| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2021/0081/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/91 |
| Огноо | 2021-06-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Э |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/91
2021 оны 06 сарын 15 өдөр Дугаар 2021/ШЦТ/91 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор: Б.Энхмэнд,
Шүүгдэгч: Н.У /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэндээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Уд холбогдох 2129001330080 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.У нь 2020 оны 08 дугаар сарын 29-ний шөнө 23 цаг 50 минутын орчимд Өмнөговь аймаг Ханбогд сумын төвд байрлах Саруул төвийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Сайнжаргалыг духан тус газар нь чулуугаар цохилоо гэж Ч.Сүхбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.У мэдүүлэхдээ: “8 сарын 29-ний орой 11 цаг 30 минутын орчимд Саруул төв хаагаад гарч явцгааж байсан. Тэгээд би түрүүлж гараад халуун усны хажууд хүнтэй уулзаад зогсож байсан. Эргээд харахад манай хамт явж байсан найз Сайнжаргалыг нэг танихгүй хүн цохиж байсан. Тэгээд би очоод нөгөө цохиж байсан хүнийг нь түлхэж унагаагаад Сайнжаргалыг аваад эндээс явъя гээд салаад явсан чинь нөгөө талын хүмүүсээс намхан залуу ирээд бид нартай наалдаад ерөөсөө салж үхэхгүй байсан. Нөгөө хамт явж байсан хүмүүс нь намхан залуугаа дагаж ирээд сөргөцөлдөөд болохгүй байсан. Энэ үйлд явц 2-3 удаа давтагдсан. Тэгээд Адилаа эгч гарч ирж бид нарыг загнаад бид нар салаад явж байсан чинь Алтаншагай гэх манай найз нөгөө талын хүмүүс халуун усны гадаа зодуулаад байж байсан. Тэгээд бид нар гялс очиж салгаж авсан чинь эргээд чулуугаар шийдүүлсэн. Тэгээд Сайнжаргалыг хохирогч Сүхбат чулуу шидээд ухаан алдуулсан. Тэгээд Сайнжаргалыг ойртоод авах гэсэн чинь ойртож чадахгүй болохоор нь би Сүхбатыг 2-3 удаа цохиод Сайнжаргалыг аваад явсан” гэв.
Хохирогч Ч.Сүхбатын: “...гадаа гараад салхинд цохиулаад ухаанаа алдсан нэг мэдсэн намайг хүн зодоод байх шиг болсон би яг хэнд зодуулснаа мэдэхгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-н 17-18-р хуудаст/,
Н.Уийн гэрчээр: “...удалгүй Сайнжаргал газар унасан нөгөө залуу дээр гараад суусан цохиж байхаар нь би гүйж очоод зүүн ар хэсэг рүү нь тийрээд цааш нь унагаасан чинь намхан залуу над дээр ирээд хувцаснаас зуурахаар нь чи цаашаа байг гээд түлхэж унагаасан. Тэр залуу шал согтуу байсан. ...тухайн үед Сайнжаргал чулуугаар цохиулаад газар унасаны дараа би гүйж очоод тэр чулуугаар цохисон залуугийн нүүрэнд 3-4 удаа гараараа цохиж, нуруу руу нь тийрч унагаасан. Тухайн үед би айж сандраад юу болсон талаар сайн санахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-н 19-23-р хуудаст/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 495 дугаартай “1. Ч.Сүхбатын биед баруун, зүүн нүдний зовхи, баруун шуу, эгэм, доод уруулын салстад цус хуралт, дух, хамар цээж, зүүн мөр, хүзүү, нуруу, баруун шуу, ташаа, зүүн шуу тохой, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 45-46-р хуудаст/,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт гэх мэдүүлэг /хх-н 6-11-р хуудаст/,
Яллагдагч Н.Уийн: “...би модны доор сууж байгаад Сайнжаргалыг чулуугаар цохиж унагаасан цээжиндээ шивээстэй залууг нүүр хэсэгт нь 3-н удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-н 52-54-р хуудаст/,
Шүүгдэгч Н.Уийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 57-60-р хуудаст/,
Н.Уийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 56-р хуудаст/,
Н.Уийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 62-84, 103-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Уд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Н.У нь 2020 оны 08 дугаар сарын 29-ний шөнө 23 цаг 50 минутын орчимд Өмнөговь аймаг Ханбогд сумын төвд байрлах Саруул төвийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Сайнжаргалыг духан тус газар нь чулуугаар цохилоо гэж Ч.Сүхбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь үйл баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.У нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Уийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Сүхбатын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Н.У нь хохирогч Ч.Сүхбатын толгой, нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.У нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Сүхбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Ч.Сүхбатын биед хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 495 дугаартай “1. Ч.Сүхбатын биед баруун, зүүн нүдний зовхи, баруун шуу, эгэм, доод уруулын салстад цус хуралт, дух, хамар цээж, зүүн мөр, хүзүү, нуруу, баруун шуу, ташаа, зүүн шуу тохой, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 45-46-р хуудаст/ болон бусад баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгчээс эмчилгээний зардалд 176,026 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн ба эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангажээ. /хх-ийн 87-97 дугаар хуудас/
Шүүгдэгчээс хохирогчид 200,000 төгрөгийг төлсөн нь мөнгөн шилжүүлгийн баримт болон шүүгдэгчийн тайлбараар тогтоогдсон байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзлээ. /хх-ийн 103 дугаар хуудаст/
Иймд шүүгдэгч Н.Уг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.У нь хохирогч Ч.Сүхбатын эмчилгээний зардалд 200,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ч.Сүхбат нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “... хохирол төлбөрт түүнээс 200,000 төгрөг авсан бөгөөд цаашид хохирол төлбөр нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол саналгүй” гэж мэдүүлсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Н.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.У нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 56-р хуудас/,
Улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Уд 600 /зургаан зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.У нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Уийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Уд 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.Уд нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Н.Уд нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Сүхбатад 200,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ч.Сүхбат нь гомдол санал байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Ч.Сүхбат нь цаашид гарах бусад зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Ууганцэрэнгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ