| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 2029001030103 |
| Дугаар | 2021/ШЦТ/81 |
| Огноо | 2021-05-27 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Э |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/81
2021 оны 05 дугаар сарын 27 өдөр Дугаар 2021/ШЦТ/81 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Г.Батмөнх, шүүгч Г.Даваанаран нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Б.Энхмэнд,
Иргэдийн төлөөлөгч: Б.Баттуяа
Шүүгдэгч: Б.Э,
Шүүгдэгч Б.Энхбаатарын өмгөөлөгч Л.Батжаргал /онлайнаар/
Шүүгдэгч: Б.Н,
Шүүгдэгч Б.Наранбаатарын өмгөөлөгч Б.Гантөмөр /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Н эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2029001030103 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цагийн үед
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн 4-1 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Ныг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн 4-1 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Эын цээжний зүүн талд хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э нь мэдүүлэхдээ: 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө 09 цагт Түмэнбаяр ах манайд ирсэн. Цагаан сараар манайд ирээгүй, тэгээд бид хоёр 2 шил сөжү уусан. 12 цагийн үед Түмэнбаяр ах намайг манайд хүрээд ир гэж дуудахад нь би эхнэр хүүхдүүдтэйгээ очсон. Н, Түмэнбаяр, Түмэнбаярын эхнэр Оджаргал 3 архи уугаад сууж байсан. Тэгээд намайг очиход эд нар намайг дэлгүүрээс 4 шил сөжү аваад ир гээд дэлгүүрээс авчирч өгсөн. 2 цагийн үед би Түмэнбаярын гэр лүү охинтойгоо орсон. Манай эхнэр энэ хүмүүстэй үлдсэн. Би тэр үед архинаас нэг шил сөжү уусан. Тэгээд эргээд гараад ирсэн чинь манай эхнэр миний машиныг барьсан Нын найзтай хашаанаас гараад явж байсан. Тэгээд би гарахад нь чи яах гэж байгаа юм гэж асуусан чинь Н архинд явуулсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэлсэн. Чи эд нарын архийг зөөдөг хэн юм гээд эхнэрийгээ машинаас буулгасан. Тэгээд би эхнэрээ машинаас буулгахдаа толгой руу нь 2-3 удаа хуруугаараа чичсэн. Тэгэхэд Наранбаатар чи ямар сүртэй юм гээд уурласан. Тэгээд би Нтай маргалдаж байхад Оджаргал нэлээн халамцуу согтуу байсан. Ууж байсан архиныхаа хундагануудыг над руу шидээд миний нүүр лүү нулимсан. Тэгээд Түмэнбаяр ирээд юу болоод байна гэсэн чинь би эхнэрээ охинтойгоо орхичхоод гараад явсан. Тэгээд миний цуг ажилдаг байсан Мишээлийнд очоод би уурандаа нэг шил архи аваад ганцаараа уугаад ерөнхийдөө тасраад унасан. Орой 9 цагийн үед би Билгүүнээг ахынхаа машиныг бариад хүргээд өг гэсэн. Тэгээд гэрт очиход манай эхнэр хүүхэд байхгүй байсан. Тэгээд эд нарыг дахиад эргээд ууж байгаа юм байна гэж бодоод би очихдоо өдөр Нтай маргалдсан байсан. Түүнийгээ би Билгүүнээд хэлээд өдөр би хүнтэй маргалдсан зодолдож магадгүй чи оролцоод хэрэггүй машинд сууж байгаарай гэж хэлээд яваад ороход Түмэнбаяр дэлгүүртэй Оджаргал гэртээ байсан.Түмэнбаярын гэрт манай эхнэр охин хоёр унтаж байсан. Би Түмэнбаярын охиноос нь Н хаана байна гэж асуусан чинь машиндаа байгаа гэж хэлсэн. Би машинд нь орсон чинь Н машиндаа сууж байсан. Тэгээд би өдөр болсон явдлаа санаад Ныг түрүүлж цохиж аваад машинаас гарч зодолдсон. Учиргүй тэгж зодсон зүйл байхгүй. Хоёулаа бие биеэ заамдалцсан барилцсан байдалтай байсан. Тэгээд Билгүүнээ, Мишээл хоёр орж ирээд бид хоёрыг нэг салгасан. Тэгээд салгангуут нь дахин нэг зууралдаж аваад тэгээд дахиад салгангуут нь хоёулаа хашааны хаалга руу яваад хашааны хаалга онгойлгох гэж байтал суга руу нэг бүлээн зүйл гоожсон. Тэгээд хашаанаас гараад тэр хоёр дээр очоод намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Машиндаа суух гэж байтал Түмэнбаяр ах гарч ирээд намайг модоор 2-3 удаа цохисон. Тэгээд эмнэлэгт хүргэгдсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н нь мэдүүлэхдээ: Миний найз гээд байгаа хүн бол миний найз биш. Тэдний хүргэн байгаа. Би бол тэр хүнийг сайн мэдэхгүй танихгүй. Тэр үед би Улаанбаатар хотоос ирээд Түмэнбаяр ахтай дэлгүүрийн үүдэнд таараад гэрт нь очсон. Очоод хоол унд идээд ганц нэг Сөжү уусан. Тэгээд Б.Э ирсэн. Б.Э авгайтайгаа муудалцахад нь би яагаад маргалдаад байдаг юм бэ? гэж хэлээд машин руугаа ороод унтсан. Унтаж байхад орой 10-11 цагийн үед Б.Э машинд хоёул гурвуулаа орж ирээд намайг зодсон. Тэгээд би хутга барьснаа ч сайн санахгүй байна. Нэг мэдсэн гарт хутга байсан. Тэгээд хүн хутгалчихлаа гэж бодсон. Миний хувьд Б.Эыг хутгалсандаа гэмшиж харамсаж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Б.Нын өгсөн: “...Түмэнбаяр ахынд Солонгос Сөжү архи уугаад байж байхад Э эхнэр хүүхэдтэйгээ Түмэнбаяр ахынд ирсэн. Тэгээд бид нар хамтдаа архи уугаад сууж байхад Э эхнэр хүүхэдтэйгээ Түмэнбаяр ахынд ирсэн. Тэгээд бид нар хамтдаа архи уугаад сууж байхад Э эхнэртэйгээ муудалцаад эхнэрээ үсдээд цохиж зодоод байхаар нь би Эыг чи эмэгтэй хүн зодоод арчаагүй юм гэж хэлсэн. Тэгээд бид 17 цагийн үед тарцгаасан. Тэгээд би Түмэнбаяр ахын хашаанд байсан машин дотор унтаж байсан чинь 22-23 цагийн үед машины 2 талын хаалга онгойлгоод намайг зодсон. Тэр үед би хэн гэдгийг нь мэдээгүй. Намайг машинаас чирээд гаргахаар нь би машины голын хайрцаг нь дээр байсан хутга гарт баригдахаар нь бариад чирээд гарсан. Тэгээд хутгаа бариад зогсож байхад Оджаргал гэрээсээ гарч ирээд юу болоод байна гэхэд бид нар миний машины хажуугаас хашааны хаалга руу очоод байж байхад Э над руу дайраад дээрээс дарж унасан. Тэгэхэд Э хутгалуулсан... намайг гараараа цохисон байх гарт нь юм харагдаагүй миний толгойны дагз хэсэг рүү 2-3 удаа цохисон. Мөн гуя, нуруу, мөр хэсэг рүү цохисон. Миний нүүр лүү цохиогүй... Би Энхбаатарын биед зүсэгдэж хатгагдсан шархыг хутгаар учруулсан. 4-р хавирганы хугарал надтай хамт Энхбаатар унахдаа учруулсан байх зулгаралт заамдалцах үед үүссэн байх....” гэх мэдүүлэг /хх-ийн 63-67-р хуудас/,
Хохирогч Б.Эын өгсөн: “...эхнэртэй маргалдаж байхад Н намайг чи ямар даварсан пизда вэ өөрөө архиндаа яв муу банди минь гэж хэлсэн... би Билгүүнд ах нь нэг айл руу очиж хүнтэй зодолдмоор байна. Та хоёр намайг хүнтэй зодолдож байхад оролцож болохгүй шүү машиндаа байж байгаарай гэж хэлсэн. Тэгээд 22 цагийн үед Түмэнбаяр ахынд очиход охин нь байхаар нь Н хаана байна гэж асуухад гадаа машиндаа унтаж байгаа гэж хэлсэн. Тэгээд би Нын машинд очоод Ныг зодсон. Тэгсэн Н миний урдаас зодолдоод байж байхад Билгүүн найзтайгаа ирээд бид хоёрыг салгасан... Натай эвээр уулзах гээд очиход Наранбаатар намайг түрүүлээд цохисон. Тэгээд дахиад бид хоёр зодолдсон. Н машинаасаа хутга гаргаж ирээд намайг хашааны хаалга онгойлгож байхад хутгалсан. Миний зүүн суга доор хутгалсан... намайг нэг удаа хутгалсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 71-75-р хуудас/,
Гэрч Т.Мишээлийн өгсөн: “...нөгөө айлын хашаанд хүн хашхираад байхаар нь бид хоёр буугаад хашаа руу ороход бид хоёртой цуг явсан ах нэг хүнтэй зодолдож байсан. Очоод харахад нэг танихгүй залуугийн дээр нь гарчихсан цамцаар нь боочихсон байж байсныг бид хоёр салгаад хашааны хаалгаар аваад гарч байхад нөгөө боолгуулж байсан танихгүй залуу араас хутга барьж гарч ирээд дайрсан. Тэгээд Билгүүн бид хоёр айгаад зугтаасан. Ард нөгөө хоёр хүн зодолдоод үлдсэн ...Бид хоёртой хамт явсан ахын зүүн тал нь нэлээн цус болчихсон цамцаараа дарчихсан намайг хутгалчихлаа эмнэлэг явъя гээд эмнэлэг явсан... Эт зодуулж байсан залуу хутга бариад гарч ирсэн. Билгүүн бид хоёр айгаад зугтаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/,
Гэрч Г.Билгүүний өгсөн: “...Эн ах “ах нь нэг айл руу очоод хүнтэй уулзадхая янз бүрийн юм болбол машинаас битгий гарч ирээрэй” гэсэн Энхбаатар ах тэр айл руу орсон. Би тамхи татах гээд буухад Энхбаатар ах хүнтэй зодолдож байхаар нь би найзтайгаа хамт тэр айлын хашаа руу орсон. Тэгэхэд Э ах дээр нь гарчихсан сууж байхаар нь Мишээл бид 2 Э ахыг болиулахад Э ах нөгөө хүнтэйгээ дахиад зууралдаад авсан. Тэгээд дахиад салгаад аваад гарах гэж байхад Э ахтай зодолдож байсан хүн араас нь гүйж ирж дахин зодолдсон. Тэгэхэд Э ах би хутгалуулчихлаа гэж хэлсэн... зүүн суганы доод талдаа хутгалуулсан байсан. Тэр үед их гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 79-81-р хуудас/,
Гэрч Х.Түмэнбаярын өгсөн: “...Н, Э хоёр зодолдож байхаар нь би модоор Н, Эыг цохиж салгасан. Тэгэхэд Э Н намайг хутгалчихлаа гэж хэлээд гараад явсан... Эын биеийнх нь зүүн хэсгээс цус гарч байсан.. намайг харахад тэр 2 нэг нэгнийгээ зуурчихсан тавихгүй ноцолдоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 82-84-р хуудас/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №265 дугаартай шинжээчийн:
1.“...Б.Эын биед цээжний зүүн талын арын дээд хэсэгт цээжний хөндийн ханыг нэвтэрсэн зүсэгдэж хатгагдсан шарх, зүүн талын 4-р хавирганы хугарал, уушгины эдийн гэмтэл, зүүн талын эгмийн дээд хэсгийн зулгаралт гэмтлүүд учирчээ.
2. Уг гэмтлийн улмаас цээжний хөндийн зүүн хэсэгт хий болон цус хуралт үүсжээ.
3. Б.Эын цээжний зүүн талын арын дээд хэсэгт цээжний хөндийн ханыг нэвтэрсэн шарх болон хавирга хугарсан гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, зүүн эгмийн дээд хэсгийн зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Гэмтлүүд нь цаашдын хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.
5. Б.Эын цээжний зүүн талын арын дээд хэсэгт цээжний хөндийн ханыг нэвтэрсэн шарх нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл учир гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 96-97-р хуудас/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №264 дугаартай шинжээчийн:
1. ...Б.Нын биед зүүн нүдний орчимд 2 мөр, зүүн гуяны гадаа хэсэг, зүүн ташааны гадна хэсгүүдэд хөхөрч зөөлөн эд няцарсан гэмтлүүдтэй байна.
2.Б.Нын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Учирсан гэмтэл нь цаашид биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэмтлүүд болно.
4.Б.Нын биед гэмтэл учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”. гэх дүгнэлт /хх-ийн 98-99-р хуудас/
Шүүх сэтгэцийн №20 дугаартай шинжээчийн:
1....Шинжлүүлэгч Б.Н нь сэтгэцийн хувьд эрүүл.
2. Шинжлүүлэгч Б.Н нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
3. Шинжлүүлэгч Б.Н нь хэрэг хариуцах чадвартай.” гэх дүгнэлт /хх-ийн 106-108-р хуудас/
Яллагдагч Б.Эын мэдүүлэг /хх-ийн 119-123-р хуудас/
Яллагдагч Б.Нын мэдүүлэг /хх-ийн 127-129-р хуудас/
Шүүгдэгч Б.Эын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 131-р хуудас/,
Шүүгдэгч Б.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, /хх-ийн 132-135-р хуудас/,
Шүүгдэгч Б.Нын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.Нын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136-р хуудас/,
Шүүгдэгч Б.Нын гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, жолоодох эрхийн лавлагаа, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 137-149-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Эын хохирогч Б.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь “…хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэм аюултай, гэм буруутай” үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлжээ.
Шүүгдэгч Б.Эын хохирогч Б.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Т.Мишээл, гэрч Г.Билгүүний мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 264 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Б.Нын “…Б.Эт гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүдэгч Б.Нын хохирогч Б.Эын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэм хэрэг гэдэг нь “…хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байхаар Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлжээ.
Шүүгдэгч Б.Ннь Б.Эт зодуулсны улмаас түүнийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь гэрч Т.Мишээл, гэрч Т.Билгүүн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №265 дугаартай шинжээчийн “… Б.Эын биед цээжний зүүн талын арын дээд хэсэгт цээжний хөндийн ханыг нэвтэрсэн зүсэгдэж хатгагдсан шарх, зүүн талын 4-р хавирганы хугарал, уушгины эдийн гэмтэл, зүүн талын эгмийн дээд хэсгийн зулгаралт гэмтлүүд учирчээ. Б.Эын цээжний зүүн талын арын дээд хэсэгт цээжний хөндийн ханыг нэвтэрсэн шарх нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл учир гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 96-97-р хуудас/, шүүгдэгч Б.Нын хутгалснаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн хэдий боловч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, уг үйлдлээс хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч болзошгүйг мэдсээр атал түүнийг хүсэж үйлдсэн шинжтэй байх тул Б.Ныг хүний эрүүл мэндэд хүнд санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гантөмөр “… миний үйлчлүүлэгч хүчирхийллийн үйлдлийн улмаас санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан байхыг үгүйсгэхгүй. Машиныхаа хойд талд унтаж байсан гэж мэдүүлдэг. Унтаж байсан хүн рүү халдаж байгаа хүчирхийллийн шинжтэй үйлдлийн улмаас тэр хүчирхийлэлд өртөж байгаа хүн ямар үйлдэл үзүүлэх юм бэ. Үүнийг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Машиндаа унтаж байсан учраас энэ нөхцөл байдал нь халдлагад өртсөний улмаас сэтгэл зүйд нь нөлөөлөх боломжтой юу, хир хугацаанд энэ хүний санаа сэтгэл нь хэвийн байдалдаа орох, орчиндоо хяналт тавих, хир удаан хугацаанд орчноо хянаж чадахгүй байдалд байх нөхцөл байдалд нь шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж хүсэлт гаргасан ч тухайн хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч нарын мэдүүлэг, Шүүх сэтгэцийн №20 дугаартай шинжээчийн: “...Шинжлүүлэгч Б.Н нь сэтгэцийн хувьд эрүүл, шинжлүүлэгч Б.Н нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, шинжлүүлэгч Б.Н нь хэрэг хариуцах чадвартай.” гэх /хх-ийн 106-108-р хуудас/ дүгнэлтээр хоромхон зуур сэтгэл санааны гэнэтийн цочролд орсон байсан гэсэн үндэслэл тогтоогдохгүй буюу Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “…Хохирогч Б.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж яллагдагч Б.Нтай таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас Б.Н нь Б.Эын зүүн суганы дор нь хүйтэн мэс болох хутга хэрэглэж, хүнд гэмт учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Б.Н нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэнийг үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.”
Шүүгдэгч Б.Нын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэм буруутайд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Эын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Нын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь тогтоогдсон байна.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Б.Э, Б.Н, нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол, төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Б.Эын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээний зардалд баримтаар 814 158 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх ба шүүгдэгч Б.Наас хохирогч Б.Эт 1 700 000 төгрөгийг эмчилгээний зардалд нөхөн төлжээ.
Хохирогч Б.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас: “…шүүгдэгч Б.Ныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн зүй бус хүч хэрэглэн зодлоо гэх шалтгаанаар Б.Энхбаатарыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, “…шүүгдэгч Б.Эыг эхнэрийг архинд явуулах гэлээ гэж Б.Нтай маргалдаж, улмаар тухайн болсон асуудлаас болж Б.Ныг машин дотроо унтаж байхад нь бие, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 1 300 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.
Шүүх шүүгдэгч Б.Э, Б.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын гэм буруугийн байдал зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.Ныг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Эт баримтаар нэхэмжилсэн нийт 1 700 000 төгрөгийн хохирлыг сайн дураараа төлсөн, хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Эын хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Б.Наранбаатар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөлд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өдөр нь болсон асуудлаас болж буцаж очин Б.Нтай зодолдож, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг эхлүүлсэн, зодоон хийх зорилготой очсон гэсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 300 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Н, Б.Э нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлаар: Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Нын цагдан хоригдсон 115 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хохирол төлбөрт 1 700 000 төгрөг төлсөн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан хүрэн өнгийн иштэй үнс, шороо мэт саарал өнгийн зүйлээр бохирлогдсон хутганы урт 23 см, ажлын хэсэг нь 12 см, хутганы иш хэсэг нь 11 см урттай хутга, ажлын хэсэгтээ гурван ширхэг зууван хэлбэрийн нүхтэй, модон ишний хоёр талд 2 ширхэг тав тогтоосон, ишний арын дээд хэсэгт оосор хийх нүхтэй, STEEL JAPAN гэсэн бичигтэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасан болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2, дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 1 300 /нэг мянга гурван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 300 000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгөөр торгох ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Нт 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нын цагдан хоригдсон 115 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.т оногдуулсан 1 300 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Эын цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээсүгэй.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан хүрэн өнгийн иштэй үнс, шороо мэт саарал өнгийн зүйлээр бохирлогдсон хутганы урт 23 см, ажлын хэсэг нь 12 см, хутганы иш хэсэг нь 11 см урттай хутга, ажлын хэсэгтээ гурван ширхэг зууван хэлбэрийн нүхтэй, модон ишний хоёр талд 2 ширхэг тав тогтоосон, ишний арын дээд хэсэгт оосор хийх нүхтэй, STEEL JAPAN гэсэн бичигтэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
10.Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Наранбаатар нь хохирол төлбөрт нийт 1 700 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА
ШҮҮГЧИД Г.БАТМӨНХ
Г.ДАВААНАРАН