Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 10

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяагийн дүгнэлттэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Батцэцэгт холбогдох,

Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Батцэцэгийн Д.Мөнхтуяад холбогдуулан гаргасан 2018 оны 05 дугаар сарын 0245325 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Прокурор А.Ариунзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяа шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... тус аймгийн Гаалийн газрын улсын байцаагч Б.Батцэцэг нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Үлэмжтэлэхү ХХК нь 11 нэр төрөлтэй барааны бичиг баримтын эх хувь болон үнэ зөв баримтыг аж ахуйн нэгжээс нэхэж аваагүй буруу баримтаар мэдүүлж мэдүүлэгчийн үүргээ биелүүлээгүй гэх гомдол мэдээлэлд Д.Мөнхтуяаг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 200.000 тө грөгөөр торгож, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хянавал:

1. Гаалийн улсын байцаагч Б.Батцэцэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Хуулийн дээрх заалтанд эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, оногдуулах шийтгэл, төрөл, хэмжээ-г тусгана гэж заасан байна. Эрх бүхий албан тушаалтны 0245325 дугаартай шийтгэлийн хуудсанд өдөр, шийтгэлийн төрөл, холбогдогчийн регистрийн дугаар, ажил, албан тушаал зэргийг тусгаагүй хууль зөрчсөн байна.

2. Д.Мөнхтуяа нь Үлэмж Тэлэхү ХХК-ийн менежер Г.Пүрэв-Очирын гаргаж өгсөн баримтын дагуу гаальд мэдүүлсэн тухай тодорхойлолтыг бичиж өгснөөс үзэхэд Д.Мөнхтуяа нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс барааг гаальд мэдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчсөн үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна гэж зааснаар Үлэмж Тэлэхү ХХК-д шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байхад зөвхөн хувь хүнээр шийтгэл оногдуулсан нь буруу байна. 3. Шийтгэлийн хуудсанд шийтгэлийн төрлийг бичээгүй, 200.000 төгрөг гэж хуульд заагаагүй шийтгэлийн хэмжээг бичсэн зэрэг нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болж байна

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 0245325 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...би 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 17 дугаартай дүгнэлтийг хүлээн авч дараах тайлбарыг хүргүүлж байна.

2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 0245325 дугаартай шийтгэлийн хуудсаар гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Мөнхтуяаг торгохдоо регистр, албан тушаалыг тусгаагүй, шийтгэлийн хуудасны он сарыг бичсэн боловч өдрийг бичээгүй, мөн шийтгэлийн хэмжээг 200 нэгж гэхийг 200000 төгрөг гэж бичсэн гэж бичсэн үнэн болно. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Д.Мөнхтуяагийн мэдүүлсэн Үлэмж-Тэлэхү ХХК-ийн мэдүүлсэн бараанд тухайн хяналт шалгалтанд томилогдон ажиллаж байсан гаалийн улсын байцаагч Ж.Занабазар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12-т зааснаар арга хэмжээ авч 4441249.75 төгрөгний торгууль нөхөн төлүүлж, 1323374 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авсан учир миний бие нэг үйлдэлд давхардуулж торгууль оногдуулаагүй болно.

Миний бие 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр болох Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралд өөрийн биеэр оролцож амжихгүй тул шүүх хурлаас гарсан шийдвэрт татгалзах зүйлгүй болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17 дугаартай дүгнэлттэй, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид холбогдох зөрчлийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд дараахь зүйлүүд тогтоогдож байна.

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Батцэцэг нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Үлэмж Тэлэхү ХХК нь 11 нэр төрөлтэй барааны бичиг баримтын эх хувь болон үнэн зөв баримтыг аж ахуйн нэгжээс нэхэж аваагүй буруу баримтаар мэдүүлж мэдүүлэгчийн үүргээ биелүүлээгүй гэх гомдолд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, 2-р баг, суварга 26 гудамж 02 тоотод оршин суух иргэн Д.Мөнхтуяаг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгөөр торгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас дээрх хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалыг хянаад гаалийн улсын байцаагч Б.Батцэцэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлаган болгон 0245325 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.

Гаалийн улсын байцаагчийн 0245325 дугаартай шийтгэлийн хуудас нь он, сарыг бичсэн боловч өдрийг бичээгүй, шийтгэлийн төрөл, холбогдогчийн регистрийн дугаар, ажил, албан тушаал зэргийг тусгаагүй, 200.000 төгрөг гэж хуульд заагаагүй шийтгэлийн хэмжээ бичсэн зэрэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, мөн иргэн Д.Мөнхтуяагийн барааг мэдүүлэхтэй холбоотой үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг зөрчсөн болохыг олж тогтоосон хэдий ч Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна гэж заасныг зөрчиж хуулийн этгээдэд шийтгэл оногдуулалгүй иргэн Д.Мөнхтуяад шийтгэл оногдуулсан болох нь зөрчлийн хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шийтгэлийн хуудас, гаалийн улсын байцаагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, прокурорын дүгнэлт зэргээр нотлогдож байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяагийн шүүхэд ирүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17 дугаартай прокурорын дүгнэлт нь хуульд нийцсэн үндэслэл бүхий байх тул Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Батцэцэгийн 0245325 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Энэхүү шүүхийн шийдвэр нь уг зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, прокурорт хянуулахад саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг удирлага болгон ТОГТООХ нь :

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Батцэцэгийн иргэн Д.Мөнхтуяад 200.000 төгрөгний торгох шийтгэл оногдуулсан 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0245325 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус байх тул хүчингүй болгосугай.

2. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 0245325 дугаартай шийтгэлийн хуудасны дагуу иргэн Долцонгийн Мөнхтуяагийн торгуулийн төлбөрт төлсөн 200.000 төгрөгийг буцаан олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОДБААТАР