Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 07

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяагийн дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэгт холбогдох Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 0172338 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хүлээн авч Зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяа шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунзаяа би, тус аймгийн Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэгийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Т.Нармандахыг 100 нэгжээр торгож, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянавал:

Эрх бүхий албан тушаалтны шийдвэр буюу 0172338 дугаартай шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 74.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Тухайлбал холбогдогч Т.Нармандахыг гаргасан зөрчилд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 8.1.6 дугаар зүйл гэж хуульд байхгүшй зүйл ангиар шийтгэл оногдуулсан, шийтгэлийн хуудасны ОЛСОН нь хэсэгт холбогдогчийн оршин суугаа газрыг, ШИЙДВЭРЛЭХ нь хэсэгт шийтгэлийн төрлийг тус тус тусгаагүй орхигдуулсан тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 072338 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэг би 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хяналт, шалгалт хийх явцад холбогдогчийг шалгаад зөрчлийг илрүүлэн хялбаршуулсан журмаар арга хэмжээ авч ажилласан. 0172338 дугаартай шийтгэлийн хуудас оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн гүйцэд хангааүй бичилтийн алдаа гаргасан байх тул хяналтын прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Цаашид зөрчлийн хэрэг нээх, зөрчлийг хялбаршуулсан журмаар арга хэмжээ авч шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан шаардлагыг баримталж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэг нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0172338 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Т.Нармандахыг багийн Засаг даргатай байгуулсан гурвалсан гэрээг зөрчин тариалангийн талбайн ойр өвөлжөөнд буусан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 100.000 / нэг зуун мянга / төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас дээрх зөрчлийн материалыг хянаад байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Хуулийн дээрх заалтанд эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл-г тусгана гэж заасан байна.

Эрх бүхий албан тушаалтан 0172338 дугаартай шийтгэлийн хуудсыг оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 8.1.6 дугаар зүйл гэж хуульд байхгүй зүйл ангиар шийтгэл оногдуулсан, шийтгэлийн хуудасны ОЛСОН нь хэсэгт холбогдогчийн оршин суугаа газрыг, ШИЙДВЭРЛЭХ нь хэсэгт шийтгэлийн төрлийг тус тус тугсаагүй орхигдуулж бичсэн нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн 0172338 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяагийн бичсэн дүгнэлтийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэг нь хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр илэрхийлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалган шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяагийн дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэгт холбогдох Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 0172338 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохы дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.ОДБААТАР