Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 00506

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгч Б.Отгонбямба, Н.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 09-08 тоотод оршин суух “Цагаан гэрүүд” овогт Мөнхбаярын Батчимэг /РС-81103112/-н нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн 2151 дугаарын үнэмлэхтэй, “Бямбадоржийн Амаржаргал,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн 36-04 тоотод оршин суух “Тогоруутан” овогт Эрдэнээгийн Уугантуяа /РП-79111024/-д холбогдох,

Хариуцагчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн 1103 дугаартай үнэмлэхтэй “Барнууд” овогт Баадайн Батдорж /РЮ-59062819/

Нэр төр, алдар хүндийг сэргээлгэж, хохиролд 15.000.000 /арван таван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нэхэмжлэгч М.Батчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч Э.Уугантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Батчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны оны 7 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Цагаан-Уул сумыг хариуцсан мэргэжилтэн Э.Уугантуяа нь М.Батчимэг миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилгоор Засгийн газрын 11-11 төвд /Батчимэг намайг төрийн жинхэнэ албан хаагчийн нэр барьж иргэдээс төсөл бичиж батлуулж өгнө гэж мөнгө авдаг/ гэсэн утга агуулгатай худал мэдээллийг өгсөн байсан. Улмаар энэ мэдээлэл Монгол Улсын Хөдөлмөрийн яаманд хүрч намайг яамны мэргэжилтний зүгээс байнга дарамтлан бүр ажлаас халхад хүрч миний ажил албан тушаалыг бууруулж хөдөө сумын мэргэжилтнээр томилж явуулсан. Мөн ажил олгогчийн зүгээс болон яамнаас намайг байнга дарамтлан хардаж байнга миний ажлыг хянаж шалгах болж ажлаа тайван чөлөөтэй хийх боломжгүй болгосон. Миний нэр төрийг үндэслэлгүйгээр гутаан доромжилж мэдээлсэн хүн нь Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтэст хамт ажиллаж байсан Э.Уугантуяа болохыг холбогдох хуулийн байгууллагуудаар шалгуулан тогтоолгож Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар эрүү үүсгэн шалгасан. Ингээд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Уугантуяаг М.Батчимэг миний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тарааж гүтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Гэвч 2016 оны 4 дүгээр сард “Сэрүүлэг” сонины №11 дугаарт Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хүүхнүүд нэгнийхээ ажлыг авахын тулд 11-11-д матжээ гэсэн нийтлэл гаргаж миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон. Уг нийтлэлд намайг сонинд нийтлэл өгсөн юм шиг утга агуулга бүхий төрийн байгууллагын эсрэг үндэслэлгүй мэдээлэл сонинд зориудаар өгсөн мэтээр намайг турхирсан. Түүнчлэн намайг төрийн албан хаагчийн ёс зүйгүй мэт харагдуулж, ажилгүй болгох зорилгоор энэ мэдээллийг цацсан. Сэрүүлэг сонин бодит үнэнд нийцэхгүй хариуцлагагүй нийтлэлээс үүдэлтэйгээр Хөдөлмөрийн яамнаас болон манай байгууллагын дарга хамт ажилладаг ажилчдын зүгээс чи өөрөө уг мэдээллийг сонинд өгсөн Уугантуяад холбогдох эрүүгийн хэргийг болон хохирогчийн гомдол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Уугантуяагийн яриад байгаа мэдээлэл бодит үнэнд нийцсэн гэж дүгнэж түүнийг шүүх гэм буруугүй гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон юм байна гэж намайг гэм буруутай гэж үзээд миний гомдлыг хэрэгсэхгүй болгосон гэж ойлгогдохоор нийтлэл гаргасан байна. Намайг төрийн албаны нэр барьж иргэдээс авилга авдаг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж утга агуулгатай тус сонины нийтлэл нь сэтгэл зүйн хувьд бүр илүү дарамтад оруулж миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, төрийн жинхэнэ албан хаагчийн баялгийг минь үгүй хийж гутаан доромжилж хохирсон.

Иймд: 1.Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг минь гутаан доромжилсон, бодит үнэнд нийцэхгүй мэдээг нийтэлсэн Сэрүүлэг сонины газраар нэр төрийг минь сэргээлгэж, сэтэл санааны хохирол 5.000.000 төгрөгийг гаргуулах,

            2. Хариуцагч Уугантуяагаас нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, сэтгэл санааны хохиролд 8.000.000 төгрөг, эрүүл мэндэд учирсан болон зайлшгүй гарсан зардалд 2.000.000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Миний үйлчлүүлэгч нь хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байгаа хүний нэр төр, алдар хүнд гутаан доромжилсон зүйлийг Э.Уугантуяа нь 11-11 тусгай дугаарт худал мэдүүлэг өгч мэдүүлснээр энэ хүний нэр төр, алдар хүндэд нь халдсан гэмт хэрэг үйлдсэн байдаг юм. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ харгалзан үзэх хэрэгтэй гэж үзэж байна. Сэрүүлэг сонин нь өөрийн буруутай үйлдлээр М.Батчиммэгийн нэр төрд нь халдаж ажилгүй болгох шахсан байдаг. Миний үйлчлүүлэгчид дахин сэтгэл санааны хохирол гаргасан байдаг юм. Сэтгэл санааны хохирлыг юугаар хэмжих юм бэ гэж хэлж байгаа бол энэ Сэрүүлэг сонин нь 1700 хувь борлогдсон байдаг юм гэв.

Хариуцагч Сэрүүлэг сонины газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:  Тус сонинд хандан Хөвсгөл аймгийн иргэн М.Батчимэг нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон хэмээн нэр төрийг сэргээлгэх сэтгэл санааны хохиролд таван сая төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Тус сонины 11-р дугаар “Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хүүхнүүд нэгнийхээ ажлыг авахын тулд 11-11-д матжээ” гэсэн нийтлэл авчирсан.

1. Нийтлэл нь нэхэмжлэгчийн нэр төр алдар хүндийг гутаах зорилго анхнаасаа тавиагүй болно. Харин төрийн албанд гарч байгаа төрийн албан хаагчдын ёс зүйгүй үйлдлийг илчилэн гаргах хэвлэл мэдээллийн хэрэгсэл/ХМХ/-ийн үндсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Мөн тус нийтлэлд нэхэмжлэгч болох Мөнхбаярын Батчимэг гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй. Харин нийтлэлд гарсан хүмүүсийн нууцлалыг хүндэтгэх үүднээс овог нэрийг нь бүтнээр нь гаргаагүй болно.

2. Тус сонин нь уг материалыг хуульд зөвшөөрөгдсөн аргаар олж авсан бөгөөд хэрэг мөрдөн байцаалт болон шүүхийн шатыг дамжин шүүхээр шийдвэрлэгдэж гэмт буруутай эсэх нь тогтоогдсоны дараа нийтэлсэн болно.

3. Тус сонин нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд тогтоогдсон болсон хэрэг явдлыг л дурдаж олон нийтэд хүргэх ХМХ-ийн үүргээ биелүүлсэн. Хэрэгт холбогдогчдын мэдүүлсэн тайлбарласан байр суурийг л гаргасан агаад сонины зүгээс нэмсэн утга санаа агуулга бүхий зүйл байхгүй.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “..уг нийтлэлд намайг сонинд нийтлэл өгсөн юм шиг утга агуулга бүхий, төрийн байгууллагын эсрэг үндэслэлгүй мэдээлэл өгсөн мэтээр турхирсан. Түүнчлэн намайг төрийн албан хаагчийн ёс зүйгүй мэт харагдуулж ажилгүй болгох зорилгоор энэ мэдээллийг цацсан..” нь миний нэр төрийг гутаасан гэжээ. Нийтлэлд М.Батчимэг гэдэг нэр ерөөсөө байхгүй бөгөөд түүнийг болон өөр ямар нэгэн хүн нь энэ мэдээллийг өглөө гэсэн утгатай үг өгүүлбэр огт байхгүй болно. Мөн нэхэмжлэгчийг төрийн албаны ёс зүйг зөрчиж ёс зүйгүй байдал гаргасан гэх нэг ч үг өгүүлбэр дурдагдаагүй. Түүнийг ажлаас халагдуулах зорилготой гэх ямар нэгэн ил далд санаатай үг өгүүлбэр мөн нийтлэлд ороогүй. Нэхэмжлэгч хэрвээ манай нийтлэл өөрийнх нь нэр хүндийг гутаасан гэж үзэж байгаа бол түүнийгээ нийтлэлийн чухам ямар хэсэгт ямар үг өгүүлбэрээр нэр хүндийг нь гутаасан болохыг бодитойгоор баримттайгаар нотлох хэрэгтэй. Гэтэл нэхэмжлэлд ямар ч баримт нотолгоо гаргаагүй агаад харин ч “...намайг сонинд нийтлэл өгсөн юм шиг утга агуулга бүхий, төрийн байгууллагын эсрэг үндэслэлгүй мэдээлэл өгсөн мэтээр турхирсан. Түүнчлэн намайг төрийн албан хаагчийн ёс зүйгүй мэт харагдуулж ажилгүй болгох зорилгоор энэ мэдээллийг цацсан...” хэмээн хийсвэр үндэслэлгүй, сэтгэл хөдлөл, хий таамаглалын чанартай зүйлээр манай сонинг буруутгах гэж оролджээ. Манай нийтлэлд нэхэмжлэгчийг “...төрийн албаны нэр барьж иргэдээс авилга авдаг...” гэсэн утгатай нэг ч үг өгүүлбэр гараагүй байхад мөн л үндэслэлгүй хий хоосноор буруутгах гэж оролдсон байна.

5. Иймд нэхэмжлэгчийн өөрийнх нь тухай бичигдсэн хэмээн үзэж байгаа манай сонинд гарсан нийтлэлтэй холбоотойгоор нэр төр, алдар хүнд гутаасан, сэтгэл санааны хохиролд 5 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Уугантуягийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь: 1. М.Батчимэгтэй холбогдсон асуудлаар би шалгагдаад уг асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдтэй.

2. Миний гаргасан “мэдээлэл” нь огт үндэслэлгүй зүйл биш. Тэгээд ч тэр мэдээллийн чанартай зүйл нь Засгийн газрын 11-11 дугаартай утсанд нээлттэй бус байдлаар тавигдсан байна. Энэ нь холбогдох баримтаар тогтоогдсон болно. Тэгээд ч олон нийтэд тараагдах боломжгүй гэдгийг Н.Батчимэг өөрөө мэдсэн байгаа шүү дээ.

3. Нэхэмжлэгийн ямар нэр төр яаж гутаасан нь тодорхойгүй, нэхэмжлэгч өөрөө үүнийгээ нотлон баримтаар илэрхийлэх үүрэгтэй болохоос биш, зүгээр нэг яахнав гэсэн байдлаар нэхэмжлэл гаргах эрхгүй.

4. ИХШХШ-ажиллагааны оролцогч нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй атлаа энэ байдлыг үл ойшоож илэрхий худал зүйл бичин намайг хариуцагч болгон улмаар мөнгө нэхэмжилж байгаад би гомдолтой М.Батчимэг нь ажил төрлөө хийдгээрээ хийж цалин хөлсөө авдгаараа авч байсан. Ямар нэгэн байдлаар хохирч байгаагүй. Харин өөрөө өөрөө л хохирсон гэж дүгнэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Би сонинд ямар нэгэн байдлаар хандаагүй болно.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Нэхэмжлэгчийн мэдүүлэг дээр бол овгийн нэрийн эхний үсгийг тавьсан болохоор өөрийгөө гутаагдсан гэж үзэж байна.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ямар учраас аль нэр хүнд нь гутаагдаад байгаа юм бэ?  Өнөөдөр баримт маш дутуу дулимаг гаргаж өгсөн байна. Эхнээсээ Э.Уугантуяад холбоотой зүйл байхгүй юм. Сэрүүлэг сонин нь чөлөөтэй сэтгүүлэг учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хүчингүй болгож өгөөч гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Мөн шинжээчийн дүгнэлтийг би гайхаж байна. Сэрүүлэг сониноос болж сэтгэл гутралд орсон юм шиг дүгнэлт гаргасан байдаг юм. Ийм нэг талыг барьсан шийдвэр гаргаж болох юм уу нэхэмжлэгч нэг их мөнгө авах гээд л дайрч давшилж өөрийн хийсвэр төсөөлсөн зүйлээ ургуулан бодоод байх юм. Үүнийг шүүх бүрэлдэхүүн харгалзаж үзээрэй гэж гэж хүсэж байна гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Батчимэг нь Сэрүүлэг сонины газарт холбогдуулан нэр төр, сэргээлгэж, сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг, Э.Уугантуяад холбогдуулан сэтгэл санааны хохиролд 8.000.000 төгрөг, эрүүл мэндэд учирсан болон зайлшгүй гарсан зардалд 2.000.000 гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд Сэрүүлэг сонины газраар нэр төр сэргээлгэж, сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг, Э.Уугантуяагаар нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэж, сэтгэл санааны хохиролд 8.000.000 төгрөг, эрүүл мэнд, зайлшгүй гарсан зардалд 2.000.000 гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Шүүх тодруулсан шаардлагыг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч М.Батчимэгийн хариуцагч Сэрүүлэг сонины газраар өөрийнхөө нэр төр сэргээлгэж, сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч М.Батчимэг нь Сэрүүлэг сонины 2016 оны 4 дүгээр сарын 11 дугаарт “Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хүүхнүүд нэгнийхээ ажлыг авахын тулд 11-11-д матжээ” гэсэн нийтлэл гарсан.Сэрүүлэг сонины энэ бодит үнэнд нийцэхгүй, хариуцлагагүй нийтлэлээс болж Хөдөлмөрийн яамнаас болон манай байгууллагын дарга, хамт ажилладаг ажилчдын зүгээс надад тодорхой хэмжээний дарамт ирж сэтгэл санааны хувьд хохирсон хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Эдийн бус гэм хорыг арилгах талаар зохицуулсан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-д “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.”, мөн зүйлийн 511.2.-т “Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно.” гэж заажээ.

Сэрүүлэг сонины 2016 оны 4 дүгээр сарын 11 дугаарт “Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хүүхнүүд нэгнийхээ ажлыг авахын тулд 11-11-д матжээ” гэсэн нийтлэл хэвлэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба талууд  энэ талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Гэвч хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр, хариуцагч Сэрүүлэг сонины газар нь нэхэмжлэгч М.Батчимэгийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч М.Батчимэг нь дээрхи нийтлэлээс болж Хөдөлмөрийн яамнаас болон манай байгууллагын дарга, хамт ажилладаг ажилчдын зүгээс надад тодорхой хэмжээний дарамт ирж сэтгэл санааны хувьд хохирсон гэх боловч үүнтэй холбоотой баримтаа ирүүлээгүйгээс энэ нь нотлогдохгүй байна.

Иймд хариуцагч Сэрүүлэг сонины үйлдлээр М.Батчимэгийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд хэрхэн хохирсон нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч М.Батчимэгийн хариуцагч Э.Уугантуяагаар нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, сэтгэл санааны хохиролд 8.000.000 төгрөг, эрүүл мэндэд учирсан болон зайлшгүй гарсан зардалд 2.000.000 гаргуулах нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Э.Уугантуяа нь “Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн М.Батчимэг нь тус хэлтсээс олгодог төсөл хамруулан өгч, төслийг чинь 30.000 төгрөгөөр бичиж өгнө гээд  гээд мөнгийг минь авсан боловч одоо болтол шийдэж өгөхгүй байгаад гомдолтой байна“ гэсэн мэдээллийг Засгийн газрын 11-11 төвд 2015 оны 07 дугаар сард өгсөн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Мөн Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 61 дугаартай магадлал зэргээр Э.Уугантуяаг хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тарааж гүтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

Хариуцагч Э.Уугантуяа нь Засгийн газрын 11-11 төвд 2015 оны 07 дугаар сард өгсөн “Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн М.Батчимэг нь тус хэлтсээс олгодог төсөлд хамруулан өгч, төслийг чинь 30.000 төгрөгөөр бичиж өгнө гээд  мөнгийг минь авсан боловч одоо болтол шийдэж өгөхгүй байгаад гомдолтой байна” гэсэн мэдээллийнхээ үнэн зөв, бодитой болохыг баримтаар нотолж чадахгүй байна.

 Э.Уугантуяа нь энэхүү мэдээллээ бодит байдалд нийцэж байгааг нотлоогүй тул түүнийг М.Батчимэгийн нэр төрийг гутаасан байна гэж үзэх үндэслэл байна.

Иймд М.Батчимэгийн нэр төрийг гутаасан мэдээ тараасан хэлбэрээр няцаалтыг хийхийг хариуцагч Э.Уугантуяад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин хүний алдар хүнд гэдгийг бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурласан үнэлэмжийг ойлгодог ба алдар хүнд нэр төрийн адил хүн бүхэнд байдаггүй, хувь хүний хүслээр болдоггүй, цөөн хүнд оногдох авъяас, хөдөлмөрийн илрэлээр төрөөс олгогддог онцлогтой байдаг бөгөөд нэхэмжлэгч М.Батчимэгийн алдар хүнд нь хэрхэн ямар байдлаар гутаагдсан болох нь тодорхойгүй байна.

Нөгөө талаар тухайн мэдээлэл нь тархсан хүрээ, уг мэдээллийг мэдсэн хүний тоо болон нэхэмжлэгчийн сэтгэл санаанд ямар хохирол учирсан, түүний улмаас үүссэн үр дагавар нь нотлогдоогүй байх тул хохирлын 10.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдсанчлан дээрх мэдээллээс болоод нэхэмжлэгчийн сэтгэл зүйн байдалд дарамт учирч сэтгэл санаагаар хохирсон, бие муудаж эмнэлэгт  эмчлүүлсэн гэх байдал баримтаар нотлогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр М.Батчимэгийн Засгийн газрын 11-11 төвд мэдээлсэн мэдээлэлд залруулга хийж, нэр төрийг нь сэргээлгэх шаардлагыг хангаж, харин алдар хүндийг сэргээлгэх, сэтгэл санаа, эрүүл мэнд болон зайлшгүй гарсан хохирол 10.000.000 төгрөг гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч Сэрүүлэг сонины газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярбаатарт  хэргийн материал танилцуулахаар 2016 оны 11 дүгээр сарын 29, 12 дугаар сарын 02, 5 дугаар сарын 08-ны өдрүүдэд түүний эзэмшлийн 96006615 дугаарын утсаар холбогдож  мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй,   

Мөн 2017 оны 05 дугаар сарын 18-ний өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг Б.Баярбаатарт  2017 оны 05 дугаар сарын сарын 08-ны өдөр түүний эзэмшлийн 96006615 дугаар утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 303.150 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, харин хариуцагч Э.Уугантуяагаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь; 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-д зааснаар бусдын нэр төрийг гутаасан мэдээ тараасан хэлбэрээр няцаалтыг хийхийг  хариуцагч Э.Уугантуяад даалгаж,  нэхэмжлэлийн  шаардлагын үлдэх Сэрүүлэг сонины газраар нэр төр сэргээлгэж, сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, Э.Уугантуяагаас алдар хүндийг сэргээлгэх, сэтгэл санаа, эрүүл мэнд болон зайлшгүй гарсан зардал 10.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Батчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 303.150 төгрөгийг нөхөн гаргуулж  улсын орлогод оруулж, хариуцагч Э.Уугантуяагаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ДАВААХҮҮ

                                                        ШҮҮГЧИД                        Б.ОТГОНБЯМБА

                                                                                                 Н.БЯМБАСҮРЭН