| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2021/0067/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/74 |
| Огноо | 2021-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Э |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/74
2021 оны 05 дугаар сарын 17 өдөр Дугаар 2021/ШЦТ/74 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Б.Энхмэнд,
Шүүгдэгч: Б.Ч /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Чд холбогдох 2129000000075 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ч нь 2021 оны 04 дүгээр сарын 2-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс таван толгой ХХК-ний салбар Өрнөх транс ХХК-ийн засварын газарт автобусан дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас Ц.Алтанхундагыг гараараа цохих зэргээр зодож дух, зулай, баруун чамархайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч нь мэдүүлэхдээ: ”
Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Ц.Алтанхундагын өгсөн: “...би автобусны сандал дээр суутал Б.Ч-Э орж ирээд намайг суудал дээ сууж байхад гараараа миний толгой руу бараг 10 гаруй удаа цохиж байсан.... би Ч ийн биед халдаж зодож цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн12-13-р хуудас/,
2. Б.Ч гэрчээр өгсөн “... би автобусанд суух гэтэл миний нүүрэн тус газар нэг удаа цохиод авангуут нь би эргээд нэг удаа цохитол сандал дээрээ уначихсан. Тэхээр нь би толгойн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Хэд хэдэн удаа цохих доо баруун чихний ойролцоо нэг удаа, духан дээр нь нэг удаа толгойны ар хэсэгт нэгээс хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
Гэрч Э.Гантуяагийн өгсөн: “...би автобусанд яваад ороход Алтанхундага гэдэг залууг Ч гэдэг залуу зодчихсон баруун шанаа нь халцраад цус гарчихсан дух нь хавсан байдалтай чихний дээд хэсэгт хавдчихсан байсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
Гэрч Б.Батзулын “... Ч, Алтанхундага нар нь автобусан дотор хоёр биеийнхээ өөдөөс харж зогсож байснаа нэг нэгнийхээ өөдөөс салавч гаргаад хэрэлдэж маргалдаад эхэлсэн. ... Алтанхундаг, Ч нар луу харахад хоорондоо зодолдож байх шиг байсан. т ажилладаг Сугир гэдэг залуутай автобусанд дотор ороход Алтанхундага автобусны жолоочийн суудалд суучихсан хажууд нь Ч зогсоод нэр хоёрын голоор Гантуяа эгч ороод тэр хоёрын зодооныг салгачихсан байсан. Ч гэдэг ахын биед ил харагдах шарх гэх зүйл байхгүй, харин Алтанхундага гэдэг ахын ил харагдах нүүр, шанаа, хэсгээс цус гарчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23//-р хуудас/
Гэрч О.Сугирын “... автобусанд дотор Ч Алтанхундага нар зодолдсон байсныг Гантуяа, Батзул нар салгачихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №250 дугаартай дүгнэлтээр:
1.Ц.Алтанхундагын биед дух, зулай, баруун чамархайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.
3.Алтанхундагын биед учирсан гэтэл нь ерөнхий цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
4.Алтанхундагын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/,
Яллагдагч Б.Ч ийн мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/,
Шүүгдэгч Б.Ч ийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.Ч ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх яллах болон цагаатгах нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн болно
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлж заасан.
Хохирогч Ц.Алтанхундагын биед дух, зулай, баруун чамархайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд үүссэн энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах нь Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №250 дугаартай дүгнэлтүүдээр /хх-ийн 32-33-р хуудас/ тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Б.Ч ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хэргийн үйл баримтаар уг гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Алтанхундагын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож тогтоогдсон.
Хохирогч Ц.Алтанхундага нь хохирол төлбөр, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 82-р хуудас/ байх тул шүүгдэгч Б.Ч бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Б.Ч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч Б.Ч ийн үйлдсэн гэмт хэргийн нотлогдсон байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлыг хянаж үзээд улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгж буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Шүүгдэгч Б.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, Б.Ч нь хохирогч Ц.Алтанхундагад 200 000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА