Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар  2021/ШЦТ/324

 

 

 

 

 

 

 

  2021           05           17                                      2021/ШЦТ/324

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч С.Оюунчимэг, Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Э.Билэгт,

нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

            улсын яллагч М.Отгонбаатар,

            шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт Ц.А холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109000000205 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 01-нд Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, хүргэн, түүний гэр бүлийн хамт тоотод түр оршин суудаг,

1995 оны 7 дугаар сарын 26-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

1996 оны 02 дугаар сарын 08-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 11 сарын хугацаагаар хорих ялаар,

1997 оны 07 дугаар сарын 31-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

1998 оны 02 дугаар сарын 09-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

2002 оны 11 дүгээр сарын 08-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар,

2006 оны 03 дугаар сарын 14-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,

2007 оны 04 дүгээр сарын 26-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

2016 оны 09 дүгээр сарын 16-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2018 оны 03 дугаар сарын 12-нд хорих ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигон овогт Ц.А /регистрийн дугаар /,

 

         Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.А нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 45-5 тоотод байрлах М.Одбаатарын гэрт, Г.Түмэнбаяртай “айлын гэрт шээлээ” гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний цээжний баруун талд хутгаар хутгалж Г.Түмэнбаярын биед цээжний баруун талд цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн баруун уушгины доод дэлбэн гэмтээсэн шарх, цээжний баруун хөндий дэх хий, цус хуралдалт” бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Одбаатарын найз гэх залуу Одбаатарын зуухны урд тосгуур руу шээгээд зогсож байсан юм. Энэ үед би тухайн залууд хандаж чи яагаад айлын гэрт шээж байгаа юм айл гэрийн гал голомт чи айл хүндэлсэнгүй гэж хэлэхэд тэр залуу чамд ямар хамаатай юм гэж хэлээд бид хоёр маргалдаад би тухайн залууг түлхэхэд тэр залуу миний цээж орчим гараараа 2-3 удаа цохисон юм. Ингээд би гал тогооны өрөө хэсэгт орсон бөгөөд гал тогооны ширээний дэрээ шар иштэй хутга байхаар нь би тухайн хутгийг аваад Одбаатарын гал руу шээсэн залууг айлгах гээд тухайн залуу дээр очоод гараараа 2-3 удаа савахад нэг савалт нь тухайн залууг хатгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-14/,

 

Хохирогч Г.Түмэнбаярын “...Би Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 45-05 тоотод найз Одбаатар, Оюунчимэгийн гэрт 2021 оны 01 дүгээр сарын 14-өөс хойш хоносон юм. Өчигдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр найз Одбаатар, эхнэр нь Оюунчимэг хашаа байшингийн эзэн Адъяа, Одбаатарын эхнэрийн найз Ариунаа, Золзаяа өөр нэг залуу байсан бөгөөд бид нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн юм. Ингээд уугаад хоорондоо юм яриад сууж байсан бөгөөд би нэг мэдсэн тэнд байсан нэг залуутай маргалдаж байсан ба миний баруун хөхний орчимд нойт оргиод цус гарсан би эмнэлэг дуудуулсан... яаралтай тусламж ирэхэд тэнд байсан хүмүүс тухайн залуу намайг хутгалаад зугтаасан талаар ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,

 

Гэрч Б.Золзаяагийн "...2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр найз Б.Оюунчимэгийн гэрт ирсэн. Намайг ирэхэд Ариунаа, Одбаатар, Түмэнбаяр, Оюунчимэг өөр хоёр залуу байсан. Ингээд бид нар нийлж архи уусан юм. ...би орой хоол хийгээд тухайн хоолоо аягалж өгөх гээд байж байхад хоорондоо хэрэлдэх чимээ гарсан. Би яваад очиход Түмэнбаяр Бороо гэх залуутай маргалдаад байж байсан ба Бороо Түмэнбаярыг чи айлын гал голомт руу шээлээ хүндэлсэнгүй хэн болчхоод айлын гал голомт руу шээдэг юм гэж маргалдаж байсан, би харахад галын өмнө угаадасны хувин байсан ба гадуур нь шээсэн байсан би тэгээд тухайн орчмыг цэвэрлэх гэж байхад Бороо гэх залуу тухайн өрөөнөөс гараад гал тогооны хэсэг үүд рүү орсон. Энэ үед Бороо Түмэнбаяр хоёр хоёр талаас шорон яриад чи зайсангийнх би шоронгийнх гээд маргалдаад Түмэнбаяр Бороог шоронгийн банди минь гэх мэтээр хэлээд байсан. Ингээд байж байтал Бороо буцаж орж ирсэн ба гартаа гал тогооны өрөөнд байсан шар иштэй хутга барьчихсан байсан. Тэгээд шууд Түмэнбаярын далны доод хэсэгт хутгатай гараараа далайж цохиод шууд буцаад гараад гүйсэн... шар иштэй Оюунчимэгийн гал тогооны өрөөнд байсан хутга байсан. Тухайн хутгийг хайгаад олоогүй Бороо өөрөө аваад зугтсан байх.." гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

 

Гэрч С.Бибигүлийн "...Би найз Оюунчимэг нөхөр Одбаатар болон найз Золзаяа, Түмэнбаяр, Бороо бид нар архи уусан. Миний бие халуураад хэвтэж байтал Түмэнбаяр зуухны урд түмпэн тавьчихсан шээж байгаад гадуур нь шээгээд хэрүүл маргаан болсон юм. Би өрөөндөө хэвтэж байтал Золзаяа намайг дуудаад Түмээ цус алдаад байна гэхээр нь босож очоод хартал Түмээгээс цус гарсан байсан. Тэгээд түргэн дуудсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

 

Гэрч М.Одбаатарын "...2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай гэрт манай найз Ариунбаатар, Адъяа, Ариунаа, Золзаяа манай эхнэр Оюунчимэг, Түмэнбаяр бид нар байж байхад Бороо гэх залуу гаднаас орж ирсэн. Ингээд бид нар нийлж архи уусан юм. Тухайн үед бид нар бараг 5-н шил архи уугаад бүгд муудаж би толгой өвдөөд халуураад хэвтэж байхад нэг хүн ёооё гээд байхаар нь босоод яасан бэ гэхэд Түмэнбаяр танайд ирсэн тэр залуу намайг хутгалчихлаа гэж хэлсэн ба цамц нь цус болчихсон сууж байсан... манайд нэг шар иштэй хутга байсан тэр хутга байхгүй байна. Тэр шар иштэй хутгаар хутгалсан юм шиг байна лээ..." /хх-ийн 36-37/,

 

Гэрч Б.Оюунчимэгийн “... 10 цагийн үед Бороо гэх залуу гаднаас орж ирсэн. Ингээд бид нар нийлж архи уусан. Бид нар архи ууж байхад 14 цагийн үед Одбаатарын найз Адъяа машин авч ирж өгөөд удалгүй явсан. Ариунбаатар орой ирсэн санагдаж байна. Тэгээд бид нар архи уугаад согтоцгоож орой болсон юм. Би орой хэдэн цагийн үед мэдэхгүй байна би гэрээс гараад хойд айлын гэрт орчхоод буцаад ирэхэд Түмэнбаярын баруун хавирганы дээд орчмоос цус гарчихсан амьсгалахад цус шүүрээд байсан. Би яасан юм бэ гэж асуухад Түмэнбаяр галын урд байсан хувинд шээгээд тэрнээс болж Бороотой маргалдаад Бороо хутгалчхаад зугтчихлаа гэж Золзаяа хэлж байсан... манайд байсан шар бор иштэй хутга юм шиг байна лээ. Манай тэр хутга байхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №951 тоот актын “…Г.Түмэнбаярын биед цээжний баруун талд цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн баруун уушгины доод дэлбэн гэмтээсэн шарх, цээжний баруун хөндий дэх хий, цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. ...Дээр гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ…” гэсэн дүгнэлт /хх-28/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-74/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-79/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-78/, хувийн байдалтай холбоотой баримт /хх-80-103, 105-107/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-109-111/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ц.А нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 45-5 тоотод байрлах М.Одбаатарын гэрт, Г.Түмэнбаяртай “айлын гэрт шээлээ” гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний цээжний баруун талд хутгалж, Г.Түмэнбаярын биед цээжний баруун талд цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн баруун уушгины доод дэлбэн гэмтээсэн шарх, цээжний баруун хөндий дэх хий, цус хуралдалт” бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Г.Түмэнбаяр, гэрч Б.Золзаяа, С.Бибигүл, М.Одбаатар, Б.Оюунчимэг нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №951 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ц.А –ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар хэлэлцэж, шинжлэн судалсан бичгийн бусад баримтууд нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Ц.А –ын хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогч Г.Түмэнбаярын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.А –ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.А –ын дээрх үйлдлийн улмаас хохирогч Г.Түмэнбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж баримтаар 377.634 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ц.А нь бүрэн  төлж барагдуулсан, мөн хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.А-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.А-ыг дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогчид учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, мөн түүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж, шүүгдэгч Ц.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж, оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.А –ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.А –ыг 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч Ц.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтын хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, ялтан Ц.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.БОЛДБААТАР

 

                                           ШҮҮГЧИД                                    С.ОЮУНЧИМЭГ

 

                                                                                                Д.АЗЖАРГАЛ