Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 549

 

    Н.Г, Б.М нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор С.Цэрэндалай,

            шүүгдэгч Н.Г-н өмгөөлөгч Д.Март,

шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Цэрэндалайгийн бичсэн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Н.Г, Б.М нарт холбогдох 201701080185 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. С овгийн Н-н Г, 19... оны .. дугаар сарын ...-ны өдөр ........ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ....... дүүргийн 13 дугаар хороо, ........ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ...... дүүрэг, ......... дугаар хороо, ........ амралтын газарт түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........./;

2. А овгийн Б-н М, 19.. оны .. дүгээр сарын 4-ний өдөр ......... суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ...... дүүргийн .. дүгээр хороо, ....... дүгээр гудамжны 5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..../;

Н.Г, Б.М нар нь бүлэглэн “Мустанг-5” загварын мотоцикл ашиглан, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэнхэр нуга” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж тамхи, гоймон, талх, ундаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн хулгайлж, 1.639.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Н.Г, Б.М нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Г, Б.М нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан, шүүгдэгч Б.Г, Б.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг шүүгдэгч Н.Г, Б.М нарт анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хяналтын прокурорын 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хураан авах тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй “Мустанг” загварын мотоциклийг Н.Г-т буцаан олгох, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Н.Г, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

  Прокурор С.Цэрэндалай бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Н.Г, Б.М нарт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ...зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, ...гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” журмыг тухайн шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хэрэглэх боломжтой байна. Шүүгдэгч Н.Г, Б.М нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ...” гэв.

  шүүгдэгч Н.Г-н өмгөөлөгч Д.Март тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд тайлбаргүй” гэв.

шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн. Прокурор шүүх хуралдаанд эсэргүүцлээ тайлбарлахдаа шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж хэлж байна. Шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг нь дээрдүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

                                                                ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Н.Г, Б.М нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Г, Б.М нарыг бүлэглэн, “Мустанг-5” загварын мотоцикл ашиглан “Цэнхэр нуга” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж, хүнсний бүтээгдэхүүн хулгайлж, нийт 1.639.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэгт...” тооцохоор, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, ... нөхөн төлөхөө илэрхийлсэн бол... тэнсэж болно...”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан... хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн...бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” байхаар тус тус хуульчилжээ.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд багтаж байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлаж, шүүгдэгч тус бүрт ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.