Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/384

 

 

2021          06           03                                    2021/ШЦТ/384

 

 

                               

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Г.Дуламрагчаа,

Улсын яллагч: М.Отгонбаатар,

Шүүгдэгч М.Г (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................. холбогдох эрүүгийн 2109000000632 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, эрэгтэй, 39 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ти Энд Жи ХХК-нд инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 1 дүгээр хотхон, 2 дугаар байрны 5 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Нийслэлийн шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны 1999 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 91 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгүүдэд заасныг журамлан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан. .......................

Холбогдсон гэмт хэргийн талаар: /2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч М.Г нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хөдөө аж ахуйн яамнаас Багшийн их сургуулийн чиглэлд явах авто замаар тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ А.Алтанцогтой замын хөдөлгөөнд дүрмээрээ оролцсонгүй гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр хэсэг рүү гараараа цохиж “зүүн завжинд 0.7x0.3 см хэмжээтэй” шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Г нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Эрүүгийн 2109000000632 дугаартай хэргээс:

Шүүгдэгч М.Г “...2021 оны 04 сарын 13-ны өдөр охины бие өвдсөн учир эмнэлэг рүү явж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинаараа явж байтал араас цагаан өнгийн приус 20 загварын машин сигналдаж, хажуу талд зэрэгцэж ирээд үл таних залуу над руу харааж хурдан яваач гэж хэлж доромжилсон, машинуудаа зогсоож машинаасаа бууж ирээд үл таних залуу над руу дайрч миний энгэрээс зуурсан бөгөөд би биеэ хамгаалах зорилгоор гараа сарвалзуулж байхдаа уг эрэгтэйн уруул руу цохисон. Үүний дараа намайг доромжилж ална гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Хохирогч А.Алтанцогийн “...2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн дүү А.Алтантөгстэй хамт А.Алтантөгсийн автомашинтай хөдөө аж ахуйгаас Багшийн дээд чиглэлд явж байтал улаан өнгийн “Лексус ар икс” маркийн автомашин хажуугаас А.Алтантөгсийн машиныг шахаад байсан. Тэр улаан өнгийн машины жолооч залуу А.Алтантөгсийн машины урд гарч ирээд хашаад зогссон. Тухайн үед Алтантөгс машин барьж явсан. Би Алтантөгсийн хажуу талын суудал дээр сууж явсан юм. Би Алтантөгсийн машинаас буугаад очиход улаан машины жолооч Ганцог /цагдаа дээр ирээд нэрийг нь мэдсэн залуу/ машинаасаа бас буугаад ирсэн. Би Ганцогтой маргалдаж байхад Ганцог намайг заамдаад авахаар нь би ч гэсэн зөрүүлээд заамдалцсан. Миний дүү Алтантөгс ирээд Ганцог бид хоёрыг салгах үед Ганцог миний уруул хэсэгт гараараа цохисон. Ганцогийг яг аль гараараа цохисныг мэдэхгүй байна. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 10-11 дүгээр хуудас/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 3307 дугаартай дүгнэлт:

1. А.Алтанцогийн биед зүүн завжинд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ...” /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Г нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хөдөө аж ахуйн яамнаас Багшийн их сургуулийн чиглэлд явах авто замаар тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ А.Алтанцогтой замын хөдөлгөөнд дүрмээрээ оролцсонгүй гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр хэсэг рүү гараараа цохиж “зүүн завжинд 0.7x0.3 см хэмжээтэй” шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгч М.Ганцогтын шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч А.Алтанцогийн “...Би Алтантөгсийн машинаас буугаад очиход улаан машины жолооч Ганцог /цагдаа дээр ирээд нэрийг нь мэдсэн залуу/ машинаасаа бас буугаад ирсэн. Би Ганцогтой маргалдаж байхад Ганцог намайг заамдаад авахаар нь би ч гэсэн зөрүүлээд заамдалцсан. Миний дүү Алтантөгс ирээд Ганцог бид хоёрыг салгах үед Ганцог миний уруул хэсэгт гараараа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 3307 дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Г нь хохирогч А.Алтанцогийн завж руу нь цохиж хөнгөн хохирол учруулсан талаар хохирогчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байх тул М.Ганцогтыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч М.Г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Хохирогч  А.Алтанцог нь гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй талаар хүсэлт ирүүлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Г холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаж үзээд прокурорын саналыг хүлээн авч  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

Иймд М.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,  хохирогч А.Алтанцог нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                               ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ................... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Г  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 / гурван / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч М.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ДАРЬСҮРЭН