Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2019/00292

 

 

Б.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01591 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2089 дүгээр магадлалтай,

Б.Цын нэхэмжлэлтэй

“Б С Ш У С Я”анд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Болормаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Завхан аймаг, Тосонцэнгэл сумын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлаар 2011 оноос ажиллаж байгаад 2017 оны 06 дугаар сард ажлаа өгч, улмаар захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-нд ажил албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн 0932 тоот шийдвэр гарсан боловч тодорхойгүй шалтгаанаар ажилд эгүүлэн томилох тухай БСШУСЯ-ны сайдын тушаал гарахгүй байсаар 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гарч, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа орсон бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 4 хоногийн дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хууль бус үндэслэлээр цуцалсан. БСШУСЯамнаас 3 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын баг 2018 оны 04 дүгээр сарын 09-12-ны хооронд ирж өргөдөл гомдлын дагуу шалгаад намайг 2014-2015 оны магистрын сургалтын төлбөр 1 242 000 төгрөгийг шийдвэргүйгээр авсан байна гэж 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр акт тогтоосон. Гэтэл БСШУЯ-ны сайдын 2001 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 300 дугаар тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнуудыг Улсын багшийн их сургуулийн магистрантурт хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах журмын дагуу сумын засаг даргатай байгуулсан гэрээгээр сургалтын төлбөрийн 50 болох дээрх мөнгийг МУБИС-ийн данс руу сургуулиас шилжүүлсэн байсан. Харин БСШУСЯ-ны сайд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дээрх актыг үндэслэл болгож, хөдөлмөрийн гэрээнд заасан санхүүгийн ноцтой зөрчил гэж үзэн ажлаас чөлөөлөх тухай Б/036 тоот тушаал гаргасан. Сайдын тушаалын үндэслэл болсон дээрх актыг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан. Энэ актаар сахилгын зөрчлийг илрүүлсэн гэж тооцвол сахилгын арга хэмжээ авах 1 сарын хугацаа 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дууссан байна. Мөн зөрчил гарснаас хойш 8 cap гэж тооцвол тус хугацаа 2016 онд дууссан. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн нөхцөл бүрдээгүй байна. 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тухайн гэрээ байгуулсан өдрөөс хойш буюу хууль зүйн үр дагавар үүссэн үеэс хойш гарсан зөрчлийг үндэслэн гэрээг цуцлах боломжтой. Гэтэл гэрээ байгуулахаас 2-3 жилийн өмнө гарсан гэх зөрчлийг үндэслэл болгож 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль бус байна. Иймд урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь хэсэгт Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага...сургуулийн захирлыг... хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх эрхтэй болохыг заасан гэж заасан тул Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/036 дугаар Б.Цыг ажлаас чөлөөлөх тухай тушаал гарч, ажлаас чөлөөлөгдсөн болно. Тушаалын үндэслэх хэсэгт Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 3.2.3 дахь хэсэг, “Б С Ш У С Я”ны “Б С Ш У С Я”ны Улсын ахлах байцаагчийн 2018 оны 04 дүгээр 12-ны өдрийн 08-02/01, 08-02/02, 08-02/03 дахь заалтыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн болно. “Б С Ш У С Я” нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/036 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт болно. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагын шийдвэртэй холбоотой буюу нийтийн эрх зүйн маргааныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх болохыг зааж өгсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд иргэний хэрэг үүсгэх, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт шүүх зөвхөн энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх зохицуулалтын хүрээнд шийдвэрлэхээр заасан байна. Учир нь иргэн Б.Ц нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/05 дугаар Ажлаас чөлөөлөх, ажилд түр томилох тухай тушаалаар чөлөөлөгдөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0932 дугаар шийдвэрээр хэрэг маргааныг шийдвэрлүүлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01591 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “Б С Ш У С Я”наас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 2 877 932 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цад олгон, олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлсөн нөхөн бичилтийг нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 490 993 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Цын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Б С Ш У С Я”наас улсын тэмдэгтийн хураамжид 60 996 төгрөгийг гаргуулан улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2089 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01591 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Болормаа хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасны үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүй, талуудын мэтгэлзэх зарчмыг хангаагүй, хүсэлтийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүйгээс үүдэн дор дурдсан үндэслэл, шалтгааны улмаас магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: 1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлттэй байхад хүсэлтийг харгалзаж үзэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн тухайд: “Б С Ш У С Я”ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 сарын 06-ны өдрийн Б/76 дугаар тушаалаар батлагдсан ээлжийн амралтын хуваарийн дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнбагана нь 2018 оны 07 сарын 16-аас 2018 оны 08 сарын 08-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан ба шүүх хурлын товыг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр буюу Пүрэв гаригт мэдээд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Даваа гаригт хариуцагчийн зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт мөн ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл, яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал түүний хавсралт зэргийг хүргүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр гэж 1 242 000 төгрөгийг илүү олгосон зөрчил гаргасан болох нь хариуцагчийн улсын ахлах байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №08-08/02 актаар тогтоогдож байна гэж нотлох баримтыг зөв үнэлсэн хэдий ч хэргийн оролцогч (хариуцагчийн төлөөлөгчийг хүсэлттэй байхад)-ийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэсэн нь талуудын тэгш эрхийг хангаагүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй болно. Хариуцагчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлсэн байхад шүүхээс хүсэлтийг харгалзаж үзэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.2-д заасныг баримтлаагүй гэж үзэж байна. Иймд иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан ба шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. 2. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Хэргийн материалын 17 дугаар талд “Б С Ш У С Я”ны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Л.Цэдэвсүрэн нь Б.Мөнгөнбаганад яамны сайдыг шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгосон байдаг. Гэтэл шүүх үүнийг харгалзаж үзэлгүйгээр итгэмжлэх эрхгүй этгээдэд нэхэмжлэлийг гардуулж, эрх үүрэг танилцуулж, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. 3. Шүүх гомдлын хүрээнд хэргийг хянаж, дүгнээгүй тухайд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхХариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн зөрчлийг тогтоосон буюу 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №08-02/02 актыг үндэслэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сарын дотор шийтгэл ногдуулах тухай хуулийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэлгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна. Иймд иргэний хэргийн шүүх эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар дүгнэлт хийсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.” хэмээн дүгнэжээ. “Б С Ш У С Я” нь давж заалдах гомдолдоо дээрх үндэслэлийг тусгаагүй бөгөөд иргэний хэргийн шүүхийн эрх хэмжээний асуудлаар дурдаж энэ талаар дүгнэлт хийгээгүй болно. Давж заалдах гомдолд дурдаагүй асуудлыг шүүх авч дүгнэсэн нь гомдлын хүрээнд хэргийг дүгнэж шийдвэрлээгүй төдийгүй давж заалдах шатны магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. 4. Мөн “Б С Ш У С Я” нь давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүх эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлын орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Уранчимэгийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн талаар гомдлын үндэслэлдээ тусгасан байдаг. Гэтэл Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гомдлын дээрх үндэслэлд ямар ч дүгнэлт өгөөгүй төдийгүй давж заалдах гомдолд тусгаагүй үндэслэлийг зааж дүгнэлт гарган хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй мөн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэргийг үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. “Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч “Б С Ш У С Я”анд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ажил олгогч өмнө нь Б.Цыг ажлаас халсан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0932 дугаар шийдвэрээр түүнийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон, ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2018 оны 02 сарын 23-ны өдөр ажилд авсан боловч 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/036 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна.

            Уг тушаалын үндэслэлд нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сард Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Боловсролын удирдлагын магистрантурын 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 1 242 000 төгрөгийг төсвөөс авсан зөрчлийг хамааруулж, зөрчлийг ...улсын ахлах байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №08-02/02 актаар тогтоогдсон гэж ажил олгогч үзсэн боловч энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэсэн зохицуулалтыг зөрчсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хууль зөрчөөгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, ажил олгогчийн тушаал хуульд нийцээгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01591 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2089 дүгээр  магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйг дурдсугай.

 

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА