Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 08

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Байгалмаа би Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяагийн дүгнэлттэй, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч О.Отгонбаярт холбогдох Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч О.Отгонбаярын 0245411 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хүлээн авч Зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяа шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Гаалийн улсын байцаагч О.Отгонбаярын 2019 оны 03 сарын 24-ний өдөр үйлдсэн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд тусгагдсанаар холбогдогч М.Мөнхбат нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 цаг 13 минутын орчимд 65-61 СЭА улсын дугаартай портер машинаар гаалийн хяналтын бүсэд орж ирээд гаалийн бүртгэлд хамрагдаагүй, гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн зөрчилд холбогджээ.

Эрх бүхий албан тушаалтан М.Мөнхбатын дээрх үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулахдаа 0245411 дугаартай шийтгэлийн хуудсыг хэзээ үйлдсэн болох нь тодорхойгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул мөн 7.2. дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон гаалийн улсын байцаагч О.Отгонбаярын 0245411 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив ... гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч О.Отгонбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Уг шийтгэвэрийн сар өдрийг би бичээгүй орхигдуулсан нь үнэн боловч би гаалийн хяналтын байцаагч хяналтын үйл ажиллагаанд гаргасан зөрчлий илрүүлээд зөрчлийн албаны байцаагчдаа тухайн зөрчлийг хүлээлгэн өгч тухай бүр манай зөрчлийн алба зөрчлийн бүх асуудлыг шийдвэрлэдэг болно. Иймд Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч О.Отгонбаяр нь 0245411 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Мөнх-Очир овогтой Мөнхбат / РД: МЭ-64102013 /-г Гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар 50.000 / тавин мянга / төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас дээрх зөрчлийн материалыг хянаад гаалийн улсын байцаагч нь М.Мөнхбатын дээрх үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулахдаа 0245411 дугаартай шийтгэлийн хуудсыг хэзээ үйлдсэн болох нь тодорхойгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяагийн бичсэн дүгнэлтийг хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч О.Отгонбаяр нь хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр илэрхийлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалган шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяагийн дүгнэлттэй, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч О.Отгонбаярт холбогдох Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч О.Отгонбаярын 0245411 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 0245411 дугаартай шийтгэлийн хуудасны дагуу иргэн Мөнх-Очир овогтой Мөнхбат /РД:МЭ-64102013/-д торгуулийн төлбөрт төлсөн 50.000 төгрөгийг буцаан олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                          Ц.БАЙГАЛМАА