Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/86

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц ургийн овогт Ц-гийн Б-т холбогдох эрүүгийн 2135000000089 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Ц ургийн овогт Ц-гийн Б, 2002 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл долоо, эцэг, эх, дүү нарын хамт Увс аймгийн Зүүнговь сумын 01 дүгээр /Баяннуур/ багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:...........

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Б нь Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багийн нутаг “Шар толгой” гэх газарт 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Мустанг-5” загварын мотоцикл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в, 3.7.а, 12.3-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч иргэн Л.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2135000000089 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг[1],

2. Хэргийн газрын үзлэгийн “Үзлэгийг Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар баг Шар толгой гэх газарт үзлэг хийв. Уг газар нь уулын энгэр налуу, хөрс нь зөөлөн элстэй, огцом эргэлттэй шороон замд зам тээврийн осол гарсан байв. ...элстэй гадаргуутай зам дээр огцом эргэлтэд амжилгүйгээр замаас баруун гар талдаа гарч тэнцвэр алдаж зам тээврийн осол гарсан байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[2],

3. Хохирогч Л.Г-ийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 10-ны өглөө найз залуу болох Ц.Б-ийн хамтаар хөдөө байдаг гэрээсээ Зүүнговь сумын төв орж вакцин хийлгэх зорилгоор “Мустанг-5” загварын мотоциклоор сумын төв явсан. Хаана явж байгаад мотоциклоос унасан гэдгээ санахгүй байна. Миний бие ухаан ороод 4 хонож байгаа тул зарим зүйлийг санахгүй байна. Одоо миний мөр өвдөж байна, өөр зүйл өвдөхгүй байна. Тухайн үед Ц.Б мотоцикл жолоодож явсан ба ямар нэг согтууруулах ундааны хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг[3],

2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дахин өгсөн “...Тухайн үед Ц.Б бид хоёрын явж байсан зам элс ихтэй учир Ц.Б нь 40 км цагийн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг[4],

4. 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 196 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Үзүүлэгч Л.Г-н биед гэмтэл тогтоогдлоо. Баруун эгэм ясны далд хугарал, баруун эгмийн дээд хэсэгт цус хуралт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун зүүн нүдний дотно булан, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, дээд уруулын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Биеийн гадаргууд учирсан цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь нийлээд биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбай хамарч байна. ...Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Баруун эгэм ясны далд хугарал, баруун эгмийн дээд хэсэгт цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[5],

5. Увс аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Лхагвадоржийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в-д “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 3.7.а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг 76-87 УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын мотоцикл жолоодож явсан Цэндхүү овогтой Б /од02321417/ зөрчсөн нь үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна...” гэх магадлагаа[6],

6. Шүүгдэгч Ц.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Зүүнговь сумын 01 дүгээр багийн нутаг Баяннуур гэх газраас найз охин Л.Гийн хамт 76-87 УВЗ улсын дугаартай “Мустанг-5” загварын мотоциклоор вакцин хийлгэхээр Зүүнговь сумын төв рүү хөдөлсөн. Замдаа сумын төв нэлээд дөхөөд Лакатар гэх газар замын уруу хэсэг рүү уруудаад явж байхдаа онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас найз охин Л.Г-ийн биед гэмтэл учруулсан. Тухайн газар элстэй, эргэлттэй байсан тул хурдаа тохируулж яваагүйн улмаас мотоциклоо зогсоож чадалгүй осол гаргасан...” гэх мэдүүлэг[7] зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Б 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багийн нутагт 76-87 УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын мотоцикл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, хамт зорчиж явсан хохирогч Л.Г-ийн биед баруун эгэм ясны далд хугарал, баруун эгмийн дээд хэсэгт цус хуралт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун зүүн нүдний дотно булан, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, дээд уруулын салстад цус хуралт гэмтлүүд учирсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадлагаа гаргаж болно” гэж, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч ...өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэж тус тус заасан байх ба Увс аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Лхагвадорж нь зам тээврийн ослын талаар магадлагаа гаргах тусгай мэдлэг эзэмшсэн талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллагад 5 жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй гэдэг нь түүнийг зам тээврийн ослын талаар дүгнэлт гаргах тусгай мэдлэгтэй гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд түүний гаргасан магадлагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримт гэж үнэлэх үндэслэлгүй болно.

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Ц.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в-д “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэж, 3.7.а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглон гэж, 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог, замын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог, замын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасныг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо объектив болон субьектив шинжүүдээс гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг буюу объектын шинжийг харгалздаг. Тодруулбал хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцдог.

Уг зам тээврийн ослын улмаас хохирогч Л.Г-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 196 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Л.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Б Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх лавлагаагаар[8] тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б-ийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх гэмт хэргийн үндсэн шинжийг болон мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “энэ гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в, 3.7.а, 12.1-д заасныг санаатай зөрчихдөө бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан боловч бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Г-ийн биед хүндэвтэр хохирол учирсан байна. 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Л.Г “...Энэ хугацаанд зохих эмчилгээ хийлгэж, одоо биеийн байдал хэвийн болсон. Өнөөдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авахаар үзлэг хийлгэхэд “гэмтэлгүй хэвийн болсон” гэж хэлсэн. Одоо миний биед өвдөж зовоох зүйлгүй байна. ...Ц.Б-т гомдол байхгүй. Мөн нэхэмжлэх хохирол байхгүй...” гэж мэдүүлсэн[9] байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч нөхөн төлсөн гэж дүгнэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч А.Г-ын “...Ц.Б нь ямар нэгэн архи, тамхи огт хэрэглэж байгаагүй. Төлөв даруу зантай, сайхан сэтгэлтэй, хүнд тусархуу, илэн далангүй нээлттэй. Мөн гэр бүлийн хүмүүжил сайтай, 10 жилд нэг ангид сурч байхад хичээлээ сайн хийдэг, онц сурдаг, сийлбэр маш сайн хийдэг хүүхэд юм...” гэх мэдүүлэг[10], гэрч Ц.Г-ы мэдүүлэг[11], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12] зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, эцэг, эх, дүү нарын хамтаар Увс аймгийн Зүүнговь сумын 01 дүгээр багт оршин суудаг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Прокурорын “шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах” саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.  

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан тэнсэх гэх ойлголт нь шүүгдэгчид хорих ял оногдуулж уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хянан харгалзах хугацаа тогтоохоор тодорхойлсон байсан. Харин 2015 онд батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд ял оногдуулахыг тэнсэх, 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн үзэл баримтлал нь эрүүгийн эрх зүйн “тэнсэх” гэх ойлголтыг өмнөх хуулийнхаас өөрчилж, “ял хойшлуулах”, “хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох” ойлголтуудаас ялган зааглаж, ял оногдуулахыг болон оногдуулахгүйгээр тодорхой хугацаанд шүүгдэгчид үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж тодорхойлсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байх тул шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн боломжтой байна.

Шүүгдэгч Ц.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүгдэгчтэй тохирсон прокурорын эрүүгийн хариуцлагын санал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, улсын яллагчийн гаргасан 8 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц ургийн овогт Ц-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Б-т тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ц.Б-т хяналт тавих үүргийг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Б нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Ц.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА

 

 

[1] хх-ийн 56-57 дугаар хуудас

[2] хх-ийн 58-64 дүгээр хуудас

[3] хх-ийн 6 дугаар хуудас

[4] хх-ийн 8 дугаар хуудас

[5] хх-ийн 41-43 дугаар хуудас

[6] хх-ийн 73-74 дүгээр хуудас

[7] хх-ийн 87-88 дугаар хуудас

[8] хх-ийн 71 дүгээр хуудас

[9] хх-ийн 114 дүгээр хуудас

[10] хх-ийн 108 дугаар хуудас

[11] хх-ийн 110 дугаар хуудас

[12] хх-ийн 102 дугаар хуудас