Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0275

 

 

 

 

 

Т.А-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Т.А

Нэхэмжлэгч: Т.А

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: “Эд хөрөнгийн улсын бүртгэлтэй тохиолдолд нөхөх олговор олгох тухай Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг эс биелүүлж, газар эзэмших шийдвэр гаргахгүй, гэрээ хийхгүй, газрын гэрчилгээ нөхөн олговор олгохгүй нөхөн олговор олгох өргөдөлд хариу өгөхгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргад газар эзэмшүүлэх, гэрээ хийх, гэрчилгээ бичүүлэх, нөхөн олговор олгуулах шийдвэрийг гаргахыг даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.А

Хариуцагч Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0330/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 23 дугаар зүйлийн 23.4.1, 42 дугаар зүйлийн 42.1, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Т.А-гаас Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан Эд хөрөнгийн улсын бүртгэлтэй тохиолдолд нөхөх олговор олгох тухай Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг эс биелүүлж, газар эзэмших шийдвэр гаргахгүй, гэрээ хийхгүй, газрын гэрчилгээ нөхөн олговор олгохгүй нөхөн олговор олгох өргөдөлд хариу өгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх, гэрээ хийх, гэрчилгээ бичүүлэх, нөхөн олговор олгуулах шийдвэр гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад, иргэн Т.А надтай газрын гэрээ байгуулж, гэрчилгээ, кадастрын зураг гаргаж өгөхийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3/02 дугаар тогтоолын 13 дахь заалтаас иргэн Т.А миний гарааш зөвшөөрөлтэй тул нөхөн олговор олготол түр хасахыг Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

 

2. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Т.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

2.1. “...Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь:” хэсгийн 11-15 дугаар заалтууд, “Тогтоох нь:” хэсгийн 1 дүгээр заалтыг үзвэл шүүх “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дугаар заалтыг буюу “... хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газрууд тэр дундаа ... маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо орчмын газар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын шийдвэрлэх эрх хэмжээний асуудалд хамааралгүй, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлж, ашиглуулахаар байна” гэж дүгнэн, үндэслэл болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

2.2. Хэрэв тийм бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу шүүгч хариуцагчийг сольж, нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар эсвэл хамтран хариуцагчаар татах ёстой байсан байна. Ингээгүй нь шүүгч энэ хуулийг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх ба шүүхийн ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн нийслэлийн Засаг даргыг болон түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн байна гэж үзэхээр байна.

 

2.3. Хавтаст хэргийн 232, 233 дугаар хуудаснуудад буй “Гараашийн барилга бариулах тухай гэрээ”-ээр бол нийслэлийн Засаг даргын 1998 оны А/122 тоот захирамж, Хот байгуулалт, инженерийн байгууламжийн хэлтсийн 1999 оны 8 дугаар сарын 2/951 тоот албан бичгийн дагуу төрийг төлөөлж, «Батлав. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Засаг дарга Ч.Сүхбаатар» гэж албан тушаалаа дурьдан, гарын үсгээ зуран, тамга тэмдгээ даран захиалагчаар оролцон, гэрээнд: “Нэг. Захиалагчийн эрх, үүрэг.” болон 3, 4, 5, 6 дугаар заалтуудаар төрийн хүлээх үүрэг, хариуцлагыг тусган маргаан бүхий инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй гараашийг хувийн хэвшлээр бариулж надад худалдсаныг хавтаст хэргийн 16, 17, 18, 142-155, 231, 2 дугаар хавтаст хэргийн 95-100 дугаар хуудаснуудад буй баримтуудыг шүүх үнэлсэнгүй. Үүний дараа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу “Худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ төр буюу нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газар, зохион байгуулалтын алба, дүүргийн Засаг дарга, дүүргийн Газар, зохион байгуулалтын алба өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, газрын гэрээ гэрчилгээ кадастрын зургийг гаргаж өгөөгүй байгаа учир газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-д заагдсан газрын гэрээ гэрчилгээгүй гээд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй гэлээ. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч чадахгүй байгаа учир нөхөн олговрыг газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу авах боломжгүй болж байгаа үйл баримтыг шүүх үнэлэхгүй байна. Газрын гэрээ гэрчилгээ, кадастрын зураг, нөхөн олговрыг гаргуулахаар шүүхийн журмаар хандахаас өөр аргагүй болж, гэрээ гэрчилгээ гаргуулахаар хандсан үйл баримтыг шүүх үнэлсэнгүй. Мөн газрын гэрээ гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа атлаа тэдгээрийг орлуулж, жил бүр “газрын төлбөрийн акт”-аар газрын төлбөрийг Нийслэлийн газрын алба бус, хариуцагч биш гээд байгаа дүүргийн газрын алба авч, гараашийн газрыг эзэмших ашиглах эрхийг нийслэлийн Засаг дарга, дүүргийн Засаг дарга, нийслэлийн Газар, зохион байгуулалтын алба, дүүргийн Газар, зохион байгуулалтын албаны захирамж шийдвэрийг орлуулж, 2022 он хүртэл тасралтгүй авч, сунгасаар ирсэн тухай хавтаст хэргийн 112-115 дугаар хуудаснуудад буй үйл баримтуудыг шүүх үнэлсэнгүй.

 

2.4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д: “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэснийг хариуцагч мөн биелүүлэхгүй байгаа үйл баримтыг шүүх бас үнэлсэнгүй. Учир нь: хавтаст хэргийн 123, 125 дугаар хуудаснуудад буй 2009, 2011 онуудын кадастрын зургууд, манай гараашийн газрын нэгж талбарын дугаар 18642310189204 болохыг гэрчилнэ. Энэ үйл баримтыг шүүх бас үнэлсэнгүй.

 

2.5. Маргаанд хоёр үл хөдлөх эд хөрөнгө хамрагдаж байна гэж нэхэмжлэгч миний бие үзэж байна. Нэг нь гараашийн доорхи газар, нөгөө нь газар дээр байгаа тоосгон гарааш. Иймд мөн хоёр төрлийн нөхөн олговрын асуудал яригдах ёстой гэж үзэж байна. Газрын нөхөн олговор олддоггүй юм гэхэд объект буюу гарааш гэсэн объектын нөхөн олговор олдох ёстой гэж үзэж байна. Энэ тохиолдолд шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 104 дугаар зүйлийн 104.1, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай 1997 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан “... батапгаажина”, “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” 2003 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “... баталгаажна” гэснийг тус тус хэрэглэх ёстой байсан гэж иргэн миний бие үзэж байна. 

 

2.6. Дашрамд тодруулахад нийслэлийн Засаг даргын А/388 тоот захирамж нь намайг шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 21-нд хандсанаас хойш буюу 2022 оны 03 дугаар сарын 14-нд гарсан, дүүргийн Засаг даргын А/124 тоот захирамж нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нэхэмжлэлд тайлбар ирүүлэхэд буюу 2022 оны 06 дугаар сард гараагүй байсан. Хэзээ шүүхэд нөхөж гаргаж ирүүлснийг нэхэмжлэгч миний бие мэдээгүй байна. Тэр үед Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3/02 тоот тогтоол л гарсан байсан. Дүүргийн Засаг дарга, дүүргийн Газрын алба шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... мянга гаруй гараашаас ... нэг бүрчлэн хэлэлцэж ... эхний ээлжинд буулгах 557-н гараашийн газрын байршлын судалгааг эцэслэн гаргасан ..” гэж байсан тул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хариуцагчдаар татсаныг тодруулах нь зүйтэй.

 

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0023 тоот шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна. Гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

3. Хариуцагч нараас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн   118.3-д   зааснаар   анхан   шатны   шүүхийн   шийдвэрийг   нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

3. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч Т.А-гаас Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Эд хөрөнгийн улсын бүртгэлтэй тохиолдолд нөхөх олговор олгох тухай Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг эс биелүүлж, газар эзэмших шийдвэр гаргахгүй, гэрээ хийхгүй, газрын гэрчилгээ нөхөн олговор олгохгүй нөхөн олговор олгох өргөдөлд хариу өгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх, гэрээ хийх, гэрчилгээ бичүүлэх, нөхөн олговор олгуулах шийдвэр гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад, иргэн Т.А надтай газрын гэрээ байгуулж, гэрчилгээ, кадастрын зураг гаргаж өгөхийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3/02 дугаар тогтоолын 13 дахь заалтаас иргэн Т.А миний гарааш зөвшөөрөлтэй тул нөхөн олговор олготол түр хасахыг Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

3.2. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн А/388 дугаар захирамжаар нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталж, хавсралтын 84-т Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Саруул худалдааны төвийн хойд талд байрлах 14 гараашийг буулгаж газрыг чөлөөлж, газрын зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажилд дэмжлэг үзүүлж, шаардагдах зардлыг дүүргийн төсвөөс санхүүжүүлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт даалгаж,

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3/02 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөг хавсралтаар баталж, тус төлөвлөгөөний 13-т 1-8, 10 дугаар хороодын нутаг дэвсгэр, орон сууцны хороолол дундах авто машины гараашнуудыг буулган газрыг чөлөөлж, чөлөөлөгдсөн газарт олон нийтэд зориулсан ногоон байгууламж, тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийх боломжийг бүрдүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

 

3.3. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана” гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлд Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нийтлэг бүрэн эрх” гээд 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”, 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-д зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн хуулийн зохицуулалттай.

 

3.4. Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч Т.А нь газар чөлөөлөлтөд хамрагдсан гараашийг газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгүйгээр ашиглаж байсан байх тул газар чөлөөлсөнтэй холбоотойгоор нөхөн олговор авах эрхгүй байна, ... маргаан бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах асуудал нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын эрх хэмжээний асуудалд хамааралгүй байх тул нэхэмжлэгчийн дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан газар эзэмших шийдвэр гаргаж, гэрээ, гэрчилгээ бичиж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, ... нэхэмжлэгч Т.Ад маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн Засаг даргын шийдвэр гараагүй, тийм шийдвэр байхгүй байх тул хариуцагч дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээг бичиж өгөх үндэслэлгүй, ... Төлөвлөгөөний заалт нь нэхэмжлэгч рүү шууд чиглээгүй, дүүргийн газар чөлөөлөлт, бүтээн байгуулалттай холбоотой заалт байх бөгөөд маргаан бүхий тохиолдолд тус заалт нь хэрэгжчихсэн үр дагаваргүй болсон, нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэгчид хамгаалагдах эрх байхгүй байна...” гэж тус тус дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

3.5. Тодруулбал, Газрын тухай хуульд заасан эрх бүхий этгээдээс газар ашиглуулах, эзэмшүүлэх шийдвэр гараагүй, гэрчилгээ олгоогүй байхад нэхэмжлэгч нь уг маргаан бүхий газар дээр барьсан гараашийг худалдан авч, газрын төлбөрийг төлөх замаар тус газрыг ашигласан нь нэхэмжлэгч этгээдэд захиргааны байгууллагаас тодорхой хугацаанд автомашины зогсоолын болон түүний хадгалалт хамгаалалтыг зохистой байдлаар шийдвэрлэх боломж олгосон үйл ажиллагаа болохоос биш уг газрыг хуульд зааснаар эзэмшүүлэх, өмчлүүлэх харилцаа биш юм.

 

3.6. Нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн маргаж буй гараашийн доорх газрыг нийтийн эрх ашгийн үүднээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн үйлдлийг хуульд нийцээгүй гэж үзэх боломжгүй.

 

3.7. Түүнчлэн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5-д “нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах” нь Аймаг, нийслэлийн газрын албаны эрх хэмжээний асуудал байхаар, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж зааснаар хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын алба “газар ашиглуулах, эзэмшүүлэх шийдвэр гараагүй, гэрчилгээ олгоогүй, анх олгосон газар ашиглах эрхийн хугацаа дууссан, үүнийг сунгаагүй энэ тохиолдолд уг зөрчилтэй газар дээр барьсан гараашийн доорх газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх”, “мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол нийслэлийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах” бүрэн эрхтэй гэж үзнэ.

 

3.8. Газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй этгээдийн хувьд газар эзэмших, ашиглах аливаа эрх хамгаалагдахгүй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд зөвхөн газрын төлбөрийг төлснөөр газар эзэмших эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй тул Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 42.3-д заасан “Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна” гэсэн хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна.

 

3.9. Мөн “...Маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч Т.А нь газар чөлөөлөлтөд хамрагдсан гараашийг газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгүйгээр ашиглаж байсан байх тул газар чөлөөлсөнтэй холбоотойгоор нөхөн олговор авах эрхгүй байна” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

3.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд маргаан бүхий газрыг олгох эрх бүхий этгээд нь нийслэлийн Засаг дарга байсан байхад хариуцагчийг солиогүй нь энэхүү шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй. 

 

3.11. Учир нь нэхэмжлэгчээс уг газрыг эзэмшүүлэхтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргад өмнө хандаагүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хариуцагчийг солих эсхүл хамтран хариуцагчаар татан оролцуулах эрх нь нээлттэй байсан, түүнчлэн нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлох учир шүүх энэ тохиолдолд хариуцагчийг сольж оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Агаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА