Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2023/0220

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ӨМБЦТ” ТӨХК-ийн

 Нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид М.Ө, Э.Д, М.Г, Б.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н

Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн НА11210000023 дугаар Нөхөн ногдуулалтын акт-ын 3, 4, 5 буюу НӨАТ-тай холбоотой хэсэгт тэмдэглэгдсэн зөрчлүүдэд холбогдох нөхөн татвар, торгууль, алданги болох нийт 124,414,662.90 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, М.Ө

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Л.З, Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 120/2022/0006/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ӨМБЦТ” ТӨХК-аас Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдуулан2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн НА11210000023 дугаар Нөхөн ногдуулалтын акт-ын 3, 4, 5 буюу НӨАТ-тай холбоотой хэсэгт тэмдэглэгдсэн зөрчлүүдэд холбогдох нөхөн татвар, торгууль, алданги болох нийт 124,414,662.90 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 16 дүгээр зүйлийн 16.1, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 28 дугаар зүйлийн 28.1.10, 47 дугаар зүйлийн 47.3.3, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1 заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч ӨМБЦТ ТӨХК-ийн Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.Мягмарцэрэн, Л.Заяасүрэн нарын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн НА-11210000023 дугаар Нөхөн ногдуулалтын акт-ын тэмдэглэх нь хэсгийн 3, 4, 5 (НӨАТ-тай холбоотой) дахь хэсэгт тэмдэглэгдсэн зөрчлүүдэд холбогдох 88,995,125.31 төгрөгийн нөхөн татвар, 26,698,537.59 төгрөгийн торгууль, 8,721,000.00 төгрөгийн алданги, нийт 124,414,662.90 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... 2019 онд ажилчдад олгосон 436,050,000 төгрөгийн орон сууцны үнийн хөнгөлөлтийн зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардлаар бүртгэснийг зөрчил гэж үзэн нөхөн татвар тооцож алданги торгууль тавьсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Боловсон хүчнийг сургаж, бэлтгэх мэргэшүүлэх, дадлагажуулах, мэргэшсэн ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, шагнаж урамшуулж, алдаршуулах, сахилга, хариуцлага тооцох, арга хэмжээ авах асуудлууд нь тухайн байгууллагын дүрэм, журам хамтын гэрээгээр зохицуулагдаж байдаг  ... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар татвар ногдох орлогоос хасагдах зардал тул татвар ногдуулахгүй. Цахилгаан эрчим хүч түгээх хангах үйл ажиллагааг хариуцан ажилладаг ажиллагсдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэжилтэй боловсон хүчнийг бий болгоход чиглэсэн орон сууцны хөтөлбөр юм. Компанийн зүгээс энэхүү хөтөлбөрийг албан ёсны тухайн жилийн бизнес төлөвлөгөөнд тусган Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын зөвшөөрлөөр Эрчим хүчний сайдын болон Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан шийдвэрийн дагуу хэрэгжүүлдэг. Энэхүү олгож байгаа мөнгө нь зардалдаа суулгасан, олгосон мөнгөний зарим хэсгийг ажилчидтай байгуулсан гэрээний дагуу буцааж авсан. Үүнээс нэмэгдсэн өртгийн албан татвар болон аж ахуй нэгжийн орлогын албан татварыг төлсөн.

3.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны 10 дугаар сарын тайланг системд илгээгээгүй зөрчил гаргасан гэдэг. Энэхүү тайланг тухайн жилийн тайлант хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр илгээсэн байдаг.

2018 оны 10 дугаар сарын тайланг илгээгээгүй, татварын системд шинэ хадгалсан төлөвтэй байна гэж үзэж байгаа боловч манай компанийн татварын сайтад нэвтрэх эрхээр орж харахад 10 дугаар сарын тайлан огт харагдахгүй болсон байсан. Энэ тайлан илгээгээгүй байгаа сануулга мэдэгдэл байхгүй байгаа нь Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 46 дугаар зүйлийн 46.5-д “Тайланг хүлээн авах үед илэрсэн зөрчлийг дараах байдлаар арилгуулна”, 46.5.1-д “дутуу зүйлийг нөхүүлэн хууль ёсны болгон баталгаажуулж, тайланд буй тооцоо, үйлдлийн алдааг татвар төлөгчөөр өөрөөр нь засуулах” гэж заасныг тус тус зөрчсөн байгаа тул тайлан илгээгээгүй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 10 дугаар сарын тайлан илгээгдсэн учраас татварын ногдол бүрэн хийгдэж 2018 оны НӨАТ-ын эцсийн үлдэгдэл 47,973,858.75 төгрөгийн илүү төлөлттэй байсныг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр авсан ААНБ-ын татварын тодорхойлолт болон хуримтлагдсан санхүүгийн тайлангаар нотлогдож байгаа болно. Мөн Татварын Ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/05 дугаар тушаалаар батлагдсан “Татварын тайлан хүлээн авах,  хянан нэгтгэл хийх журам”-ын 2.7-д “... цахимаар ирүүлэх тохиолдолд уг тайланг ТЦМС-д илгээсэн огноогоор ирүүлсэнд тооцно”, ... дансанд шилжүүлж, ... тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж заасныг хэрэгжүүлэн ажилласан ба журмын 4.2-т “... цахим хэлбэрээр ирүүлсэн тайланг ТЦМС-д шууд хүлээн авснаар татварын ногдлыг ... хөрвүүлэх” гэсний дагуу ногдол хийгдсэн тул тухайн тайлант хугацааны үлдэгдэл таарч байсан.

3.3. Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/05 дугаар тушаалаар батлагдсан “Татварын тайлан хүлээн авах, хянан нэгтгэл хийх журам”-д Татварын алба нь татвар төлөгчөөс цахимаар илгээсэн тайланг хуулиар тогтоосон хугацаанд тушааж татвараа бүрэн төлсөн эсэхэд хяналт тавих, тухайн тайлангийн дутуу, тооцоо, үйлдлийн алдааг татвар төлөгчөөр засуулахдаа дараа оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд хийхээр” гэж заасны дагуу программд сар бүр хяналт /аптет/ хийгдэж татварын үлдэгдэл үнэн зөв илэрхийлэгдэж байсан гэж үзэж байна. Хариуцагч дээр хууль, журмын заалтыг зөрчиж НӨАТ-ын тайлангийн ногдлыг 2021 онд программ аптет хийсэн гэж татвар төлөгчийн тайланд зөрүү үүсгэж нөхөн татвар, торгууль, алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Татварын ерөнхий хуулийн /2019 он/ 30 дугаар зүйлийн 30.2-т “Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийн үнэн зөв тодорхойлсон эсэхийг хянан, боловсруулалт хийнэ ...” гэсний дагуу Татварын байгууллага татвар төлөгчийн тайланг хүлээн авч хянаж боловсруулалт хийгдсэн гэж үзэхээр байна.

3.4. 2019, 2020 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан гэж үзэж мөн зөрчилд авч үзсэн. Эдгээр тайлангуудыг тухайн хугацаанд нь илгээсэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд хэрвээ буруу, дутуу илгээсэн бол хэдэн ч удаа хүсэлт явуулж залруулах эрх нь татвар төлөгчид байдаг. Хэрвээ компанийн зүгээс тайлангаа илгээгээгүй байсан бол татвар ногдуулалтыг хийх боломжгүй, жилийн эцсийн илүү төлөлтүүд санхүүгийн тайлантай таарахгүй байсан. Тогтоосон хуулийн хугацаанд тайлангаа илгээж, түүнээсээ татварын ногдуулалтыг үнэн зөв оногдуулж байсан учраас хяналт шалгалтын явцад таарч байсан болно.

Татварын программ дээр алдаа гарсан, аптет хийгдсэн талаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаан дээр хариуцагч нарын өөрсдийнх нь хэлсэн тайлбараар нотлогддог.

3.5. Компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан 2020 оны жилийн эцсийн байдлаар 25,454,920.66 төгрөгийн илүү төлөлттэй байсан гэдэг нь тухайн үеийн татварын тайлан, санхүүгийн тайлан хоёрын үлдэгдэл дүнгээр таарч байсан. Мөн 2021 оны 03 сар, 06 сар, 07 сард авсан тодорхойлолтоор таарч байгаа нь нотлогддог. Гэтэл 2021 оны 09 сард үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл 61,858,856.39 төгрөг болж өөрчлөлт орсон байсан. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү зөрүүтэй байдал хэнээс болоод яагаад үүсчихэв гэдэг нотлох баримтыг хариуцагч талаас удаа дараа шаарддаг боловч нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхээр хариу өгөөгүй, шүүх ч энэ нөхцөл байдлыг тодруулаагүй тухайн хэргийг шийдвэрлэсэн нь хуульд үндэслэж шийдвэр гаргах зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.     

3.6. Нэгэнт татварын байгууллага тус компанийн татварын тайланд хяналт шалгалт хийж эхэлсэн нэхэмжлэгч тал ямар нэгэн засвар оруулах эрхгүй болдог шиг татварын байгууллага өөрөө ч засварлах эрх байхгүй байх ёстой. Гэтэл системд алдаа гарсан гэсэн үндэслэл тайлбарлаж, түүнийгээ нотолсон бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байгаа болно.

3.7. Шүүхийн шийдвэрийн 6.2.6-д ... илүү төлөлт гэж зөрүүтэй, эдгээртэй холбоотой хүсэлтийг нэхэмжлэгч аймгийн албан бичгээр гарсан хэдий ч тайлан засварлах, залруулга хийх дээрх хууль журамд заасан хугацаа хэтэрсэн ... татварын удирдлагын нэгдсэн систем , цахим татварын системд ямар нэгэн алдаа гараагүй болох нь тогтоогдож байх тул ... гэжээ. Манай байгууллагын зүгээс албан бичигт дурдагдсан тухайн өдрүүдэд жил тус бүрээр ААБ-ын татварын тодорхойлолт авахад 2017-2020 оны НӨАТ-ын тайлангийн үлдэгдэл нь санхүүгийн тайлангийн үлдэгдэлтэй таарч байгааг нотолсон баримтыг хавсаргаж явуулсан болохоос биш өнгөрсөн онуудын тайлан засварлах тухай хүсэлт гаргаагүй, харин ч Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т заасныг зөрчиж хяналт шалгалтайн явцад үлдэгдэл өөрчлөгдсөн талаар дурдаж хэвийн болохыг л хүссэн албан бичиг байсныг шүүх буруугаар дүгнэсэн байна.

3.8. Мөн нэхэмжлэгч тал, хариуцагч тал шүүгчийн хамт хамтарсан үзлэг хийж 2019 оны 01 дүгээр сарын тайланг хуулийн хугацаанд буюу 02 дугаар сарын 10-ны өдөр илгээж тайлан илгээхэд систем ногдуулалт хийнэ, тэрийг систем хийсэн гэхдээ тэр нь татвар төлөгчид нэг өөр харагдаж татварын байгууллагад нэг өөр харагдаж байгааг газар дээр нь шалгаж нотолсон, татварын байцаагчийн эрхээр орж харахад татварын ногдолыг НӨАТ-ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна гэж заасны дагуу 10%-иар тооцоогүй, хууль зөрчсөн системийн тооцооллын алдаатай байдлыг газар дээр нь үзэж 2019 оны 01 дүгээр НӨАТ-ын ногдуулалт буруу байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгуулсан боловч татварын системийг алдаагүй гэж дүгнэж байгаа нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр татварын хяналт шалгалтаар тавьсан 88,995,125.31 төгрөгийн нөхөн татвар 26,698,537.59 төгрөгийн торгууль, 8,721,000 төгрөгийн алданги нийт 124,414,662.90 төгрөгийн тооцоолол торгууль, алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 120/ШШ2022/0024 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. “... нэхэмжлэгч тал татвар ногдох орлогоос хасч тооцсон үндэслэлээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.1.4 хэмээн анхнаасаа тодорхойлсон.

Уг заалтыг “ажиллагчдад олгосон ... байр, орон сууцны хөлс болон ... үнийн хөнгөлөлт” хэмээн ойлгосон тул орон сууцны үнийн хөнгөлөлт татвар ногдох орлогоос хасагдах зардалд хамаарна гэж үзсэн. Нөгөөтээгүүр энэхүү 436 сая төгрөг нь тодорхой хугацааны дараа компанид эгэн орж ирэх тул түүнийг үйл ажиллагааны зардал хэмээн үзэж, татвар ногдуулах орлогод шууд тооцох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хуулийн дээрх заалтад хамааруулах боломжгүй хэмээн үзлээ гэхэд компанийн үйл ажиллагааны шууд зардал биш тул татвар ногдуулахгүй. Үлгэрлэвэл баруун халаасанд байгаа мөнгийг зүүн халаасандаа хийгээд, хэсэг хугацааны дараа эгүүлэн баруун халаасанд хийнэ гэж байхад баруун халааснаас гарсан учраас уг мөнгөөр заавал худалдан авалт хийсэн буюу халааснаас гарсан уг мөнгө заавал зардал байх ёстой хэмээн үзэх нь өрөөсгөл ойлголт болно.

Тэгэхээр ажиллагчдад олгосон орон сууцны хөнгөлөлт гэх тэр мөнгө нь компанид эгэн орж ирэх тул түүнд татвар ногдуулах нь хуульд нийцэхгүй. Нөгөөтээгүүр аудитын дүгнэлтээр уг хөнгөлөлтийг буюу эгэн орж ирэх нөхцөлтэйгөөр олгосон үйлдлийг санхүүгийн зөрчил хэмээн үзээгүй тул уг дүгнэлтийг иш татан, үйл баримтыг хууль зүйн талаас нь тайлбарласан ч шүүх хүлээн авсангүй.

4.2. Шийдвэрт “6. Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны 10 дугаар сарын тайланг системд илгээгүй, 2019, 2020 онуудад борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан” зөрчлүүдийн тухайд ... зэргээс үзэхэд тухайн тайланг илгээх цаг хугацааны үед Татварын удирдлагын нэгдсэн сан болон цахим тайлангийн системд албан татвар төлөгчөөс тайлан илгээх, засварлах хүсэлттэй холбоотой алдаа гарсан нь тогтоогдохгүй цахим татварын систем хэрэгжиж буй үед тайлан илгээгээгүйтэй холбоотой мэдээлэл, мэдэгдлийг нэхэмжлэгчид утсаар болон бичгээр хүргүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй ... ерөнхий нягтлан бодогч нь санхүүгийн тайлан гаргах, татвар төлбөр хураамж шимтгэлийн тооцооллыг шалгах, тэдгээрт хяналт тавих, санхүүгийн тайланг энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлэх зэрэг үүрэгтэй байна. Иймд нэхэмжлэгч талаас гаргасан дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэжээ.

Татварын тайлангуудаа тухайн цаг тухайд нь илгээж байсан баримтыг хяналт шалгалт хийж байсан АТ-д гаргаж өгч байсан ба түүнийг мөн шүүхэд гаргаж өгснийг үнэлэхгүйгээр хариуцагчийг зөвтгөж байгаа нь үндэслэлгүй. Мөн тайлангийн залруулга хийх татвар төлөгчийн эрхийг нь захиргаа эдлүүлээгүй ба эдлүүлсэн хэмээн үзэж байгаа бол энэ талаарх баримтаа гаргаад өгөөч гэсэн боловч хариуцагч тал гаргаж өгөөгүй. Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “Татварын алба ... тайланг хянаж ... мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ” гэж заасан үүргээ захиргаа мөн биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл татварын тайланг нь хянаад, зөрчил ирүүлсэн талаараа татвар төлөгчид нэг ч удаа мэдэгдэж байгаагүй нь татварын зөрчилгүй явж ирсний нотолгоо юм. Нөгөөтээгүүр ийнхүү мэдэгдэж байсан бол энэ тухай баримтыг шүүхэд хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хангасан хариуцагч энэ тухай баримтыг мөн гаргаж өгөөгүй.

4.3. Шийдвэр “ ... 2017-2020 онд дотоодын бараа, үйлчилгээнд суутгасан, НӨАТ-ын эцсийн үлдэгдэл 25,454,920.66 төгрөгийн илүү төлөлттэй тайлагнасан дүн 2021 онд татварын хяналт шалгалтын үед 61,858,856.39 төгрөг болж өөрчлөгдөж, 36,403,935.73 төгрөгийн зөрүү гарсан байх бөгөөд нэхэмжлэгч байгууллагаа нийт борлуулалтын орлогоо 2017 онд 8,424,348,560.40 төгрөг, 2018 онд 10,954,049,928.20 төгрөг, 2019 онд 18,337,675,744.50 төгрөг, 2020 онд 23,853,368,970.40 төгрөг гэж тус тус тайлагнасан нь тогтоогдож байх тул ... дутуу тайлагнасан зөрчил гаргасан гэж үзэж нийт 42,646,943.44 төгрөг ногдуулсныг  үндэслэлтэй гэж үзлээ” гэжээ. Татварын нэгдсэн системээс 2020 оны тодорхойлолтоо 2021.03.09-ний өдөр авахад 46,254,376.50 төгрөг болж ихэсч өөрчлөгдсөн байх тул Аймгийн Татварын хэлтэст хандан “ӨМБЦТ” ТӨХК-ийн зүгээс гомдол гаргасан.

4.4. Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн 2021.03.11-ний 1/147 дугаартай албан бичиг /83 дугаар хуудас/-т “... ТЕГ-ын хэмжээнд системийн алдаа үүссэн учир зөвшөөрөх боломжгүй байна. Иймд тайлан залруулах, хоцорсон тайлан илгээх хүсэлт зөвшөөрөх ажиллагаа хэвийн болсон үед түргэн шуурхай ажиллаж танай байгууллага дээр үүссэн асуудлыг шийдвэрлэж өгөх болно” гэсэн. Ингээд цахим санруу орж НӨАТ-ын үлдэгдлийг мөн сарын 12-ны 18-т харахад 24,076,750.42 төгрөг болж багассан ба 18-т 25,454,920.66 төгрөг болж 2020.12.31-ний үлдэгдэлтэй таарсан нь систем алдаатай ажилладаг болохын нотолгоо ба 6 дугаар сарын 30, 7 дугаар сарын 02, 08-ны өдрүүдэд тодорхойлолт авахад хэрэг буюу 25,454,920.66 төгрөг байсан.

4.5. Гэтэл хяналт шалгалтын дараа буюу 2021.09.07, 2021.09.16, 2021.09.17-ны өдрүүдэд тодорхойлолт авахад 2020 оны НӨАТ-ын үлдэгдэл 61,858,856.39 төгрөг болж ихэсч өөрчлөгдсөн ба энэ талаар нь шүүх хуралдаан дээр ийнхүү өөрчилсөн хууль зүйн үндэслэлээ тайлбарлаач, баримтыг нь үзүүлээч гэхэд хариуцагч талаас алийг нь ч чадаагүй. Тэгэхээр хариуцагч нар Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т заасан Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулга хийсэн ба шүүх уг зөрчлийг анхаарч үзсэнгүй.

4.6. Ер нь бол манай гаргасан тайланг захиргаа өөрийн санаачлагаар засаад, түүндээ тохируулан нөхөн ногдуулалтын акт биччихлээ хэмээн нэхэмжлэгч тал маргаж байгаа ба хариуцагч тал 25,4 саяг 61,8 сая болгож өөрчилсөн үндэслэлээ баримтаар болон хууль зүйн талаас нь тайлбарлаж чадахгүй байгаа маргааныг шүүх хуульд нийцүүлсэн шийдвэрлэж чадсангүй. Энэхүү гомдлын 2, 3-т байгаа тайлбараар шүүхийн дээрх дүгнэлт үгүйсгэгдэхээс гадна 2022.10.19-нд нэхэмжлэгч талаас гаргасан “нотлох баримт гаргуулах” хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн дагуу ирүүлэх ёстой 25,454,920.66 төгрөгийг 61,858,856.39 болгон өөрчилсөн баримт”-ууд нь ирээгүй тул хариуцагч тал ямар ч баримтгүйгээр актын холбогдох заалтыг бичсэн гэсэн үг. Нөхөн ногдуулалтын актын Тогтоох хэсэгт “... 96,2 сая төгрөгийн нөхөн татвар” гэсэн дээрх 96,2 сая төгрөг нь хэдэн оны аль төрлийн татварт хамаарч байгаа нь тодорхойгүй байх ба үүнээс шалтгаалан торгууль, алдангийн хэмжээ ч ойлгомжгүйгээс шалтгаалан нэхэмжлэгч тал төлбөрийн хэмжээг бууруулах талаар маргах боломжгүй байсан ба шүүхээс энэ талаар тодруулах ямар нэг ажиллагаа явуулаагүй.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийн холбогдо заалтыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж  шийдвэрлэлээ.

2.1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2.2. Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.Мягмарцэрэн, Л.Заяасүрэн нар ӨМБЦТ ТӨХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт, шалгалт хийж, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн НА-11210000023 дугаар Нөхөн ногдуулалтын актаар Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйл, 29 дүгээр болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 96.214.102.31 төгрөгийн нөхөн татвар, 28.864.231 төгрөгийн торгууль, 10.040.653 төгрөгийн алданги нийт 135.118.986.31 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосныг нэхэмжлэгчээс зарим хэсгийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.

            2.3. Нэхэмжлэгчээс “... 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн НА11210000023 дугаар Нөхөн ногдуулалтын акт-ын 3, 4, 5 буюу НӨАТ-тай холбоотой хэсэгт тэмдэглэгдсэн зөрчлүүдэд холбогдох нөхөн татвар, торгууль, алданги болох нийт 124.414.662.90 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

2.4. Анхан шатны шүүх “... 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн НА-11210000023 дугаар Нөхөн ногдуулалтын акт-ын тэмдэглэх нь хэсгийн 3, 4, 5 (НӨАТ-тай холбоотой) дахь хэсэгт тэмдэглэгдсэн зөрчлүүдэд холбогдох 88.995.125.31 төгрөгийн нөхөн татвар, 26.698.537.59 төгрөгийн торгууль, 8.721.000.00 төгрөгийн алданги, нийт 124.414.662.90 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.  

2.5. Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 3-т “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2019 онд 436.050.000 төгрөгийг ажилчдадаа олгосон орон сууцны хөнгөлөлтийг татвар ногдох орлогоос хасч тооцсон зөрчил”-ийн тухайд, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ӨМБЦТ ТӨХК нь компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/124 дугаар “Орон сууцны хөнгөлөлт олгох тухай тушаалаар нэр бүхий 19 ажилчдад /хүн тус бүрд 22.950.000.00 төгрөг/-ийг ажилчдын худалдан авах/ авсан орон сууцны урьдчилгаанд өгөх төлбөрийн 50 хувийг тус компаниас 100 хувь хөнгөлөх /урьдчилгаа төлбөрийн 50 хувийг 10 жилийн хугацаанд сар бүр 100.000.00 төгрөгөөр тооцон эргэн төлөх нөхцөлтэйгөөр/ нийт 436.050.000.00 төгрөгийг олгосон, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2019 онд 436.050.000.00 төгрөгийн ажилчдад олгосон орон сууцны хөнгөлөлтийг татвар ногдох орлогоос хасч тооцсон, 2020 оны ААНОАТ тайлангаа засварлан 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр татварын нэгдсэн системд илгээсэн, уг тайланд 2020 онд ажилчдад олгосон орон сууцны урьдчилгаанд өгсөн төлбөрийн хөнгөлөлт /нийт 456.540.600,00 төгрөг/-ийг татвар төлөхийн өмнөх ашгийг нэмэгдүүлэх дүнгээр бүртгэн тайлагнасан[1]  үйл баримт тогтоогдсон үүнтэй хэргийн оролцогчид маргаагүй байна.

2.6. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно”, 7.2-т “Энэ хуулийн 5.4-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод албан татвар ногдоно”,

7.3-д “Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно”, 7.3.1-д “үйл ажиллагааны орлого”, 7.3.2-д “хөрөнгийн орлого”, 7.3.3-д “хөрөнгө борлуулсны орлого”, 7.4-д “Албан татвар ногдох орлогын дүнг тодорхойлохдоо албан татвараас чөлөөлөгдсөн орлогыг хасч тооцно”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно” 12.1.4-д “ажиллагчдад олгосон шагнал, урамшуулал, байр, орон сууцны хөлс болон унаа, хоол, түлшний үнийн хөнгөлөлт” гэж тус тус заасан.

2.7. “ӨМБЦТ” ТӨХК нь орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэн тодорхой нөхцөл шаардлагыг хангасан албан хаагчдад орон сууц худалдан авахад нь урьдчилгаа төлбөрийг дэмжлэг болгон олгосон байх бөгөөд урьдчилгаа төлбөрийн 50%-ийг буцааж төлүүлэхээр гэрээ байгуулан цалингаас нь суутгаж, 2020, 2021 онд цалингаас суутгасан орлогыг үйл ажиллагааны бус орлогоор бүртгэн татвар төлсөн байх бөгөөд 2019 онд ажилчдад олгосон орон сууцны урьдчилгаа төлбөрийг албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан зардал гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.1.4-т ажиллагчдад олгосон ... орон сууцны хөлсийг  ... татвар ногдох орлогоос хасч тооцохоор байхад нэхэмжлэгч 2019 онд ажилчдад олгосон орон сууцны хөнгөлөлт дээрх заалтад хамааруулан татвар ногдох орлогоос хасч тайлагнасан нь үндэслэлгүй байна.  

 2.8. Иймд анхан шатны шүүхийн “... ажилчдад олгосон орон сууцны хөнгөлөлт нь дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан хасагдах зардалд хамаарахаар заагаагүй, албан татвар ногдох орлогоо хуульд заасан хугацаандаа зөв тодорхойлж ногдуулаагүй, тайлагнаагүй нь хуульд нийцээгүй” гэж дүгнэж, тус зөрчилд холбогдох 43.605.000.00 төгрөгийн нөхөн татвар, 13.081.500.00 төгрөгийн торгууль, 8.721.000.00 төгрөгийн алданги болох нийт 65.407.500.00 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон Татварын албаны нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

2.9. Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 4-т “Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны 10 дугаар сарын тайланд 899.570.691.4 төгрөгийн борлуулалтын орлого, 773.722.849.39 төгрөгийн худалдан авалт, 12.584.784.2 төгрөгийн татварын ногдуулалттай тайланг системд илгээгээгүй” гэж тэмдэглэгдсэн зөрчлийн тухайд:

Татварын ерөнхий хууль /2008 оны/- ийн 46 дугаар зүйлийн 46.5-д “Тайланг хүлээн авах үед илэрсэн зөрчлийг дараах байдлаар арилгуулна”, 46.5.1-д “дутуу зүйлийг нөхүүлэн хууль ёсны болгон баталгаажуулж, тайланд буй тооцоо, үйлдлийн алдааг татвар төлөгчөөр өөрөөр нь засуулах” гэж, Татварын тайлан хүлээн авах, хянан, нэгтгэл хийх журамд зааснаар 2.6-д ... татвар төлөгч нь тайланг цахим, биечлэн /цаасаар/, баталгаат шуудангаар /цаасаар/ хэлбэрээр ирүүлэхээр ..., 2.7-д ... цахимаар ирүүлэх тохиолдолд уг тайланг ТЦМС-д илгээсэн огноогоор ... ирүүлсэнд тооцохоор ..., 3.6-д Тайлан тушаах хуулиар тогтоосон хугацаанаас хойш алдаатай, буруу илгээсэн тайлангаа залруулах бол энэ тухай албан ёсны хүсэлтийг татварын албанд илгээж, тухайн хүсэлтийг татвар төлөгчдөд үйлчлэх нэгжийн татварын улсын /ахлах/ байцаагч зөвшөөрсөн тохиолдолд залруулсан тайланг дахин илгээнэ, 4.2-т ... цахим хэлбэрээр ирүүлсэн тайланг ТЦМС-д шууд хүлээн авснаар татварын ногдлыг Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан /цаашид "ТБМНС" гэх/-д хөрвүүлэх ба тайлан хүлээн авсан тухай мэдэгдлийг татвар төлөгчид цахим хэлбэрээр нэн даруй мэдэгдэхээр ..., 5.2-т Сар, улирал, жилийн эцсийн тайланд хийх залруулгыг дараа оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд харьяалагдах татварын албанд хийнэ, 8.2-т Сар, улирал, жилийн эцсийн тайланд хийх залруулгыг энэ журмын 5.2-т заасан хугацаанаас хойш хийхийг хориглоно гэж тус тус зааснаас үзэхэд тайланд буй тооцоо үйлдлийн алдаагаа өөрөө засах үүргийг татвар төлөгч хүлээсэн байна.

2.10. Дээрх хууль журмын зохицуулалтуудаас үзвэл татвар төлөгч нь татварын тайланг цахим болон биечлэн цаасаар баталгаат шуудангаар ирүүлэх үүрэгтэй, татварын тайланг хүлээн авах үед зөрчил илэрсэн бол алдааг татвар төлөгчөөр өөрөөр нь засуулах, тайлан тушаах хуулиар тогтоосон хугацаанаас хойш тайлан залруулах тохиолдолд албан ёсны хүсэлтийг татварын албанд илгээх, тухайн нэгжийн ахлах байцаагч зөвшөөрсөн бол залруулсан тайланг илгээх, цахим тайланг татварын цахим мэдээллийн системд шууд хүлээн авснаар ногдлыг татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хөрвүүлэх бөгөөд хүлээн авсан мэдэгдлийг татвар төлөгчид цахим хэлбэрээр нэн даруй мэдэгдэх, татвар төлөгч тайлантай холбоотой залруулга, илэрсэн зөрчлийг татвар төлөгч өөрөө засаж, цахимаар ирүүлэх тохиолдолд уг тайланг татварын цахим системд илгээсэн огноогоор тооцохоор байна.

2.11. Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн үзлэгийн тэмдэглэл, Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлангууд зэргээс үзэхэд “ӨМБЦТ ТӨХК НӨАТ-ын 2018 оны 10 дугаар сарын тайлангаа 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр цахимаар илгээснийг “Шалгуур хангаагүй ТТ-03а/мөр3-ийн шалгуур/ Татвар төлөгчийн тайлагнасан дүн бага байна[2], 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр илгээснийг “Шалгуур хангаагүй ТТ-03а/мөр3-ийн шалгуур/ Татвар төлөгчийн тайлагнасан дүн бага байна[3] гэж, тайланг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр татварын систем хадгалаад, татварын албанд илгээгээгүй /Шинэ/ төлөвтэй болох нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийг тайланг татварын цахим системд залруулсан тайлангаа илгээсэн гэж үзэх үндэслэлгүй.

Иймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана гэж заасныг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгчид 12.584.784.20 төгрөгийн нөхөн татвар, 3.775.435.26 төгрөгийн торгууль нийт 16.360.219.46 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн актын холбогдох хэсэг үндэслэлтэй.

2.12. Татварын ерөнхий хууль /2009 он/-ийн 30 дугаар зүйлийн 30.4-т Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянаж мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ 31 дүгээр зүйлийн 31.1-т Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно, Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам-ын Нэгийн 1.2-т Татвар төлөгч нь татварын тайланг түүний дагалдах мэдээ, тодруулга, тооцоолол, бусад баримт бичиг /цаашид хавсралт мэдээ гэх/-ийн хамт цахимаар тушаах бөгөөд тайлан залруулах, ...алдагдал шилжүүлэн тооцох зэрэг татварын тайлагналтай холбоотой хүсэлтийг татварын албанд цахимаар тушаана, Хоёрын 2.3-т Татварын тайлангийн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг татвар төлөгч өөрөө хариуцна гэж зааснаас үзвэл хариуцагчаас татварын албанд илгээсэн тайлан нь зөрүүтэй, шаардлага хангахгүй байгаа учраас мэдээллийг үнэн зөв, бодитойгоор илгээх, мэдээллийн зөрүүг арилгуулахаар татвар төлөгчид буцаасан, татвар төлөгч тайлан залруулах хүсэлтийг дахин илгээж, хүсэлтийг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

2.13. Иймд анхан шатны шүүхийн “... тухайн тайланг илгээх цаг хугацааны үед Татварын удирдлагын нэгдсэн сан болон цахим тайлангийн системд албан татвар төлөгчөөс тайлан илгээх, засварлах хүсэлттэй холбоотой алдаа гарсан нь тогтоогдохгүй, цахим татварын систем хэрэгжиж буй үед тайлан илгээгээгүйтэй холбоотой мэдээлэл, мэдэгдлийг нэхэмжлэгчид утсаар болон бичгээр /цаасан хэлбэрээр/ хүргүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй …” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, энэхүү зөрчилтэй холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “... татварын тайланг нь хянаад, зөрчил ирүүлсэн талаараа татвар төлөгчид нэг ч удаа мэдэгдэж байгаагүй нь татварын зөрчилгүй явж ирсний нотолгоо юм. Нөгөөтэйгөөр ийнхүү мэдэгдэж байсан бол энэ тухай баримтыг шүүхэд хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хангасан хариуцагч энэ тухай баримтыг мөн гаргаж өгөөгүй ... Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “Татварын алба ... тайланг хянаж ... мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ” гэж заасан үүргээ захиргаа мөн биелүүлээгүй ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

2.14. Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 5-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2019 онд 314.428.385.3 төгрөг, 2020 онд 13.625.025.8 төгрөг нийт 328.053.411.1 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан” гэж тэмдэглэгдсэн зөрчлийн тухайд:

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д "ерөнхий нягтлан бодогч" гэж нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг”, 20.2-т “Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ”, 20.2.12-т “аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлэх” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/260 дугаар тушаалаар батлагдсан Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам-ын Нэгийн 1.2-т “Татвар төлөгч нь татварын тайланг түүний дагалдах мэдээ, тодруулга, тооцоолол, бусад баримт бичиг /цаашид хавсралт мэдээ гэх/-ийн хамт цахимаар тушаах бөгөөд тайлан залруулах, ...алдагдал шилжүүлэн тооцох зэрэг татварын тайлагналтай холбоотой хүсэлтийг татварын албанд цахимаар тушаана”, Хоёрын 2.3-т “Татварын тайлангийн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг татвар төлөгч өөрөө хариуцна” гэж тус тус заасан.

2.15. Хэрэгт авагдсан  баримтаас үзвэл “ӨМБЦТ” ТӨХК нь 2019 онд нийт борлуулалтын орлогоо 18.337.675.744.50 төгрөг гэж тайлагнасан бөгөөд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх орлогоос НӨАТ-ын тайланд тусгагдсан орлого нь 314.428.385.3 төгрөгөөр, 2020 оны нийт борлуулалтын орлогоо 23.853.368.970.0 төгрөг гэж аж ахуйн нэгжийн тайлангаарх орлогоос НӨАТ-ын тайланд тусгагдсан орлого нь 13.625.05.8 төгрөгөөр тус тус дутуу тайлагнасан болох нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн тайлан, “ӨМБЦТ” ТӨХК-ийн 2020 оны санхүүгийн тайлан[4] зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд татвар төлөгч нь татвараа үнэн зөв тайлагнах, зөрүүтэй, дутуу тайлагнасан бол залруулах эрх нь зөвхөн татвар төлөгчид байх ба Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ”, 29.1.3-т “суутгасан татварыг хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд үнэн зөв тайлагнах” үүрэгтэй байна.

Ийнхүү татвар төлөгч хуульд заасан хугацаандаа татвараа үнэн зөв тайлагнаагүй, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн орлогын албан татваруудаа зөрүүтэй тайлагнаж хуулиар хүлээлгэсэн үнэн зөв тайлагнах үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... тайлангуудаа хэрвээ буруу, дутуу илгээсэн бол хэдэн ч удаа хүсэлт явуулж залруулах эрх нь татвар төлөгчид бий ... тайлангаа илээгээгүй байсан бол татварын ногдуулалтыг хийх боломжгүй, жилийн эцсийн төлөлтүүд санхүүгийн тайлантай таарахгүй байсан ...” гэх гомдол үндэслэлгүй байна.

 

2.16. Түүнчлэн, нэхэмжлэгч хуулийн этгээдийн НӨАТ-ын тайланд тусгагдсан орлогыг дутуу тайлагнасан зөрчил нь татвар төлөгч тайлант хугацаан дахь татвараа дутуу тайлагнаснаас үүдэлтэй байх бөгөөд программ шилжсэний улмаас  татварын зөрүү гарсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн “... НӨАТ-ын эцсийн үлдэгдэл 25.454.920.66 төгрөгийн илүү төлөлттэй тайлагнасан дүн 2021 онд татварын хяналт шалгалтын үед 61.858.856.39 төгрөг болж өөрчлөгдөж, 36.403.935.73 төгрөгийн зөрүү гарсан байх бөгөөд нэхэмжлэгч байгууллагаас нийт борлуулалтын орлогоо 2017 онд 8.424.348.560,40 төгрөг, 2018 онд 10.954.049.928.20 төгрөг, 2019 онд 18.337.675.744.50 төгрөг, 2020 онд 23.853.368.970.40 төгрөг гэж тус тус тайлагнасан нь тогтоогдож байх тул Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасны дагуу хариуцагчаас татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан дахь цахим мэдээлэлд тулгуурлан хяналт шалгалт хийн нэхэмжлэгчийг 2019, 2020 онд борлуулалтын орлогоо дутуу тайлагнасан зөрчил гаргасан …” гэх дүгнэлтээр маргаан бүхий актын 5 буюу НӨАТ-тай холбоотой хэсэгт тэмдэглэгдсэн зөрчлүүдэд холбогдох нөхөн татвар 32.805.341.11 төгрөг, торгууль 9.841.60.33 төгрөг нийт 42.646.943.44 төгрөгийг ногдуулсныг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

2.17. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан 2020 оны жилийн эцсийн байдлаар 25.454.920.66 төгрөгийн илүү төлөлттэй байсан ... Гэтэл 2021 оны 09 сард үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл 61.858.856.39 төгрөг болж өөрчлөлт орсон байсан. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү зөрүүтэй байдал хэнээс болоод яагаад үүсчихэв гэдэг нотлох баримтыг хариуцагч талаас удаа дараа шаарддаг боловч нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхээр хариу өгөөгүй, шүүх ч энэ нөхцөл байдлыг тодруулаагүй ...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

2.18. Ийнхүү анхан шатны шүүх эдгээр болон бусад үндэслэлээр хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

3. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Татварын улсын байцаагч нарын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн НА-11210000023 дугаар Нөхөн ногдуулалтын акт-ын тэмдэглэх нь хэсгийн 1, 5 (үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланд холбогдох) дахь хэсэгт тэмдэглэгдсэн зөрчлүүдэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан, анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ШҮҮГЧ                                                 Т.ЭНХМАА

 

                     ШҮҮГЧ                                                 Э.ЛХАГВАСҮРЭН

 

                     ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ

 

 

 

[1] 1-р хх 107-р талд

[2] 3-р хх 44-45-р талд

[3] 3-р хх 46-47 талд

[4] ХХ-1-ийн 98-106, 146-193, 231-233, ХХ-2-ийн 61-67, 86-89 дүгээр талд