| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2021/0069/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/76 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/76
2021 оны 05 дугаар сарын 18 өдөр Дугаар 2021/ШЦТ/76 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Г.Бд холбогдох 2129000000027 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сум Гавилууд 2 дугаар багт 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Бямбадэлгэртэй маргалдан гараараа цохиж баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, эрүү, баруун бугалга, шуу, зүүн бугалаг, шуу, нуруу, баруун гуя, шилбэ, зүүн шилбэ, шагайд цус хуралт гэмтэл учруулан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б нь мэдүүлэхдээ: “Би орой гэртээ байж байсан чинь дүү гаднаас согтуу ороод ирсэн. Тэгээд над руу салаавч гаргаад байхаар нь хоёр цохиод авсан. Тэгээд намайг үхэж байхгүй яасан юм гээд хэл амаар доромжлоод байхаар нь тэсэж чадахгүй би гар хүрсэн. Би өөрөө хагалгаанд орсон байсан. Намайг үхэж байхгүй яасан юм гэж доромжлоод байхаар нь цохисон нь миний буруу” гэв.
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №120 дугаартай дүгнэлтээр:
3.Яллагдагч Г.Б ыг өгсөн “... Би 2021 оны 01 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд хашаандаа дүү Бямбадэлгэртэй маргалдан эрүүл мэнд нь хөнгөн гэмтэл учруулсан. Би Бямбадэлгэрийн нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохиж үснээс нь зулгааж газар унагаагаад ноцолдсон. Мөн нэг удаа бие рүү нь өшиглөж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/
4.Хохирогч Э.Бямбадэлгэрийн өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 23-ны орой 19 цагийн орчимд найзуудтайгаа уулзаад хөзөр тоглож байгаад 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво хувааж ууж дуусаад гэртээ 22 цагийн орчимд ирсэн чинь баруун гэрт ах Б ны дуу чанга чанга дугараад байхаар нь юу болж байгаа юм гээд гэрт нь ороод очсон чинь Б ах надад хандаж ээж дүү нараа аваад манай хашаанаас зайлаарай гэхээр нь юу болоод байгаа ю гэсэн Б ах шууд баруун шанаа болон нүд рүү гараараа цохиод авсан чинь зайлаарай гээд дахиад намайг үсдэж дараад нүүр лүү 23 удаа гараараа цохиж авахаар нь би гэрээс гарсан чинь араас гарч ирээд намайг газар унагаагаад миний хэвлийн хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би уйлаад та нар яагаад байгаа юм бүгдийг чинь цагдаад өгнө Б ахад хандаж чи хүнд гай болж байхаас үхээч гэж хэлээд ахынхаа өөдөөс салаавч гаргасан. Тэгээд миний төрсөн дүү намайг яаж байгаа юм вэ гээд зүүн шанаа хэсэгт нэг удаа алгадаж авсан. Тэр алгадалт бол тийм хүчтэй алгадаагүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад хадсан. Намайг Б ах байнга хөөж туудаг. гэх мэдүүлэг /хх-н 09-10-р хуудас
Шүүгдэгч Г.Б ны хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Г.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-52-р хуудас/,
Шүүгдэгч Г.Б ны иргэний үнэмлэхийн лавлагаа, зөрчлийн арга хэмжээ авхуулж байсан лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 01 сарын 22-ны өдрийн 11 дугаартай Таслан шийтгэх тогтоол, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 08 сарын 09-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоол, /хх-ийн 30-33, 62-65, 67-70-р хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх яллах болон цагаатгах нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн болно
Хохирогч Э.Бямбадэлгэрийг гараараа цохиж баруун нүдний дээд, доод зовхинд цус хурал, зөөлөн эдийн няцрал, хамар, эрүү, баруун бугалаг шуу, зүүн бугалаг, шуу нуруу, баруун гуя, шилбэ, зүүн шилбэ, шагайд цус хуралт гэмтэл үүссэн нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах нь Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №120 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 17-18-р хуудас/ тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
Шүүгдэгч Г.Б нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Э.Бямбадэлгэрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Г.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, “… гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, …шууд учирсан үр дагаврын гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан тул шүүгдэгч Г.Б ны үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Бямбадэлгэрийн биед хөнгөн хохирол учирсан байгаа нь шууд хохиролд тооцогдоно.
Хохирогч Э.Бямбадэлгэр нь прокурорт гаргасан хүсэлтдээ: “...Миний бие Г.Б холбогдох эрүүгийн хэрэгт ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 56-р хуудас/ байх тул шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч Г.Б ны үйлдсэн гэмт хэргийн нотлогдсон байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн ээжтэйгээ хоёул амьдардаг, ээжийн тэтгэврээс өөр орлогогүй, тодорхой эрхэлсэн ажилгүй зэрэг амьдралын байдлыг харгалзан үзэж яд шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Бны холбогдсон хэрэгт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 500 /таван зуу/-н нэгж буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА