| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0511/и |
| Дугаар | 00511 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 00511
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би “Зүлгэн тээг, агро” корпорацийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газарт холбогдох,
Универсаль тракторын үлдэгдэл үнэ 50.028.100 /тавин сая хорин найман мянга нэг зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Зүлгэн тээг, агро” корпорацийн захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь БНСУ-ын “ТОН ЯАНГ МҮЛСАН” компанийн бүтээгдэхүүнийг Монголд борлуулах албан ёсны эрхтэйгээр олон талын ашиглалттай универсаль трактор болон дагалдах эд ангийн хамтаар борлуулдаг. Ингээд 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газраас зарлагдсан №ХӨЦҮ- 2014№10 тоот тендерт шалгаран 96 сая төгрөгийн өртөг бүхий “Универсаль тракторыг Цагаан-Үүр суманд нийлүүлж, 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Гэрээний санхүүжилтээс 2014 оны 04дүгээр сарын 28-ны өдрөөс 08 сарын 28-ныг хүртэл нийт 45.971.900 төгрөгийг манай байгууллагын дансанд шилжүүлсэн. 2014 оны 8 дугаар сарын 28-наас хойш санхүүжилт зогсож, тус сумын Засаг даргын тамгын газраас ОНХС-ийн санхүүжилт байхгүй гэсэн тайлбарыг удаа дараа тавьсан. Манай байгууллага тус бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхдээ банкнаас өндөр хүүтэй зээл авч үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд одоогоор банкны зээлийн эргэн төлөлт хугацаа хэтрэлттэй алдангад орсон байгаа ба Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Цогт-Эрдэнэд удаа дараа албан бичиг мөн аймгийн засаг даргад хандаж, мөн аймгийн төрийн сангийн даргад мөн удаа дараа хандаж байсан болно.
Иймд 96 сая төгрөгийн өртөгтэй универсаль тракторын үлдэгдэл 50.028.100 төгрөгийг Цагаан-Үүл сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжлэж байна гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зүлгэн тээг Агро корпорацийн нэхэмжилсэн универсаль тракторын үнийн үлдэгдэл 50.028.100 төлөгнийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Суманд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрээс одоогоор төлөх боломжгүй гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Зүлгэн тээг, агро” корпораци нь хариуцагч Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газраас универсаль тракторын үлдэгдэл үнэ 50.028.100 /тавин сая хорин найман мянга нэг зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нь “....Универсаль тракторын үлдэгдэл үнэ 50.028.100 төгрөгийг төлж барагдуулна....” гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Зүлгэн тээг, агро” корпорацийн улсын тэмдэгтийн хураамжид 408.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газраас 204.000 төгрөг, улсын орлогоос буцаан 204.000 төгрөг гаргуулж Зүлгэн тээг, агро” корпорацид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч “Зүлгэн тээг, агро” корпорацийн нэхэмжлэлийн универсаль тракторын үлдэгдэл 50.028.100 /тавин сая хорин найман мянга нэг зуу/ төгрөгийг хариуцагч Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Зүлгэн тээг, агро” корпорацийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 408.000 /дөрвөн зуун найман мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газраас 204.000 /хоёр зуун дөрвөн мянга/ төгрөг, Голомт банкан дахь Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 204.000 /хоёр зуун дөрвөн мянга/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Зүлгэн тээг, агро” корпорацид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ