| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0215/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/223 |
| Огноо | 2021-03-30 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Я.Мөнхзаяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/223
2021 03 30 2021/ШЦТ/223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Я.Мөнхзаяа,
Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,
Шүүгдэгч: Д.А /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тольтон бургууд овогт Д. А холбогдох эрүүгийн 2009027960187 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1964оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Визард” констракшн ХХК-д сахиул ажилтай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж, 199 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Удгантын амны задгай тоотод оршин суудаг,
Урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 60.000 төгрөгөөр торгох ялаар,
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 24- ний өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн Тольтон бургууд овогт Д.А /РД:ТВ6409/;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Удгантын аманд 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэн байгаль орчинд 715.097 /Долоон зуун арван таван мянга ерэн долоо/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
|
|
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ” гэв.
Эрүүгийн 2009027960187 дугаартай хэргээс:
Хохирогч Ц.Батзаяагийн “...2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагийн үед “манай идэвхтнээс мод бэлдчихсэн байна” гэж дуудлага ирсэн. Тэгээд маргааш өглөө нь заасан газар нь болох Удгантын амны задгайд очиход гэрийнх нь гадаа мод хураалттай байсан болохоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст дуудлага өгсөн. Жижүүрийн бүрэлдэхүүн ирээд тэр модыг тоолж бүртгээд мэдүүлэг аваад явсан. Тухайн үед дуудлагаар очиход тэр мод нь далий муруй, ан цав гарсан, яр ихтэй шинэс мод байсан. Энэ модыг түлээнд хэрэглэхээр авсан гэж хэлж байсан. Ойн тухайн хуулиар тухайн орон нутгийг хариуцсан байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг гоожинг аваад хаанаас авах газраа газрын чиглэлээ байгаль хамгаалагчаас асууж тэр газраас авах ёстой байдаг юм. Гэтэл Амарбаатарын хувьд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байсан. Надаас урд нь модны бичиг авч байгаагүй. Түлээний хуурай мод бэлтгэсэн байсан ч зөвшөөрөлгүй болохоор хууль бус болж байгаа юм. Шинжээчийн дүгнэлттэй танилцахад 715.097 төгрөг гарсан байсан. Байгаль орчны тухай хуулиар түүнийг 3 нугалж төлүүлдэг журамтай. 2.145.291 төгрөгийн төлбөртэй гэж үзнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 8-10-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,
Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /33-39 дүгээр хуудас,
Байгаль орчны газрын Модны экологи Эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 43 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.А нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Удгантын аманд 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэн байгаль орчинд 715.097 /Долоон зуун арван таван мянга ерэн долоо/ төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буругаа хүлээн зөвшөрсөн мэдүүлгээс гадна хохирогч Ц.Батзаяагийн “...2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагийн үед “манай идэвхтнээс мод бэлдчихсэн байна” гэж дуудлага ирсэн. Тэгээд маргааш өглөө нь заасан газар нь болох Удгантын амны задгайд очиход гэрийнх нь гадаа мод хураалгаастай байсан болохоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст дуудлага өгсөн. Жижүүрийн бүрэлдэхүүн ирээд тэр модыг тоолж бүртгээд мэдүүлэг аваад явсан. Тухайн үед дуудлагаар очиход тэр мод нь далий муруй, ан цав гарсан, яр ихтэй шинэс мод байсан. Энэ модыг түлээнд хэрэглэхээр авсан гэж хэлж байсан. Ойн тухайн хуулиар тухайн орон нутгийг хариуцсан байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг гоожинг аваад хаанаас авах газраа газрын чиглэлээ байгаль хамгаалагчаас асууж тэр газраас авах ёстой байдаг юм. Гэтэл Амарбаатарын хувьд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байсан. Надаас урд нь модны бичиг авч байгаагүй. Түлээний хуурай мод бэлтгэсэн байсан ч зөвшөөрөлгүй болохоор хууль бус болж байгаа юм. Шинжээчийн дүгнэлттэй танилцахад 715.097 төгрөг гарсан байсан. Байгаль орчны тухай хуулиар түүнийг 3 нугалж төлүүлдэг журамтай. 2.145.291 төгрөгийн төлбөртэй гэж үзнэ...” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, Байгаль орчны газрын Модны экологи Эдийн засгийн үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана” гэж тус тус зааснаас үзэхэд шүүгдэгч Д.Амарбаатар нь ойгоос мод бэлтгэхдээ холбогдох эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас авах үүрэгтэй атал энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь түүнийг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.А нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэн байгаль орчинд 715.097 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дахь хэсгийн 1-т : ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлүүлэхээр заасан байх тул байгаль орчинд учруулсан 715.097 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж 2.145.291 /хоёр сая нэг зуун дөчин таван мянга хоёр зуун ерэн нэг/ төгрөгийг шүүгдэгч Д.Амарбаатараас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2. 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан энэ хэрэгт битүүмжлэгдсэн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болох 6-9 м урттай, 7-8 см диаметртэй 44 ширхэг модыг улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх зардал байхгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирлын 2.145.291 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.А нь Визард ХХК-д сахиул ажилтай, цалин хөлс орлогтой болох нь тогтоогдож байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.А зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэн байгаль орчинд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Амарбаатарыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дахь хэсгийн 1-т зааснаар шүүгдэгч Д.А ойн санд учирсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.145.291 /хоёр сая нэг зуун дөчин таван мянга хоёр зуун ерэн нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2. 4 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хэрэгт битүүмжилсэн 6-9 м урттай, 7-8 см диаметртэй 44 /дөчин дөрөв/ ширхэг шинэс модыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН