Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/70

 

 

2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр                         Дугаар 2021/ШЦТ/70                                          Ханбогд сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Т.М /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Мд холбогдох эрүүгийн 2129000870069 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.М нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-р баг, Цагаан-овоо, Ямаан хүрэнгийн 4 дүгээр гудамжид Э.Энхбатай, хувийн таарамжгүй харьцаанаас буюу бусадтай хардсаны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, 3 шүдний хугарал, баруун нүдний уг, зүүн нүдний дээд доод зовхи, баруун сарвуунд цус хуралт, зүүн хацар, зүүн шанаа, дээд уруулд зулгаралт, орчны эдэд зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун сарвуу, нуруу, баруун өвдөг, зүүн гуя, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.М холбогдох эрүүгийн 2129000870069 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/,

 

-Э.Энхбатын өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12/,

 

-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 17-18/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Энхбатын өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-25, 27-28/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ганзоригийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-37/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Тамжидмоломын өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Пагамхандын өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Гэрэлтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 195 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-53/,

 

-Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх  /хх-ийн 59-66/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд Т.М ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-73/,

 

-Т.М ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,  жолоочийн лавлагаа мэдээлэл, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, үндэсний энгийн гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа /хх-ийн 74, 91, 92, 93, 94, 95, 96, 97/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн Э.Энхбатын хүсэлт /хх-ийн 106/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Т.М нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-р баг, Цагаан-овоо, Ямаан хүрэнгийн 4 дүгээр гудамжинд Э.Энхбаттай хувийн таарамжгүй харилцаанаас буюу бусадтай хардсаны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, 3 шүдний хугарал, баруун нүдний уг, зүүн нүдний дээд доод зовхи, баруун сарвуунд цус хуралт, зүүн хацар, зүүн шанаа, дээд уруулд зулгаралт, орчны эдэд зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун сарвуу, нуруу, баруун өвдөг, зүүн гуя, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Энхбатын өгсөн “...Тэгээд зогссон чинь М.миний машин дээр ирээд намайг рулээс чирч буулгаад миний хоёр хөл рүү гуталтай хөлөөрөө олон удаа хөшиглөсөн. Бас миний нуруу, бөгс, толгой тархи руу олон удаа хөшиглөсөн. Тэгээд миний хамраас цус гарсан чинь М гэртэй харина гээд машиндаа суулгаад приус-30 машиндаа жолоодон гэртэй ирсэн...надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ганзоригийн өгсөн “...Тухайн үед Энхбатын нүүр нь хөхөрч хавдсан хамраас нь цус гарчихсан байсан. Энхбат М намайг зодсон гээд маргалдаад байхаар нь би унтлаа гээд гэр рүүгээ ороод унтчихсан. Ил харагдаж байгаагаар Энхбатын хамраас цус гарчихсан, нүүр уруул нь хавдчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Пагамхандын өгсөн “...Т.М Э.Энхбат хоёр юунаас болж маргалдсан эсэх талаар би сайн мэдэхгүй байна нэг мэдэхэд маргалдаад хэрэлдээд эхэлсэн. Тэгтэл Э.Энхбат хоёр хүүхдээ хувцаслаад хашаан дотор байсан машинаа унаад хашаанаас гараад явсан. Гэтэл нөхөр Т.М хашаан дотор байсан портер машинаа бариад араас нь  олж ирнэ гээд гарсан. Тэгээд орж ирэхдээ Э.Энхбатын хамраас нь цус гараад тогтохгүй байсан. Тэгэхээр нь би Э.Энхбатаас юу болсон талаар асуухад Т.М  намайг цохиж зодсон гээд хэлж байсан. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өглөө Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг очиж үзүүлнэ гэж хэлээд Э.Энхбат явчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-44-45/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Гэрэлтуяагийн өгсөн “...тэр өдөр би найз болох Э.Энхбатын гэрт нь Пагамханд бид гурав хоёр пиво уугаад Э.Энхбатын гэрт нь юм яриад сууж байгаад дуусгасан. Тэгээд байж байтал нүүрс тээврийн машин хашааны гадна талд засаж байсан. М хамт нүүрс тээврийн машин засаж байсан хүмүүстэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд байж байсан тэгээд би тэрүүхэн зуур унтаад өгсөн байсан. Тэгээд өглөө сэрэхэд М Энхбатын бие эрх чөлөөнд халдаж зодсон гээд байсан. Тэгээд тэр өдөртөө Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү найз Отгон гээд бид нар дуудаад байдаг найзтай тэр хоёр хамт явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 195 дугаартай шинжээчийн “1.Э.Энхбатын биед хамар ясны хугарал, 3 шүдний хугарал, баруун нүдний уг, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун сарвуунд цус хуралт, зүүн хацар зүүн шанаа, дээд уруулд зулгаралт, орчны эдэд зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун сарвуу, нуруу, баруун өвдөг, зүүн гуя, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3.Э.Энхбатын биед учирсан 3 шүдний хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь алдагдуулна. 4.Э.Энхбатын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 51-53/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.М  яллагдагчаар өгсөн “...би буугаад үрүүлийн араас татаж буулгаад хөлөөрөө 2-3 удаа хөшиглөөд гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд эхнэрээ машинд суулгаад гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.М гаргасан “Миний бие Т.М би 2021.03.10-ны өдөр эхнэр болох Эрдэнэчимэг овогтой Энхбатын бие эрх чөлөөнд халдаж хөнгөн гэмтэл учруулсан. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-107/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос  шүүгдэгч  Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч Т.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Э.Энхбатын эрүүл мэндэд “хамар ясны хугарал, 3 шүдний хугарал, баруун нүдний уг, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун сарвуунд цус хуралт, зүүн хацар зүүн шанаа, дээд уруулд зулгаралт, орчны эдэд зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун сарвуу, нуруу, баруун өвдөг, зүүн гуя, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №195 дугаартай дүгнэлт /хх-51-53/-ээр тогтоогдож байна.   

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Э.Энхбатыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.

 

Хохирогч Э.Энхбат нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна, хэргийн материалтай танилцана, шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24, 27-28/-гээр тогтоогдож байна.

 

Иймд хохирогч Э.Энхбат нь шүүгдэгч Т.М ээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Т.М нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-р баг, Цагаан-овоо, Ямаан хүрэнгийн 4 дүгээр гудамжинд Э.Энхбаттай хувийн таарамжгүй харилцаанаас буюу бусадтай хардсаны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, 3 шүдний хугарал, баруун нүдний уг, зүүн нүдний дээд доод зовхи, баруун сарвуунд цус хуралт, зүүн хацар, зүүн шанаа, дээд уруулд зулгаралт, орчны эдэд зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун сарвуу, нуруу, баруун өвдөг, зүүн гуя, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч Т.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-74/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Э.Энхбат нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.М нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М ийг 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /Зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд оногдуулсан 650.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Э.Энхбат нь шүүгдэгч Т.М ээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Т.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН