Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 582

 

 

         А.М, Г.Г, Э.Б нарт

       холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Амгаланбаатар,

шүүгдэгч А.М-н өмгөөлөгч Э.Нямжав,

шүүгдэгч Э.Б, Г.Г нарын өмгөөлөгч Г.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Амгаланбаатарын бичсэн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 27 дугаартай эсэргүүцлийг үндэслэн А.М, Г.Г, Э.Б нарт холбогдох 1709026150056 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн А-ны М, 19.. оны ... дугаар сарын 31-ний өдөр ...... төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “А” академид дизайнер чиглэлээр суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт ...... дүүргийн ... дугаар хороо, ..... дугаар гудамж, .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......../;

2. Ж овгийн Г-н Г, 19.. оны .. дугаар сарын 7-ны өдөр ... аймагт төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...... сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ... аймгийн ...... сумын 1 дүгээр баг, ....... гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ........ дүгээр байрны ...... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............/;

3. Б овгийн Э-н Б, 200 оны ... дүгээр сарын 5-ны өдөр ...... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........ сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт ......... дүүргийн ... дугаар хороо, ...... дугаар гудамжны 409б тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ..... дүүргийн ... дугаар хороо, ...... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ....../;

А.М, Г.Г, Э.Б нар нь бүлэглэн, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө-2” кинотеатрын гадна М.Т-г зодож, эрүүн тус хэсэгт зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.М, Г.Г, Э.Б нарын үйлдэл тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Г.Г, Э.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, А.М-г прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, А.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.М-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

  Прокурор Ц.Амгаланбаатарын бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүхээс “...хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгч Э.Б, Г.Г нарын үйлдлээс учирсан болох нь үгүйсгэгдсэн болно. Харин Э.Б, Г.Г нарын хохирогчийн биед халдсан үйлдлийн улмаас хохирогчид бодит хохирол, хор уршиг учраагүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй талаар Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т тодорхой зохицуулсан тул тэдгээрийн үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна...” гэж  дүгнэн хэргийг шийдвэрлэсэн.

Гэтэл хохирогч М.Т-ын “... юм яриад байж байтал Г.Г эхлээд миний гэдэс рүү гараа зангидаад цохисон, дараа нь А.М заамдаж байгаад миний зүүн талын эрүүний гол хэсэг рүү гараа зангидаад үе хэсгээр нь нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд Г.Г дахиад зүүн талын эрүүний гол хэсэгт гараа зангидаж байгаад нэлээд хүчтэй цохичихоод “Өргөө-2” руу орсон. Намайг зодуулж байх үед Э.Б бид нарыг харж зогсож байгаад миний уруул хэсэг рүү гараа зангидаж үе хэсгээрээ нэг удаа цохиход нь миний уруулнаас цус гарсан...” гэсэн /хх 17/, гэрч А.М-н “...миний уур хүрээд М.Т-ыг гараараа эрүү лүү нь хоёр удаа цохисон. Э.Б намайг өмөөрөөд бас эрүү лүү нь цохисон. Г.Г эхэнд нь М.Т-н гэдэс рүү нь хөнгөн нэг удаа цохисон...” /хх 25/ гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “М.Т-н биед эрүүн зүүн хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг болно” /хх 31/ гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хохирогч М.Т-ын биед учруулсан хөнгөн хохирлыг А.М, Г.Г, Э.Б нар нь бүлэглэж учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна. 

Хэдийгээр Э.Б, Г.Г нарын хохирогчийн биед халдсан үйлдлийн улмаас хохирогчид бодит хохирол, хор уршиг учраагүй боловч шүүгдэгч А.М нь хохирогч М.Т-н биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Э.Б, Г.Г нар санаатай нэгдэж хохирогчийн биед халдаж, гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэж хамтран оролцсон байна. Иймд анхан шатны шүүхийн 265 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч А.М-н өмгөөлөгч Э.Нямжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нар хохирогч М.Т-ын бие махбодид гэмтэл учруулах талаар санаатай нэгдсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Хохирол, хор уршиг учраагүй тохиолдолд гэмт хэрэгт тооцохгүй талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан. Иймд анхан шатны шүүх Г.Г, Э.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Э.Б, Г.Г нарын өмгөөлөгч Г.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Г.Г, Э.Б нарын үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учраагүй. Хохирогч гомдол саналгүй гэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

                                                                ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх А.М, Г.Г, Э.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

А.М нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө-2” кино театрын гадна М.Т-г зодож, эрүүн тус хэсэгт зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Т-н “...А.М намайг заамдаж байгаад миний зүүн талын эрүүний гол хэсэг рүү гараа зангидаад үе хэсгээр нь нэг удаа хүчтэй цохисон...” /хх 17-18/,

гэрч Б.Энх-Оршихын “...А.М намайг М.Т-тай хардаад байдаг юм... Тэгээд 40 орчим минут болоод эхлээд Г.Г дараа нь А.М орж ирсэн. Араас нь М.Т орж ирсэн ба ороолтоороо амаа дараад сууж байгаад явсан...” /хх 22/,

гэрч Ө.Ариунтуулын “...М.Т А.М-г орж ирснээс хойш 7-8 минутын дараа орж ирэхдээ ороолтоороо нүүрнийхээ доогуур ороочихсон орж ирсэн ба ерөөсөө буулгахгүй юм ярьж байгаад харьж хичээлээ хийлээ гээд явсан...” /хх 24/,

шинжээч Б.Ариунзулын “...Эрүүний зөөлөн эдийн гэмтэл  нь эрүү шанаа орчимд хүч үйлчилснээс зөөлөн эдийн гэмтэл үүснэ. Уруул руу цохиход уруул орчимд гэмтэл үүснэ, эрүүнд гэмтэл үүсэхгүй...” /хх 36/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...М.Т-ын биед эрүүн зүүн хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно...” /хх 31/ гэсэн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 15110 дугаартай дүгнэлт болон гэрэл зургийн үзүүлэлт /хх 67/ зэрэг мөрдөн шалгах явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч А.М-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Прокуророос А.М, Г.Г, Э.Б нарыг бүлэглэн хохирогч М.Т-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Г.Г, Э.Б нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн бөгөөд үүнтэй холбоотой А.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, тухайн зүйл, хэсгийн ялын төрөл, хэмжээний дотор торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байх ба Эрүүгийн хуулийн зөв хэрэглэсэн байна.

Прокурор Ц.Амгаланбаатараас шүүгдэгч Г.Г, Э.Б нарт холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх талаар эсэргүүцэл бичсэнийг хүлээн авах боломжгүй.

Үндэслэл нь, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд А.М нь хохирогч М.Т-г найз Б.Энх-Оршихтой хардаж, түүний зүүн талын эрүү хэсэгт нь нэг удаа цохисноос хохирогчийн эрүүний зүүн хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 15110 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байгаа ба шүүгдэгч Г.Г-н хохирогчийн гэдэс рүү, шүүгдэгч Э.Б-н хохирогчийн уруул руу нь нэг нэг удаа цохьсон үйлдэл нь тус тус хохирогчид учирсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна. 

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Г.Г, Э.Б нарын үйлдлийн улмаас хохирогчийн бие махбодид гэмтэл учраагүй гэж үзэн, тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

             Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Амгаланбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.