| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2021/0084/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/95 |
| Огноо | 2021-06-23 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/95
2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дугаар 2021ШЦТ/95 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,
Шүүгдэгч: А.Э /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Эд холбогдох эрүүгийн 2129001300087 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
А.Э нь “ Мэнд ирмүүн тулга” ХХК-аас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Таван толгойн уурхайгаас Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад чиглэлд нүүрс тээвэрлүүлэхээр итгэмжлэн хариуцуулан өгсөн 70-90 ӨМЭ улсын дугаартай, Нордбенз маркийн тээврийн хэрэгслээс 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 2 ширхэг дугуй завшиж бусдад 1 360 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Эд холбогдох эрүүгийн 2129001300087 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв тул дахиж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв:
Хохирогч С.Буянбаатарын: Манай компанийн эзэмшлийн 70-90 ӨМЭ улсын дугаартай норд бенз маркийн тээврийн хэрэгслийн А.Э гэх залуу 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ханбогд сумын Цагаан хад гэх газраас хүлээн авч Таван толгой уурхайгаас Цагаан хадны чиглэлд нүүрс тээвэр хийхээр ажилд гарсан. Тэгээд А.Э нь ажлаа хийж байгаад 04 дүгээр сарын 06-ны өдрөөс гэрээ зогсоход манай компаниас Эг “70-90 ӨМЭ улсын дугаартай авто машиныг кемп дээр байрлуулж орхи” гэж хэлэхэд “манай эхнэр ирчихсэн байгаа юм. Очих газар таньдаг хүн байхгүй эхнэртэй гэрээ олтол машиндаа амьдраад, машинаа хариуцаад байж байя” хэмээн хэлсэн”., “...манай компаниас өнөөдөр буюу 04 дүгээр сарын 27-ны өдөр Эээс машинаа авах гэж ирэхэд 70-90 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 2 ширхэг дугуй алдагдсан, жолоочийн эсрэг талын цонх хагарсан, дохионы речак хугарсан байдалтай байсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон.” Гэх мэдүүлэг /хх-н 25-27-р/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч “Мэнд ирмүүн тулга ” ХХК-ийн Ю.Отгонбаатарын өгсөн “...Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 24-ны орой намайг унтах гээд хэвтэж байхад Э ирээд дугуйныхаа дорцоов лоомыг өгөөч дугуй тайлах гэсэн юм гээд Мөнхбаяр гэх жолоочтой явж байсан тэгэхээр би дорцоов, лоомоо өгөөд явуулсан.”, “... тэгээд намайг “чи боломж байвал дугуй засвар дуудаад миний 2 дугуй авааччихаач би 400,000 төгрөгөөр зармаар байна” гэсэн. Тэгэхээр би компанийнхаа нэг жолоочоос “Э ингэж байна яах уу” гэж асуухад “нэг компани юм чинь хэрэг болсон мөнгийг нь өгөөд дугуйг нь аваад хадгалчихгүй юу” гэсэн. Тэгээд би Энхтүвшинд “би сар бүрийн 2-ны өдөр зээ төлдөг юм аа тэр мөнгө болох 600,000 төгрөг л байна чамд яаг хэдэн төгрөг хэрэгтэй байгаан” гэж асуухад Э “600,000 төгрөг болно” гэсэн. Тэгээд дугуй засварын хүнд 100.000 төгрөг өгөөд дугуйгаа тайлуулаад надаас дансаар 500.000 төгрөг аваад 2 дугуйгаа надад аваачиж өгөөд Цогтцэций сум орно гээд явсан.” Гэх мэдүүлэг /хх-н 35-36/,
-“Хас үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 122 дугаартай дүгнэлт /хх-44/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч А.Эийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 52-52-р хуудас/
Шүүгдэгч А.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа,хх-56 68/
Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 65-66-р хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 67-р хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-68-хуудас/,
Төрийн банк, Капитрон банк Голомт банкнуудад данс эзэшдэггүй тухай албан тоот /хх-н 70-72/
Хаан банкны дансны хуулга /хх-н 73-82-р хуудас,/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч А.Э нь “ Мэнд ирмүүн тулга” ХХК-аас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Таван толгойн уурхайгаас Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад чиглэлд нүүрс тээвэрлүүлэхээр итгэмжлэн хариуцуулан өгсөн 70-90 ӨМЭ улсын дугаартай, Нордбенз маркийн тээврийн хэрэгслээс 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 2 ширхэг дугуй завшиж бусдад 1.360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч А.Эий өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум цагаан хад гэх газраас “мэнд ирмүүн тулга” ХХК-ний 70-90 ӨМЭ улсын дугаартай норд бенз маркийн тээврийн хэрэгслийг нүүрс тээвэр хийхээр хүлээн авч тээвэрт ярьсан. Тэгээд 04 дүгээр сарын 06-ны өдрөөс гэрээ зогсож таван толгой уурхай амны ойролцоо би машиндаа эхнэрийнхээ хамтаар гэгээ орохыг хүлээж байрлуулсан. Тухайн үед би компанийн хүмүүст Цогтцэций суманд таних хүн байхгүй эхнэртэйгээ хамт машинаа хараад гэгээ ортол байрлаж байя гэж хэлээд машиндаа байрласан. Тэгээд би 04 дүгээр сарын 23-ны өдөр архи уугаад эхнэртэйгээ хоорондоо маргалдаж улмаар машиныхаа баруун талын шил рүү гар утсаа шидээд хагалчихсан. Тэгээд манай эхнэр уурандаа надаас салаад Цагаан хад руу явчихсан. Би машиндаа үлдээд маргааш нь буюу 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөнгөгүй байсан учраас машины хоёр шинэ дугуйг Отгонбаатар гэж таньдаг компанийнхаа жолоочид 500,000 төгрөгөөр зарчихаад машинаа Таван толгой уурхайн амны орчимд үлдээгээд Цогтцэций сумын төвд 04 дүгээр сарын 25-ний өдөр ирээд Өгөөмөр нэртэй буудалд 3 хоносон. гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрэн үндэслэлтэй гэж үзэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор С.Буянбаатарыг хохирогч, хууль ёсны төлөөлөгчөөр, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор Ю.Оюунбаатарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна
Хохирогч Ю.Отгонбаатар нь ...”Эээс 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Отгонбаатар миний дансанд 500 000 төгрөг орж ирсэн тул надад хохирол, санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-н 86-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Буянбаатар:...”Э миний хохирол төлбөрийг барагдуулсан тул гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-н84-р хуудас/
Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч “Мэнд ирмүүн тулга” ХХК нь шүүгдэгч А.Э бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
А.Э нь “ Мэнд ирмүүн тулга” ХХК-аас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Таван толгойн уурхайгаас Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад чиглэлд нүүрс тээвэрлүүлэхээр итгэмжлэн хариуцуулан өгсөн 70-90 ӨМЭ улсын дугаартай, Нордбенз маркийн тээврийн хэрэгслээс 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 2 ширхэг дугуй завшиж бусдад 1 360 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хуульд зааснаар хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.Э нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1,38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд нь оногдуулсан 2 700 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А. Э нь хохирогч, иргэний нэхэмжлэгч “Мэнд ирмүүн тулга” ХХК хохирол болох 700,000 төлсөн гомдол саналгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь унжиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА