Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/71

 

 

2021 оны 05 дугаар сарын 14 өдөр                            Дугаар 2021/ШЦТ/­­­­71                                             Ханбогд сум

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Хохирогч Т.Мөнхцэцэг /онлайнаар/,

Шүүгдэгч Б.Т /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тд холбогдох 2129000160052 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газар байрлах гэртээ гар утас ашиглан олон нийтийн фейсбүүк сайтад иргэн Т.Мөнхцэцэгийн нэр, зургийг ашиглан “Бэлэн мөнгө танд хурцадна”, ээгчээ та насандаа бай, болохгүй бол би өөр арга хэрэглэнэ шүү, Мөөгий эгч гуай цагаан хадны хүмүүсээс хол зайл, бэлэн мөнгө танд хурцадна гөлгөө”, “хөөе авгай миний би зөндөө гуйсан шүү, нөхрийг минь тайван байлга за” гэх мэтээр олон тооны пост, коммент оруулж, Т.Мөнхцэцэгийн нэр, төр алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тд холбогдох эрүүгийн 2129000160052 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “Нөхөртэйгөө хардаж энэ хүний нэр хүндэд халдсан. Ийм хуулийн заалт байдаг гэдгийг мэддэггүй байсан. Хохирогчоос уучлалт гуйсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэв.

Хохирогч Т.Мөнхцэцэгийн: “Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ дэлгэрэнгүй тодорхой ярьсан байгаа”, “би энэ хаягийн эзэмшигчийг танихгүй. Тухайн фэйсбүүк хаяг руу орж үзэхэд 90389959 гэсэн утасны дугаар бүртгэлтэй байсан. би Т ыг тэгсэн гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудаст/,

Хохирогч Т.Мөнхцэцэгийн гэрчээр өгсөн: “Би 2020 оны 12 дугаар сарын 19-ний өглөө босоход Enji Enji гэсэн фэйсбүүк хаягт Otgoo oogii гэсэн фэйсбүүк хаягаас миний нөхөр минийх чи ямар их дурлаж хайралдаг юм гэсэн чат ирсэн байсан. Би тухайн үед Otgoo oogii гэсэн фэйсбүүк хаяг руу ороход жоохон 20 гаран настай хүүхэд шиг харагдахаар нь андуурсан байна гэж бодоод тоолгүй ажил руугаа явсан. Тэгээд ажил дээр очиход манай ажлын хүмүүс Мөөгий эгчээ та фэйсбүүк дээр тавигдсан байна гэж хэлсэн. Би гайхаад өөрийнхөө хаягаар үзэх гэхэд надад харагдахгүй намайг блок хийчихсэн байсан. Тэгээд таньдаг хүмүүс маань над руу чатаар ингэж тавьсан байна гээд Otgoo oogii гэсэн хаягтай хүний тавьсан постуудыг явуулсан. Тухайн постуудыг харахад ямар ч үндэслэлгүй худал мэдээллийг тараасан миний нэр төрд халдсан байх тул хуулийн байгууллагаар шалгаж шийдүүлэхээр цагдаагийн байгууллагад хандах болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудаст/,

Гэрч У.Цолмончимэгийн: “...би Otgoo oogii гэх фэйсбүүк хаягийн эзэмшигчийг танихгүй. Харж байгаагүй хүн байна. Харин “Т Түвшин” гэх фэйсбүүк хаягийн эзэмшигчийг таних юм байна. өөрийнхөө нэрээр фэйсбүүк хаяг нээсэн байна.”, “би 2013 онд Ттай хамт “Юни сервис” ХХК-д гал тогоонд хамт ажиллаж байсан. Т нь 2015 онд Цогтцэций  сумаас Улаанбаатар хот руу нүүсэн одоо хаана ямар ажил хийж амьдарч байгааг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудаст/,

Гэрч Э.Соронзонболдын: “...манай эхнэр Б.Т намайг энэ Т.Мөнхцэцэг нэг эмэгтэйтэй хардаад тийм зүйл хийсэн байсан”, “...Мөнхцэцэг бид хоёрын хооронд ямар ч харилцаа байгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудаст/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 48-49-р хуудаст/,

Фэйсбүүк группэд пост оруулсан, коммент бичсэн, фэйсбүүк хаягнаас өөр хүнтэй чаталсан мэдээлэл /хх-ийн 51-71р хуудаст/,

Шүүгдэгч Б.Тын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 45-47, 72-75-р хуудаст/

Б.Т ын арван хурууны дардас /хх-н 76-р хуудаст/

Б.Т ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 84-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Тд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад” гэх газар байрлах гэртээ гар утас ашиглан олон нийтийн фейсбүүк сайтад иргэн Т.Мөнхцэцэгийн нэр, зургийг ашиглан “Бэлэн мөнгө танд хурцадна”, ээгчээ та насандаа бай, болохгүй бол би өөр арга хэрэглэнэ шүү, Мөөгий эгч гуай цагаан хадны хүмүүсээс хол зайл, бэлэн мөнгө танд хурцадна гөлгөө”, “хөөе авгай миний би зөндөө гуйсан шүү, нөхрийг минь тайван байлга за” гэх мэтээр олон тооны пост, коммент оруулж, Т.Мөнхцэцэгийн нэр, төр алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Т.Мөнхцэцэгийн: “Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ дэлгэрэнгүй тодорхой ярьсан байгаа”, “би энэ хаягийн эзэмшигчийг танихгүй. Тухайн фэйсбүүк хаяг руу орж үзэхэд 90389959 гэсэн утасны дугаар бүртгэлтэй байсан. Би Тыг тэгсэн гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудаст/,

Хохирогч Т.Мөнхцэцэгийн гэрчээр өгсөн: “Би 2020 оны 12 дугаар сарын 19-ний өглөө босоход Enji Enji гэсэн фэйсбүүк хаягт Otgoo oogii гэсэн фэйсбүүк хаягаас миний нөхөр минийх чи ямар их дурлаж хайралдаг юм гэсэн чат ирсэн байсан. Би тухайн үед Otgoo oogii гэсэн фэйсбүүк хаяг руу ороход жоохон 20 гаран настай хүүхэд шиг харагдахаар нь андуурсан байна гэж бодоод тоолгүй ажил руугаа явсан. Тэгээд ажил дээр очиход манай ажлын хүмүүс Мөөгий эгчээ та фэйсбүүк дээр тавигдсан байна гэж хэлсэн. Би гайхаад өөрийнхөө хаягаар үзэх гэхэд надад харагдахгүй намайг блок хийчихсэн байсан. Тэгээд таньдаг хүмүүс маань над руу чатаар ингэж тавьсан байна гээд Otgoo oogii гэсэн хаягтай хүний тавьсан постуудыг явуулсан. Тухайн постуудыг харахад ямар ч үндэслэлгүй худал мэдээллийг тараасан миний нэр төрд халдсан байх тул хуулийн байгууллагаар шалгаж шийдүүлэхээр цагдаагийн байгууллагад хандах болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудаст/,

Гэрч У.Цолмончимэгийн: “...би Otgoo oogii гэх фэйсбүүк хаягийн эзэмшигчийг танихгүй. Харж байгаагүй хүн байна. Харин “Т Т” гэх фэйсбүүк хаягийн эзэмшигчийг таних юм байна. өөрийнхөө нэрээр фэйсбүүк хаяг нээсэн байна.”, “би 2013 онд Т тай хамт “Юни сервис” ХХК-д гал тогоонд хамт ажиллаж байсан. Т нь 2015 онд Цогтцэций  сумаас Улаанбаатар хот руу нүүсэн одоо хаана ямар ажил хийж амьдарч байгааг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудаст/,

Гэрч Э.Соронзонболдын: “... манай эхнэр Б.Т намайг энэ Т.Мөнхцэцэг нэх эмэгтэйтэй хардаад тийм зүйл хийсэн байсан”, “... Мөнхцэцэг бид хоёрын хооронд ямар ч харилцаа байгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудаст/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 48-49-р хуудаст/,

Фэйсбүүк группэд пост оруулсан, коммент бичсэн, фэйсбүүк хаягнаас өөр хүнтэй чаталсан мэдээлэл /хх-ийн 51-71 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Прокуророос Б.Т ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Т нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.Т нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн нэр төр, алдар хүндэд хохирол учруулу болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй юм.

Иймд Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 “Хүний нэр төр” нь иргэний зан суртахуун, тухайн хүний хувийн болон ёс зүй, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмж, “алдар хүнд” гэж бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн хүний үнэлэмжийг тус тус ойлгоно.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргээ биелүүлээгүй, хохирогчийн талаар олон нийтэд илт худал мэдээлэл тараасан нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэгтэй ба хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тарааснаас гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй байна. Хохирогч Т.Мөнхцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдолтой байгаагаа мэдүүлсэн, шүүгдэгч Б.Т нь илт худал мэдээлэл тарааснаа залруулахыг хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүгдэгч Б.Тд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-д зааснаар хохирогч Т.Мөнхцэцэгийн нэр төрд халдсан, худал мэдээлэл  тараасан хэлбэрээр  няцаалт хийхийг үүрэг болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Мөнхцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хохирогч Т.Мөнхцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй, нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.Т ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 84 дүгээр хуудас/

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх санал гаргав.

Шүүгдэгч Б.Т ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 / нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 / нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Т нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Т нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-д зааснаар шүүгдэгч Б.Тд хохирогч Т.Мөнхцэцэгийн нэр төрд халдсан, худал мэдээлэл  тараасан хэлбэрээр  няцаалт хийхийг үүрэг болгосугай.

5. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Мөнхцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАТМӨНХ