Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/88

 

 

2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр                          Дугаар 2021/ШЦТ/88                                       Ханбогд сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,   

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Энхмэнд,

Шүүгдэгч: Д.М /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М д холбогдох эрүүгийн 2129000000084 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан баг “Цагаан хад” гэх газар иргэн Г.Насанбаярын эзэмшлийн “Айфон 8 плас” гар утсыг хувийн таарамжгүй харилцааны улмаас хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 800.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мд холбогдох эрүүгийн 2129000000084 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх-ийн 6/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Насанбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 13/,

 

-Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 16-17/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Насанбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21/,

 

-Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №В21-32 шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-30/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Д.М гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44/,

 

-Шүүгдэгч Д.М гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 45, 77, 78, 79/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан баг “Цагаан хад” гэх газар иргэн Г.Насанбаярын эзэмшлийн “Айфон 8 плас” гар утсыг хувийн таарамжгүй харилцааны улмаас хууль бусаар гэмтээсний улмаас 800.000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Насанбаярын өгсөн “2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр манай хуучин нөхөр Д.М гэх хүнтэй цагаан хадны санхе компанийн уулзвар дээр 18 цагийн үед таарсан тэгээд М тэй машинд ороод юм ярьж байгаад бага зэргийн үл ойлголцол болж маргалдсан тэгээд би машинаас нь буугаад явж байтал намайг чирээд машин руу оруулсан тэгээд миний гар утасыг булааж аваад энэ утасыг чинь бүүр байхгүй болгочихий гээд миний утсыг булааж аваад эвдчихсэн...миний утсыг булааж авахдаа дээд хэсгийг нь эвдэлсэн харин дараа миний утсыг газар руу шидчихсэн, тэгээд утас эвдэрсэн...” гэх мэдүүлэг /хх-13/,

 

-Эд зүйлийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10/,

 

-“Вендо” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №В21-32 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдлээ” гэх тайлан /хх-ийн 27-30/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.М гийн өгсөн “2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Цагаан хад суурьшлийн бүсийн санхиан уулзвар дээр өөрийн машиндаа эхнэр Насанбаярын хамт сууж байтал эхнэр Насанбаярын гар утсанд нь дуудлага мессеж ирээд надад үзүүлэхгүй нуугаад байхаар нь хэн залгаж мессеж бичээд байгаа юм бэ гэж асуухад хариулахгүй утасаа өгчих үзье гэсэн чинь чамд хэн залгах нь хамаагүй гэсэн. Тэгэхээр нь би гарнаас нь утсыг нь булааж авсан ба авахад гар утасны дээд талын гадна талын корпус нь хагарсан...тухайн гар утсыг Г.Насанбаярын гараас булааж авахдаа эвдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокуророос шүүгдэгч  Д.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч Д.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгаж, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Г.Насанбаярын “Айфон 8 плас” гар утас гэмтэж, 800.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Вендо” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №В21-32 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-30/-ээр тогтоогдож байна.  

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Г.Насанбаярыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.

 

Хохирогч Г.Насанбаяр нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Насанбаярын бичгээр гаргасан “Г.Насанбаяр миний бие нь Д овогтой М ээс утасны төлбөр болох нь 2000 юанийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр авсан. Одоо хохирол гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 83/-ээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.М ээс хохирогч Г.Насанбаярт хохиролд 2000 юан буюу 800.000 төгрөгийг төлсөн, хохирогч Г.Насанбаяр нь шүүгдэгч Д.М ээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Д.М  нь согтуугаар 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан баг “Цагаан хад” гэх газар иргэн Г.Насанбаярын эзэмшлийн “Айфон 8 плас” гар утсыг хувийн таарамжгүй харилцааны улмаас хууль бусаар гэмтээсний улмаас 800.000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна. 

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж, шүүгдэгч Д.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 45/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.М нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Д.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /Зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.М хохирогч Г.Насанбаярт 800.000 төгрөгийн хохирол төлсөн тул хохирогч Г.Насанбаяр нь шүүгдэгч Д.М ээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН