Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2023/0238

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Бийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Энхтайваны Бийг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай Б/141 дүгээр тушаалаар Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах, Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын сургалтын хөтөлбөр үнэлгээ, хүний нөөцийн бодлогын удирдлага зохицуулалт хариуцсан шинжээчийн албан тушаалд томилохыг даалгах, Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 750 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ө

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0092/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Бээс Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдууланБоловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Энхтайваны Бийг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай Б/141 дүгээр тушаалаар Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах, Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын сургалтын хөтөлбөр үнэлгээ, хүний нөөцийн бодлогын удирдлага зохицуулалт хариуцсан шинжээчийн албан тушаалд томилохыг даалгах, Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 750 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Энхтайваны Бийг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай Б/141 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Бийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын сургалтын хөтөлбөр, үнэлгээ, хүний нөөцийн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээчийн албан тушаалд төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт зохион байгуулж, зохих этгээдийг томилох хүртэл хугацаагаар томилж, Э.Бийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг дуустал ТЗ-7 зэрэглэлээр, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг дуустал ТЗ-9 зэрэглэлээр зохих журмын дагуу тооцон олгож, Э.Бийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтрүүдэд бичилт хийхийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7, 8, 9. 10-т Төрийн албан тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасан. Хэрэгт цугларсан “Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжлийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн /ТЗ-8/”-ны албан тушаалын тодорхойлолт болон “Сургалтын хөтөлбөр, үнэлгээ, хүний нөөцийн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээч /ТЗ-9/”-ийн албан тушаалын тодорхойлолтууд агуулгын хувьд хэвээр хадгалагдан үлдсэнээс үзэхэд, “ажлын байрны нэр өөрчлөгдсөн боловч үндсэн чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тул Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-д заасныг хэрэгжүүлэн намайг ажлаас шинэ ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулах ёстой” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч Э.Бийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/141 дүгээр тушаалаар “Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан мэргэжилтэн /ТЗ-7/”-ний үүрэгт ажлаас чөлөөлсөн. Учир нь Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” 265 дугаар тогтоолоор яамны бүтэц, зохион байгуулалт өөрчлөн байгуулагдсан ба тус тогтоолоор яамны бүтэц, орон тоо 110 байсныг цөөрүүлэн 88 байхаар тогтож, 22 албан тушаалыг цомхотголд оруулсан. Иймд Э.Бийг яамны бүтэц өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн тул ажлаас чөлөөлсөн болно.

Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 cap хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох" гэж заасны дагуу яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөн зохион байгуулагдаж ажлын байраар хангуулах саналыг удаа дараа нэхэмжлэгчид тавьсан ч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй тул Төрийн албаны тухай хуульд заасан 3 сарын цалинтай тэнцэх олговор олгож иргэн Э.Бийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

3.2. Маргаан бүхий актын үндэслэл Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-ийг үндэслэсэн байхад анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-ыг үндэслэн тайлбарлаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх “Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан мэргэжилтэн” ТЗ-7-ийн ангилал зэрэглэлд ажиллаж тус албан тушаалаас чөлөөлөгдсөн албан хаагчийг ТЗ-9-ийн ангилал зэрэглэлийн албан тушаалд томилохыг даалгаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 23.2.3-т “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх”, 31 дүгээр зүйлийн 31.1.1-т “энэ хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 31.3-т “Төрийн албан хаагчийг томилох асуудлаар хууль тогтоомж зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон хуурамч тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно”, 33 дугаар зүйлийн 33.2.2-т “тусгай шалгалт” гэж, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ыг тус тус зөрчсөн. Нэхэмжлэгч өөрөө ТЗ-9-ийн шаардлага хангахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд байхад шүүх хангана гэж үзээд энэхүү ангилал зэрэглэлд хууль зөрчин томилохыг даалгаж байгаад гомдолтой байна.

Э.Б нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрийн байдлаар Төрийн албанд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр анх томилогдсон, төрийн захиргааны албанд 2020 оны 03 дугаар сарын 24-нд анх томилогдсон буюу нийт төрийн албанд 70 cap 23 хоног, төрийн захиргааны албанд 19 cap 9 хоног ажилласан байсан нь дээрх хууль, тогтоомжид заасан шаардлагыг хангахгүй ба энэ нь хавтаст хэргийн материалуудаас нотлогдсоор байхад анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн нь илт хууль зөрчсөн шийдвэр юм

3.3. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9-т Хэрэгт цугларсан Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжлийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн /ТЗ-8/-ны албан тушаалын тодорхойлолт болон Сургалтын хөтөлбөр, үнэлгээ, хүний нөөцийн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээч /ТЗ- 9/-ийн албан тушаалын тодорхойлолтууд агуулгын хувьд хэвээр хадгалагдан үлдсэн гэж шүүх үзсэн байсан. Гэтэл маргаан бүхий акт Э.Бийг Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан мэргэжилтэн /ТЗ-7/-ний албан тушаалаас чөлөөлсөн байхад анхан шатны шүүх дээрх өмнөх эрх зүйн үйчлэл нь дуусгавар болсон хүчин төгөлдөр бус Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжлийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн /ТЗ-8/-ний албан тушаалын тодорхойлолтыг одоогийн хүчин төгөлдөр байгаа Сургалтын хөтөлбөр, үнэлгээ, хүний нөөцийн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээч /ТЗ-9/-ийн албан тушаалын тодорхойлолттой дүйцүүлж, чиг үүрэг хэвээр хадгалагдсан үлдсэн гэж үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэснийг зөрчсөн илт хууль бус дүгнэлт байна.

... албан тушаалын тодорхойлолтод агуулгын хувьд хэвээр хадгалагдан үлдсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3- т “...төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол” гэж заасныг зөрчсөн байна. Дээрх зохицуулалт нь чиг үүрэг хэвээр хадгалагдсан байхыг зааснаас агуулга хэвээр хадгалагдсан үлдсэнийг зохицуулаагүй байна.

3.4. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 11-т “Нэхэмжлэгч нь төрийн захиргааны албан тушаалд тавигдах шаардлага, томилох шалгуурыг хангасны үндсэн дээр төрийн жинхэнэ албан хаагч болсон болох нь... зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдахаар заасан” гэжээ.

Гэтэл Э.Б нь төрийн захиргааны албан тушаалд тавигдах шаардлага хангахгүй, хууль зөрчиж томилогдсон болох нь Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 01/54 тоот албан бичгээр тогтоогддог. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлэх үндэслэлгүй байна.

3.5. Анхан шатны шүүх Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 01/54 тоот албан бичгийг судлан үзэхэд “...нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангахгүй гэж үзсэн байгаа нь үндэслэлгүй байна /шүүхийн шийдвэрийн 23-дугаарт/” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад дурьдаагүй ТАЗ-ын дүгнэлтийг хууль бус болохыг, хүчингүй болгуулахыг ... асуудалд дүгнэлт гаргасан, хууль зөрчсөн гэх агуулга бүхий төрийн албаны зөвлөлийн захиргааны актыг тус байгууллагаас санал дүгнэлт, тайлбарыг авалгүйгээр үнэлж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэх хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүгч өөрийн үзэмжээр хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь илт хууль бус үйлдэл байна.

3.6. Мөн шүүхийн шийдвэрийн 23-т “... бизнес удирдлагын бакалаврын болон магистрын зэрэгтэй, бизнес, менежментийн ухааны мэргэжил эзэмшсэн байсан болох нь холбогдох дипломууд, уг дипломын хавсралтуудаар тогтоогдож байна” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь Бизнес менежментийн бакалаврын болон магистрын зэрэгтэй буюу Үйлдвэрлэлийн менежерийн мэргэжилтэй болох нь холбогдох баримтуудаар нотлогдоно. Эдгээр нь мэргэжлийн чиглэл, индексээрээ өөр өөр байдаг бөгөөд энэхүү чиглэлийг нарийвчлан судалж, дүгнэсэн Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтийг дур мэдэн үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийн үндэслэл нь үг, утга агуулга, үндэслэлийн хувьд зөрүүтэй, илт хууль бус юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №128/ШШ2022/0750 дугаартай шийдвэр нь илтэд нэг талын эрх ашгийг барьсан хууль бус шийдвэр байх тул тус шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагын тухайд маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн “Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Зөвшөөрөл олгох тухай 166 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтыг хууль бус болохыг тогтоох, Оюутны хөгжил, насан туршийн суралцахуйн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж, батлахдаа менежмент мэргэжлийн шаардлагыг хассан нь хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалын тодорхойлолтыг дахин боловсруулж батлахыг Төрийн албаны зөвлөлд даалгах болон ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй нь улмаас олгох мөнгөн урамшуулал олгохыг даалгах” шаардлагуудаас нэхэмжлэгч хэсэгчлэн татгалзсаныг баталж, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Харин “... нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг шинээр батлагдсан “Сургалтын хөтөлбөр, үнэлгээ, хүний нөөцийн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээч”-ийн албан тушаалын тодорхойлолтод агуулгын хувьд хэвээр хадгалагдан үлдсэн ... ажлын байрны нэр өөрчлөгдсөн боловч үндсэн чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн ...” гэсэн үндэслэлээр “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Энхтайваны Бийг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/141 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Бийг Боловсрол, шинжлэх ухааны яамны “Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын сургалтын хөтөлбөр, үнэлгээ, хүний нөөцийн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээч”-ийн албан тушаалд төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт зохион байгуулж, зохих этгээдийг томилох хүртэл хугацаагаар томилж, Э.Бийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг дуустал ТЗ-7 зэрэглэлээр, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг дуустал ТЗ-9 зэрэглэлээр зохих журмын дагуу тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтрүүдэд бичилт хийхийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байх тул шүүхийн шийдвэрт тус нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж  шийдвэрлэлээ.

3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Э.Б нь анх Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/39 дугаар тушаалаар “Дээд боловсролын газрын дээд боловсролын салбарын сургалтын хөтөлбөр, чанарын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн”-ий албан тушаалд түр томилогдсон, улмаар Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар уг албан тушаалд жинхлэн томилогдсон, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/39 тушаалаар “Дээд боловсролын газрын дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд томилогдсон, Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн маргаан бүхий Б/141 дүгээр тушаалаар “яамны бүтэц орон тоо цөөрч  өөрчлөгдсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Э.Бийг ажлаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.

3.2. Хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн маргаан бүхий Б/141 дүгээр тушаалаар “... Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт, ... Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” 265 дугаар тогтоол, Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны “Яамны албан тушаал, ажлын байрны нэр, ангилал зэрэглэл батлах тухай” А/103 дугаар тушаалыг үндэслэн нэхэмжлэгч Э.Бийг  яамны бүтэц орон тоо цөөрч өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр Дээд боловсролын газрын /хуучнаар/ Дээд боловсролын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан мэргэжилтэн”-ий үүрэгт ажлаас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд тус захиргааны актыг хууль бус, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

3.3. Маргаан бүхий актын үндэслэл болсон Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” 265 дугаар тогтоолоор Боловсрол, шинжлэх ухааны яамны орон тооны дээд хязгаарыг 110 байсныг 88 болгож цөөрүүлсэн байх бөгөөд уг тогтоолыг үндэслэн Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Яамны албан тушаал, ажлын байрны нэр, ангилал зэрэглэл батлах тухай” А/103 дугаар тушаалаар боловсрол, шинжлэх ухааны яамны албан тушаал, ажлын байрны нэр, ангилал, зэрэглэлийг баталж, тухайн байгууллагын бүтцээс нэхэмжлэгч Э.Бийн ажиллаж байсан “Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан мэргэжилтэн” ТЗ-7 /дэс түшмэл/-ийн албан тушаалын чиг үүрэг бусад албан тушаалуудад хуваагдаж хуваарилагдсанаас үзвэл тухайн албан тушаал хасагдсан гэж үзэхээр байх тул хариуцагч маргаан бүхий актаар “байгууллагын бүтэц орон тоо цөөрч өөрчлөгдсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгож ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д “төрийн байгууллага ... эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр ... эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж заасантай нийцсэн, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3.4. Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий актаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр “төрийн байгууллага нийлүүлэх, нэгтгэх хуваах, тусгаарлагдах” зэрэг хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан нөхцөл байдал бий болоогүй байхад мөн хуулийн 62.1.3-т заасныг үндэслэн маргаан бүхий актыг хүчингүй болгож, улмаар энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байхаас гадна эрх зүйн үйлчлэл нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б/39 дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар дуусгавар болсон “Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, чанарын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн”-ий албан тушаалын тодорхойлолт хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэж, “ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.Б нь “Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, чанарын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн”-ий албан тушаалаас аль хэдийнээ чөлөөлөгдөж[1]Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалыг эрхэлж байгаад маргаан бүхий актаар ажлаас чөлөөлөгдсөн байхад анхан шатны шүүх өмнө нь ажиллаж байсан албан тушаалын тодорхойлолт хэвээр хадгалагдаж байна гэсэн агуулгыг маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болгосон нь буруу буруу байна.  

3.5. Ийнхүү анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсгийн зохицуулалт энэхүү маргаанд хэрэглэгдэхээр байхад мөн хуулийн 62.1.3 дахь заалтад заасан нөхцөл үүссэн гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж Төрийн нарийн бичгийн даргын Э.Бийг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай Б/141 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байхаас гадна  нэхэмжлэгчээс  “... тусгай шалгалт зохион байгуулж, зохих этгээдийг томилох хүртэл хугацаагаар ...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй байхад Боловсрол шинжлэх ухааны яамны “Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын сургалтын хөтөлбөр, үнэлгээ, хүний нөөцийн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээч”-ийн албан тушаалд төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт зохион байгуулж, зохих этгээдийг томилох хүртэл хугацаагаар томилж, мөн нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ТЗ-7 болон ТЗ-9 зэрэглэлээр тооцож тодорхой цаг хугацаа зааж олгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад цалин хөлсийг 2021 оны 11 дүгээр сарын 02-оос 2022 оны 03 дугаар сарын 14-ийг дуустал ТЗ-7, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг дуустал ТЗ-9 зэрэглэлээр тооцож олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай тус тус нийцээгүй байна.

3.6. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно”, 23.2.3-т “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэж заасан, анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг томилсон “Сургалтын хөтөлбөр, үнэлгээ, хүний нөөцийн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээч”-ийн албан тушаал (Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 265 дугаар тогтоол) нь ахлах түшмэлийн ангилалд хамаарах тул хуулиар тогтоосон уг тусгай шаардлагыг хангасан байх учиртай.

3.7. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 265 дугаар тогтоолоор яамны бүтэц орон тоо нь 110 байсныг 88 байхаар тогтоож түүнийг үндэслэн Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/103 дугаар Яамны ажлын байрны нэр, ангилал, зэрэглэл батлах тухай” тушаалаар Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжлийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн ТЗ-8 /дэс түшмэл/ зэрэглэл байхаар баталсныг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23 дугаар “Тогтоолд өөрчлөлт оруулах, тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай” тогтоолоор 88 байсныг 95 бүтэц орон тоотой байхаар өөрчлөлт хийсэн байх боловч Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаар “Яамны ажлын байрны нэр, ангилал, зэрэглэл шинэчлэн батлах тухай” тушаалаар “Сургалтын хөтөлбөр, үнэлгээ, хүний нөөцийн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээчийн албан тушаал”-ыг ТЗ-9, ахлах түшмэлийн ангилал, зэрэглэлд хамааруулжээ. 

3.8. Хэрэгт авагдсан баримтаар Э.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3/16 дугаар тушаалаар Боловсролын зээлийн сангийн “Дотоод зээлийн албаны дарга”-ын албан тушаалд томилогдож, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнөөр төрийн үйлчилгээний албанд 40 сар, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар “Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд томилогдож, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/141 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнөөр төрийн захиргааны албан тушаалд 20 сар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн “Боловсролын салбарын хүний нөөцийн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээч”-ийн албан тушаалд томилогдсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл төрийн захиргааны албан тушаалд ажилласан хугацааг тооцоход 7 сар буюу нийт 67 сар төрийн албанд ажилласан байх ба үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 27 сар ажилласан байна.

3.9. Хэдийгээр нэхэмжлэгч Э.Б нь анх томилогдохдоо “Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжлийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн” ТЗ-8 /дэс түшмэл/-ийн албан тушаалд томилогдсон, уг албан тушаалыг эрхэлж байсан болох нь тогтоогдсон хэдий ч маргаан бүхий актаар чөлөөлөгдөхдөө 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/11 дугаар “Яамны ажлын байрны нэр, ангилал, зэрэглэл батлах тухай” тушаалаар батлагдсан “Дээд боловсролын газрын Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан мэргэжилтэн”-ий ТЗ-7 /дэс түшмэл/-д хамаарах албан тушаалаас чөлөөлөгдсөн байхад анхан шатны шүүх “... Нэхэмжлэгчийн эгүүлэн томилуулахаар маргаж буй албан тушаал нь ахлах түшмэл, харин урьд ажиллаж байсан албан тушаал нь дэс түшмэл байх ба эгүүлэн томилуулах албан тушаал нь ангиллын хувьд ахлах түшмэл болж өссөн байх тул дээрх хуулийн зохицуулалтын дагуу төрийн албаны тусгай шалгалт өгч шалгарсан этгээд уг албан тушаалд ажиллахаар байна” гэж дүгнэсэн атлаа “Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын сургалтын хөтөлбөр үнэлгээ, хүний нөөцийн бодлогын удирдлага зохицуулалт хариуцсан шинжээч”-ийн албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дэс түшмэлийн албан тушаалаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг ахлах түшмэлийн албан тушаалд шууд томилж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.   

3.10. Ийнхүү нэхэмжлэгч Э.Б ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд тавигдах тусгай шаардлага буюу төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил  ажилласан байх шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон албан тушаалын тодорхойлолтыг үндэслэн “чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байна” гэсэн  дүгнэлт, үндэслэлээр түүнийг “Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын сургалтын хөтөлбөр үнэлгээ, хүний нөөцийн бодлогын удирдлага зохицуулалт хариуцсан шинжээч”-ийн албан тушаалд томилсон нь, мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад “тусгай шалгалт зохион байгуулж, зохих этгээдийг томилох хүртэл хугацаагаар” тодорхой албан тушаалд томилсон нь, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ТЗ-7 болон ТЗ-9 зэрэглэлээр тодорхой цаг хугацаа зааж олгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад цалин хөлсийг цаг хугацаа зааж, ТЗ-7, ТЗ-9 зэрэглэлээр тооцож олгохыг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь тус тус үндэслэлгүй, хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахаас өмнө эрх, ашиг сонирхол хөндөгдөж буй этгээдэд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус тус сонсох ажиллагаа явуулж, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасныг дагуу ажлын байраар хангах зорилгоор Боловсролын зээлийн сан, ажлын хэсэгт ажлуулах санал гаргасан боловч Э.Б хүлээн зөвшөөрөөгүй болох нь сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан байх тул “3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгож ажлаас чөлөөлсөн” маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэх, улмаар уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3.11. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан мэргэжилтэн” ТЗ-7-ийн ангилал зэрэглэлд ажиллаж тус албан тушаалаас чөлөөлөгдсөн албан хаагчийг ТЗ-9-ийн ангилал зэрэглэлийн албан тушаалд томилохыг даалгаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 23.2.3, 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, 33 дугаар зүйлийн 33.2.2-т заасныг тус тус зөрчсөн ... Э.Б нь тухайн албан тушаалын буюу ТЗ-9 ангилал, зэрэглэлтэй ахлах түшмэлийн албан тушаалын тусгай шалгалт өгөөгүй ... Нэхэмжлэгч тухайн албан тушаал /ТЗ-9/-ийн шаардлага хангахгүй ба үүнийгээ анхан шатны шүүхийн хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн ... шүүхийн шийдвэр гарсан өдрийн байдлаар хууль, тогтоомжид заасан шаардлагыг хангахгүй байгаа нь хавтаст хэргийн материалуудаас нотлогдсоор байхад анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн нь илт хууль зөрчсөн шийдвэр ...” гэх гомдол үндэслэлтэй.

4. Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагчаас маргаан бүхий актад үндэслэл болгоогүй, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар “... Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 01/54 тоот албан бичигт ... судлан үзэхэд ... Дээд боловсролын газрын дээд боловсролын сургалтын хөтөлбөр, чанарын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтоор бизнесийн удирдлага, менежмент гэсэн мэргэжилтэй байх тусгай шаардлагыг заасан ... анх тус яаманд томилогдох үед ... бизнес, менежментийн ухааны мэргэжил эзэмшсэн байсан ... Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01/54 тоот албан бичгээр нэхэмжлэгчийг албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангахгүй гэж үзсэн байгаа нь үндэслэлгүй ...” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцээгүйг дурдах нь зүйтэй байна.

5. Анхан шатны шүүх “Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” 166 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтыг хууль бус болохыг тогтоох, Оюутны хөгжил, насан туршийн суралцахуйн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж, батлахдаа менежмент мэргэжлийн шаардлагыг хассан нь хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалын тодорхойлолтыг дахин боловсруулж батлахыг Төрийн албаны зөвлөлд даалгах болон ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй нь улмаас олгох мөнгөн урамшууллыг олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудаас нэхэмжлэгч хэсэгчлэн татгалзсаныг баталж, “... Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/36 дугаар тушаалыг эс зөвшөөрөн Төрийн албаны зөвлөлд урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргах боломжтой ...” гэсэн үндэслэлээр тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт хэргийн оролцогчдоос гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.

6. Иймд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Э.Бийг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/141 дүгээр тушаалаар “Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан мэргэжилтэн”-ий үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, “Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын сургалтын хөтөлбөр үнэлгээ, хүний нөөцийн бодлогын удирдлага зохицуулалт хариуцсан шинжээчийн албан тушаалд томилох”-ыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 750 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Бийн “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Энхтайваны Бийг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/141 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, “Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын сургалтын хөтөлбөр үнэлгээ, хүний нөөцийн бодлогын удирдлага зохицуулалт хариуцсан шинжээч”-ийн албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.                                                                                                                                                                                               

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

 

 

[1] 1-р хх, 226-р талд