Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 06

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одбаатар би Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяагийн дүгнэлттэй, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Эрдэнэзаяад холбогдох Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2018.06.18-ны өдрийн 0124156 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хүлээн авч Зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяа шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунзаяа би, тус аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Эрдэнэзаяа нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Батхүүг 100 нэгжээр торгож, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянавал: Гаалийн улсын байцаагч Ц.Эрдэнэзаяа нь 2018 оны 06 сарын 16-ны 00 цаг 55 минутанд Ганболд овогтой Батхүү нь ОХУ-с 142 ширхэг эмийн зүйлийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэж, зөрчилд шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасныг удирдлага болгон шийтгэл оногдуулах байтал уг хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэл оногдуулсан нь буруу байна. 2017 оны 07 сарын 04-ний өдөр Шийтгэлийн хуудасны маягт батлах тухай Монгол улсын Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор зөрчлийг шалгаад шийтгэл оногдуулах 2 төрлийн маягтыг батлан мөрдүүлж байгаа бөгөөд маягт 2-оор хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулна. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0124156 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив ... гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Эрдэнэзаяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2018 оны 06 дугаар сарын 18-ны шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор 142 ширхэг эмийн зүйл болох лааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлж шийдвэрлэх явцдаа буруу шийтгэлийн хуудас хэрэглэсэн алдаа гаргасан байна. Иймээс прокурорын гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Эрдэнэзаяа нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0124156 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Г.Батхүү / РД: ЧЕ-87082114 /-г Оросын Холбооны улсаас 142 ширхэг эмийн зүйлийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор нэвтрүүлэхийг завдсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100.000 / нэг зуун мянга / төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас дээрх зөрчлийн материалыг хянаад гаалийн улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасныг удирдлага болгон шийтгэл оногдуулах байтал уг хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэл оногдуулсан нь буруу байна. 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Шийтгэлийн хуудасны маягт батлах тухай Монгол улсын Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор зөрчлийг шалгаад шийтгэл оногдуулах 2 төрлийн маягтыг батлан мөрдүүлж байгаа бөгөөд маягт 2-оор хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулна. Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0124156 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяагийн бичсэн дүгнэлтийг хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Эрдэнэзаяа нь хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр илэрхийлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалган шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяагийн дүгнэлттэй, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Э.Эрдэнэзаяад холбогдох Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2018.06.18-ны өдрийн 0124156 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0124156 дугаартай шийтгэлийн хуудасны дагуу иргэн Ганболд овогтой Батхүү /РД:ЧЕ-87082114/-т торгуулийн төлбөрт төлсөн 100.000 төгрөгийг буцаан олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ              Л.ОДБААТАР