Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/84

 

 

2021 оны 06 сарын 02 өдөр                                  Дугаар 2021/ШЦТ/­­­­84                                                Ханбогд сум

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Ц.Д /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Дт холбогдох 2129000000047 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Д нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газар байрлах “Дорнын Өртөө” ХХК-ийн ажилчдын амрах байрны 123 тоот өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Туваандоржтой хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар толгой нүүрэн тус газар нь цохиж, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дээд 3-р шүдний хугарал, зулай, хамарт зулгаралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хохирогч Э.Туваандоржийн: “...Ц.Д гэдэг залуу Д.Хүдэрчулуун бид хоёр амарч байсан амрах байрны цонх цохихоор нь Д.Хүдэрчулуун цонх онгойлготол Ц.Д цонхоор орж ирээд мэнд усаа мэдээд надтай золгоод байж байгаад дээрээс нь жаахан уучихсан байсан хараа архиа задлаад Д.Хүдэрчулуун бид хоёрт хийж өгөөд бид гурав хувааж уугаад бараг дуусах гэж байхад би орондоо ороод амрах гэж байхдаа би Ц.Дт хандаж би чамайг ажилгүй явж байхад чинь аятайхан ажилд оруулсан гээд хэлээд байж байтал Ц.Д сандал дээр сууж байснаа гэнэт босож ирээд миний нүүрэн тус газарт цохиод үсдээд газарт унагаад миний толгой нүүр лүү хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөхөд миний үүдэн нэг шүд унасан. Тэгээд Ц.Д өрөөнөөс гараад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-н 14-р хуудаст/,

Гэрч Д.Хүдэрчулууны: “...Ц.Д миний өрөөний цонх тогшихоор нь би цонхоо онгойлгож өгөөд Ц.Д гэдэг залууг өрөөндөө оруулсан. Тэгтэл Ц.Д гэдэг залуу орж ирээд Э.Туваандорж ахтай мэнд усаа мэдэлцээд золгоод хараа нэртэй 0.75 граммын дээрээс нь жаахан уучихсан архиа Э.Туваандорж бид хоёрт хийж өгөөд бид гурав хувааж уугаад бараг дуусах гэж байхад юунаас болсон юм бүү мэд Ц.Д сууж байснаа гэнэт босоод Э.Туваандоржийн нүүрэн тус газарт нь гараараа цохиод шалан дээр үсдэж унгахаар нь би босоод салгахын завдалгүй Ц.Д нүүрэн тус газарт нь хоёроос гурван удаа хөлөөрөө өшиглөөд авсан. Тэгтэл Э.Туваандорж “миний шүд унагаачихлаа” гэж хэлэхээр нь би Ээбоо гээд залууг дуудаад Ц.Д гэдэг залууг аваад амрах өрөөнөөс гарсан.” гэх мэдүүлэг /хх-н 26-р хуудаст/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 172 дугаартай “1. Э.Туваандоржийн биед тархи доргилт, зүүн дээд 3-р шүдний хугарал, зулай, хамарт зулгаралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүртээ хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байж болно. 3. Э.Туваандоржийн биед учирсан зүүн дээд 3-р шүдний хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 5% бууруулна. 4. Э.Туваандоржийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 28-29-р хуудаст/,

Шүүгдэгч Ц.Д ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 56-59, 61-72, 91-95-р хуудаст/,

Ц.Д ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 60-р хуудаст/,

Ц.Д ын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 74-86-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Шинэбаярт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Ц.Д нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газар байрлах “Дорнын Өртөө” ХХК-ийн ажилчдын амрах байрны 123 тоот өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Туваандоржтой хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар толгой нүүрэн тус газар нь цохиж, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дээд 3-р шүдний хугарал, зулай, хамарт зулгаралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь үйл баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Д нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Д ын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Э.Туваандоржийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.Д нь хохирогч Э.Туваандоржийн толгой нүүрэн тус газар нь цохиж, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Д нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Туваандоржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Хохирогч Э.Туваандоржийн биед хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 172 дугаартай “1. Э.Туваандоржийн биед тархи доргилт, зүүн дээд 3-р шүдний хугарал, зулай, хамарт зулгаралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүртээ хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байж болно. 3. Э.Туваандоржийн биед учирсан зүүн дээд 3-р шүдний хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 5% бууруулна. 4. Э.Туваандоржийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 28-29-р хуудаст/ болон бусад баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь шүүгдэгчээс 1,500,000 төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилсэн бөгөөд хохирогчоос 685,800 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн ба эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангажээ. /хх-ийн 44-52 дугаар хуудас/

Шүүгдэгчээс хохирогчид 1,500,000 төгрөгийг төлсөн нь мөнгөн шилжүүлгийн баримт болон шүүгдэгчийн тайлбараар тогтоогдсон байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзлээ. /хх-ийн 81-82 дугаар хуудаст/

Иймд шүүгдэгч Ц.Д ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Ц.Дарханбаяр нь хохирогч Э.Туваандоржийн эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Э.Туваандорж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Миний зүгээс санал гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд: 

Шүүгдэгч Ц.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Д нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1063 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1, 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 7 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуульд заасан үндэслэл журмын дагуу 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна. Шүүгдэгч Ц.Д ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй гэж шүүх үзэв. /хх-ийн 60 дугаар хуудас/

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дт 950 /есөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 /есөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав. 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Д нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Д ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д ыг 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Д нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 4. Шүүгдэгч Ц.Д нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохирогч Э.Туваандоржид 1.500.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нь санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай. 

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Д ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТМӨНХ