| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00124/и |
| Дугаар | 105 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч Х.Цэцэгсүрэнгийн хүсэлттэй нас баралтыг бүртгүүлсэн байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.Цэцэгсүрэн, нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Цэцэгсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...1992 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрж охинтой болсон. Охин минь төрөөд 5 хоноод тархинд нь цус харвасан. Охиноо 9 нас хүртэл нь эмнэлгээр эмчлүүлж явж байгаад нас барсан. Би тэтгэврээ тогтоолгох гээд бичиг баримтаа бүрдүүлэхэд охин минь нас барсан бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Хурууны хээгээр төрсний гэрчилгээ нь гарч ирээд нас барсан гэж бүртгэгдээгүй байсан. Нас барсан гэж бүртгэж, хасалт хийгдээгүй нь тухайн үед төрийн байгууллагад ажиллаж байсан хүмүүсийн буруу юм шиг байна лээ. Би хүүхдээ алдаад тэр үед хүүхэд байсан болохоор нас барсан гэрчилгээ авч, нас барсан гэж хасалт хийлгэх талаар нь мэдэхгүй байсан. Тэтгэвэр тогтоолгох гэхэд манай хүүхдийн нас барсан гэрчилгээ нь олдохгүй байсан. Би Сэлэнгэ аймаг болон улсын бүртгэлийн газар очиж шүүлгэхэд байхгүй байсан. Иргэний бүртгэлийн газарт өргөдөл өгөөд эмнэлгээс тодорхойлолт ав гэсэн тодорхойлолт аваад эмнэлэг дээр хөшөөний зургийг нь авч очоод надад үүнээс өөр нотлох баримт байхгүй ажил төрөлгүй байгаа гэхэд та шүүхэд хандаж шийдвэрлүүл гэж хариу өгсөн. Тэгээд би шүүхэд хандсан...” гэв.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гарагч Х.Цэцэцгсүрэн нь охин Г.Уртнасангийн нас баралтыг бүртгүүлсэн байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан байна.
Х.Цэцэгсүрэн нь 1992 оны 08-р сарын 04-ний өдөр 5 800 гр жинтэй 51 см өндөртэй охин Г.Уртнасанг төрүүлсэн болох нь 2017 оны 04-р сарын 05-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа 1992 оны 08-р сарын 04-ний өдөр нээсэн төрөлтийн түүх, нярай хүүхдийн өсөлтийн 813 дугаартай түүх зэргээр тогтоогдож байна.
Охин Г.Уртнасан нь төрснөөсөө хойш 5 хоногийн дараа төрөлтөөс шалтгаалсан цус харвалтын улмаас эмчилгээ хийлгэж байгаад 8 насандаа буюу 2000 оны 11-р сарын 22-нд нас барсан болох нь хүсэлт гаргагч Х.Цэцэгсүрэнгийн тайлбар, Сайхан сумын эмч Ц.Гимаагийн тодрхойлолт, хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан шарилын хөшөөний зургаар нотлогдож байна.
Г.Уртнасанг нас барсан гэж Иргэний бүртгэлд бүртгүүлээгүй болох нь Сайхан сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 05-р сарын 05-ны өдрийн 2/12 дугаартай албан тоотоор нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д зааснаар Ганбатын Уртнасангийн 2000 оны 11-р сарын 22-ны өдөр нас баралтыг бүртгүүлсэн байдлыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлий 133.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт зааснаар 1992 оны 08-р сарын 04-ний өдөр төрсөн Ганбатын Уртнасангийн 2000 оны 11-р сарын 22-ны өдөр нас баралтыг бүртгүүлсэн байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулсан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон Х.Цэцэгсүрэн энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА