| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0198/э |
| Дугаар | 2021/ШЦТ/204 |
| Огноо | 2021-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/204
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт А-од холбогдох эрүүгийн 2121000000217 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “........” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ........ овогт А /РД: ......../.
Шүүгдэгч А нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “******* *******” гэх газарт иргэн Ц-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хардаг адуугаа бөөгнүүлээд “*******” гэх газар руу авч явахаар өдөр 11 цагийн орчимд гэрээс гараад адуугаа цуглуулаад хашаанд бөөгнүүлээд хамгийн сүүлд 20 гаруй адуу олдохгүй хайгаад явж байхад ******* ахын эгчийнх нь дүү болох А над руу ирээд бид хоёр уулзаад миний мотоциклийн бензин дуусах дөхөж байсан тул А-ын мотоциклтой би ард нь суугаад адуугаа хайхаар яваад гэрээс баруун хойд зүгт байхад нь олсон. А намайг мотоцикл дээр буулгаж өгсөн. Би мотоциклоо унаад адуу хашсан хашаан дээрээ ирээд *******ын эхнэр ******* адуугаа хашаад хүлээж байгаарай гэсэн болохоор нь хүлээсэн боловч ирэхгүй байсан. Залгаад асуух гэсэн гар утас байхгүй байсан. Би адуугаа гаргаад ганцаараа “*******” гэх газар руу туугаад явж байхад А араас мотоциклтой ирээд зогссон. А намайг “хулгайч шиг орой болсон хойно адуу туулаа, надад хэлсэнгүй” гээд “яах гэж адуу туугаад байгаа юм бэ” гэхэд нь би “******* эгч туугаад ир гэж хэлсэн” гэхэд мотоциклоос бууж ирээд намайг мотоцикл дээр сууж байхад шууд нүүрэн тус газар цохисон. Тэгээд бид хоёр зодолдоод би дээлийн бүсэнд байсан хутга гаргаад айлгах санаатай байтал айгаагүй. Миний эмзэг эрхтэн /төмсөг/ рүү өшиглөсөн. Намайг барьж аваад “чи надад гай болно шүү” гээд “намайг очиж ******* эгчид хэлээрэй” гэж надад хэлсэн. Би хариуд нь “би чамайг эгчид хэлнэ” гэж хэлээд адуугаа орхиод “*******” руу явж ******* эгчид хэлсэн. ...Миний зүгээс гаргах гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 9-10, 13-15/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 281 тоот дүгнэлтэд:
1. Ц-ын биед баруун зүүн нүд, зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 29-30/
А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Ц гэнэт адуунуудаа хашаанаас гаргаад ертөнцийн зүгэр урагш чиглэн явж байгаа харагдсан. Уг нь ******* болон түүний эхнэр ******* нарын гэр рүү нь явж байсан юм байна лээ. Би буруу ойлгоод түүнийг адуу хулгай хийж байна гэж бодоод араас нь тус сумын 1 дүгээр багийн нутаг “******* *******” гэх газарт мотоциклтойгоо очсон. Тэгээд би түүнд хандаж “яагаад адуу туугаад байгаа юм бэ, харуй бүрий болсон байхад чинь хулгайч шиг” гэхэд тэрээр “эзэн нь аваад ир гэсэн юм, би яаж мэдэх вэ дээ” гэсэн. Тэгэхээр нь “мэдэхгүй байж хөөдөг юм уу” гээд мотоциклоосоо бууж түүн рүү дөхөж очоод нүүрэн тус газарт нь 1 удаа гараараа цохисон. Тэгтэл мотоциклоос бууж ирээд миний гэдэс, толгой хэсэгт 3-4 удаа гараараа цохисон. Харин би өшиглөсөн. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 39-41/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/
Medical report эмнэлгийн дүгнэлт /хх-ийн 31/
А-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 42/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/
Ц-ын Дорнод аймгийн Прокурорын газарт бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 54/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ......овогт А нь Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “******* *******” гэх газарт 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Ц-тай маргалдаж, улмаар түүнийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед нь баруун зүүн нүд, зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...мотоциклоосоо бууж түүн рүү дөхөж очоод нүүрэн тус газарт нь 1 удаа гараараа цохисон. Тэгтэл мотоциклоос бууж ирээд миний гэдэс, толгой хэсэгт 3-4 удаа гараараа цохихоор нь би өшиглөсөн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Ц-ын “...А намайг “хулгайч шиг орой болсон хойно адуу туулаа, надад хэлсэнгүй” гээд “яах гэж адуу туугаад байгаа юм бэ” гэхэд нь би “******* эгч туугаад ир гэж хэлсэн” гэхэд мотоциклоос бууж ирээд намайг мотоцикл дээр сууж байхад шууд нүүрэн тус газар цохисон. Тэгээд бид хоёр зодолдоод би дээлийн бүсэнд байсан хутга гаргаад айлгах санаатай байтал айгаагүй. Миний эмзэг эрхтэн /төмсөг/ рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 281 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч А-ын үйлдлийн улмаас хохирогч Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 281 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч А-од холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч А-ын анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч А нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...... овогт А-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-од 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА