Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/205

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Б-т холбогдох эрүүгийн 2121000000222 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...........” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ............... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ...... овогт Б /РД: ............../.

Шүүгдэгч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “..........” ХХК-ийн хяналтын постын гадна талд 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ц-ыг толгойгоороо мөргөж зүүн дээд 1, 2-р, баруун 2-р, баруун доод 2-р шүдний сулрал, доод уруулын дотор салстын язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв. 

Хохирогч Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр байсан учраас Хэрлэн сум руу очиж ажилчдын сонгуулийг өгүүлэх маршруттай автобусанд суусан. ...Тухайн автобусанд намайг зодсон гэх Б сууж байсан. Үүнээс хойш миний санаж байгаагаар 17 цаг 30 минутын орчимд миний сууж байсан автобус түрүүлээд “н ” ХХК-ийн шалган нэвтрүүлэх постон дээр ирээд зогссон. Харин Б-ийн сууж явсан автобус нь ойролцоогоор 10 орчим минутын дараа тус постон дээр ирээд зогссон. Улмаар тухайн хоёр автобуснаас нийтдээ 50 орчим ажилчид буугаад ирсэн бөгөөд согтуу хүмүүс нэлээдгүй харагдаж байсан. Ингээд манай компанийн харуул хамгаалалтын ажилчид болох харуулын дарга *******,  *******, шуурхай бүлгийн дарга *******, хамгаалагч *******, *******, *******, ******* болон миний бие шууд ажилдаа орсон. Улмаар уг 2 автобуснаас бууж үлдсэн байсан ажилчдыг нэг эгнээнд оруулж архи уусан эсэхийг шалгаад хяналтын постоор нэвтрүүлэх арга хэмжээг авсан. Архи уусан ажилчдыг үлдээж, харин архи уугаагүй ажилчдыг дотогш нэвтрүүлж эхлэхэд Майнбаяр гэх залуу хашаа даваад хяналтын постоор зөвшөөрөлгүй нэвтэрсэн. Тэгээд ******* очоод түүнийг барьж аваад харуулын байр руугаа оруулсан. Тэгтэл түүний араас тэнд байсан архи уусан байсан 5-6 залуучууд бүгдээрээ хашаа даваад ороод ирсэн. Энэ үед би Б гэх залуугийн араас нь буюу цамцнаас татаад зуурч байгаад хяналтнаас постноос гаргатал тэрээр уурлаад чи муу юу вэ, та нар ер нь юу юм бэ хужаагийн бөгс долоогч нар гэх зэргээр намайг харааж над руу дайрч эхэлсэн. Би түүнийг цамцнаас нь зуурч байгаад алив ийшээ явья гээд цамцнаас зуураад татах гэтэл тэрээр 2 гараараа миний цамцнаас заамдсан. Тэгэхээр нь би мөн түүний цамцнаас 2 гараараа заамдсан. Тэгтэл тэрээр 2 гараа чангалж миний хоолойг боож эхэлсэн. Улмаар толгойгоороо миний шүд хэсэгт 2-3 удаа мөргөсөн. Тэгээд бид хоёрыг тэнд байсан хүмүүс ирээд салгасан...” гэжээ. /хх-ийн 14-16/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нөхөр Ц 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хэрлэн суманд оршин суух гэрээсээ ажил руугаа явсан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 09-ний өглөө 11 цагийн орчимд сонгуулиа өгөх шалтгаанаар Хэрлэн суманд ирсэн. Ингээд тэрээр гэрээрээ ороод гарсан бөгөөд энэ үед тэрээр хүнд зодуулсан шинж тэмдэг харагдаагүй, биед нь ямар нэг гэмтэл байгаагүй. 13 цаг 30 минутын орчимд би түүнийг ажлынх нь автобусан дээр буулгаж өгөөд гэртээ харьсан. Тэрээр 14 цагийн орчимд сум руу явж байгаа талаараа надад утсаар хэлсэн. Түүнээс хойш 16-17 цагийн орчимд би нэлээн хэдэн удаа түүн рүү залгахад түүний утас холбогдохгүй байсан бөгөөд би хүнд зодуулчихлаа гэж байсан. Тэгээд юу болсон талаар дэлгэрэнгүй асуухад Хэрлэн суманд манай компанид ажилладаг ажилчид сонгуулиа өгчихөөд 2 автобусанд хуваагдан суугаад ажил руугаа ирсэн. Тэгтэл манай хэсэг ажилчид архи ууж согтсон байдалтай байсан, тэгэхээр нь манай харуул хамгаалалтын хэсгийнхэн тэднийг эрүүл согтуугаар нь ялгаж дотогш нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан, тэгтэл Б гэх залуу хэрүүл маргаан үүсгэж, миний ам руу толгойгоороо 2-3 удаа мөргөсөн үүний улмаас дээд 2, доод 2 шүд хөдөлж гэмтсэн гэж байсан...” гэжээ. /хх-ийн 18-19/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...аав Ц Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 09-нд Хэрлэн суманд ирсэн. Энэ үед аав маань сонгуулиа өгчихөөд 14 цагийн орчимд ажлынхаа автобусанд суугаад сум руу явсан бөгөөд нийтдээ 2 автобусанд аавтай хамт ажилладаг хүмүүс хуваагдан суусан байсан. Үүний дараа буюу 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр манай аав Хэрлэн суманд оршин суух гэртээ ирсэн бөгөөд түүний дээд 2, доод 2 шүд нь хөдөлж, буйл нь язарсан байсан бөгөөд тэрээр ажлынхаа Б гэдэг хүнд зодуулсан талаараа хэлсэн...” гэжээ. /хх-ийн 21-22/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний нөхөр Б нь “........” ХХК-д ажилладаг бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 08-ны орой би Хэрлэн сумаас өөрийн эзэмшлийн приус 20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээр гараад сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажилллагаа явуулах “............” ХХК-ийн кемпын гадаа очиж Бийг аваад тухайн шөнөдөө Хэрлэн суманд ирж гэртээ амарсан. Улмаар нөхөр маань 2021 оны 06 дугаар сарын 09-ний өглөө сонгуулиа өгчихөөд гэртээ ирчихээд гэртээ амарч байгаад би түүнийг Хэрлэн сумын 6 дугаар баг хуучин бирж дээр хүргэж өгсөн. Тухайн газарт “...............” ХХК руу явах цэнхэр болон улаан өнгийн 2 ширхэг автобус зогсож байсан бөгөөд би нөхрийгөө буулгаж өгөөд удалгүй явсан. Маргааш нь буюу 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б надтай утсаар холбогдоод Ц гэдэг хүн 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хэрлэн суманд сонгуулиа өгчихөөд миний сууж явсан автобусны нөгөө автобусанд сууж явсан юм байна лээ, тэрээр хамгаалагч бөгөөд “.............” ХХК-ийн кемпны гадна талд ирээд автобуснаас буусны дараа тухайн үед ээлжинд гарч байсан хамгаалагч нар согтуу хүмүүсийг оруулахгүй гэж хэлсэн юм байна лээ тэгээд автобуснаас буусан хамгаалагч нар ээлжинд гарч байсан хамгаалагч нартайгаа нийлээд согтуу байсан хүмүүсийг оруулахгүй байсан, би хашаа даваад дотогш орох гээд явж байхад Ц гэх ах намайг зуураад татаж чангаагаад хувцаснаас боогоод байсан тэр хүн надаас хамаагүй өндөр хүн байсан учраас би уурлаад нэг удаа дээшээ үсрээд мөргөчихсөн гэж ярьсан...” гэжээ. /хх-ийн 24-26/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 303 тоот дүгнэлтэд:

1. Ц-ын биед зүүн дээд 1,2-р, баруун дээд 2-р, баруун доод 2-р шүдний сулрал, доод уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна гэжээ. /хх-ийн 32-33/

Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тэгээд үүний дараа тэнд байсан 3-4 залуу надтай хамт хашаа даваад дотогш нэвтэрсэн. Ингээд хамгаалагч нарын байр руу орох гэтэл Ц намайг зуураад яах гэж хашаа давж байгаа юм бэ гээд татсан. Тэгэхээр нь би “дүүгээ аваад гаръя” гэтэл тэрээр намайг зуурсан хэвээрээ л байсан. Түүнтэй хэрэлдэж маргалдаж байгаад толгойгоороо түүний ам хэсэгт миний санаж байгаагаар 2 удаа мөргөсөн. Улмаар тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаж холдуулсан. ...Би согтуу байгууллагын кэмп рүү нэвтэрч Ц гэдэг хүнтэй маргалдсан нь миний буруу, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 39-40/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/

Мөрдөгчийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 10/

Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 42/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/

Ц-ын Дорнод аймгийн Прокурорын газарт бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 64/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд сидид бичсэн бичлэгийг шинжлэн судлав.

Шүүгдэгч ............. овогт Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “...............” ХХК-ийн хяналтын постын гадна талд хохирогч Ц-ыг толгойгоороо мөргөж биед нь зүүн дээд 1,2-р, баруун 2-р, баруун доод 2-р шүдний сулрал, доод уруулын дотор салстын язрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...толгойгоороо түүний ам хэсэгт миний санаж байгаагаар 2 удаа мөргөсөн. Улмаар тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаж холдуулсан. ...Би согтуу байгууллагын кэмп рүү нэвтэрч Ц гэдэг хүнтэй маргалдсан нь миний буруу, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Ц-ын “...тэрээр 2 гараа чангалж миний хоолойг боож эхэлсэн. Улмаар толгойгоороо миний шүд хэсэгт 2-3 удаа мөргөсөн...” гэх, гэрч *******ийн “...Б гэх залуу хэрүүл маргаан үүсгэж, түүний ам руу толгойгоороо 2-3 удаа мөргөсний улмаас дээд 2, доод 2 шүд хөдөлж гэмтсэн гэж байсан...” гэх, гэрч ийн “...түүний дээд 2, доод 2 шүд нь хөдөлж, буйл нь язарсан байсан бөгөөд тэрээр ажлынхаа Б гэдэг хүнд зодуулсан талаараа хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч ийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 303 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Б-ийн үйлдлийн улмаас хохирогч Ц-ын эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 303 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Б-т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .......... овогт Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди нэг ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ............ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА