Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2019/00030

 

Д ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01319 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1740 дүгээр магадлалтай,

  Д ын нэхэмжлэлтэй,

          Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байгаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2017 оны 01 сарын 03-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажлаасаа үндэслэлгүй халагдсан бөгөөд шүүхэд хандсаны үндсэн дээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 31-ний өдрийн 425 дугаартай шийдвэрээр намайг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 01 сарын 03-ны өдрөөс 2017 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,469,224 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн 2017 оны 11 сарын 06-ны өдрийн 441 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Өнөөдрийн байдлаар хариуцагч нь намайг ажилд аваагүй, тэтгэмжийг олгоогүй байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 06 сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тайлбарт: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгч хэтрүүлж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхээс шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэдгийг тогтоосон бөгөөд энэ хугацаанаас эхлэн 3 сарын дотор нэхэмжлэх ёстой байсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                               

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01319 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 14,273,829 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, Д ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д ын гомдол нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 201,359 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Д ад олгож, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 229,319 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

                                               

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1740 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01319 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндоржийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/01319 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1740 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь хэсэг, итгэмжлэлээр олгогдсон эрхийнхээ дагуу гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь уг хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Д ын гомдлыг Улсын дээд шүүх 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэж 441 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн болно. Энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдрөөс нэхэмжлэгч эрхээ зөрчсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдөр гэж үзнэ. Нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан хугацааг өөрөөр тогтоохтой холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байсан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговрыг нэмж шаардаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Энэ хугацааг зогссон болон тасалдсантай холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно. Шүүх нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин хөлсийг тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчиж, ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцсон нь хуульд нийцээгүй. Мөн дундаж цалин тооцох аргачлал нь Захиргааны ерөнхий хуульд нийцээгүй журам юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн цалин хөлс гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Д  нь хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,650,593.00 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацаа нь өнгөрсөн тул шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар Д ыг Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргаснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 425 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 610 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 441 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,469,224.00 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дээрх шийдвэрт 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2/3642, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2/6255, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2/7809 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагч байгууллагад мэдэгдэж байсан боловч хариуцагчийг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй байна.

 

Иймээс нэхэмжлэгчийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны  шүүхийн  дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан үүргийг хариуцагч нь биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл тооцжээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нэхэмжлэгч Д ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 14,273,829.00  төгрөг  гаргуулж, мөн хуулийн 46 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Зохигчдын хооронд үүссэн маргааныг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01319 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1740 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.           

2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.ЗОЛЗАЯА

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН