Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 0117

 

Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд  хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум Өргөө баг 17-73 тоотод оршин суух иргэн Жинчин овогт *******ы /РД:МФ/ нэхэмжлэлтэй

Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1-р баг Ус сувгийн дэнжид оршин суух иргэн Дархан овогт ******* /РД:МХ-/ холбогдох 710.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Нарантуяа нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 10 дугаар сард Чулуунбаатарын эхнэр болох Сайхан сумын Номгон тосгоны татварын байцаагч Энхжаргал нь миний өөрийн хүргэн дүү болох Сэрээнэнд заруулахаар өгсөн байсан 7 ширхэг компьютерийг “Мөнгийг нь шинэ жилээс өмнө өгнө” гээд аваад явсан байдаг. Хэлсэн хугацаандаа өгөөгүй тул 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ирж уулзахад Одоо 100.000 төгрөг өгье. Үлдсэн мөнгөө 02 дугаар сарын 28-ны өдөр өгнө. Манай нөхөртэй гэрээ хийчих гэсний дагуу нөхөр болох Чулуундоржтой гэрээ хийсэн. Гэрээний хугацаа дуусаад 1 сар гаруй өнгөрсөн боловч мөнгөө төлөхгүй байгаа тул 7 компьютерийн үнэ болох 810.000 төгрөг үүнээс 2017 оны 01 дүгээр сарын 18-нд өгсөн 100.000 төгрөгийг хасч үлдэгдэл болох 710.000 төгрөгийг Чулуундоржоос гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.                                                                                                

 Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 710.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 600.000 төгрөг болгон бууруулсныг  хариуцагч ******* зөвшөөрч  эвлэрч эвлэрэлийн гэрээ байгуулав. Уг мөнгийг хариуцагч нь 2017 оны 08 сарын 25-нд бүрэн төлөхөөр тохиров гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 710.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж 600.000 төгрөг болгосныг зөвшөөрч  нэхэмжлэгч *******тай хариуцагч ******* би эвлэрч эвлэрэлийн гэрээ байгуулав. Уг мөнгийг 2017 оны 08 сарын 25-нд бүрэн төлөхөөр тохиров гэжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаан зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч  нэхэмжлэлийн анхны шаардлага болох 710.000 төгрөгийн зарим хэсэг болох 110.000 төгрөгөөс татгалзаж үлдсэн төлбөр 600.000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч хүлээн зөвшөөрч  эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Иймд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар  зохигчдын эвлэрлийг  баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцагч нарт хуваан хариуцуулж, нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23900 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2- д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 600.000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.900 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 11.950 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч *******д олгосугай

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.САРАНТУЯА