Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 00497

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр  суманд 1964 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн багш ажилтай, тус сумын 4 дүгээр багт оршин суух, “Гөрөөчин” овогт Дүүрэнбаярын Эрдэнэ /РТ-64042575/,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Д.Эрдэнэ  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын сургуулийн 1997 оны 01 дүгээр сараас 1999 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд ажиллаж байсан үеийн тушаалын нэр зөрүүтэй байгаагаас болоод миний ажиллаж байсан зарим хугацаа тооцогдохгүй байгаа тул шүүхэд хандсан ба одоо ч сургуульдаа багшлаж байгаа болно.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуульд 1997 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Эрдэнийн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуульд 1997 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал:  Нэхэмжлэгч Д.Эрдэнээд 1988 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанаас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилтүүд,

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 10 жилийн сургуулийн захирлын 1997 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаартай “....1/ дуу хөгжийн багшаар Д.Гал-Эрдэнийг 1997 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн ажлуулсугай....” гэх Ажилд авах тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаартай ”....шинэ жилийн сүлд модны наадмыг зохион байгуулан явуулах сумын комисс Д.Гал-Эрдэнэ хөгжмийн багш....” гэх комисс томилох тухай тушаалын хуулбар, №000077007 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин шүүх Д.Гал-Эрдэнэ гэх тушаалуудыг үнэлсэн болно. Учир нь:

Дуу хөгжмийн багш Дүүрэнбаярын Гал-Эрдэнэ гэх тушаалууд нь Дүүрэнбаярын Эрдэнийн тушаалууд мөн болох нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1988 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай Хүмүүсийг ажилд томилох тухай захирамжийн хуулбар,

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 39 дугаартай Комисс томилох тухай захирамжийн хуулбар,

Соёлын байгууллагын ажилчдын хурлын 1992 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн протоколын хуулбар,

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 22 дугаартай Цалингийн сүлжээг шинэчлэн тогтоох тухай захирамжийн хуулбар,

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын 1997 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүх нотлох баримт үнэлсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Гөрөөчин” овогт Дүүрэнбаярын Эрдэнэ /РТ-64042575/-ийг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуульд 1997 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.ЭРДЭНЭБАТ