Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/87

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Г-ийн А-д холбогдох эрүүгийн 2035000000162 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Г-ийн А, 1999 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл тав, ээж, дүү нарын хамт Төв аймгийн Борнуур сум, нэгдүгээр багийн Өгөөмөр ферм 3 дугаар гудамжны 9 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ...........

               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Г.А нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Саруул өргөө” байрны 2 дугаар орцонд хохирогч Ч.Б-ийг хуурч 115’000 /нэг зуун арван таван мянга/ төгрөгийн үнэ бүхий гар утсыг залилж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000162 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

2. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл[2],

3. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл[3],

4. Хохирогч Ч.Б-ийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн үед Улаангом сумын 3 дугаар баг, Саруул өргөө байрны 2 дугаар орц 6 давхрын 22 тоотод гэртээ байж байтал манай гэрийн хаалгыг үл таних хүн цохиод байхаар нь хаалга онгойлгосон чинь нэг танихгүй залуу “гар утсаараа нэг яриулаач” гэж хэлэхээр нь би утасгүй юм байна гэж бодоод өөрийнхөө гар утсыг өгөхөд эхлээд 2 хүн рүү залгаад утас нь холбогдох боломжгүй байсан ба дахиж нэг хүн рүү залгаад тэр чигтээ аваад зугтсан юм...” гэх мэдүүлэг[4],

2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дахин өгсөн “...маргааш нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө би 2 дугаар 64 айлын зогсоолоос машинаа авах гээд явж байхад Апугийн худалдагчийн нөхөр гэх зүс таньдаг залуугийн хажууд миний гар утсыг авсан хүүхэд байсан. Намайг үзэнгүүтээ тэр залуу босоод зугтах гэсэн боловч би бариад авахад тэр залуу “та яагаад байгаа юм бэ?” гэсэн. Би сайн харахад өчигдөр орой өмсөж байсан хувцастай хүүхэд мөн байсан. Хажууд нь байсан зүс таних настай хүн “ямар учиртай юм, яагаад байгаа юм” гэхээр нь “өчигдөр энэ залуу надаас гар утсаараа яриулчих гэж хэлчихээд аваад зугтчихсан” гэж хэлэхэд тэр залуу “ахаа та хүн андуураад байгаа юм уу” гэхээр нь би тухайн залуугийн хувцаснаас бариад “цагдаа руу явна” гээд чирээд явж байхад миний цагаан өнгийн Самсунг тренд загварын гар утсыг гаргаж ирээд өгсөн. Тэр үед миний гар утас асаалттай байсан. Би цагдаагийн байгууллага руу залгаж энэ талаар хэлсэн...” гэх мэдүүлэг[5],

5. Гэрч Б.А-ийн “...хаалга цохисон бөгөөд манай нөхөр Ч.Б хаалга очиж онгойлгосон. Тэгээд хаалгаа хаагаад буцаж орж ирээд өөрийнхөө цагаан өнгийн мэдрэгчтэй утсыг цонхны тавцан дээрээс аваад гарч байсан. Удалгүй хөл нүцгэн орж ирээд “миний гутал хаана байна миний гар утас булаагаад аваад явчихлаа гар утсаа өгчих” гэж хэлэхээр нь би өөрийнхөө гар утсыг авч өгөх гэхэд миний гар утсыг хүүхэд аваад гараад явчихсан байсан. Би утас байхгүй талаар хэлэхэд нөхөр Ч.Б хувцсаа өмсөөд гэрээс гарчихаад буцаж орж ирсэн бөгөөд олдохгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[6],

6. Гэрч  С.Ц-ын “...2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр бид нар Өмнөговь сум руу явах гээд Ч.Б-ийг гэрийнх нь гадна хүлээж байгаад машин тавьсан гэх газарт очиход Ч.Б “гар утас авч зугтсан залууг барьчихлаа энд нэг хүнтэй хамт сууж байж” гэж хэлсэн, Ч.Б-ийн машин дотор үл таних 1 залуу сууж байх шиг харагдсан...” гэх мэдүүлэг[7],

7. Гэрч  Ж.Э-ийн “...2020 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө 8 цаг 30 минутын үед цэцэрлэгийн хүүхэд өгөхөөр гэрээс гараад ирэхэд нагац дүү Г.А машин дотор байхгүй байсан бөгөөд би нөхөр Ц.Б-аас “нөгөөдөх яав, буугаад явчихсан уу?” гэхэд “алтанд явдаг залуу ирээд чирээд аваад явчихлаа” гэж хэлсэн. Би “хүний хүүхдийг чирээд аваад явж байхад юугаа харж сууж байдаг юм бэ?” гэхэд “утас авчихсан гэж хэлэх шиг боллоо” гэж хэлсэн. Нөхөр бид хоёр машинаасаа буугаад Хишигт-2 хүнсний дэлгүүрийн баруун талд хаалганы орчим очиход миний зүс таних залуу хажуудаа олон хүнтэй хамт явсан бөгөөд “яасан юм бэ? юу болсон эгчийн дүү” гэхэд тэр зүс таних залуу “орой энэ залуу гар утсаар ярина гэж хэлчихээд миний гар утсыг аваад явчихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө дүү Г.А-д “яаж байгаа юм бэ? чи” гэхэд “би авч явъя гэж бодоогүй ш дээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[8],

8. Гэрч Ц.Б-ийн “...2020 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө 09 цагийн орчимд эхнэр цэцэрлэгийн хүүхэд оруулж өгөхөөр орсон. Г.А бид хоёр миний машины хажууд сууж байтал миний зүс таньдаг гар аргаар алт олборлодог Ч.Б гэх залуу Г.А-ийг заамдаад “гар утас өг залуу” гэж хэлээд дагуулаад явчихсан. Удалгүй манай эхнэр Ж.Э цэцэрлэгээс гарч ирсэн бөгөөд Г.А-ийг асуухаар нь “би нэг залуу Г.А-ийг дагуулаад аваад явчихлаа” гэж хэлсэн ба бид хоёр хамтдаа Хишигт-2 дэлгүүрийн үүдний хэсэгт очиход Г.А-ийг бариад авчихсан байсан бөгөөд эхнэр “яаж байгаа юм бэ?” гэхэд “энэ нөхөр утсаа өгөөд нэг яриулчих гэж хэлчихээд миний утсыг аваад зугтаад явчихсан” гэж хэлсэн. Тэгээд энэ хүний утас байгаа юм уу гэхэд Г.А “миний халаасанд байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[9],

9. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн Увс Финанс аудит ХХК-ийн 264 дугаартай “2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар Улаангом суманд 2 жил ашигласан Самсунг трэнд /Samsung trend/ загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 115’000 /нэг зуун арван таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[10],

10. Шүүгдэгч Г.А-ийн яллагдагчаар өгсөн “...Би буруу зүйл хийсэндээ маш ихээр гэмшиж байна. Би дахиж алдаа дутагдал гаргахгүй амьдрах болно. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Өглөө босоход цагаан өнгийн мэдрэгчтэй гар утас дугараад байсан бөгөөд би гар утасны дууг хаачихсан ба хүний гар утсыг авчихсан гэдгээ мэдээд Ж.Э эгчид ойлгуулж хэлээд залгаад байгаа хүнтэй нь яриулаад өгүүлнэ гэж бодсон. Би тэр цагаан өнгийн артай, дэлгэцтэй гар утсыг халаасандаа хийчихсэн байсан. ...би Ц.Б ахын хамтаар таксины зогсоол дээр машиных нь хажууд сууж байхад нэг үл таних хүн ирээд миний куртикний мөрнөөс бариад дагуулж яваад Хишигт хүнсний дэлгүүртэй орон сууцны урд талд очоод “утас гаргаад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гар утсыг нь гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг[11],

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би тухайн өдөр найзтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглээд ямар ч ухаангүй болчихсон байсан. Маргааш нь найзаасаа урьд шөнө яасан талаар асуухад “чамайг Бөхийн өргөөний тэнд буулгасан” гэж надад хэлсэн. Тэр өглөө миний өмдний халаасанд гар утас байсан ба дуу нь хаагдчихсан байсан. Тэгээд ахтайгаа хүүхдийг нь цэцэрлэгт хүргэж өгөхөөр явж байтал хохирогч таараад намайг бариад авсан. Би өөрийнхөө хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах Саруул өргөө байрны 2 дугаар орцонд 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шүүгдэгч Г.А хохирогч Ч.Бөөс “гар утсаараа нэг яриулаач” гэж хуурч Самсунг трэнд загварын гар утсыг нь авч зугтаасан үйл баримт гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Ч.Б, гэрч Б.А, С.Ц, Ж.Э, Ц.Б нарын мэдүүлэг, шүүгдэгч Г.А-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.А нь бусдын эд хөрөнгийг авах нь хууль бус гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох зорилгоор шунахай сэдэлттэйгээр хохирогч Ч.Б-ийн гар утсыг авч 115’000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

Шүүгдэгч Г.А-ийн хохирогч Ч.Б-ийн Самсунг трэнд загварын гар утсыг “гар утсаараа яриулаач” гэж хуурч аваад зугтаасан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч Г.А-ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Б-д 115’000 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч Ч.Б-ийн “...Би тухайн залуугийн хувцаснаас бариад цагдаа руу явна гээд хамт чирээд явж байхад миний цагаан өнгийн Самсунг трэнд загварын гар утсыг гаргаж ирээд өгсөн. ...Надад гомдол, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Би гар утсаа буцаан хүлээн авсан...” гэх мэдүүлгээр[12] тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол арилсан, хор уршиг нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Ж.Э-ийн “...миний харж байгаагаар Г.А гэгч нь их хүмүүжилтэй, хүний үгнээс гардаггүй, хэлсэн зүйлийг маш сайн хийдэг, төлөвшил сайтай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ...ажилсаг, бусдад тусархуу, эелдэг зөөлөн зантай хүүхэд юм...” гэх мэдүүлэг[13], гэрч Ж.О-ын “...Г.А гэгч нь манай гэрт 2 сар байсан. Манай гэрт байх хугацаандаа миний үгнээс гардаггүй, хий гэсэн ажлыг хурдан шуурхай хийчихдэг, хоол хийчих гэхээр хоол бас хийчихдэг ажилсаг, тусархуу, бусадтай зөв боловсон харилцдаг, чих зөөлөнтэй, төлөв даруухан зантай төлөвшил сайтай харагдсан...” гэх мэдүүлэг[14], гэрч Ц.Б-ийн “...2020 оны 6 дугаар сараас хойш надтай хамт газар шимийн бүтээгдэхүүний борлуулалтад ажилладаг байсан. Тэр хугацаанд ажиглахад төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ...ажилсаг, бусдад тусархуу, эелдэг зөөлөн зантай хүүхэд байсан...” гэх мэдүүлэг[15], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16] зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А нь эрхэлсэн тодорхой ажилгүй, эх, дүү нарын хамтаар Төв аймгийн Борнуур сумын нэгдүгээр багийн 3-09 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал гаргасан, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй байна.

Шүүгдэгч Г.А-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна. Иймд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, шүүгдэгчээс гаргуулах хор уршиггүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.А-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарласан, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д тус тус зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.А энэ хэрэгт 4 /дөрөв/ хоног цагдан хоригдсон ба шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох боломжгүй байна. Иймд шүүгдэгчийг 4 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Г-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д тус тус зааснаар шүүгдэгч Г.А-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

4. Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Г.Ад хяналт тавих үүргийг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.А-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт 4 /дөрөв/ хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА

 

 

[1] хх-ийн 04-06 дугаар хуудас

[2] хх-ийн 9 дүгээр хуудас

[3] хх-ийн 10 дугаар хуудас

[4] хх-ийн 15-16 дугаар хуудас

[5] хх-ийн 17-18 дугаар хуудас

[6] хх-ийн 19-20 дугаар хуудас

[7] хх-ийн 21-22 дугаар хуудас

[8] хх-ийн 23-24 дүгээр хуудас

[9] хх-ийн 27-28 дугаар хуудас

[10] хх-ийн 37 дугаар хуудас

[11] хх-ийн 46-48 дугаар хуудас

[12] хх-ийн 18 дугаар хуудас

[13] хх-ийн 25-26 дугаар хуудас

[14] хх-ийн 30-31 дүгээр хуудас

[15] хх-ийн 30-31 дүгээр хуудас

[16] хх-ийн 61 дүгээр хуудас