Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/83

 

 

2021 оны 06 дугаар сарын 02 өдөр                          Дугаар 2021/ШЦТ/83                                                 Ханбогд сум

 

                             

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Г.А /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Г.Ад холбогдох 2129000000074 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Г.А нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймаг Ханбогд сумын төвд байрлах Ханбогд халуун усны газарт үсийг нь муухай зассан гэх шалтгаанаар Б.Батчимэгийн үснээс зулгааж хайчлан эрүүл мэндэд нь тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ад холбогдох эрүүгийн 2129000000074 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А нь мэдүүлэхдээ: “ …2021 оны 03 дугаар сарын 30-ны өглөө би Цагаан хаднаас 11 цагийн үед Ханбогд суманд усанд орж газрын ажил хөөцөлдөхөөр ирсэн. Тэгээд энэ үсчин хүүхэн дээр орж үсээ засуулахад үсний маань хоёр талыг юу ч үгүй хусаад хаясан. Тэгээд тэрнээс болоод хоёулаа маргалдаад үсийг нь хяргасан нь үнэн. Гэхдээ үсчин бүсгүй намайг үйлчлүүлэгч гэдэг утгаараа намайг хүндлээгүй. Гадны цагаагч гэж аягүй их доромжилсон. Түүнээс болж хоёулаа маргалдаад эргэж ороод би үсийг минь ядаж цэвэрлээд өгөөч гэсэн чинь цэвэрлэж өгөөгүй. Чиний үсийг адилхан хяргасан бол яах юм бэ? гэсэн чинь хярга хярга гэж хэлж байж хяргуулсан. Намайг өгсөн мэдүүлэг дээрээ нэлээн гүтгэсэн байнлээ. 5 минут орчим үс зулгаасан гэж яаж ч амьдрал дээр тогтолцохгүй тийм зүйл ярьсан байсан. Мэдээгүй байхад үс хяргасан гэдэг. Өөрөө хярга хярга гэж хэлж байж хяргуулсан гэв.”

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Нэргүйгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Буянтөгсийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 239 дугаартай хүний биед шинжилгээ хийсэн”... Б.Батчимэгийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-р хуудас/

-Мөрдөн шалгах ажиллагаанд Г.А яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-47/

-Г.А иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа / 48,53, 54

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батчимэгийн өгсөн хүсэлт /хх-ийн 70-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Г.А нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймаг Ханбогд сумын төвд байрлах Ханбогд халуун усны газарт үсийг нь муухай зассан гэх шалтгаанаар Б.Батчимэгийн үснээс зулгааж хайчлан эрүүл мэндэд нь тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батчимэгийн өгсөн “... Миний зүүн хацар луу 1 удаа гараараа алгадаад дахиад алгадах гэхээр нь би гарыг нь бариад авсан... би буруу хараад үсээ засаад зогсож байтал гэнэт үс хайчлах чимээ гарсан. Тэгээд толгойгоо хөдөлгөөд үснээсээ таттал миний үснээс газар унасан, хайчилсан байсан. Тэгээд би эргэж хараад эгч ээ та яаж байгаа юм вэ? Гэтэл хохь чинь гээд толгойны орой дээрх үснээс хайчаар дахиж хяргасан... Миний үснээс 40 орчим см хайчилж тасалсан. Орой дээрээс огцом хайчилсан... Нөгөө эгч толгойн орой хэсгийн үснээс гараараа үсдэж зулгаагаад хуйханд нь тултал 2 хэсэг газраас хяргаж хайчилсан... Гараараа нэг удаа зулгаагаад тавихгүй нааш цааш татаад үс хайчлаад байсан. Ойролцоогоор 5 минут орчим зулгаасан байх гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Нэргүйгийн өгсөн “... удалгүй үсчин Батчимэг нөгөө хүүхэнтэй үс хяргачихлаа гээд цугтаа хэрэлдэж гарч ирээд эмээ цагдаа дууд гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Гэрч Д.Буянтөгсийн өгсөн”... Нөгөө халимаг үстэй эгч үсний тавиураас нэг жижиг төмөр хайя аваад үсчин эгчийг анзаараагүй байхад нь үснийх нь үзүүрээс нэг гараараа барьж авч үснийх нь дундаар хяргаад тасарсан үсийг нь газар шидсэн. Тэгээд захиж толгойны орой, дагз хэсгийн үснээс нь гараараа бариад захиж толгойн хэсгийн үснээс нь дахиад хайчилж үсийг нь хяргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 239 дугаартай хүний биед шинжилгээ хийсэн”... Б.Батчимэгийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.А яллагдагчаар өгсөн “... Би 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хамтран амьдрагч Даваасамбуугийн хамт Ханбогд сумын төвд усанд орж, үсээ засуулахаар Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хад суурьшлын бүсээс ирсэн. Өдөр 12 цаг өнгөрч байхад “Ханбогд халуун усны газарт усанд орчихоод хажууд нь байдаг үсчинд үсээ засуулахаар орсон. Тэгэхэд нэг үсчин ажиллаж байсан ба оочир дараалал байхгүй байсан. Би өөрөө халимаг үстэй учраас чихний харалдаа арын үсийг ул тавиулж авхуулж, дээш нь уусгаж жижиглээрэй гэж хэлээд засуулсан.Тэгээд нөгөө үсчин эмэгтэй засахдаа миний хэлснээс өөрөөр дээш нь шуугаад эрэгтэй хүнийх шиг болгочихлоо гэхэд та өөрөө ингэж зас гэсэн биз дээ, хэлснээр чинь л заслаа гээд нөгөө үсчин эмэгтэй буруугаа хүлээхгүй дээрээс нь миний үсийг засч байснаа болиод бүтээлэг нөмрөгөө хуулж аваад эвдсэн үсэндээ гар хүрэхээ больчихсон.Тэгээд би, чи наад зассан үсээ жижиглээд аятайхан янзалж өгөөч гэсэн.    Тэгтэл үсчин та орж ирэхдээ хими хийлгэнэ гэсэн биз дээ энэнээс илүү богиносгож болохгүй гэхээр нь би үстэй хар малгай өмсчихсөн юм шиг муухай байна наадах үсээ хусаад өгөөч гэхэд үсчин эмэгтэй та өөр газар очиж хусуул гэсэн тэгтэл манай хамтран амьдрагч Даваасамбуу хажуунаас үсчин эмэгтэй рүү хандан эмэгтэй хүний толгойг арай дэндүү болгочихлоо наад үсээ засаад янзлаад өгөөч гэтэл үсчин эмэгтэй та хоёрын хэлснээр л янзалсан ш дээ угаасаа эрэгтэй толгойтой эрэгтэй халимагтай орж ирсэн шүү дээ. Үс чинь угаасаа ургадаг юм гэсэн тэгэхээр нь би үсчин эмэгтэйд хандан эмэгтэй хүн орж ирж байхад өөрөө эрэгтэй юм шиг болгочихлоо угаасаа эрэгтэй толгойтой орж ирсэн гэж юу яриад байгаа юм. Ухаан санаа чинь эрүүл үү? гэж асуусан тэгтэл нөгөө үсчин над руу хандан угаасаа чиний толгой чинь засал авахгүй толгой байна. Зовлонгоос чинь салгаж өглөө гэхээр нь би үсчнээс чи ядаж угаагаад хяргасан хялгаснуудыг нь цэвэрлээд өгөөч гэсэн тэгээд би угаалтуур луу нь тонгойтол үсчин эмэгтэй миний толгой дээрээс ус хийж өгсөн тэгээд би гарч яваад машиндаа суугаад хөлөөд явж байх даа машиныхаа толинд хартал үс арзайчихсан, хүзүү нүүрэнд үсний хялгас наалдчихсан байсан. Тэгээд эргэж машинтайгаа үсчин дээр очоод үсчинд хандаж ядаж үс хялгаснаас минь салгаад өгөхөд яадаг юм хүнд үйлчилж байж ядаж үлээлгээд шотикоор цэвэрлээд өшөөч гэтэл үсчин чамд үйлчлэхгүй өөр газар очиж үйлчлүүл гэсэн тэгэхээр нь дахиад миний үсийг багасгаад өгөөч гэж үсчнээс гуйсан тэгсэн ч гэсэн өөр газар очиж үйлчлүүл гэсэн тэгэхээр нь би, чи ядаж цагдаа дуудаж өг гэсэн гэтэл үсчин өөрөө дуудахгүй юу би юу гэж цагдаа дуудаж байдаг юм гэсэн тэгэхээр нь би, чиний үсийг ингээд хяргаад тоглоод хаячихсан бол тайван сууж байх уу? ядаж хусаад өгчөөч гэхэд үгүй гэсэн тэгэхээр нь адилхан чиний үсийг хяргачихвал чи яах уу? гэтэл үсчин хярга, хярга гээд цаашаа хараад хүний үс засаад зогсож байхаар нь хажуу тавиур дээр нь жижиг үсчний төмөр өнгөгүй хайчийг аваад үсийг нь задалж бариад, барьсан гарынхаа дээгүүр буюу мөр хэсгээр тайрсан. Тэгээд адилхан боллоо гээд гараад явах гэтэл цамцнаас зулгаагаад Цагдаа дууд гээд орилоод бид 2 хэрэлдэж зууралдсан...” гэх мэдүүлэг /хх-н 45-46р хуудас/   зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос  шүүгдэгч  Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Б.Батчимэгийн эрүүл мэндэд тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл  бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 239 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн  шинжилгээ”  /хх-н 34-35/-аар тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Б.Батчимэгийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.

Хохирогч Б.Батчимэг нь “...Миний зүгээс санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй гэх мэдүүлэг /хх-ийн 70 хуудас/-аар гэсэн байх тул шүүгдэгч Г.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Г.А нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймаг Ханбогд сумын төвд байрлах Ханбогд халуун усны газарт үсийг нь муухай зассан гэх шалтгаанаар Б.Батчимэгийн үснээс зулгааж хайчлан эрүүл мэндэд нь тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж Г.\Dг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.А  нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   4.Хохирогч Б.Батчимэг нь шүүгдэгч Г.Ас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

 

   5.Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БАТТУЛГА