| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00114/и |
| Дугаар | 104 |
| Огноо | 2017-05-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч Л.Мандахын хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.Мандах, гэрч Б.Эрдэнэчимэг, П.Энхбат, нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Мандах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Би 1975 оноос Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1991 оны 07 дугаар сар хүртэл тасралтгүй ажиллаж байсан. 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс энэ Худалдаа бэлтгэлийн анги “Баян” хоршоо болж хувьчлагдсан. Нийгмийн даатгалаас тэр үеийн тушаал байхгүй байна гээд “Баян” хоршоонд ажиллаж байсан тушаалаа олж ир гэж хэлсэн. Намайг ажлаас гарахаас 1 жил гарангийн өмнө Худалдаа бэлтгэлийн анги “Баян” хоршоо болж хувьчлагдсан. “Баян” хоршоонд ажиллаж байсан тушаал байхгүй байна “Баян” хоршоонд ажиллаж байсан жинхэнэ тушаалаа олж ир гээд миний тэтгэвэрийг зогсоосон. Намайг тушаалаа Худалдаа удирдах газраас олж ир гэж хэлсэн. Би Худалдаа удирдах газрын архиваас шүүлгэж байгаад лавлагаа авч хавсаргасан байгаа. Худалдаа бэлтгэлийн анги хувьчлагдаад 10 гаран сумд хоршоо болсон юм байна лээ. Тэрний нотлох баримтыг намайг олж ир гэж хэлсэн. Өөр зөрчил байхгүй. Би Худалдаа бэлтгэлийн ангид 17 жил 01 сар тасралтгүй ажиллаж байгаад ажлаас гарах үеэр “Баян” хоршоо болсон. Энэ “Баян” хоршоо болоод ажиллаж байсан үеийн тушаалыг олж ир зөрчилтэй байна гэж хэлсэн...” гэв.
Гэрч Б.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Би 1991 онд яслид хамт ажиллаж байсан... Намар 27 дугаар яслид хамт ажиллаж байсан. Мандах эгч яслид ахлах бүлэгт асрагч, би бага билүү дунд бүлэгт асрагч хийж байсан. 1993 онд ясли татан буугдаад ажилгүй болсон...” гэв.
Гэрч П.Энхбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Би Сант сумын Худалдаа бэлтгэлийн анги гэж байхад 1970 оноос 2000 он хүртэл ажиллаж байсан. Тэр үед Л.Мандах гэдэг хүн Худалдаа бэлтгэлийн ангид 1975 оноос 1991 он хүртэл хамт ажиллаж байсан. Л.Мандах худалдагч, гуанзанд касс хийж байсан. Би Худалдаа бэлтгэлийн анги гэж байхад ахлах тогооч байсан... Би “Баян” хоршоо болоход няраваар ажиллаж байсан. Худалдаа бэлтгэлийн анги гэж байгаад хувьчлагдаад “Баян” хоршоо болсон...” гэв.
Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гарагч Л.Мандах нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Л.Мандах нь Сэлэнгэ аймгийн Сант сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1975 оны 12-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 05-р сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан бөгөөд 1990 оны 05-р сарын 14-ний өдөр дээрх Худалдаа бэлтгэлийн анги нь хэрэглээний “Баян” хоршоо болж өөрчлөгдсөн болох нь 1990 оны 05-р сарын 14-ний өдрийн 62 дугаартай /хх-ийн 10 хуудас/ Сэлэнгэ аймгийн Худалдаа бэлтгэлийн ангийн даргын тушаалаар нотлогдож байна.
Хүсэлт гаргагч Л.Мандах нь 1975 оны 12-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 05-р сарын 15-ныг хүртэл Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан байдлын талаараа шүүхэд тайлбарлахдаа нийгмийн даатгалын байцаагч “...“Баян” хоршоо, сумын ясли хоёрт ажиллаж байсан талаарх тушаалыг авчир...” гэж хэлсэн гэж тайлбарлаж байна. Иймд Сант сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан байдлыг тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Сант сумын “Баян “ хэрэглээний хоршооны мэдэлд Л.Мандахыг шилжүүлж 1990 оны 05-р сарын 15-ны өдрөөс 1991 оны 07-р сарын 25-ны өдрийг хүртэл тус хоршоонд худалдагчаар ажиллаж байсан болох нь гэрч П.Энхбатын “...“Баян” хоршоо байгуулагдахад Л.Мандах ажиллаж байсан. Л.Мандах худалдагч хийдэг байсан. Яг хэдэн он хүртэл ажиллаж байсныг сайн санахгүй байна...” гэх мэдүүлгээр,
Сант сумын “Баян хоршоо татан буугдаж сумын яслид асрагчаар 1991 оны 07-р сарын 25-ны өдрөөс 1993 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь гэрч Б.Эрдэнэчимэгийн “...Сант сумын 27 дугаар яслид Л.Мандах эгч бид хоёр 1991-1993 оны өвөл ясли татан буугдах хүртэл цуг ажилласан. Мандах эгч дунд ангийн асрагчаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг болон гэрэл зургаар тус тус тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Л.Мандахыг Сэлэнгэ аймгийн Сант сумын “Баян” хоршоонд 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл худалдагч, сант сумын яслид 1991 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх Сант сумын худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Хүсэлт гарагч Л.Мандах нь Б.Эрдэнэчимэг, П.Энхбат нарыг гэрчээр оролцуулах бусад гэрчүүдээсээ татгалзсан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Л.Мандахыг Сэлэнгэ аймгийн Сант сумын “Баян” хоршоонд 1990 оны 05-р сарын 15-ны өдрөөс 1991 оны 07-р сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд худалдагчаар, Сант сумын яслид 1991 оны 07-р сарын 25-ны өдрөөс 1993 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд асрагчаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож, үлдэх Сант сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон Л.Мандах энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА