| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2021/0108/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/332 |
| Огноо | 2021-05-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/332
2021 5 19 2021/ШЦТ/332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч С.Эрдэнэтуяа,
хохирогч Д.Баяржаргал, А.Чанцалнямаа,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч К.Манлай нарыг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009005841468 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, нөхөр 2 хүүхдийн хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Д.Б /регистрийн дугаар /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр иргэн А.Чанцалнямааг “биткойн худалдан авч мөнгийг чинь 2 дахин үржүүлж өгнө” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 5.000.000 төгрөгийг Хаан банкны 5862....... тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
мөн цахим орчинд “Ванкойне хямд зарна” гэх зар байршуулж, зарын дагуу холбогдсон иргэн Д.Баяржаргалыг “том аккуанттай багц нээх” гэж байна хэмээн итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 23.000.000 төгрөгийг бэлнээр болон өөрийн хаан банкны 5862026283 тоот дансаар шилжүүлэн авч залилсны улмаас бусдад нийт 28.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Би цахим мөнгө гэх зүйлийг өөрөө гүйцэт ойлгоогүй байж ванкойн нь 4 жилийн хугацаанд нэг ч аккаунтаас бүрэн гүйцэт шилждэг зүйл биш гэдгийг мэдсээр байж койн зарсан. Биткойны хувьд тухайн үед ханш унаснаас болоод маш их алдагдлыг хүлээсэн. Ганц А.Чанцалнямаа, Д.Баяржаргал биш 10 гаруй хүний хохирлыг барагдуулаад 3 жил 7 сарын хугацаа өнгөрч байна. Миний буруу...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулаагүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-203-204/,
Хохирогч Д.Баяржаргал шүүхийн хэлэлцүүлэгт “…Анх 2018 оны 12 дугаар сард фейсбүүк группт Д.Б ийн ванкойне зоос хямд зарна гэж тавьсан зарыг харсан. Доор нь комментоор маш олон хүн сонирхсон байсан. Д.Б-тэй уулзаад аккоунтыг дагаж ирдэг тэр зоосыг авахаар ярилцсан. Би 12 дугаар сарын 30-ны өдрөөс 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Д.Б тэй ярилцаад нийт 23.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Түүнээс хойш өнөө маргаашгүй орлоо гэж надад хэлээд сүүлдээ утсаа авахаа больсон. Надад 1.200.000 төгрөгөөр 1 удаа, 200.000 төгрөгөөр 1 удаа гээд нийт 1.400.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 21.600.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэв.
түүний хохирогчоор өгсөн: “...Д.Баяржаргалын 2018 оны 12 дугаар сард Д.Б гэсэн хаягаас ванкойне зоос хямд зарна гээд 8084....... гэсэн дугаар тавьсан байсан тэгээд зарын дагуу холбогдоход 1 ширхэг зоосыг 280 төгрөгт зарна гэсэн тэгээд тухайн эмэгтэйтэй ярилцаад 23.000.000 төгрөгт зоос худалдаж авахаар болсон. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Д.Б гэж хүнтэй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр дэлгүүрийн ойролцоо уулзаад үнэ ханшаа тохироод эхлээд ван койны аккуант нээнэ урьдчидаа 1.500.000 төгрөг бэлнээр Д.Б-д өгөөд салсан. Тэгтэл 2, 3 цагийн дараа эргэж залгаад 2.000.000 төгрөг нэмээд шилжүүлчих тэгэх юм бол том багцтай аккуант нээх гээд байна гэсэн.Тэгэхээр нь өөрийн 5023......... гэсэн данснаас Д.Б-ийн ........... гэсэн данс руу 2.000.000 төгрөг шилжүүлэхэд хаяг нээчхээд оны дараа уулзъя гээд утсаа салгасан. Тэгээд он гараад 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр холбогдоход одоо авах койныхоо мөнгийг шилжүүлээрэй гэсэн мөн өөрийн данснаас 19.500.000 төгрөг шилжүүлэхэд маргааш аккуант чин нээгдээд дансанд чин мөнгө зоос чин ороод ирнэ гэсэн. Тэгээд маргааш орой нь Д.Б рүү залгахад удахгүй шилжүүлэг хийгдэнэ гэх зэргээр ярьсаар өнөөдрийг хүрч байна…” гэсэн мэдүүлэг /хх-30-35/,
Хохирогч А.Чанцалнямаа шүүхийн хэлэлцүүлэгт “…Д.Б нь 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр надаас 5.000.000 төгрөг авсан. Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас шууд цалингийн зээл нэмж аваад мөнгө өгсөн. Урьд өдөр нь дүүтэйгээ ярьтал манай найз хүмүүстэй групп болгочихно гэсэн гээд өмнөх хүмүүсийнхээ мөнгийг өгөөд залилан маягаар яваад байна. 10 гаруй хүний мөнгийг авсан бөгөөд та нарт сар бүр урамшуулал өгч байна гэсэн. Таньдаг дүү маань манай найз ноогдол ашиг өгч байна, 6 сарын дараа 2 нугалаад өгнө гэсэн. Би банкнаас аваад 20-30 минутын дотор л мөнгөө шилжүүлсэн. 6 сарын дараа цалингаа зээлээ дарчихна гэж бодоод дүүдээ найдаж мөнгө өгсөн. Тэрний дараа ноогдол ашгаа өгч байгаад, хамгийн сүүлд намайг авсны дараа хүмүүстээ ноогдол ашиг гэж мөнгө өгөхөө больсон. Мөнгөө нэхэж хэд хэдэн удаа утсаар ярьсан, нэг л удаа гэрт нь очиж уулзсан. Гэрт нь очиж уулзахад компьютер гаргаж ирээд койн зарах гэж байна, одоо би ванкойне зарах гэж байна гэдэг. Мэдсээр байж хүмүүсийг удаа дараа залилсан. Надад 1.250.000 төгрөгийг өгсөн бөгөөд 3.750.000 төгрөг үлдсэн. Би банкнаас мөнгө зээлээд 2 жил гаруй хугацаанд 7.000.000 гаруй төгрөгийг төлөөд явж байгаа. Гэхдээ одоо 5.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
түүний хохирогчоор өгсөн: “...Би анх өөрийн Буянжаргал гэх дүүгээс биткойны талаар сонсоод сар болгон ноогдол ашиг авдаг 6 сарын дараа үндсэн мөнгийг чин 2 дахин үржүүлж өгнө гэж хэлсний дагуу биткойн худалдаж авахаар болсон. Манай дүү Буянжаргал манай найз гэхээр нь итгээд 2019 оны 06 дугаар сарын 29ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Д.Б гэх эмэгтэйн хаан банкны данс руу 5.000.0000 төгрөг шилжүүлсэн. Над руу хуурамчаар емайлээр гэрээ явуулсан боловч нуугдаж харагдаад алга болсон. Авч өгнө гэсэн биткойноо авч өгөөгүй. ...2018 оны 06 дугаар сарын 29- ний өдөр Д.Б гэх хүнд 5.000.000 төгрөг өгсөн нь үнэн. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлэг өгөхдөө 2019 оныг андуурч 2019 он гэж мэдүүлсэн байна. Зээлсэн мөнгөний хүүг одоо хүртэл төлж байгаа болохоор Д.Б-ийн 2-3 удаа өгсөн мөнгийг 5.000.000 төгрөгөөс хасаж бодохгүй…” гэсэн мэдүүлэг /хх-136-137, 194/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-50/, “Төрийн банк”-ны дансны хуулга /хх-65-66/, “Хаан” банкны дансны хуулга /хх-90/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-50/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-197-199/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр иргэн А.Чанцалнямааг “биткойн худалдан авч мөнгийг чинь 2 дахин үржүүлж өгнө” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 5.000.000 төгрөгийг Хаан банкны 5862............. тоот дансаар шилжүүлэн авч залилсан, мөн цахим орчинд “Ванкойне хямд зарна” гэх зар байршуулж, зарын дагуу холбогдсон иргэн Д.Баяржаргалыг “том аккуанттай багц нээх” гэж байна хэмээн итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 23.000.000 төгрөгийг бэлнээр болон өөрийн хаан банкны 5862............. тоот дансаар шилжүүлэн авч залилсны улмаас бусдад нийт 28.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Д.Баяржаргал, А.Чанцалдулам нарын мэдүүлэг, хохирогч нарын “ХААН” банк, “Төрийн банк”-ны дансны хуулгууд, шүүгдэгч Д.Б-ийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Д.Б-ийн дээрх үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүний үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Б-ийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.Баяржаргалд 23.000.000 төгрөг, А.Чанцалнямаад 5.000.000 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс хохирогч А.Чанцалнямаад 1.250.000 төгрөгийг, хохирогч Д.Баяржаргалд 1.400.000 төгрөгийг тус тус төлсөн байна.
Иймд шүүгдэгч Д.Б-ээс нийт 25.350.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Баяржаргалд 21.600.000 төгрөг, А.Чанцалнямаад 3.750.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэв.
Харин хохирогч А.Чанцалнямаа нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлоо гэм буруутай этгээдээс иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б-ийн дээрх үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Д.Б-ийн хувийн байдлыг харгалзан түүний эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүх шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч нь завсарлага авсан хугацаанд хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Б-ээс нийт 25.350.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Баяржаргал / /-д 21.600.000 төгрөг, А.Чанцалнямаа /РД: /-д 3.750.000 төгрөгийг тус тус олгосугай.
5.Хохирогч А.Чанцалнямаа нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлоо гэм буруутай этгээдээс иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БОЛДБААТАР