өгөөч” гэхээр нь би залгаж өгөхөд “Гүүрэн дээр уулзъя. Чи гараад ир” гэж хэлээд тасалсан. Тэгээд Замын цагдаагийн пост өнгөрөөд зүүн тийш эргээд явж байхад нөгөө залуу “Та дахиад гар утсаа өгч байгаач. Ирчихлээ гээд хэлчихье” гэхээр нь гар утсаа шууд аваад Дамбадаржаагийн гүүрний баруун талын булан дээр “Ахаа зогсож байгаарай” гэж хэлэхэд нь шууд зогсоход миний машинаас гараад гүйчихсэн.

Би гар утсаа 2019 оны 07 дугаар сард Теди төвөөс 270.000 төгрөгөөр авсан. Одоо 240.000 төгрөгөөр үнэлж байна гэжээ. / хх 13-14 /

 

Гэрч М.Шинэбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 08 дугаар сарын үед манай Хосбаяр гар утсаа хаячихаар нь ... дугаарыг нь би 09 дүгээр сар хүртэл хэрэглэсэн. Уг дугаарыг барьж байхад ... дугаараас найз Э.Г- залгасан байх гэж бодож байна. Тухайн өдөр 23-00 цагийн үед залгаад “Хэнтэй, хаана байгаа юм бэ. Би одоо очлоо” гээд 2-3 удаа залгасан гэжээ. / хх 15 /

 

Гэрч М.Хосбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би ... дугаарыг 8 дугаар сарын сүүлээр Далайхүү төвийн мобикомын салбараас худалдаж авсан. Энэ дугаараа хэд хоног ашиглаж байгаад гар утсаа хулгайд алдсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Шинэбаяр гэх ахдаа хэрэглүүлхээр өгсөн гэжээ. / хх 16 /

 

Гэрч Э.Г- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 09 дүгээр сарын эхээр найзтайгаа гадуур шоудаж явж байгаад тухайн найзаасаа салаад Сүхбаатарын талбайн баруун талаас такси барих гээд гараа өргөөд таксинд суугаад Дамба орно гэж хэлсэн. Замдаа тухайн жолоочийн гар утсаар нь “Ярьчихаад өгье” гээд гар утсыг нь аваад Шиэнбаярын ... дугаар руу залгаад “Би очиж байна шүү” гэж хэлсэн. Тэгээд Дамбын гүүрний ойролцоо явж байхад тэр жолоочийг зогсчих гэж хэлээд гар утсыг нь аваад явчихсан. Тухайн гар утсыг 10 гаруй хоног хэрэглэж байгаад хаячихсан гэжээ. / хх 31 /

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд LG брендийн гар утсыг 180.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ / хх 18-21 / 

 

Мобиком корпораци ХХК-ний 18/7611 дугаартай албан бичиг / хх 40-41 /

 

Шүүгдэгч Э.Г-ийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 30-31 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 33 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад /пиво уучихсан байсан/ такси бариад жолооч ахаас “Ахаа гар утсаараа яриулаач” гэж хэлээд утсаар нь найздаа гараад ирээд гэж хэлсэн. Тэгээд дахин утсыг нь аваад шууд машинаас бууж зугтаасан. Уг утасны хохирол болох 180.000 төгрөгийг нөхөн төлсөн гэв.  

 

Шүүгдэгч Э.Г- нь 2020 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 96-47 УБВ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж явахдаа хохирогч Д.Мэндбаярын эзэмшлийн LG брендийн гар утсыг “Найзтайгаа яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, 180.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:   ...Тухайн залуу “Та гар утсаараа дахиад залгаад өгөөч” гэхээр нь би гар утсаа өгтөл шууд аваад Дамбадаржаагийн гүүрний баруун талын булан дээр зогсоход миний машинаас гараад гүйчихсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Мэндбаярын мэдүүлэг / хх 13-14 /,      ...99881713 дугаараас найз Э.Г- залгасан байх гэж бодож байна. Тухайн өдөр 23-00 цагийн үед залгаад “Хэнтэй, хаана байгаа юм бэ. Би одоо очлоо” гээд 2-3 удаа залгасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.Шинэбаярын мэдүүлэг / хх 15 /,       ...85318173 дугаарыг 8 дугаар сарын сүүлээр Далайхүү төвийн мобикомын салбараас худалдаж авсан. Хэд хоногийн дараа Шинэбаяр гэх ахдаа хэрэглүүлэхээр өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.Хосбаярын мэдүүлэг / хх 16 /,      ...Таксины жолоочийн гар утсыг нь “Ярьчихаад өгье” гэж хэлээд найз Шиэнбаярын 85318173 дугаар руу залгасан. Дамбын гүүрний ойролцоо явж байхад тухайн машины жолоочийг зогсчих гэж хэлээд гар утсыг нь аваад явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Э.Г-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг / хх 31 /,      ...”Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд LG брендийн гар утсыг 180.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ / хх 18-21 /,      ...Мобиком корпораци ХХК-ний 18/7611 дугаартай албан бичиг / хх 40-41 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Г-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Г- нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 240 / хоёр зуун дөч / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Д.Мэндбаярт учирсан хохирлыг төлж барагдуулсан / хх 51 / тул шүүгдэгч Э.Г- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Г-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Э.Г-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 / хоёр зуун дөч / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нь Э.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.  Э.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Г-т авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ