| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2021/0071/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/77 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Б |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/77
2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дугаар 2021/ШЦТ/77 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан,
Шүүгдэгч: Б.Б /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2129000000076 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, нүүрс тээврийн авто замын 25 дахь километрт байрлах “Жи Би Эс Ти” ХХК-ийн кемпийн хашааны гадна Б.Ариунаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дагз, зүүн хацар, зүүн чамархай, зүүн өвдөгт зулгаралт, баруун бугалга, шуу, зүүн өгзөг, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2129000000076 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бд мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй гэв.
-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ариунаагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Болортуяагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 276 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42/,
-Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа мэдээлэл, оршин суугаа хаягийн лавлагаа /45, 46, 47, 48, 50, 51/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-53/,
-Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-58/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ариунаагийн өгсөн хүсэлт /хх-ийн 65/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ариунаагийн өгсөн “Би 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох нүүрс тээврийн машины засмал замын 27 дахь километрт дээр байдаг Жи Би Эс Ти ХХК-ийн кемп дээрээс очиж... Б.Бтэй уулзаад чи яагаад надтай уулзахгүй байгаа юм бэ гээд хэлтэл би завгүй байна гээд надад хэлэхээр нь чи надтай уулзах зав гаргахгүй яагаад байгаа юм бэ гээд хэлээд тэрнээс болж маргалдаад...би араас нь зууралдаад байж байтал намайг газарт хэд хэдэн удаа түлхэж унагаахаар нь би босоод зууралдаад явуулахгүй гээд байсан. Тэгтэл миний нүүрэн тус газарт гараараа нэгээс хоёр удаа цохиод газарт унагасан хойно миний гуя руу нэг удаа хөшиглөөд авсан. Тэгэхээр нь би газраас босох гэхээр нь намайг дугтраад газарт унагаад байсан. Тэгтэл миний найз болох Болортуяа ирээд намайг аваад машинд оруулсан. Тэгтэл Б.Б машинаа бариад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Болортуяагийн өгсөн “...Б.Ариунаа хүнтэй уулзана гээд дотогшоо яваад орсон. Тэгээд би Ариунаагийн машин дотор ганцаараа ойролцоогоор 30-аад минут сууж байтал Б.Б намайг дуудаад байхаар нь яваад очиход энэ хүүхнээ аваад яваач гэж надад хэлсэн...миний анзаарч харснаар Б.Ариунаатай хамт явж байхад нүүр хэсэг газартаа хавдсан байдалтай, хоёр гар нь зулгарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 276 дугаартай шинжээчийн “...1.Б.Ариунаагийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дагз, зүүн хацар, зүүн чамархай, зүүн өвдөгт зулгаралт, баруун бугалга, шуу, зүүн өгзөг, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3.Б.Ариунаагийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бийн яллагдагчаар өгсөн “2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би Өмнөговь аймгийн Цогтцэций сум Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох чиглэлийн хатуу хучилттай засмал замын 27 дахь километрт үйл ажиллагаа явуулдаг Жи Би Эс Ти ХХК-ийн хашааны гадна талд хамтран амьдардаг Б.Ариунаатай үл ойлголцож хэрүүл маргаан хийгээд би Б.Ариунаагийн биед халдаж нүүрэн тус газарт хоёроос гурван удаа цохиж газарт түлхэж унагааж биед нь гэмтэл учруулсан. Би өмнөх гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байгаа. Миний буруу би хийсэн алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч Б.Ариунаагийн эрүүл мэндэд “тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дагз, зүүн хацар, зүүн чамархай, зүүн өвдөгт зулгаралт, баруун бугалга, шуу, зүүн өгзөг, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 276 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” дүгнэлт /хх-32-33/-ээр тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Б.Ариунааг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.
Хохирогч Б.Ариунаа нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний зүгээс санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй, хэргийн материалтай танилцана” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/-гээр тогтоогдож байна.
Иймд хохирогч Б.Ариунаа нь шүүгдэгч Б.Бээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, нүүрс тээврийн авто замын 25 дахь километрт байрлах “Жи Би Эс Ти” ХХК-ийн кемпийн хашааны гадна Б.Ариунаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд “тархины доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дагз, зүүн хацар, зүүн чамархай, зүүн өвдөгт зулгаралт, баруун бугалга, шуу, зүүн өгзөг, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Бямбагэрэлийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /Зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч Б.Ариунаа нь шүүгдэгч Б.Бээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бямбагэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН