| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2021/0020/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/82 |
| Огноо | 2021-05-28 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/82
2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дугаар 2021/ШЦТ/82 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,
Иргэний хариуцагч: “Интернэйшнл Рөүд” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхбаатар,
Шүүгдэгч: Г.С /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сд холбогдох эрүүгийн 2029001260003 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.С нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумаас баруун тийш 15 км зайд байрлах “Интернэшнл Рөүд” ХХК-ийн хайрга олборлох талбайд туслан гүйцэтгэгч байгууллагаар ажиллаж байсан “Алтан малгайт” ХХК-ийн туслах ажилтан операторын ажил үүрэг гүйцэтгэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д заасан “өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтыг зөрчиж, туузан дамжуулагч /конвейер/-ийг ажиллуулах товчлуурыг андууран дарсны улмаас уг туузан дамжуулагч дээр ажиллаж байсан С.Батсүх өндрөөс унаж түүний эрүүл мэндэд баруун дал, ясны хугарал, баруун 2, 5, 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, бүсэлхийн 2 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 1, 3, 4-р нугаламын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн 2-р нугаламын 2 талын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн дунд чөмөгт ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сд холбогдох эрүүгийн 2029001260003 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С мэдүүлэхдээ:
2020 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө конвейер шилжүүлэхээр ажилдаа гарцгаасан. С.Батсүх ах бид хоёр конвейер шилжүүлэх юм чинь тогийг салгая гэж ярилцаад С.Батсүх ах дээш гарч тагыг задалж авч үзээд 10-н түлхүүр хэрэгтэй байна гээд намайг доош түлхүүрэнд явуулсан. Тэгээд би доор Шинэбаяр явж байхаар нь Шинэбаяраа 10-н түлхүүр аваад ир гэсэн. Дараа нь Шинэбаяр гэх залуу шинэ хүн байсан учраас шинээр орсон хүнээ дээрэлхээд байгаа юм шиг эвгүй мэдрэмж төрүүлэх юм болов уу гэж бодоод хоёулаа явъя гээд цуг явсан. Тэгээд тог салгах гэж байгаа юм чинь цахилгааны утсаа тоггүй болгох ёстой гэж бодоод эргүүлдэг хар товчийг эргүүлсэн. Тэр үндсэн тог нь салсан эсэхийг үзэхээр 5 дугаартай ногоон товчийг дарж үзсэн. Тэгэхэд Шинэбаяр үүдэнд зогсож байснаа С.Батсүх ах уначихлаа гэхээр нь гарч С.Батсүх ах дээр очсон. Миний андуурч дарсан кпопоос болоод С.Батсүх унаж гэмтсэн. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохиролд 1.500.000 төгрөг төлсөн. Хохирогч надаас 6.000.000 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнээс би 1.500.000 төгрөгийг хасуулаад үлдэх 4.500.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний дотор ямар нэгэн баримт шаардахгүйгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч “Интернэйшнл Рөүд” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхбаатар мэдүүлэхдээ:
Хохирогч С.Батсүх нэхэмжилж байгаа мөнгөө “Алтанмалгайт” ХХК-тайгаа ярих асуудал гэж ойлгож байна. Улсын яллагч Одончимэг захирлын мэдүүлгийг дурдаад манайх ХАБЭ-г “Интернэйшнл Рөүд” ХХК хариуцахаар тохиролцсон гэж яриад байна. “Интернэйшнл Рөүд” ХХК-ийн хувьд ажиллаж байгаа техникийн үйл ажиллагаагаа бид өөрсдөө хариуцаад тусдаа гарна гэдэг утгаар 5 техникийг 10 гаруй жолооч дээрээ өөрсдөө ХАБЭА-ын ажилчинаа томилоод ажиллуулсан. “Алтанмалгайт” ХХК нь өөрсдөө ХАБЭА ажилтнаа гаргаад ажиллуулах ёстой байсан гэтэл ажиллуулахгүй байсан учир манай ХАБЭА Отгонбаяр гэх хүн үндсэндээ сайн дураар ажилчдад зааварчилгаа өгч байсан. Отгонбаярын хувьд миний зааварчилгааг сонсохгүй байна гэж удаа дараа хэлж байсан. Одончимэг захиралд энэ асуудлыг танилцуулаад ХАБЭА-ын ажилтнаа авч ажиллуул гэдэг шаардлагыг манайхаас удаа дараа тавьж байсан. Энэ хугацаанд ийм асуудал болсон учраас иргэний хариуцагчаар татагдсан “Интернэйшнл Рөүд” ХХК-ийн хувьд С.Батсүхийн хохирол төлбөрийг хариуцахгүй гэж үзэж байна гэв.
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-3/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 14/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 18-25/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Батсүхийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 29-32/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Д.Энхбаатарын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 34-35/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Шинэбаярын өгсөн мэдүүлэг /1-хх-ийн 42-43/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Отгонбаярын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 44-49/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Үнэнсайханы өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 51/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Эрдэнэ-Очирын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 52-54/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Отгонбаярын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 55-57/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №8243 дугаартай “Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 61-63/,
-Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Ослын хэрэгт шинжээчээр ажилласан тухай” шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 70-71/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Г.С ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 76-79/,
-Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааны бүртгэл /1-р хх-ийн 87-98/,
- “Интернэйшнл Рөүд” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Нямдаваагийн баталсан “Бутлуур, туузан дамжуулагчийн операторчины хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа” /хх-101-103/,
-Шүүгдэгч Г.С ийн оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ажилд авсан, чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 131, 132, 133, 134, 135, 136, 234, 235, 238-242/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нямдаваагийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 206-208/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Одончимэгийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 213-215/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Дамдинжавын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 218-219/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Пүрэвжаргалын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 222-223/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Даваажавын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 226-227/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Цэенбатын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 230-232/,
-Хохирогч С.Батсүхийг ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, /1-р хх-250, 243-249, 2-р хх-2-4/,
-“Интернэйшнл Рөүд” ХХК болон “Алтанмалгайт” ХХК-ийн хооронд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан “Төмөр замын суурь бүтцийн буталмал чигжээс чулуу (балласт) бэлтгэн нийлүүлэх гэрээ /2-р хх-13-17/,
-“Монголын Төмөр Зам” ТӨХК болон “Интернэйшнл Рөүд” ХХК-ийн хооронд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээ /2-р хх-18-27/,
-Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-30-31/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
“Монголын Төмөр Зам” ТӨХК болон “Интернэйшнл Рөүд” ХХК-ийн хооронд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ХХаГ/19/293 262/114 дугаартай “Төмөр замын суурь бүтцийн буталмал чигжээс чулуу (балласт) бэлтгэн нийлүүлэх гэрээ” байгуулагдсан байх ба нийлүүлэгч “Интернэйшнл Рөүд” ХХК нь өөрийн туслан гүйцэтгэгчээр “Алтанмалгайт” ХХК-ийг гэрээний үндсэн дээр Өмнөговь аймгийн Манлай сумаас баруун тийш 15 км зайд байрлах хайрга олборлох талбайд ажиллуулж байсан болох нь талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан “Төмөр замын суурь бүтцийн буталмал чигжээс чулуу (балласт) бэлтгэн нийлүүлэх гэрээ”-гээр тогтоогдож байна.
“Интернэйшнл Рөүд” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Алтанмалгайт” ХХК нь Өмнөговь аймгийн Манлай сумаас баруун тийш 15 км зайд байрлах хайрга олборлох талбайд үйл ажиллагаа явуулж байх хугацаанд буюу 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Алтанмалгайт” ХХК-ийн туслах ажилтан Г.С нь операторын ажил үүрэг гүйцэтгэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д заасан “өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтыг зөрчиж, туузан дамжуулагч /конвейер/-ийг ажиллуулах товчийг андууран дарсны улмаас уг туузан дамжуулагч дээр ажиллаж байсан “Алтанмалгайт” ХХК-ийн бутлуурын үйлдвэрийн даргаар ажиллаж байсан С.Батсүх өндрөөс унаж, түүний эрүүл мэндэд “баруун дал, ясны хугарал, баруун 2, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, бүсэлхийн 2-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 1, 3, 4-р нугаламын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн 2-р нугаламын 2 талын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн дунд чөмөгт ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-18-25/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Батсүхийн өгсөн “...Би “Алтанмалгайт” ХХК-ийн бутлан хянах үйлдвэрийн оператор С гэх хүнд их гомдолтой байна. Намайг Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байхад эмнэлгийн зардал, эмчилгээний төлбөрт ямар ч тусламж дэмжлэг үзүүлээгүй. Осол гарсан өдрөөс хойш би эмчилгээний зардлыг өөрөө төлж байгаа. Би энэ хүнээс эмчилгээний төлбөрөө гаргуулж авах хүсэлтэй байна. Би удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдаж эдийн засгийн хувьд хүндрэлтэй болсон. Хуулийн дагуу олгох ёстой төлбөрийг гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд С.Батсүхийн гэрчээр өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө ажил эхлэх үеэр Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг чулуу бутлах үйлдвэрт манай компани канвераа өөр газар шилжүүлэхээр ажиллаж байсан юм. Би уг үйлдвэрт дарга ажилтай учир үйлдвэрийн ажилтан нартай хамт ажиллаж байгаа. Би канверийн тогийг салгахаар өөрийн биеэр дээшээ гарч тог салгах гэтэл манай үйлдвэрт гагнуур хийж байсан учир зөвхөн канверийн тогийг салгуулахаар үйлдвэрийн оператор С ийг явуулахад тогийг салгах гэж байгаад андуурч канверийг ажиллуулж би 5-6 метрийн өндрөөс газарт унаж гэмтсэн учир 2020 оны 04 дүгээр сарын 27-ны шөнө гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчилгээ хийлгүүлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Эрдэнэ-Очирын өгсөн “...ингээд Батсүх нь канвер эргүүлдэг цахилгааны утсыг салгах гээд сууж байтал С гэх оператор түлхүүр авах гээд удирдлагын кантенер руу орсон. Тэгээд цонхоор Батсүх ах тог салгах гээд сууж байна гэж хараад тогийг салгасан. Тэгээд салсан байна уу үгүй юу гэдгийг шалгахдаа кнопоо андуурч дарсны улмаас Батсүх унасан. Батсүх канвер дээрээс унахад Шинэбаяр хэлэхдээ С кноп андуурч дараад Батсүх ахыг унагаачихлаа шдээ гэж хэлэхэд бид гурав гурвуулаа сандарч гүйж очсон. Хамгийн ойрхон байсан Ариунболд цээжээр тэврээд өндийлгөж суулгасан. Нэг хөл нь эргэчихсэн юм шиг сонин болчихсон их өвдөж буй бололтой ёолж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-54/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Д.Энхбаатарын өгсөн “...Тэгээд маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр бутлуурын ажил зогссон байсан болохоор канвер шилжүүлэх ажил хийгдсэн. Манай компанийн туслан гүйцэтгэгч болох Алтан малгайт компанийн үйлдвэрийн дарга Батсүх нь тухайн өдөр үйлдвэрийн тоног төхөөрөмж солих буюу канвер шилжүүлэх ажлаар хүмүүст заавар чиглэл өгөх гээд урьдчилаад ажлаа шалгаж явах үедээ канвер дээрээс унаж гэмтсэний улмаас С.Батсүх нь биедээ хүнд гэмтэл авсан. “Интернэйшнл Рөүд” ХХК-ийн зүгээс яаралтай түргэн тусламж дуудаж эмчлүүлсэн. Эмчилгээний зардалд “Алтан малгайт” ХХК-ийн зүгээс 3.000.000 төгрөг өгсөн. Хохирогч С.Батсүх нь 2020 оны 09 дүгээр сар гаргаад ажилдаа орох төлөвлөгөөтэй байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Шинэбаярын өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө 09 цагийн үед Батсүх ах канвер дээр гарчихсан байсан. Манай найз С ийг дээшээ гарч миний өрөөнөөс түлхүүр аваад ир гэсэн. Тэгээд С намайг дуудаад чи яваад ир гэсэн. Тэгээд би явж байхад ардаас гүйж ирээд хоёулаа цуг явъя гэж хэлсэн. Тэгээд бид 2 дээшээ гарч түлхүүрээ авчихаад явъя гээд би түрүүлээд гараад доошоо харсан чинь Батсүх ах доошоо унаж байсан. Тэгээд би Сд хүн уначихлаа гэж хэлсэн чинь С гүйгээд гараад ирсэн...тэрийг би хараагүй Би тэгээд Сд яав юу болов гэж асуухад наад талын канвер нь ажиллаж байгаа болов уу гээд бурууг нь дарчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Г.С ийг яллагдагчаар өгсөн “...Батсүх ах бид хоёр 3 дугаар канвер ирмен дээр гараад цахилгааныг салгах гэж байсан тэгсэн чинь түлхүүрийн хэрэг гарсан. Тэгээд бид 2 хамт доошоогоо буугаад надад Батсүх ах 12-ын түлхүүр хэрэгтэй юм байна, дээр байдаг кантнер буюу серверийн өрөөнөөс аваад ир гэж хэлсэн. Тэгээд замдаа Шинэбаяртай тааралдаад бид 2 хамт дээшээгээ кантнер лүү буюу серверийн өрөө рүү орсон. Тэгээд түлхүүрээ авчихаад, гарах гэж явж байгаад тогтой байгаа юм чинь гээд, тогийг нь салгах хар кнопыг эргүүлсэн, тэгээд тогийг нь салсан байна уу үгүй юу гээд 5-р канвер гэсэн ногоон өнгийн кнопыг дарсан. Тэгээд гараад ажлын талбай дээр очиход Батсүх ах газар уначихсан Ариунболд гэгч туслагч толгойг нь түшчихсэн сууж байсан. Намайг очоод харахад баруун хөл нь хугарсан байдалтай газар хэвтчихсэн байсан. Тэгээд Манлай сумын эмнэлэгт дуудлага өгөөд, Манлай сумын төв эмнэлэг рүү авч явсан. Тэгээд Манлай сумын эмнэлэгт анхан шатны тусламж үзүүлээд яаралтай Улаанбаатар хот руу авч явах шаардлага гарсан... Би эхлээд тоггүй болгоё гэж бодоод хар кнопыг эргүүлсэн, тэгээд тоггүй болсон эсэхийг шалгах гээд цаад талаас нь тоолоод 5 дугаартай, ногоон кнопыг дарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Отгонбаярын өгсөн “...тэгээд удалгүй 07 цаг 20 минутын үед Эрдэнэ-Очир гэх залуу Батсүх дарга уначихлаа гээд сандраад орж ирж надад хэлсэн. Тэгээд би орны тавцан мод аваад хурдан очиход баруун хөлөө эвгүй дараад 5-6 метрийн өндрөөс уначихсан байдалтай байсан. Тэгээд би юу нь гэмтсэн байна гээд Батсүх даргаас асуухад миний хөл жаахан эвгүй байна байж бай байж бай гээд өөрийнхөө биеийг засах гэтэл битгий хамаагүй хөдөл хөдөлж болохгүй шүү гээд модон тавцан дээр хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-57/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8243 дугаартай шинжээчийн “1.С.Батсүхийн биед баруун дал ясны хугарал, баруун 2, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, бүсэлхийн 2-р дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 1, 3, 4-р нугаламын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн 2-р нугалмын 2 талын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн дунд чөмөгт ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу өндрөөс унах үед үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 61-63/,
-Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “а.С.Батсүх ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ гэмтэж осолдсон байх тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралт Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1 ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үед заалтын дагуу үйлдвэрлэлийн осол мөн байна. б.Туузан дамжуулагч /конвейер/-д үүссэн гацаа, хахааг гаргах буюу засвар үйлчилгээ хийхдээ тоног төхөөрөмжүүдийн хүчдэлийг бүрэн салгасны дараа ажиллах ёстой байтал салгалгүй туузан дамжуулагч дээр гаран ажил гүйцэтгэж байх үед оператор Г.Соёл-Эрдэнэ буруу товчлуур дарсны улмаас конвейер ажиллаж уг осол болоход нөлөөлсөн байна. в.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон “Интернэйшнл рөүд” ХХК-ийн захирал Б.Нямдаваагийн баталсан “бутлуур туузан дамжуулагчийн операторчны хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-ны заалтууд зөрчигдсөн байна. г...үйлдвэрийн дарга албан тушаалтай С.Батсүх, операторчин Г.С нар нь тухайн ажил эхлэхийн өмнө тоног төхөөрөмжүүдийн хүчдэлийг бүрэн салгаагүй ажил эхлүүлсэн нь “бутлуур, туузан дамжуулагчийн операторчны хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-ны В хэсгийн 10 дугаарт заасан /Бутлуур, туузан дамжуулагчид үүссэн гацаа, хахааг гаргах буюу засвар үйлчилгээ хийхдээ тоног төхөөрөмжүүдийн хүчдэлийг бүрэн салгаж, “бүү залга, хүн ажиллаж байна” гэх мэт заалт бүхий пайз тогтмол өлгөж байх. Мөн бункерт болон асгах нээлхий рүү материал хийж болохгүй талаар машин механизмын жолооч нарт анхааруулсан байх/ заалтыг, “Г.Соёл-Эрдэнэ өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулж конвейерыг ажиллуулах товчлуурыг андууран дарсан үйлдэл нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д заасан “өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн” гэх дүгнэлт /хх-ийн 70-71/ зэргээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Г.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
“Алтанмалгайт” ХХК-д шүүгдэгч Г.С нь туслах ажилтнаар, хохирогч С.Батсүх нь бутлуурын үйлдвэрийн даргаар тус тус ажилладаг болох нь ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна. /1-р хх-234, 235, 238-242, 243-249, 250, 2-р хх-2-4/
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч С.Батсүхийн эрүүл мэндэд “баруун дал, ясны хугарал, баруун 2, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, бүсэлхийн 2-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 1, 3, 4-р нугаламын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн 2-р нугаламын 2 талын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн дунд чөмөгт ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8243 дугаартай дүгнэлт /1-р хх-61-63/-ээр тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн С.Батсүхийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.
“Монголын Төмөр Зам” ТӨХК болон “Интернэйшнл Рөүд” ХХК-ийн хооронд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ХХаГ/19/293 262/114 дугаартай “Төмөр замын суурь бүтцийн буталмал чигжээс чулуу (балласт) бэлтгэн нийлүүлэх” гэрээ, “Интернэйшнл Рөүд” ХХК болон “Алтанмалгайт” ХХК-ийн хооронд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Төмөр замын суурь бүтцийн буталмал чигжээс чулуу (балласт) бэлтгэн нийлүүлэх” гэрээ тус тус байгуулагдсан байна.
“Монголын Төмөр Зам” ТӨХК болон “Интернэйшнл Рөүд” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний 4.1 дүгээр зүйлийн 4.1.9-т “ямар ч тохиолдолд гэрээний үүргийг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй”, 4.1.16-т “нийлүүлэгч нь өөрийн ажиллагсдын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн нөхцөл болон орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй” гэсэн нийлүүлэгч “Интернэйшнл Рөүд” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, туслан гүйцэтгэгчээр “Алтанмалгайт” ХХК-ийг ажиллуулсан, шүүхийн хэлэлцүүлэгт “Интернэйшнл Рөүд” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхбаатар “...”Алтанмалгайт” ХХК-тай манай компани гэрээтэй байсан. Гэрээгээр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг “Интернэйшнл Рөүд” ХХК хариуцахаар тохироогүй, “Алтанмалгайт” ХХК нь ХАБЭА ажилтангүй байсан учраас манай компанийн ажилтан Отгонбаяр сайн дураараа хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг “Алтанмалгайт” ХХК-ийн ажилчдад өгч байсан” гэж мэдүүлж байгаа хэдий ч туслан гүйцэтгэгч “Алтанмалгайт” ХХК-ийг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаагаа өөрсдөө хариуцдаг байсан гэдгийг нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
Мөн Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.Сайнтуяагийн 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтэд: “...2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр чулуу бутлуурын талбайд конвейер зөөх ажил хийгдэх үед Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон “Интернэйшнл Рөүд” ХХК-ийн Захирал Б.Нямдаваагийн баталсан “Бутлуур туузан дамжуулагчийн операторчны хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-ны заалт зөрчигдсөнөөс үйлдвэрлэлийн осол гарчээ...” гэж заасныг дүгнэхэд чулуу бутлуурын талбайд явагдаж байгаа үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд “Интернэйшнл Рөүд” ХХК-ийн Захирал Б.Нямдаваагийн баталсан хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажилчдадаа мөрдүүлдэг болох нь тогтоогдож байна.
Иймд ерөнхий гүйцэтгэгч “Интернэйшнл Рөүд” ХХК-ийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэний хариуцагчаар тогтоосныг шүүх үндэслэлтэй, зөв тогтоосон байна гэж үзсэн болно.
Хохирогч С.Батсүх нь шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн тайлбартаа: “...шүүгдэгч Г.С ээс 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өнгөрсөн хугацаанд Г.С ээс надад нийт 1.500.000 төгрөгийг өгснийг би эмчилгээний зардалд өгсөн мөнгө гэж ойлгож байгаа...”Алтанмалгайт” ХХК-ийн хувьд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан зарим зардлыг төлсөн ба баримт байхгүй учир би тодорхой мэдэхгүй байна. “Интернэйшнл Рөүд” ХХК-ийн хувьд 500.000 төгрөгийг тусламж гэж өгсөн. Эдгээр компаниудаас өөр мөнгө авсан тохиолдол байхгүй. “Алтанмалгайт” ХХК-иас авч байсан мөнгөнүүдийн хувьд тодруулахад цалингийн үлдэгдэл, листний мөнгө, авлага зэрэг болно. Миний хувьд энэ компаниудаас одоо болтол олгогдоогүй үйлдвэрийн ослын тэтгэмж болох мөнгийг даруй авах хүсэлтэй байна” гэж хохирлоо нэхэмжилжээ.
Хохирогч С.Батсүх нь шүүгдэгч Г.С ээс 6.000.000 төгрөгийг нэхэмжилсэн.
Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хохирогч надаас 6.000.000 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнээс би 1.500.000 төгрөгийг хасуулаад үлдэх 4.500.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний дотор ямар нэгэн баримт шаардахгүйгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн, шүүгдэгч хохирогчид 1.500.000 төгрөг өгсөн, хохирогч тухайн мөнгийг авсан болох нь хохирогчийн “...Өнгөрсөн хугацаанд Г.Сээс надад нийт 1.500.000 төгрөгийг өгснийг би эмчилгээний зардалд өгсөн мөнгө гэж ойлгож байгаа” гэх тайлбараар нотлогдож байх тул хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгчийн өгсөн 1.500.000 төгрөгийг хасаж, үлдэх 4.500.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С ээс гаргуулж, хохирогч С.Батсүхэд олгохоор шийдвэрлэлээ.
2. Хохирогчийн иргэний хариуцагч “Интернэйшнл Рөүд” ХХК-иас нэхэмжилсэн хохирлын тухайд:
Хохирогч С.Батсүх нь иргэний хариуцагч “Интернэйшнл Рөүд” ХХК-иас үйлдвэрлэлийн ослын тэтгэмжийг нэхэмжилсэн.
Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.Сайнтуяагийн 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтэд: “...С.Батсүх нь ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ гэмтэж осолдсон байх тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралт Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1 ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед гэсэн заалтын дагуу үйлдвэрлэлийн осол мөн байна” гэж үйлдвэрлэлийн ослыг тогтоосон байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сарын... цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” олгоно гэж заасны дагуу нөхөн төлбөрт 5.000.000 төгрөг /5 сар*1.000.000 төгрөг=5.000.000 төгрөг/ олгохоос иргэний хариуцагч “Интернэйшнл Рөүд” ХХК-иас гэм хорын хохиролд 500.000 төгрөгийг төлсөн гэж хохирогч С.Батсүх ““Интернэйшнл Рөүд” ХХК-ийн хувьд 500.000 төгрөгийг тусламж гэж өгсөн” гэх тайлбараар тогтоогдож байх тул нөхөн төлбөрөөс 500.000 төгрөгийг хасаж, үлдэх 4.500.000 төгрөгийг иргэний хариуцагч “Интернэйшнл Рөүд” ХХК-иас гаргуулж хохирогч С.Батсүхэд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч С.Батсүхийн цалинг хавтас хэрэгт авагдсан түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод үндэслэж, нэг сарын цалинг 1.000.000 төгрөгөөр тооцож, нөхөн төлбөрийг 5 сарын 5.000.000 төгрөг гэж тооцсон болно.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Г.С нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумаас баруун тийш 15 км зайд байрлах “Интернэшнл Рөүд” ХХК-ийн хайрга олборлох талбайд туслан гүйцэтгэгч байгууллагаар ажиллаж байсан “Алтанмалгайт” ХХК-ийн туслах ажилтан операторын ажил үүрэг гүйцэтгэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д заасан “өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтыг зөрчиж, туузан дамжуулагч /конвейер/-ийг ажиллуулах товчийг андууран дарсны улмаас уг туузан дамжуулагч дээр ажиллаж байсан “Алтанмалгайт” ХХК-ийн бутлуурын үйлдвэрийн даргаар ажиллаж байсан С.Батсүх өндрөөс унаж, түүний эрүүл мэндэд “баруун дал, ясны хугарал, баруун 2, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, бүсэлхийн 2-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 1, 3, 4-р нугаламын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн 2-р нугаламын 2 талын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн дунд чөмөгт ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г С ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар санал гаргасныг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзсэн боловч торгуулийн ялын хэмжээнд өөрчлөлт оруулж Г.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.С нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С ийг 450 /Дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Г.С ээс гэм хорын хохиролд 4.500.000 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т зааснаар иргэний хариуцагч “Интернэйшнл Рөүд” ХХК-иас нөхөн төлбөрт 4.500.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч С.Батсүхэд олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Батсүх нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч болон иргэний хариуцагчаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Соёл-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН