Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2023/0265

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

У.Сгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хариуцагч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч У.С

Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.А, Д.Ж, Д.Дэлгэрмаа

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч У.С

Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.А, Д.Ж

Хариуцагчийн өмгөөлөгч М.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.

 

Хэргийн индекс: 125/2022/0030/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч У.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16-17/23 дугаар актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийн 2019 оны 04 дүгээр сараас 12 дугаар сард ноогдох 2790000 /хоёр сая долоон зуун ерэн мянган/ төгрөгийг хүчингүй болгон” шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.А, Д.Ж нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасан “нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь нотлох баримтуудыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүх хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна. Учир нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дугаарт "... нэхэмжлэгчийн ерөнхий боловсролын сургууль төгсөөд малчнаар ажилласан хугацааг тодорхойлсон баримт илэрхий тодорхой байхад Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана” гэж заасан эрх хэмжээний хүрээнд тэтгэврийн байцаагч нь уг баримтыг үндэслэн тэтгэврийг тогтоох эсэхийг шийдвэрлэх боломжтой байсан” гэсэн нь хэт нэг талыг баримталсан, хууль зөрчсөн дүгнэлт гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан этгээд нь энэ талаар тэтгэврийн байцаагчид хэлж мэдэгдэхгүйгээр шүүхийн шийдвэрийг өгөхөд байцаагч түүнийг шалгах боломжгүй бөгөөд хуульд зааснаар иргэн байгууллага энэхүү шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байдаг. Тэгэхээр шүүхийн шийдвэрийг тэтгэврийн байцаагч тэтгэвэр тогтоохдоо үндэслэл болгохгүй байх боломжтой гэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй.

Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дугаарт “Нэхэмжлэгчийн ажиллаж байсан хугацаанаас ерөнхий боловсролын сургуульд сурч байсан 5 сар 9 хоногийг хасаж тооцоход 19 жил 9 сар болж “20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх” шаардлагыг хангахгүй харин 3 сарыг хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсний дараа өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэхээр байхад бүтэн жилийн тэтгэврийг илүү авсан гэж тооцож акт тогтоосон нь бодит нөхцөлд тохироогүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлтэй” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан нь тэтгэвэр тогтоолгохоос өмнө дээрх нөхцөлийг урьдчилан бүрдүүлсэн байх тусгайлсан шаардлага юм. Гэтэл анхан шатны шүүхийн энэхүү үндэслэл нь тэтгэвэр тэтгэмж нь тэтгэвэр тогтоогдсоноос хойшхийг нөхцөл бүрдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй буюу урьдчилсан нөхцөлийг хангаж байж хуулийн дагуу эрх үүсдэг зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь суралцаж байсан үеийг илэрхий үйлдэл гэж үндэслэх хэсэгтээ дүгнэсэн атлаа, нэхэмжлэгчийн өөрчлөлтийн талаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Тиймээс Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16-17/23 дугаар “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” акт нь хууль зүйн үндэслэлтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана гэсэн зохицуулалттай. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, хуулийн зүйл, заалт болон шийдвэрийг биелүүлэх арга журмыг нэмсэн өөрчлөлтийг оруулав. 

1. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 16-17/23 дугаар актаар У.Сг шүүхийн шийдвэрээр ажилласан байдлаа тогтоолгохдоо сурсан хугацааг оруулан тооцож, тэтгэвэр тогтоолгосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасан зөрчил илэрсэн гэж үзэж, түүнд илүү олгосон 3 608 709 төгрөгийг төлж санг хохиролгүй болгохыг үүрэг болгожээ.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгохдоо бүрдүүлсэн зөрүүтэй баримт гэх Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 414 дүгээр шийдвэрээр У.Сг 1987 оноос 1989 оны хооронд туслах малчнаар ажилласныг тогтоохдоо Мөст сумын Туяа нэгдлийн даргын 1987 оны 32 дугаар тушаалд “1987 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс илгээлтээр ажиллах хүсэлт гаргаж малчнаар ажилласан” талаар дурдсаныг үндэслэсэн байхад нэхэмжлэгч У.Сг “... 1987 оны 6 сар хүртэл сургуульд сурч байснаа нуусан, шүүхийн шийдвэрээр ажилласан байдлаа буруу тогтоолгосон гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй талаар зөв дүгнэжээ.

2.1. Учир нь тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн иргэдийн өргөдөл, хавсаргасан баримтыг хүлээж авсан нийгмийн даатгалын байцаагч нягтлан шалгаж, тэтгэвэр тогтоох болзол буюу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд хамаарах ажилласан жилийг тооцохдоо жил, сар, өдрөөр тооцох, зарим баримт тодорхойгүй бол үндсэн баримтуудтай тулгаж шалгасны үндсэн дээр тэтгэврийг тогтоох үүрэгтэй.

2.2. Энэ талаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана” гэж зохицуулжээ.

2.3. Уг хуулийн заалтаар “баримт бичгийг үндэслэн ... шийдвэр гаргана” гэж заасныг өргөдөлд хавсаргасан баримт бичгүүдийг нягтлан шалгаж, тэтгэвэр тогтоох болзол шаардлага хангасан тохиолдолд түүнийг үндэслэн тэтгэвэр олгох шийдвэр гаргах, харин болзол, шаардлага хангасан гэж үзэхэд эргэлзээтэй, зөрүүтэй баримт байгаа тохиолдолд түүнийг тодруулж, холбогдох баримтыг ирүүлэхийг өргөдөл гаргагчаас шаардах, ийм баримт байхгүй тохиолдолд тэтгэвэр тогтоох шийдвэр гаргахгүй байхыг нийгмийн даатгалын байгууллагад үүрэг болгосон гэж үзнэ.

2.4. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч У.С нь сум дундын шүүхэд зөвхөн “ажилласан жил” тогтоолгох нэхэмжлэл гаргаагүй, “ажиллаж байсан байдал”-аа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан, уг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлд “1987 онд 10 дугаар ангиа төгссөн” гэж дурдсаныг, үндэслэх хэсэгт “Туяа нэгдлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ажилд томилсон 32 дугаар тушаалыг үндэслэсэн” талаар тусгаж, тогтоох хэсэгт “1987-1989 оны хооронд ... Туяа нэгдлийн “Хужирт” бригадад “туслах малчин”-аар ажиллаж байсан” болохыг тогтоосноос үзвэл ажилласан хугацааг жил, сар, өдрөөр тогтоогоогүй, шийдвэрт тусгагдсан ажилласан хугацаатай холбоотой мэдээллүүд эргэлзээтэй, тэтгэвэр тогтоолгох өргөдлийг хүлээн авах үед тодруулах боломжтой байхад тодруулаагүй байх тул хариуцагчийн “... шүүхийн шийдвэрийг тэтгэврийн байцаагч үндэслэл болгохгүй байх боломжтой гэсэн шүүгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч хангах боломжгүй.

            3. Мөн У.С нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 50 нас хүрч өргөдлөө гаргасан бөгөөд тухайн үед шүүхийн шийдвэрт заасан ажилласан жилийг тодруулж, шимтгэл төлсөн хугацаа нь хуульд заасан хугацаанд хүрээгүй гэж нийгмийн даатгалын байгууллагаас буцаасан бол У.С нь дутуу 3 сарын хугацаанд сайн дураар нийгмийн даатгалын шимтгэлийг үргэлжлүүлэн төлж, 2019 оны 04 сард хуульд заасан шаардлага хангаж, тэтгэвэр тогтоолгон авах эрх нь үүсэхээр байхад маргаан бүхий актаар 2019 онд авсан бүх тэтгэврийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

3.1. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, 2019 оны 04 сар хүртэлх хугацааны тэтгэврийг нөхөн төлүүлэхтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй.

            3.2. Өөрөөр хэлбэл У.С нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу нөхөн даатгалд хамрагдаж, сайн дураар шимтгэлийг үргэлжлүүлэн 2019 оны 03 дугаар сар хүртэл төлснөөр 04 дүгээр сараас тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсэх байсан тул тухайн хугацааны тэтгэврийг үндэслэлгүйгээр илүү авсан гэж үзэх боломжгүй.

4. Анхан шатны шүүх энэхүү хуулийн дагуу үүсэх байсан эрхийг хамгаалж ийнхүү дүгнэж шийдвэрлэсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-д зааснаар төрүүлсэн хүүхдийн тооноос хамаарч тэтгэвэр тогтоолгох эрх нь нэхэмжлэгчид 2020 онд үүссэнтэй хамааралгүй тул хариуцагчийн гомдолд энэхүү хуулийг дурдаж “... тэтгэвэр тэтгэмж нь  тогтоогдсоноос хойшхийг нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэлгүй, урьдчилсан нөхцөлийг хангаж байж эрх үүсдэг зохицуулалтыг буруу тайлбарласан ...” гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна.

5. Харин анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ тогтоох хэсэгт нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болсон Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн заалтыг баримтлаагүй, мөн нэхэмжлэгчийн 2019 оны 4 дүгээр сараас тэтгэвэр авах эрхийг нь хамгаалж, маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч нь 2019 оны эхний 3 сарын хугацааны шимтгэлийг нөхөн төлсний үндсэн дээр заавал биелэгдэх боломжтой болох тул энэ талаар шийдвэр биелүүлэх арга, журмыг нэмсэн өөрчлөлтийг шийдвэрт тус тус оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “... 4 ...” гэсний дараа “... , Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай (2012 оны) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1” гэж нэмж өөрчлөн, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар У.Сгаар 2019 оны 1, 2, 3 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх замаар энэхүү шийдвэрийг биелүүлсүгэй.” гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2, 3, 4 дэх хэсгийн дугаарыг 3, 4, 5 болгон тус тус өөрчилж, хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.А, Д.Ж нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

                    ШҮҮГЧ                                                     А.САРАНГЭРЭЛ

                      ШҮҮГЧ                                                               С.МӨНХЖАРГАЛ