Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 0115

 

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр багт оршин суух оршин суух Монгол овогтэ ******* /РД:МЛ/-ийн улсад ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний  хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  С.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

            Миний бие 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Сант сумын Хүн эмнэлэгт ээлжийн сувилагчаар ажилд орж байсан. Ажиллаж байх хугацаандаа 1993 онд сумын аварга сувилагч, 1988 онд Буриад улсад аялах эрхийн бичиг, 1987 онд Анагаах ухааны дээд сургуульд суралцах эрхийн бичгээр шагнагдаж байсан. 1995 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 16 жил 07 сар, 15 хоног тасралтгүй ажилласан. Нийгмийн даатгалын шимтгэлийг 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2008 оны 06 сарыг дуустал 5 жил 06 сарын хугацаанд хувиараа төлж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тушаалуудын эх тушаалын хуулбарыг үндэслэх болсон тул уг тушаалууд нь сумын Эрүүл мэндийн төв, сумын нэгдсэн архивт байхгүй байна. Иймд одоо авч байгаа тэтгэвэр зогсооход хүрээд байгаа. Тушаалууд гарч ирэхгүй байгаа тул нийт 16 жил 07 сар 15 хоног улсад ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд: Хавтаст хэрэгт цугларсан  Засаг даргын тамгын газрын лавлагаа, *******ийн шүүхэд гаргасан хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрчээр асуулгах тухай хүсэлт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 1995 оны тушаал цалингийн цэс байхгүй гэсэн тодорхойлолт, оршин суугаа баг хорооны засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цалингийн тооцооны хүснэгт, хандив өргөх тухай тушаал, ээлжийн амралт олгосон тушаал, иргэн Гэрэлчулууны тодорхойлолт, иргэн Энхтуяагийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, гэрчүүдийг асуусан баримт, Сэлэнгэ аймгийн Сант сумын эмнэлгийн тодорхойлолт, Үндэсний төв архивийн тодорхойлолт, Эрдэнэцэцэгийн тухайн үед ажиллаж байсан байгууллагатаа гаргасан өргөдөл, цалингийн тооцооны хуулбар, Эрүүлийг хамгаалахын сайдын тушаал, Сэлэнгэ аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын ажил хуваарилах тухай тушаал, хөдөлмөрийн дэвтэр, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтууд цугларсан байна гээд бичмэл нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь :

            Иргэн ******* нь Сэлэнгэ аймгийн Сант сумын Хүн эмнэлэгт ээлжийн сувилагчаар 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 16 жил 07 сар 15 хоног улсад ажилласан хугацааг сэргээн тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

             Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд болон  зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэгээс үзэхэд:

Иргэн ******* нь Сэлэнгэ аймгийн Сант сумын Хүн эмнэлэгт сувилагчаар 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 01-р сарын 01-ны өдөр хүртэл 16 жил 05 сар 26 хоног улсад ажилласан нь 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Сант сум дундын больницын даргын 1990 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1617 тоот хандив оруулах тухай тушаал, Сант сум дундын больницын даргын 1990 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Ээлжийн амралт олгох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, Сант сум дундын больницын даргын 1983 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаал, Сант сум дундын эмнэлгийн даргын 1983 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 31 тоот Илүү цагийн мөнгө олгох тухай тушаал, №476496 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Эрүүлийг хамгаалах Яамны сайдын 1978 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Хот, хөдөөгийн анагаах ухааны дээд, дунд, сувилагчийн сургууль төгсөгчдийг хуваарилах тухай тушаал, Сэлэнгэ аймгийн ЭХГазрын даргын 1978 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 182 тоот Шинэ төгсөлтийн дээд дунд мэргэжилтэн нар ажилд хуваарилах тухай тушаал, цалингийн түүвэр, эмнэлгийн хамт олонтой хамт авхуулсан зураг гэрч П.Энхтуяагийн “ Бид хоёр 1980-1995 он хүртэл Сэлэнгэ аймгийн Сант сумын сум дундын эмнэлэгт хамт ажиллаж байсан. Би цагаан хэрэгсэлийн сувилагчаар  ажиллаж байсан. ******* 1995 онд хувиараа аж ахуй эрхэлнэ гээд ажлаасаа гарсан” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Гэрэлчулууны “  Би 1975 оноос эрүүл мэндийн байгууллагад 40 жил ажилласан. Эрдэнэцэцэгтэй 1979 оны 08-р сараас 1995 оныг дуустал хамт ажиллаж байсан гэсэн мэдүүлэг, гэрч Г.Хишигсүрэнгийн “ Би 1975 онд Улаанбаатар хотод Анагаах ухааны дунд сургууль төгсөөд 1977 оноос эмнэлэгт ажиллсан. Би Эрдэнэцэцэгтэй 1978-1995 он хүртэл Сэлэнгэ аймгийн Сант сумын сум дундын эмнэлэгт хамт ажиллаж байсан. Эрдэнэцэцэг сувилагчаар би эх баригчаар ажилласан гэсэн  мэдүүлэг  зэргээр нотлогдож байна гэж шүүх үзлээ.  

             Иймд иргэн *******ийн Сэлэнгэ аймгийн Сант сумын Хүн эмнэлэгт сувилагчаар 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 01дүгээр сарын 01-ны өдөр хүртэл 16 жил 05 сар 26 хоног улсад ажилласан хугацааг сэргээн тогтоож  шийдвэрлэлээ.

            Харин Нийгмийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлснээс хойшхи буюу 1995 оны 01-р сарын 01-ны өдрөөс 1995 оны 02-р сарын 20-ний  өдөр хүртэл 1 сар 20 хоногийн хугацаагаар *******ийн улсад ажилласан байдал нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байдлаар тодорхойлогдох тул энэ хүсэлтэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон болно. 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

            1.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан  Монгол овогт Ёндонжамцын Эрдэнэцэцэгийг Сэлэнгэ аймгийн Сант сумын Хүн эмнэлэгт сувилагчаар 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 16 жил 05 сар 26 хоног улсад ажилласан  хугацааг сэргээн тогтоож нэхэмжлэлийн шаардлагаас1995 оны 01-р сарын 01-ны өдрөөс 1995 оны 02-р сарын 20-ний  өдөр хүртэл 1 сар 20 хоногийн хугацаагаар улсад ажилласан байдлыг тогтоолгох тухай хүсэлтэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш  ******* 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл  ******* шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                   Г.САРАНТУЯА