Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/73

 

 

2021 оны 05 сарын 17 өдөр                                  Дугаар 2021/ШЦТ/­­­­73                                                Ханбогд сум

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч: О.Н /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн О.Нд холбогдох 2129000980070 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Н нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Сийрст баг, Уурхайчны 6-217 тоотод Ц.Билгээтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархины доргилт, духны язарсан шарх, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, доод зовхи, зүүн шанааны зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хохирогч Ц.Билгээгийн: “Би нэрийг нь мэдэхгүй ээ. Манай ажлын газрын Лхамсүрэнгийн нөхөр намайг зодсон. манай эхнэр болон Сүхбат нар намайг зодож байхад нь салгасан байсан. мөн тэр хүн намайг хашаан дотор өшиглөж байхад Дэлгэрсайхан харсан байсан,”, “миний баруун хацар хэгзэрч хөхөрч хавдсан, баруун хөмсөгний дээр язарч цоорсон. Зүүн тал халцарч шалбарсан байсан. Цээж хөндүүр болсон.” гэх мэдүүлэг /хх-н 46-р хуудаст/,

Гэрч О.Сүхбатын: “...тэгээд би эргээд хашаа руу нь орж очиход Лхамсүрэнгийн нөхөр нь ирчихсэн байж байгаад намайг яваад очих үед Билгээ ах өмнө нь тонгойгоод сөхрөхөд нь нүүр лүү нь өшиглөчихсөн. Тэгээд би очоод тэр залууг арагш нь татаад авахад Магнайбаатар дараад авсан. Тэгээд би Лхамсүрэнгийн нөхөрт хандаж “чи эрүүл байж согтуу хүн зодлоо гэхэд чи муу зүгээр байгаарай гээд миний өөдөөс дайраад байсан” гэх мэдүүлэг /хх-н 57-р хуудаст/,

Гэрч Б.Шинэцэцэгийн: “...тэгсэн чинь тэр залуу гэнэт уурлаад дээлээ тайлаад дайрч байгаад Билгээ хашаа руу ороод гуйвж байгаад сөхрөөд суухад нь Лхамаагийн нөхөр манай нөхрийн толгой хэсэг рүү гуталтай хөлөөрөө өшиглөчихсөн. Би хорих гээд амжаагүй. Билгээгийн толгойны зүүн дээд хэсгээс цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-н 64-р хуудаст/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 217 дугаартай “1. Ц.Билгээгийн биед тархины доргилт, духны язарсан шарх, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, доод зовхи, зүүн шанааны зулгаралт гэмтэл үүсжээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 68-р хуудаст/,

О.Н ын гэрчээр өгсөн: “...би тэр залууг барьж аваад нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж аваад эргэхэд нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-н 51-р хуудаст/,

О.Н ын яллагдагчаар өгсөн: “...нэг удаа нүүрэн тус газарт нь баруун гараараа цохитол тэр залуу газар сөхрөөд унахаар нь би нэг удаа хөлөөрөө өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-н 87-р хуудаст/,

Шүүгдэгч О.Н ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 110-113-р хуудаст/,

О.Н ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 115-р хуудас/,

О.Нын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 117-128-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Нд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч О.Н нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Сийрст баг, Уурхайчны 6-217 тоотод Ц.Билгээтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархины доргилт, духны язарсан шарх, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, доод зовхи, зүүн шанааны зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Н нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч О.Н ын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Билгээгийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч О.Н нь хохирогч Ц.Билгээгийн нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож, тархины доргилт, духны язарсан шарх, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, доод зовхи, зүүн шанааны зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Ннь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв. 

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Билгээгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Хохирогч Ц.Билгээгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 217 дугаартай “1. Ц.Билгээгийн биед тархины доргилт, духны язарсан шарх, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, доод зовхи, зүүн шанааны зулгаралт гэмтэл үүсжээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх-н 68-р хуудаст/ гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогч Ц.Билгээ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан хүсэлтдээ “... 2021 оны 05 дугаар сарын 03-ны Билгээ миний эмчилгээний зардал болох 144600 төгрөгийг О.Насантогтохоос Билгээ миний дансанд хийсэн болно.” /хх-ийн 114 дүгээр хуудас/ гэх хүсэлт гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзлээ.

Хохирогч Ц.Билгээгийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг прокурорын байгууллагад 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гаргасан хүсэлтдээ “... Өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг миний бие О.Нд холбогдох эрүүгийн хэрэгт, хохирогч Ц.Билгээгийн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүний тооцоо болон эмнэлгийн магадалгаа, лист зэргийг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч өөрийн үйлчлүүлэгч Ц.Билгээ нь утсаар, дээрх хүсэлтээсээ татгалзах саналыг гаргасан тул, өмгөөлөгч миний бие хүсэлтээ татан авч байна.” гэж дурдсан ба хохирогч Ц.Билгээ нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 136 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Билгээ нь 144600 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн ба эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлага хангажээ. /хх-ийн 103-107 дугаар хуудас/

Иймд шүүгдэгч О.Н ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд: 

Шүүгдэгч О.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч О.Н ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч О.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 115 дугаар хуудас/

Улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ныг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Н нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Н ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ныг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О.Н нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 4.Шүүгдэгч О.Н нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохирогч Ц.Билгээд 144.600 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ц.Билгээ нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай. 

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Нын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.БАТМӨНХ