Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, шүүгч Г.Сарантуяа, шүүгч Г.Дэлгэрсайхан нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Н.Баяртогтох, прокурор Т.Дэлгэрсайхан, хүсэлт гаргагч *******, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Даваахүү, нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч *******ийн хүсэлттэй Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хууль зөрчсөний улмаас учирсан хохирол 92 462 436 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Н.Баяртогтох, прокурор Т.Дэлгэрсайхан, хүсэлт гаргагч *******, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Даваахүү, нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа  дэмжиж байгаа. Миний бие 1988 онд Барилгын яамны томилолтоор Хөтөлийн “Цемент шохой” ХК-д ирж уулын цехийн мастер инженер, тус үйлдвэрийн хангамж, худалдаа борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Авилгатай тэмцэх газраас ирж үйлдвэрийн удирдлагуудын хамт албадан саатуулагдаж Дархан-Уул аймгийн мөрдөнд 2 хоноод, Улаанбаатар хот дахь хорих 461 дүгээр ангид очиж хоригдсон. Би  нийт 32 хоног хоригдсон. Цагдан хорьж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны эцэст шүүгчийн  2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 278 дугаартай тогтоолоор батлан даалтад гарсан. Хяналт шалгалтанд бүртгэгдэж байцаалтанд байгаад Сэлэнгэ аймгийн хяналтын прокурорын 2013 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор надад холбогдох хэргийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон байгаа. Авилгатай тэмцэх газрын ирүүлсэн 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн албан тоотын дагуу намайг ажлаас түдгэлзүүлж, үйлдэл хэрэгсэхгүй болгосноос хойш “Цемент шохой” ХК-ийн удирдлага байсан Батдорж захиралд ажилд орох хүсэлтээ нэг бус удаа гаргаж байсан боловч ажилд аваагүй. Дараа нь 2016 онд хувийн байгууллагад шилжих үед нь би ажилд орох хүсэлтээ өгсөн боловч хариу өгөөгүй. Хэрэгт холбогдон шалгагдаж байх үед хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр намайг болон бусад удирдлагуудын адил албан тушаалаа урвуулан ашиглан төрийн өмчийг ашиглан шамшигдуулсан гэсэн мэдээллийг тарааж, гэр оронд үзлэг, нэгжлэг хийж зөвхөн намайг бус гэр бүл, төрөл төрөгсдийг сэтгэл зүйн хувьд маш хүнд байдалд оруулж, хэвийн ажиллаж амьдрах нөхцөлийг алдагдуулж байсан. Мөн одоо ч гэсэн ажил төрөл болон сэтгэл санааны хувьд өмнөх байдалдаа орж чадаагүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 388 дугаар зүйлд заасан хохирол гаргуулах эрхийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин 26 465 922 төгрөг, нийгмийн, болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх, өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авсны хөлс 10 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 16 083 800 төгрөг нийт 59 144 039 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс  26 465 922 төгрөг гаргуулахаар тооцсон тооцоо нь Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар  тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тогтоох журмын 6, 7, 9 дүгээр зүйлд заасны дагуу 2013 оны  6, 7, 8 дугаар сарын дундаж цалинг тооцоход миний нэг өдрийн дундаж цалин 65 187 төгрөг болж байгаа. Учир нь би тухайн саруудад нийт 41 хоног ажилласан байдаг. Өмнөх хоёр сард нь дамнаж ээлжийн амралттай байсан. Гурав дахь сараас нь баригдаад явсан учраас 90 хоногоос 41 хоногийг нь ажилласан байсан. Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын тушаалын 6 дугаар зүйлийг үндэслээд би 2013 оны  06 сард 17 хоног, 07 сард 14 хоног, 08 сард 10 ажиллаж дутуу ажилласан нь цагийн бүртгэлээр нотлогдож байна. Энд 21 хоног ажиллаагүй байгаа үүнийгээ тооцоод дундаж цалин хөлс тодорхойлох журмын 6 дугаар заалтын дагуу тухайн хугацаанд авсан цалингийн нийлбэр дүнг  жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн цалин хөлсийг тодорхойлно гэж заасны дагуу бодож гаргасан. Миний 2013 оны 6, 7, 8 дугаар сард авсан нийт цалин 2 672 701 төгрөг байсан бөгөөд 41 хоногийн цалин авсан гэдэг нь цагийн бүртгэлээр тодорхойлогдож байна. Миний нэг өдрийн дундаж цалин 65 187 төгрөг байгаа. Энэ цалин хөлсөө 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр баригдаж явсан өдрөөс эхлэн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг тооцоход нийт 406 хоног болж байгаа. Үүнийг нэг өдрийн дундаж цалин хөлсөөрөө үржүүлэхээр 26 465 922 төгрөг болж байгаа. Энд 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл нийт 34 хоног цагдан хоригдож, мөрдөн байцаах газар дамжиж хоригдож хохирсон хохирлыг төлж өгнө үү гэж мөн хүсэлт гаргаж байгаа. Хоёрдугаарт дундаж цалин хөлс тооцоолох журмын дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах хоёр гол хүсэлтийг гаргаж байгаа. Намайг компаныхаа өмч хөрөнгийг хувьдаа авч ашиглан шамшигдуулж төрд олон тэрбум төгрөгийн  хохирол учруулсан гэсэн үндэслэлээр хэвлэлийн бага хурал хийж Монгол улсын хэмжээнд цацсан. Энэ мэдээлэл нь миний нэр, төрийг улс орон даяар болон гадаад дотоодын  харилцагч нарын дунд нэр төрийг унагаасан. Мөн өдөр тутмын сонин, сайтууд, хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр нэр төрийг гутаасан байгаа. Би энэ сэтгэл санааны хохиролд 16 089 800 төгрөгийг нэхэмжилж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390, 391 дүгээр зүйлд заасны дагуу нийт  59 144 039 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн...” гэв.

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1 дэх хэсэгт зааснаар ******* нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх нь үүссэн тул нөхөн төлүүлэх  шаардлагаа гаргасан. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байгаа. ******* нь 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт 32 өдөр хоригдсон. Энэ хугацаандаа Улаанбаатар хот болон Дархан-Уул аймгийн цагдан хорих болон урьдчилан хорих газруудаар дамжуулан хорьсон. 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 278 тоот шүүгчийн захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдөж батлан даалтад гарсан байдаг. Энэ хүн 1 жил орчим хугацаанд мөрдөгдөж байгаад 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор *******ид холбогдох үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний дагуу “Цемент шохой” ХК-д ажилдаа буцаад орох хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч ажилд нь буцааж аваагүй. 2016 оны 12 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хүртэлх  хугацаагаар анх нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байсан боловч  2015 онд өөрийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан. Энэ нь нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийсэн байгаа учраас тэр хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байгаа.   Ажилд авахгүй байсан учраас өөр байгууллагад ажилд орох зорилгоор ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан боловч өөр газар ажилд орж чадаагүй. Энэ хугацааны цалин хөлсөө нэхэмжилж байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож, мөрдөж байсан хугацааны болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх эрх нь үүсч байгаа. *******ийн ажилгүй байсан нийт хугацаа нь 406 хоног болж байгаа. Ажилгүй байсан хугацааны 406 хоногт нийт 26 465 922 төгрөг нэхэмжилж  байгаа. Энэ мөнгийг ямар аргаар тооцоолж гаргасныг хүсэлт гаргагч хэлсэн. Үүн дээр нэмж хэлэхэд ******* нь 2013 оны сүүлийн 3 сард  ажилласан хоногийг нь тооцохоор  6 дугаар сард 17 хоног, 07 дугаар сард 14 хоног, 8 сард 10 хоног ажилласан байгаа. Энэ нь  “Цемент шохой” ХК-иас  гаргаж өгсөн цалин хөлс бодож олгох анхан шатны баримт болох цагийн бүртгэлээр тодорхойлогдож байгаа. Эдгээр 3 сард нийт 41 хоног ажиллаж,  21 хоногт нь ажиллаагүй байгаа. Ээлжийн амралттай болон хүндэтгэн үзэх шалтгаантай дутуу ажилласан байгаа . Энэ дутуу ажилласан 21 хоногийн 12 хоногт нь ээлжийн амралтаа биеэр эдэлсэн. 9 хоног нь цагдан хоригдсонтой холбоотой байгаа.   3 сард нийт 41 хоног ажилласан байгаа. Дундаж цалин хөлс тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаартай тушаалын 6 дугаар заалтын дагуу тухайн хугацаанд авсан цалингийн нийлбэр дүнг жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж  тухайн өдрийн цалин хөлсийг тооцож дундаж цалин хөлсийг тодорхойлсон байгаа. Энэ хүний 2013 оны 6,7,8 дугаар сард авсан цалин хөлс нь 2 672 701 төгрөг болж байгаа . Үүнийг цагийн бүртгэлээр тодорхойлогдож байгаа ажилласан 41 хоногт нь хуваахаар нэг өдрийн дундаж цалин хөлс нь 65 187 төгрөг болж байгаа. Үүнийг ажилгүй байсан 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл өдрөөр тооцоход 406 хоног байгаа. Энэ ажилгүй байсан 406 хоногийн цалин хөлс болох  26 465 922 төгрөгийг нэхэмжилж байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авсны хөлс болох багаар ажилласан Ц.Цэрэнжээ өмгөөлөгч болон Л.Цэндсүрэн өмгөөлөгч нарт өмгөөлөлийн хөлсөнд  10 000 000 төгрөг төлсөн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан өмгөөлөлийн хөлс төлсөн баримт болон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтаар тодорхой байгаа. Мөн мөрдөн байцаалтанд суусан архивын лавлагаа хавтаст хэрэгт өгсөн байгаа. Эдгээр баримтуудаар өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, Л.Цэндсүрэн нар нь өмгөөлөгчөөр ажилласан гэдэг нь тодорхойлогдож  байгаа учраас энэ баримтуудаар өмгөөлөлийн хөлсөнд төлсөн 10 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа.  Үүнээс гадна Улсын дээд шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30 өдрийн 45 тоот тогтоолын дагуу ажилгүй байсан хугацааны  нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр хүсэлт гаргасан. Энэ Улсын дээд шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30 өдрийн 45 тоот тогтоолын 3 дэх хэсэгт  заасны дагуу бусад эрх гэдэгт нийгмийн даатгалын эрхээ сэргээлгэх эрхийг хамааруулна гэж заасан байгаа. Үүний дагуу нийгмийн даатгалаа төлүүлье гэсэн хүсэлт шүүхэд гаргасан. Нийгмийн даатгалын шимтгэл нь ажилгүй байсан хугацаагаар тооцсон цалингийн 12 хувиар тооцоод 6 453 711 төгрөгийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргаж байгаа. Учир нь энэ хүн цаашид тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход ач холбогдолтой цаашид амьдрахад нөлөөлөх учир энэ шаардлагыг нэмж гаргасан. Нэхэмжлэгч нь 32 хоног цагдан хоригдож нэр төр, алдар хүндээрээ хохирсон болох нь тухайн үед  хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж байсан бүхий л мэдээлэл, сонингийн хаачилбар зэргийг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Цагдан хоригдож байхдаа сэтгэл санааны хохирол амсч, сэтгэл санаа, нэр төрд нь халдсан нь тогтоогдсон гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл 16.14 дэх хэсэгт заасан болон Монгол улсын хууль, Олон улсын гэрээнд зааснаар эрх, эрх чөлөөг нь зөрчсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу эрхтэй гэж үзсэн. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1 дэх хэсэгт зааснаар    сэтгэл санааны үр дагавраа арилгуулах эрхтэй гэж заасны дагуу Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар эдийн бус гэм хорын хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж хуульчилж өгсөн заалтуудыг үндэслэн сэтгэл санааны хохиролд 16 083 800 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дэх хэсэгт зааснаар эдийн бус хохирлыг мөнгөөр нөхөн төлөх талаар тусгайлан заалт байхгүй учир Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэн тооцож гаргасан байгаа. Үүнийг ингэж тооцон гаргасны учир нь өмнө шийдвэрлэж байсан шүүхийн практикуудыг судалж үзэж гаргасан байгаа.  Эрүүгийн хуульд заасны дагуу цагдан хоригдсон нэг өдрийг  торгуулийн ялаар солих үед  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримталж тооцно гэж заасан байдаг. Үүний дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сэтгэл санааны хохирлыг тооцож нэхэмжилж байгаа. ******* нь сэтгэл санаа, нэр төр, ажил хэргийн нэр хүндээр хохирсон гэдэг нь тогтоогдож байгаа. Учир нь хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр Авилгатай тэмцэх газраас хэвлэлийн бага хурал хийлгэж “Цемент шохой”ХК-ний удирдлагууд улсад 38 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж мэдээлсэн. Үүн дээр хүмүүсийн нэрийг заасан. Мөн фэйсбук, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр *******ийг худалдаа хангажийн хэлтсийн дарга, тендерийн үнэлгээний хорооны дарга гэдэг утгаар нь хандаж байсан. Үүний улмаас одоо хүртэл ажилдаа орж чадахгүй байдалтай байгаа учраас нэр төр, сэтгэл санаагаараа хохирсон гэж үзэж Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг тодорхойлохдоо хохирогчийн хууль ёсны ашиг сонирхол, гэмт хэргийн улмаас учирсан нөхцөл байдал, гэм учруулагчийн гэм хор учруулсан нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж заасны дагуу гэм хорын хохирол гаргуулах эрхтэй гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Энэ нь Монгол улсын нэгдэн орсон Хүний Эрхийн Түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцэж байгаа учраас сэтгэл санаа,  нэр төрөөрөө хохирсон хохиролд 16 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. 3 сарын хугацаанд  нийт дундажаар 60-62 хоног ажиллах ёстой байснаас 41 хоног ажилласан байгаа нь цагийн бүртгэлээр тодорхойлогдож байгаа учраас дундаж цалин хөлс тодорхойлох журмын 6 дугаар заалтыг үндэслэн сүүлийн 3 сард авсан 2 672 701 төгрөгийг цагийн бүртгэлээр тодорхойлогдож гарч ирсэн 41 хоногт хувааж дундаж цалин хөлсийг тооцож нэхэмжлэл гаргасан байгаа. Үүнийг шүүх харгалзан үзэж хохирлыг тооцож гаргах байх гэж бодож байна. Хавтаст хэрэгт цагдан хоригдсон, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж бусдын батлан даалтад гарсан мөн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон, өмгөөлөгч авч өмгөөлөлийн үйл ажиллагаа явуулсантай холбоотой хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, төлбөр төлсөн баримт, өмгөөлөгч мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцсныг байдлыг тодорхойлсон нотлох баримт, Хөтөлийн ”Цемент шохой”ХК-д ажил, албан тушаалыг түтгэлзүүлэхийг шаардсан албан тоот, ажил албан тушаал түтгэлзүүлсэн тушаал, ажил албан тушаалд нь буцааж оруулах талаар ямар нэгэн бичиг баримт, мэдэгдэл, мэдэгдэх хуудас ирээгүй гэсэн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар өгсөн байгаа. Өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзэж байгаа учир энэ хэргийг эцэслэн шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөчээ гэсэн хүсэлтийг тавьж байна...” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурорын тайлбарт:

“...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлд байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд хохирол учирч байгаа бол тухайн хохирлоо арилгуулах эрх нь үүсч байгаа. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагаа гэж иргэнийг хууль бусаар баривчилсан, цагдан хорьсон, ял шийтгэсэн, албан үүргээ биелүүлэхийг  түр түтгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгаж албадан эмчилгээ хэрэглэсэн арга хэмжээнүүд орж байгаа. Иргэн Балдандоржийг Эрүүгийн 201318010123 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэж  2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс  2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт 32 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар хүнд, онц хүнд гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж болно гэж зааж өгсөн байгаа. *******ийг хүнд гэмт хэрэгт сэжиглэж, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. Дээрхи байцаан шийтгэх ажиллагаанд хууль зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа цагдан хорионы мөнгө болон сэтгэл санааны хохирол, өмгөөлөгчийн хөлсийг шүүхээс гаргах нь үндэслэлгүй гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Харин нэхэмлэгчид холбогдох хэргийг 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 5/29 дугаартай зарим сэжигтэн яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд албан үүргээ түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон талаар тусгагдаагүй. “Цемент шохой” ХК-иас прокурорын албан үүргээ түр түдгэлзүүлэх тогтоолын дагуу нэхэмжлэгчийн албан үүргээ гүйцэтгэхийг түр түдгэлзүүлсэн байгаа. Гэтэл хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол дээр үүнийг хүчингүй болгосон чиглэл, заалт байхгүй байдаг. Энэ талаар холбогдох байгууллагад тайлбар тодорхойлолтыг хүргээгүй байдал харагддаг. Тийм учраас прокурорын тогтоол гарсан буюу 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс хойшхи ажилгүй байсан цалин хөлсийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлсийг гаргаж олгох нь зүйтэй гэсэн саналтай байна...” гэв.

Иргэдийн төлөөлөгч Н.Баяртогтох шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ:

“...Нэхэмжлэгч *******ийн цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох нь зүйтэй гэж бодож байна...” гэв.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч  ******* нь мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол 92 462 436 төгрөг гаргуулах тухай  хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүх хуралдаан дээр хүсэлтийнхээ шаардлагыг багасгаж ажилгүй байсан хугацааны цалин  26 465 922  төгрөг, өмгөөлөгчийн хөлс 10 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 16 089 800 төгрөг нийгмийн даатгалын шимтгэлд 6 453 711 төгрөг нийт 59 144  039  төгрөг болгож нэхэмжилж байна. Хүсэлт гаргагч ******* түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг дараах байдлаар  шийдвэрлэлээ. Үүнд:

1. Хүсэлт гаргагч ******* нь Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2004 оны 11-р сарын 02-ны өдрийн 701 дугаартай тушаалаар худалдаа хангамж, борлуулалтын хэлтсийн даргаар томилогдон хөдөлмөрийн гэрээ /хх-10/-ээр ажиллаж байсан байна. *******ид  2013 оны 08-р сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2, 150 дугаар зүйлийн 150.3, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, 2013 оны 08-р сарын 20-ны өдрөөс 2013 оны 09-р сарын 20-ны өдрийг хүртэл   Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд 32 хоног цагдан хорьж байсан болох нь Эрүүгийн хэрэг үүсгэх тухай Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Н.Тамирын  2013 оны 08-р сарын 19-ний өдрийн тогтоол /хх-05/, 2013 оны 08-р сарын 20-ны өдрийн 12 дугаартай шүүгчийн захирамж /хх-6/, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн тухай шүүгчийн захирамж /хх-10/ зэргээр нотлогдож байна.

*******ийг албан үүргээ гүйцэтгэхийг 2013 оны 09-р сарын 24-ний өдөр түдгэлзүүлсэн /хх-8/ бөгөөд *******ид холбогдох хэргийг Сэлэнгэ аймгийн прокурорын газрын прокурорын 2014 оны 07-р сарын 14-ний өдөр /хх-7/-ийн тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар  хэрэгсэхгүй болгожээ. Ингэж *******ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 2013 оны 09-р сарын 24-ний өдрийн албан үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлснийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй болох нь *******, түүний өмгөөлөгчийн тайлбар болон Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийн захиргаа, хууль зүйн хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/49 дугаартай албан бичиг /хх-124/ зэргээр  тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч ******* өөрт нь холбогдуулсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн  удаа дараа ажилд орох талаараа хүсэлт гаргаж байсан нь шүүх хуралдаан дээр тайлбарлаж байсан “...Цемент Шохой ХК-нд удаа дараа ажилд орох талаар хүсэлтээ өгч байсан боловч эхний удаа дараа сар, дараа сар, гэж хэлсээр байгаад захирал солигдсон. Дараа нь хувийн хэвшил болж төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэнэ гэсэн ч одоо болтол шийдвэрлээгүй... Ингээд  2015 оны 03 сарын 31-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдсан...” гэх тайлбар болон хавтаст хэргийн 57 дугаар  хуудсанд байгаа нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

   Хүсэлт гаргагч ******* болон түүний өмгөөлөгч нар ажилгүй байсан 406 хоногийн цалинг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс бодож олгох аргачлалын 6-д заасны дагуу бодож 26 465 922 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй  байна.

   Дээрх дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д хохирол нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо “...тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож олгоно...” гэж заасан байдаг. *******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болж хэрэгсэхгүй болсны учир өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагад хамаарч  байна.

Хүсэлт гаргагч ******* нь 2013 оны 08-р сарын 20-ны өдрөөс 2015 оны 03-р сарын 31-ний өдөр хүртэлх 424 ажлын өдрүүдээс нийтээр амрах баяр ёслолын 18 өдрийг хасч тооцон 406 хоног болж байна. Ажилгүй байсан хугацааны дундаж цалин нь 41 437 төгрөг болж байна. / 2013 оны 06-р сарын цалин 1 217 105 төгрөг + 07 сарын цалин 901 494 төгрөг + 08 сарын цалин 554 105 төгрөг нийт 2 672 702 төгрөг : 3=889, 901 : 21.5 ажлын дундаж хоног=41 437 төгрөг/   *******ийн ажилгүй байсан хугацааны цалин нь 406 х 41 437 төгрөг = 16 823 422 төгрөг болж байна.  

2. ******* нь дээрх эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөлөгч Ц.Цэрэнжээтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2013 оны 09-р сарын 03-ны өдөр байгуулж, эрх зүйн туслалцаа авч байсан болох нь өмгөөлөгч Ц.Цэрэнжээгийн хамт байцаалт өгч байсан талаарх тэмдэглэл /хх-110-112/, Авилгатай тэмцэх газар гаргаж байсан хүсэлт /хх-110-118/, 2013 оны 09-р сарын 03-ны өдөр өмгөөлөгчийн хөлс 5 000 000 төгрөгийг, 2014 оны 08-р сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөгийг тус тус өмгөөлөгч Ц.Цэрэнжээд олгосон /хх-14-15/ баримт зэргээр тогтоогдож байна. Иймд өмгөөлөгчийн хөлс 10 000 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

3. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “гацхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байна. Хүсэлт гаргагч *******ийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 16 083 800 төгрөг нь эдийн бус гэм хорд хамаарах бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус гэм хорыг арилгах талаар Иргэний хуульд тусгайлан зааж өгөөгүй тул дээрх шаардлагыг хангах боломжгүй байна.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1-д заасан нөхөн төлбөрт  нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага хамаарахгүй байна. Иймд *******ийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 6 453 711 төгрөгийг  нөхөн төлүүлж бичилт хийлгэх шаардлагыг хангах боломжгүй юм. Харин ******* нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалаа сайн дурын үндсэн дээр  нөхөн төлөх эрхтэй  болно.

Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас *******ийн ажилгүй байсан хугацааны цалин 16 823 422 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 10 000 000 төгрөг бүгд  26 823 422 төгрөг гаргуулж хүсэлт гаргагч *******ид олгох, хүсэлтийн шаардлагаас үлдэх 65 638 944 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас *******ийн ажилгүй байсан хугацааны цалин 16 823 422 төгрөг, өмгөөлөгчийн зардал 10 000 000 төгрөг бүгд   26 823 422 төгрөг гаргуулж хүсэлт гаргагч *******ид олгох, хүсэлтийн шаардлагаас үлдэх 65 638 944 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Хүсэлт гаргагч ******* нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөлт хийлгэх эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д зааснаар шийдвэр бүрэн эхээр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон ******* нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гарагч *******, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.НАРАНТУЯА

                                   ШҮҮГЧИД                                  Г.САРАНТУЯА

                                                                                       Г.ДЭЛГЭРСАЙХАН