| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2021/0066/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/78 |
| Огноо | 2021-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Э |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/78
2021 оны 05 дугаар сарын 19 өдөр Дугаар 2021/ШЦТ/78 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Б.Энхмэнд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ат холбогдох эрүүгийн 2129000060056 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Мөнх Түшиг Транс” ХХК-ийн хашаанд шар өнгийн 24-23 УН улсын дугаартай Лиу Гонг загварын авто ачигчаар /ковш/ Б.Эрдэнэбилэгийн эзэмшлийн Тоёота Ланд круйзер-80 загварын 31-60 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дээрээс нүүрс асгаж, түлхэж унагаан 1,123,000 төгрөгийн хохирол, тухайн тээврийн хэрэгслээр “Мөнх Түшиг Транс” ХХК-ийн төмөр хашааг мөргөж 336,000 төгрөгийн хохирол, 55 метр хөнгөн цагаан цахилгааны утас тасдаж 110,000 төгрөгийн хохирол, шар өнгийн 24-23 УН улсын дугаартай Лиу Гонг загварын авто ачигчийн /ковш/ эвдрэл гэмтлийн үнэлгээ 677,000 төгрөг нийт 2,246,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн,
Мөн Б.А нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Мөнх Түшиг Транс” ХХК-ийн хашаанд шар өнгийн 24-23 УН улсын дугаартай Лиу Гонг загварын авто ачигчаар /ковш/ Г.Ууган-Очрын араас хөөж унаган баруун гарын 1 дүгээр хуруу, зүүн шуу, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн хөлийн тавхай, баруун шилбэ, баруун тавхайнд цус хуралт, зүүн өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун шагайнд зулгаралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд гэрч болон яллагдагчаар мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөх явцдаа үнэн зөв мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Г.Ууган-Очир өгсөн: “...А ковшоо хөдөлгөсөн чинь Шинэбаяр над руу машины буруу талаас үсрээд гараад ирсэн чинь машин дээрээс нүүрс асгасан. Би машинаас холдоод зогссон чинь шанагаа буулгаад миний машиныг түрсээр байгаад хажуу тийш нь унагаасан. Тэгээд ухарч ирээд машин тойроод гараад ирсэн тэгэхээр нь би кемп рүү гүйсэн чинь миний араас ковштойгоо хөөсөн. Тэгэхээр нь би кемп рүү орвол машин түрж байгаа хүн кемп түрж магадгүй гэж бодоод кемпийг тойроод гүйсэн чинь намайг нэг удаа кемп тойруулж элдээд тэгэхээр нь би жижиг хашаагаар хойш гарсан чинь араас шууд хашаа дайраад гараад ирэхээр нь баруун тийш гүйтэл шороонд бүдрээд унасан чинь баруун тийшээ хашаа хядаад байснаа гэнэт над руу хараад дугуйгаа чиглүүлэн ирсэн. Тухайн үед миний хөл бадайрсан байсан зөндөө гүйсэн учраас газарт унаад хэвтэж байх үедээ газарт өнхөрсөн боловч хөлөө татаж авч чадаагүй тэгээд миний баруун хөлийн шагай орчмоор зүүн хөлийн шагай орчмоор нэг дугуйгаараа дайраад гарсан. Тэгээд би хашаа руу мөлхөөд орсон чинь А бүтэн эргээд зүүн талаас хашаа руу орж ирэхээр нь би А луу 2 гараараа боль гэсэн дохио өгсөн чинь шанагаа доош нь буулгаж ирээд намайг шууд хусаад авчихсан. Тэгээд би шанаганд сэгсрүүлээд хаашаа явж байгаагаа мэдэхгүй явж байтал гэнэт зогсох шиг болоод шанагаа доошлуулж би газарт унасан. Тэгээд суган доогуураа харсан чинь ковш шанагаа өргөөд зогсоод байсан. Би тэгэхээр нь одоо би зугтаж чадахгүй юм чинь хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгсэн кемпийн хаалга дугарах шиг болсон чинь А урагшаа хөдлөөд явчихсан. Миний баруун хөлийн шагай хавдаад хөхөрч зулгарсан. Зүүн хөлийн шилбэ шагай хөхөрч зулгарч хавдсан 2 гар нугалмаараа хавдаж хөдөлгөөнгүй болсон. 2 гарын алга урагдсан духны хэсэгт шалбарсан. Би газар гишгэх боломжгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 39-742-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.Алтангэрэл “... манай “Мөнх Түшиг Транс” ХХК-ийн гаалийн хяналтын бүсийн оффис байрлах хэсгийн баруун хойд талын хашаа эвдэрсэн мөн 55 метр цахилгааны утас тасарсан болон нэрийг шилжүүлэн аваагүй байгаа 31-60 ӨМӨ улсын дугаартай Тоёота Ланд Крузер загварын тээврийн хэрэгсэл тухайн хэргээс болж эвдэрч гэмтсэн. Компанид учирсан үнэлгээгээр тогтоогдсон хохирол болох 5,336,000 төгрөгийг нөхөн өлж барагдуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч С.Гантулгын”... миний өөрийн эзэмшлийн ковшид ямар эвдрэл гэмтэл гарсан талаар мэдэхгүй байна. Хэрэг болсон газар байгаа хүмүүс хэлэхдээ 2 их гэрэл, нүүрний салхины шил хагарсан гэж хэлсэн Өөрийн ковшид учирсан бодит хохирлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57-р хуудас/
Гэрч Б.Болор-Эрдэнийн “... “Мөнх Түшиг Транс” ХХК-ийн ажилчдын байрны гал тогооны өрөөнд цэвэрлэгээ хийгээд зогсож байсан чинь гал тогооны өрөөний цонхны хажуугаар ковш маш хурдтай гарсан. Тэгээд гайхаад байж байсан чинь тэр ковш 2-3 удаа хурдтай тойрсон. Тэгээд ажилчдын байрны баруун хойд талд түжигнээд байхаар нь очоод цонхоор харсан чинь тэр ковш хашаанууд дайраад эвдэж байсан. Тэгээд Чулуунбаатар, Маралгуа бид нар харж байсан чинь кемпийн урагшаа давхиад кемпийн урд ирээд зогсож байгаад эргээд явахаар нь Чулуунбаатар Маралгуа бид 3 гараад харсан чинь Ууган-Очир кемпийн зүүн урд газарт намайг дайрчихлаа гээд хэвтэж байсан. Ууган-Очир ахын толгой духны зүүн хэсэгт нь шалбарч цус гарсан байсан. Тэгээд миний 2 хөл хөдлөхгүй байна гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 62-65-р хуудас/
Гэрч Маралгуагийн “... 2020 оны 12 дугаар сарын 09-ний орой 19-20 цагийн үед “Мөнх Түшиг Транс” ХХ-ийн ажилчдын байрны гал тогооны өрөөнд аяга угаагаад зогсож байсан чинь гал тогооны цонхны хажуугаар ковш маш хурдтай давхиад гарсан. Тэгэхээр нь Болор-Эрдэнээс энэ юу байсан бэ гэж асуугаад тэгсэн чинь тэр ковш кемпийн байрыг 2 удаа хурдтай тойрсон. Тэгээд би хойд талын цонхоор харсан чинь тэр ковш кемпийн арын хашаа болон цахилгааны утсыг дайрч эвдэж байгаа харагдсан. Тэгээд би хувцсаа өмсөөд гарсан чинь Ууган-Очир газарт хэвтэж байсан. Тэгээд Чулуунбаатар, Болор-Эрдэнийн хамт очсон чинь Ууган-Очир ахын хувцас нь шороо тоос болсон духны орчмоос нь цус гарсан хөл дээрээ босож чадахгүй тэгээд би Болор-Эрдэнийн хамт Ууган-Очир ахыг 2 талаас нь өргөөд Чулуунбаатар ах араас нь өргөөд чирч кемп рүү оруулсан.Тэгээд Чулуунбаатар, Болор-Эрдэнийн машины түлхүүрийг авъя цагдаа дуудахаар явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 66-69-р хуудас
Гэрч Г.Чулуунбаатарын “... миний амарч байсан өрөөний гадуур явсан. Тэгээд 5-6 минутын даруу ердийн биш өндөр хаазтай дахиад явсан. Тэгэхдээ түр тар хийх чимээ гараад тэгээд юу болов гээд босож гүйгээд баруун тал болон хойд талын цонхоор харсан чинь ковш баруун хойд булангийн хашаа мөргөж байгаа харагдсан. Тэгсэн чинь үйлчлэгч тогооч 2 надтай хамт үүд рүү гүйсэн. Тэгээд гэнэт гарах гэснээ болиод тэр 2 түр гараад хэрэггүй гэж хэлээд урд талын цонхоор харсан чинь гадаа шуурга шуурсан байтал ковш ирээд зогссон. Тэгээд шороо тоос ирээр манаргаж зогсож байснаа өндөр хаазлаад зүүн урагш давхиад явсан. Тэгээд яваад өгөхөөр нь гараад харсан тэгсэн тогооч, туслах 2 ковш зогссон газарт ирээд Ууганаа ах хэвтэж байна гэхээр нь гүйгээд очсон чинь Баадай намайг дайрчихлаа намайг аваарай гэж хэлсэн. Тэгээд Ууган-Очрыг босгох гээд 2 талаас нь өргөсөн чинь дээш босож чадахгүй байсан. 2 тогоочийг 2 талаас нь сугадуулаад өөрөө араас нь өмдний бүснээс нь өргөс хийгээд газарт 2 хөлийг нь чирээд кемп рүү оруулсан. Толгой духны орчим шалбарч цус гарсан байдалтай баруун зүүн гарын алга нь бугалаг хэсгээрээ шалбарч чулуу шигдэж цус гарсан, яг тухайн үедээ 2 хөл нь мэдээгүй юм шиг газарт чирэгдэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72-р хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №4 дугаартай дүгнэлтээр” ... Г.Ууган-Очирын биед баруун гарын 1 дүгээр хуруу, зүүн шуу, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн хөлийн тавхай, баруун шилбэ, баруун тавхайд цус хуралт, зүүн өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Г.Ууган-Очрын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 75-76-р хуудас/
“Ашид Билгүүн” ХХК-ийн №ДХҮ/120-210 дугаартай тайлангаар “... төмөр хашаа сэргээн засварлах зардал 80,000 төгрөг, 40*60 хэмжээтэй төмөр 12 метр 96,000 төгрөг, төмөр тор 2 ширхэг 50,000 төгрөг, бусад туслах материал 10,000 төгрөг, тоног төхөөрөмж, тээврийн зардал 100,000 төгрөг нийт 336,000 төгрөгийн үнэлгээ” гэх тайлан /хх-ийн 80-84-р хуудас/
“Ашид Билгүүн” ХХК-ийн №401 дугаартай хохирлын үнэлгээгээр “... 2019 онд үйлдвэрлэгдсэн шар өнгийн 24-23 УН улсын дугаартай Лиу Гонг загварын тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээ 677,000 төгрөг” гэх үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 86-88-р хуудас/
“Ашид Билгүүн” ХХК-ийн №ТХҮ-920/131 дугаартай тайлангаар “... Хөнгөн цагаан цахилгааны утас 55 метр 110,000 төгрөг” гэх үнэлгээ /хх-ийн 91-94-р хуудас/
“Ашид Билгүүн” ХХК-ийн №400 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлангаар “... 1995 онд үйлдвэрлэгдсэн 31-60 ӨМӨ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 80 загварын ногоон өнгийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээ 1,123,000 төгрөг” гэх үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 85, 97-98-р хуудас/
Яллагдагч Б.А ын “...би Ууган-Очирыг айлгамаар санагдаад ковшоо урагш нь хөдөлгөөд тэгээд ковшийн шанагаа машин дээр нь аваачаад шанагыг нь дуугаргаж айлгая гэж бодсон чинь шанаганд нүүрс байсан тэр нь машин дээр асгарсан. Тэгээд би арагшаа ухарсан тэгсэн чинь Ууган-Очир машиныхаа цаагуур миний урдуур гүйх гэхээр нь би урдуур нь халхлаад орсон чинь машиных нь доогуур ковшийн шанага орсон байсныг мэдэлгүй ухарсан чинь машин зүүн тийш уначихсан. Тэгээд харсан чинь Ууган-Очир миний зүүн талаар амрах байр луу гүйж байсан. Тэгэхээр нь би ковштойгоо араас нь хөөсөн. Би хашаа руу тулаад зогссон болоод гэрлийн утас тээглээд ковшийн гэрэл болон кабины шил хагарсан. Тэгэхээр нь урагшаа зүтгэсээр байгаа хашааг дайраад гарсан. Тэгээд баруун эргээд буцаад хашаа руугаа орсон чинь баруун гар талд нэг хар юм харагдахаар нь буцаж ухраад гэрлээ гүйцэт тусгаж харсан чинь Ууган-Очир газарт атийчихсан 2 гараа зөрүүлээд икслээд Анхаа болъё гээд орилж байсан. Тэгээд ковшоос буугаад очъё гэж бодсон боловч буух юм бол олон юм яриад байж магадгүй гэж бодоод ковшийнхоо шанагаар хутгаад кемпийн үүдэнд буулгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 112-116-р хуудас/
Шүүгдэгч Б.А хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.А ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 148-р хуудас/,зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.А нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Мөнх Түшиг Транс” ХХК-ийн хашаанд шар өнгийн 24-23 УН улсын дугаартай Лиу Гонг загварын авто ачигчаар /ковш/ Б.Эрдэнэбилэгийн эзэмшлийн Тоёота Ланд круйзер-80 загварын 31-60 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дээрээс нүүрс асгаж, түлхэж унагаан 1,123,000 төгрөгийн хохирол, тухайн тээврийн хэрэгслээр “Мөнх Түшиг Транс” ХХК-ийн төмөр хашааг мөргөж 336,000 төгрөгийн хохирол, 55 метр хөнгөн цагаан цахилгааны утас тасдаж 110,000 төгрөгийн хохирол, шар өнгийн 24-23 УН улсын дугаартай Лиу Гонг загварын авто ачигчийн /ковш/ эвдрэл гэмтлийн үнэлгээ 677,000 төгрөг нийт 2,246,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн, мөн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Мөнх Түшиг Транс” ХХК-ийн хашаанд шар өнгийн 24-23 УН улсын дугаартай Лиу Гонг загварын авто ачигчаар /ковш/ Г.Ууган-Очрын араас хөөж унаган баруун гарын 1 дүгээр хуруу, зүүн шуу, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн хөлийн тавхай, баруун шилбэ, баруун тавхайнд цус хуралт, зүүн өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун шагайнд зулгаралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байхаар Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлжээ.
Шүүгдэгч Б.А нь нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Мөнх Түшиг Транс” ХХК-ийн хашаанд шар өнгийн 24-23 УН улсын дугаартай Лиу Гонг загварын авто ачигчаар /ковш/ Б.Эрдэнэбилэгийн эзэмшлийн Тоёота Ланд круйзер-80 загварын 31-60 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дээрээс нүүрс асгаж, түлхэж унагаан 1,123,000 төгрөгийн хохирол , тухайн тээврийн хэрэгслээр “Мөнх Түшиг Транс” ХХК-ийн төмөр хашааг мөргөж 336,000 төгрөгийн хохирол, 55 метр хөнгөн цагаан цахилгааны утас тасдаж 110,000 төгрөгийн хохирол, шар өнгийн 24-23 УН улсын дугаартай Лиу Гонг загварын авто ачигчийн /ковш/ эвдрэл гэмтлийн үнэлгээ 677,000 төгрөг нийт 2,246,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.А нь өөрийн гаргаж байгаа үйлдлээ хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А нь бусдын эд хөрөнгийг гэмтээх явцдаа хохирогч Г.Ууган-Очирыг хөөж унаган баруун гарын 1 дүгээр хуруу, зүүн шуу, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн хөлийн тавхай, баруун шилбэ, баруун тавхайнд цус хуралт, зүүн өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун шагайнд зулгаралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2020 оны 12 сарын 17-ны өдрийн 4 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Ууганбаярын мэдүүлэг, гэрч Б.Болор-Эрдэнэ, С.Маралгуа, Г.Чулуунбаатар нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.А ыг бусдыг эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн, бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Б.А ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар маргаангүй гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус шинжтэй удаа дараагийн харилцаа нөлөөлсөн, ар гэрийн байдал, 6-9 насны 4 хүүхэдтэй, ганцаараа ажил хөдөлмөр хийж орлого олж гэр бүлээ авч явдаг зэрэг хувийн нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн шинжид тохирсон байна гэж дүгнэв.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Г.Ууганбаяр нь эрүүл мэндэд учирсан хохиролд 251,528 төгрөгийн баримт, эд хөрөнгөд учирсан хохиролд 2,246,000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байна. Иргэний нэхэмжлэгч болон Мөнх Түшиг Транс ХХК-ний зүгээс хохирогч Г.Ууганбаярт итгэмжлэл олгож хэрэгт хавсаргасан байна. Шүүгдэгч Б.А нь хохирол төлбөрт нийт 3,450,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Баримтаар тогтоогдсон хохирлын үнийн дүнгээс 1,204,000 төгрөгийг илүү төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Б.Аыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 38.1, 38.2, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.А ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 / нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1 800 /нэг мянга найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 800 000 /нэг сая найман зуун мянга/-н төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан 1,800,000 /нэг сая найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирол төлбөрт нийт 3,450,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Гомдол гаргасан,эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА