Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 00496

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг  суманд 1964 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн 3 дугаар багийн 12-18 тоотод оршин суух “Дархад” овогт Цэрэндолгорын Оюунцэцэг /РБ-64111606/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Ц.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Оюунцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн 8 дугаар ангийг 1979 онд төгсөөд ажилгүй байж байгаад, 1980 оноос Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн амрах байранд 1981 оныг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан. Одоо өндөр настны тэтгэвэрт орох гэж байгаа тул шүүхэд ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор хандсан болно. 

Иймд намайг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Мандал” нэгдлийн амрах байранд 1980 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ц.Оюунцэцэг нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Мандал” нэгдлийн амрах байранд 1980 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 3/56 дугаартай архивын лавлагаа, цалингийн тодорхойлолт, 70 дугаар дансны хуулбарууд,

Гэрч Д.Нямсүрэнгийн: “....Ц.Оюунцэцэг нь Хөвсгөл аймгийн Арулаг сумын амрах байранд 1980 оноос 1981 оныг дуустал 2 жил үйлчлэгч хийж байсан....” гэх мэдүүлэг,

Гэрч Я.Батдаваагийн: “....Ц.Оюунцэцэг нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын амрах байранд 1980 оны 01 дүгээр сараас 1981 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал үйлчлэгч хийдэг байсан....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Дархад” овогт Цэрэндолгорын Оюунцэцэг /РБ-64111606/-ийг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Мандал” нэгдлийн амрах байранд 1980 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.ЭРДЭНЭБАТ