| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2021/0080/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/90 |
| Огноо | 2021-06-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/90
2021 оны 06 дугаар сарын 14 өдөр Дугаар 2021/ШЦТ/90 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,
Шүүгдэгч: С.Ш /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Шт холбогдох 2129001030078 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Ш нь 2021 оны 03 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хонгор бээс транс” ХХК-ийн уурын зууханд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Буянбаатарыг цохих, өшиглөх зэргээр зодож, түүний биед зүүн богтос ясны далд хугарал, зүүн доод зовхи, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Ш мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хохирогч Д.Буянбаатарын: “... тэгсэн чинь Ш гэх залуу намайг “Чи намайг хөөдөг хэн бэ, би сумын заан байна, сумын зааныг хөөдөг хэн бэ чи” гэж хэлээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод, цохилтынх нь улмаас би зогсож байгаад газар унахад хөлөөрөө гэдэс рүү нэг удаа, зүүн талын гарын хэсэг рүү нэг удаа тус тус өшиглөсөн. Тэр үед Банди ах “боль” гээд Ш гэгч залууг татаад надаас холдуулсан. Тэгээд миний зүүн гар эвгүй болсон өвдөөд байхаар нь би гар эвгүй болчихлоо гэж хэлэхэд Шинээ гэгч залуу Банди ах хоёр гараад явчихсан. Тэгээд би унтаж амраад 2021 оны 03 дугаар сарын 07-ны өглөө бие өвдөөд байхаар нь Цогтцэций сумын эмнэлэг орж биеэ үзүүлэхэд “гар чинь хугарсан байна, Улаанбаатар хот руу яв” гэхээр нь би орой хот руу унаанд суугаад 2021 оны 03 дугаар сарын 08-ны өглөө хотод ирээд Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд “зүүн гар хугарсан байна” гээд гипстсэн. Толгойны томографын зураг авхуулахад хариу нь гайгүй гарсан.” гэх мэдүүлэг /хх-н 22-р хуудаст/
Гэрч Х.Бадмаагийн: “2021 оны 03 дугаар сарын 07-ны өглөө кемп дээрээ байж байхад манай ажилтан Буянбаатар хүнд зодуулчихлаа гээд утсаар хэлсэн. Тэгээд би уурын зуух дээр очиход галч Буянбаатар, манай жолооч Банди нар ба нэг танихгүй залуутай нэлээд согтуу байцгааж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад Буянбаатар хамт байсан Ш /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэдэг залуу руу заагаад энэ намайг зодсон гэхээр нь “чи яаж байгаа юм бэ” гэхэд Ш өөдөөс хэрүүл хийгээд огт эмээсэн шинжгүй байсан. Тэгэхээр нь цагдаа дуудлаа гэхэд надтай хэрэлдэж байгаад хашаанаас гараад явчихсан. Тэгээд би араас нь гараад очиход жижиг машинд суугаад явчихсан байсан. Тэгээд би цагдаагийн хэлтэс рүү дуудлага өгөхөд “зодсон хүн нь явчихсан юм бол хүнээ аваад ир эмнэлэгт үзүүл” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн унаа байхгүй болохоор Буянбаатарыг унаанд суулгаж өгөөд “сум ороод эмнэлэгт үзүүлчхээд цагдаа дээр очоорой” гэж хэлээд явуулсан” гэх мэдүүлэг /хх-н 28-29-р хуудаст/
Гэрч Г.Бандийн: “... тэгээд С.Ш, Д.Буянбаатар бид гурав хувааж уугаад байж байтал Д.Буянбаатар, С.Ш хоёр юунаас болсон нь бүү мэд нэг мэдэхэд хэрэлдэж маргалдаад зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгахын завдалгүй Д.Буянбаатар гэдэг залууг С.Ш гэдэг ямар ч байсан цохиод авч байгаа харагдсан тухайн үедээ би уусан архиндаа нэлээн халсан байсан болохоор яг хаана нь цохисон талаар харж чадаагүй. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 07-ны өглөө босоод байж байтал Д.Буянбаатар “С.Ш намайг цохиод миний гарыг хугалчихсан” гээд надад хэлж байсан. Тэгээд тэр өдөртөө Цогтцэций сумын эмнэлэг явсан байсан. Би өөр зүйл сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-н 33-р хуудаст/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2430 дугаартай “1. Д.Буянбаатарын биед зүүн богтос ясны далд хугарал, зүүн доод зовхи, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүү хэмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Хэрэг босон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-н 35-36 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.Ш хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 49-51, 57-р хуудаст/,
С.Ш арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл / хх-н 52-56 -р хуудаст/,
С.Ш эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 65-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Шт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч С.Ш нь 2021 оны 03 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хонгор бээс транс” ХХК-ийн уурын зууханд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Буянбаатарыг цохих, өшиглөх зэргээр зодож, түүний биед зүүн богтос ясны далд хугарал, зүүн доод зовхи, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Ш нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч С.Ш гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.Буянбаатарын зүүн богтос ясны далд хугарал, зүүн доод зовхи, цээжинд цус хуралт гэмтэл үүссэн бөгөөд хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч С.Ш хохирогч Д.Буянбаатарыг цохих, өшиглөх зэргээр зодож түүний биед зүүн богтос ясны далд хугарал, зүүн доод зовхи, цээжинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Ш нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч С.Ш хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Хоёр. Хохирол, төлбөрийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Буянбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Хохирогч Д.Буянбаатарын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2430 дугаартай “1. Д.Буянбаатарын биед зүүн богтос ясны далд хугарал, зүүн доод зовхи, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.” гэх дүгнэлтээр тогтоогдсон байна. /хх-н 35-36 дугаар хуудас/
Шүүгдэгч С.Ш хохирогч Д.Буянбаатарын эмчилгээний зардалд 300,000 төгрөгийг төлсөн нь мөнгөн шилжүүлгийн баримт болон хохирогчийн хүсэлтээр тогтоогдсон байна. /хх-ийн 48, 68 дугаар хуудас/
Шүүгдэгч С.Ш нь хохирогч Д.Буянбаатарын эмчилгээний зардалд 300,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Д.Буянбаатар нь гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Д.Буянбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч С.Шг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Гурав.Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч С.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Ш ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч С.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш ыг 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шт 700 /долоон зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Ш нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч С.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Ш ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Шинэбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Ш ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш ыг 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Ш нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.Ш нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохирогч Д.Буянбаатарын эмчилгээний зардалд 300,000 /гурван зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч Д.Буянбаатар нь гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Буянбаатар нь цаашид гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Шинэбаярын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ