Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 03

 

 

Б.Золзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хэргийн индекс 132/2016/00668/И

          Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

          Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 47 дугаартай шийдвэртэй,

    Б.Золзаяагийн нэхэмжлэлтэй, Д.Нандинхишигтэд холбогдох 120000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Д.Нандинхишигт, түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд:

           Нэхэмжлэгч С.Золзаяа

         Нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов.

 

      Нэхэмжлэгч С.Золзаяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Д.Нандинхишигт эгч Б.Эрдэнэтуяатай хамт манай дэлгүүр болох “Дэлгэрмөрөн” хүнсний дэлгүүрт орж ирээд эгч нь чамтай нэг наймаа хийх гэсэн юм. Байгууллагадаа дэлгүүрээс чинь 120000 төгрөгийн хүнсний бараа аваад зөрүүлээд сайн ачсан түлээ буулгаж өгье гэсэн. Тухайн үед манайх модгүй, дээр нь цас орчихсон байсан учраас би тэгье та харин модоо яаралтай буулгаж өгөөрэй гэж тохиролцоод би Д.Нандинхишигтэд 120000 төгрөгийн нэр бүхий хүнсний барааг өгсөн. Тэгээд одоо болтол мод ч үгүй мөнгө ч үгүй бараа ч үгүй байна. Би 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр БНСУ руу 3 сараар явах болж эгч Б.Эрдэнэтуяад “та хамт орж ирснээрээ авч өгөөрэй” гэж хэлээд явсан. Намайг явсан хойно эгч Б.Эрдэнэтуяа нь шүүхэд өгсөн боловч Д.Нандинхишигт би чамаас аваагүй дүүгээс чинь авсан дүүд чинь өгнө гэж хэлсэн байсан. Тухайн үед падаан өгөөгүй, падаан бичиж өгөөрэй, падаангүй бол компаниас мод гаргах боломжгүй гэж хэлж байсан. Дараа нь надаас ирж падаан бичүүлж аваад явсан. Мөн надаас сормуусны будаг, Улаанбаатар нэртэй архи авсан. Энэ авсан барааны мөнгө 25000 төгрөгийг  нэмж нэхнэ. Нийтдээ 145000 төгрөгийг Д.Нандинхишигтээс гаргуулж өгнө үү гэв. 

           Хариуцагч Д.Нандинхишигт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Нандинхишигт нь С.Золзаяагаас 120000 төгрөгийн бараа аваагүй. Харин түүний нагац эгч Б.Эрдэнэтуяагийн  С.Золзаяагаас зээлээр авсан барааны үнэ 60000 төгрөг дээр Эрдэнэтуяагийн охинд тус дэлгүүрээс 10000 төгрөгийн бараа зээлээр авч өгч нийт 70 000 төгрөг болсон. Эрдэнэтуяагийн өрнөөс төлөлцөх зорилгоор Золзаяатай ярилцаж тохироод 120000 төгрөгөнд 1 портер мод буулгаж өгье гээд Эрдэнэтуяагийн зээлсэн 70000 төгрөгийн бараан дээр 50000 төгрөгийн  бараа нэмж  зээлсэн. Архи, давс, перц гэх зэрэг 50 000 төгрөгийн бараа авсан. Падаан бичиж өгөөгүй, жижиг ягаан цаасан дээр энэ барааг бичиж өгөөд дараа ирээд падаан аваарай гэсэн. Эрдэнэтуяа бид нар дэлгүүрээс авсан архиа уугаад Б.Эрдэнэтуяа дахин пиво авч ирэхээр аймгийн төв орж яваад цагдааг баригдсан. Б.Эрдэнэтуяа жолооны эрхээ хасуулж, 380 000 төгрөгөөр торгуулсан бөгөөд энэ торгуулийн төлбөрийг намайг төл гэхээр нь би чадахгүй гээд бид хоёр маргалдсан. Үүнээс хойш эвлэрээгүй. Дэлгүүрээс авсан 50 000 төгрөгийн бараа одоо 120 000 төгрөг болж хувирсан байна. Сормуусны будгийг нь би буцааж өгсөн. Улаанбаатар архи зээлээр аваагүй. Бараа авсан зарлагын падаанд би гарын үсэг зураагүй. 50000 төгрөгийн бараа зээлээр авсан тул үүнийг төлөхөд татгалзах зүйл алга байна гэв..

           Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 47 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Нандинхишигтээс 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Золзаяад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Нандинхишигтээс 4550 /дөрвөн мянга таван зуун тавь төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Золзаяад олгож шийдвэрлэжээ.

       Хариуцагч Д.Нандинхишигт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон давж заалдах гомдолдоо: “...Иргэн С.Золзаяа нь 120000 төгрөгний бараа гаргуулахаар нэхэмжилсэн ба уг зээлээр авсан хүнсний барааны 70000 төгрөгний барааг С.Золзаяагийн эгч Б.Эрдэнэтуяа нь авсан. Би 50000 төгрөгний барааг авсан юм гэтэл Б.Эрдэнэтуяагийн авсан 60000 төгрөгний бараа болон охины нь авсан 10000 төгрөгний барааг надаар төлүүлсэнд гомдолтой байна. Тухайн үед би Б.Эрдэнэтуяагийн цалин хөлсийг өгөөгүй байсан учир түүний өмнөөс зээлсэн барааны үнийг төлье гэж тохирч байсан боловч шүүхэд Б.Эрдэнэтуяа нь нэхэмжлэл гаргаж цалинг нь төлөхөөр шийдвэр гарсан учир давхар төлбөрийг төлөх үндэслэл алга гэж үзэж байна. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 47 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед би 50000 төгрөгний бараанд падан бичүүлж аваагүй учир нэхэмжлэлд дурдсан падан нь хуурамч нөхөж бичсэн баримт гаргасан гэж үзэж байна. Гарын үсгийг шинжлүүлье гэж шүүх хуралдаан дээр хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй Б.Эрдэнэтуяаг шүүхэд хариуцагчаар татан оролцуулалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэргийн нөхцөл байдлыг судлан үзэж үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж энэ гомдлыг гаргалаа. Шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны 47 тоот шийдвэрийг миний бие 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан болно” гэжээ.

 

                                                                    ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.Золзаяа нь  хариуцагч Д.Нандинхишигтээс зээлээр худалдсан барааны үнэ 120,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Д.Нандинхишигт нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Дэлгэрмөрөн” гэх хүнсний дэлгүүрээс 120000 төгрөгийн бараа  худалдан авч төлбөрт нь 1 машин  түлээний мод буулгаж өгөхөөр нэхэмжлэгч Д.Золзаяатай тохиролцож зээлээр худалдах худалдан авах гэрээг амаар хийсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасантай нийцсэн, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.    

Харин хариуцагч би 120.000 төгрөгний бараа аваагүй 50.000 төгрөгийн бараа авсан, зарлагын баримтан дээрхи гарын үсэг минийх биш гэж мэтгэлцэж байгаа боловч энэ тухайгаа хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “...нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хууль буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааний хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.    

Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ний өдрийн 47 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Д.Нандинхишигтийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН 

 

                                  ШҮҮГЧ                                   С.УРАНЧИМЭГ

                                                             

                                                                                 М.ХҮРЭЛБААТАР