Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/87

 

 

2021 оны 06 сарын 10 өдөр                                  Дугаар 2021/ШЦТ/­­­­87                                                Ханбогд сум

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: Б.Энхмэнд,

Шүүгдэгч: Ц.З /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэндээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Зд холбогдох 2129001170081 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.З нь Өмнөговь аймгийн Манлай сум, Өехий баг, Сүмбэрийн бууцны ард 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мал хөөлөө гэх шалтгааны улмаас Т.Өлзийжаргалыг шилбүүр мод болон гараараа цохиж эрүүл мэндэд нь хөхний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.З мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Т.Өлзийжаргалын: “...З мотоциклоосоо бууж ирээд хонь хөөж туугаад та 2 хэн бэ? та хоёрыг ална гээд манай нөхрийг мотоциклоос түлхэж унагаагаад баруун гараараа манай нөхөр Нэргүйгийн шилэн хүзүү толгой руу нь цохисон. тэгээд над дээр ирээд миний барьж явсан шилбүүр модыг булааж аваад, миний цээжин тус газар нэг цохиод, баруун гараараа далны ард талд цохисон. миний биеийн зүүн хөхөнд хөхөрч цус хурсан. Мөн уушгинд бас гэмтэл учирч амьсгалахад хэцүү байсан” гэх мэдүүлэг /хх-н 14-16-р хуудаст/,

Гэрч Ч.Нэргүйгийн: “...манай эхнэрийн гарт байсан шилбүүрийг булааж аваад эхнэрийн цээж рүү нь шилбүүрний модоор цохиод зодоод байсан” гэх мэдүүлэг /хх-н 19-21-р хуудаст/,

Ц.З ын гэрчээр өгсөн: “...2021 04 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн малыг услаад гаргасан. Тэгсэн чинь хоёр хүн элдээд байсан. тэгэхээр нь би очоод яагаад мал элдээд байгаа юм гэсэн чинь элдээгүй гээд байсан. тэгэхээр нь мотоцикл дээрээс нь нэг удаа түлхэж унагаасан. Тэгээд яасан их мал хөөдөг юм гээд шилбүүрийг нь аваад нэг нэг удаа шавхарсан” гэх мэдүүлэг /хх-н 24-26-р хуудаст/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 259 дугаартай “1. Т.Өлзийжаргалын биед  зүүн хөхний цус хуралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 39-40-р хуудаст/,

Ц.З ын яллагдагчаар өгсөн: “...би Т.Өлзийжаргалын биед баруун гараараа цээжин тус газар нэг удаа шилбүүрдсэн нь үнэн” гэх мэдүүлэг /хх-н 58-р хуудаст/,

Шүүгдэгч Ц.З ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 61-66, 71-72-р хуудаст/,

Ц.З ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 73-р хуудаст/,

Ц.З ын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 75-78-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Зд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Ц.З нь Өмнөговь аймгийн Манлай сум, Өехий баг, Сүмбэрийн бууцны ард 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мал хөөлөө гэх шалтгааны улмаас Т.Өлзийжаргалыг шилбүүр мод болон гараараа цохиж эрүүл мэндэд нь хөхний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь үйл баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.З нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.З ын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.Галхүүгийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.З нь хохирогч Т.Өлзийжаргалын цээжин тус газар нь шилбүүр мод болон гараараа цохиж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.З нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.З ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Өлзийжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Хохирогч Т.Өлзийжаргалын биед хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 259 дугаартай “1. Т.Өлзийжаргалын биед  зүүн хөхний цус хуралт гэмтэл үүсжээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 39-40-р хуудаст/-ээр тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс хохирогчид 200,000 төгрөгийг төлсөн болох Ц.З ын бичгээр гаргаж өгсөн тайлбар /хх-н 59-р хуудас/ болон хохирогч Т.Өлзийжаргалын хохирол төлбөрт 200,000 төгрөг авсан /хх-н 92-р хуудас/-аар нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзлээ. Иймд шүүгдэгч Ц.З ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Ц.З  нь хохирогч Т.Өлзийжаргалд 200,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Т.Өлзийжаргал нь гомдол санал байхгүй гэсэн болохыг тус тус дурдав.

Мөн хохирогч Т.Өлзийжаргал нь цаашид гарах бусад зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд: 

Шүүгдэгч Ц.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Ц.З ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.З нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 73-р хуудас/,

Улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З д 600 /зургаан зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.З нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.З ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Зулмандахад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З д 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.З нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 4.Шүүгдэгч Ц.З нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Өлзийжаргалд  200,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Т.Өлзийжаргал нь гомдол санал байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай. 

 5. Хохирогч Т.Өлзийжаргал нь цаашид гарах бусад зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Зын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТМӨНХ